Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/04857

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 07 101/ШШ2023/04857

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, *-р хороо, * байрны ** тоотод түр оршин суух, Б овогт Д-н Р,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, **-р хороо, **-р байрны ** тоотод, үйл ажиллагаа явуулдаг, С ХХК нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, * давхар, * тоотод байрлах, Э Э Э ХХК,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, **** тоотод түр оршин суух, И иргэн Y J P нарт холбогдох,

С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох,

С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани Н М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Р, түүний өмгөөлөгч Б.У /****/, өмгөөлөгч Ц.Б /****/,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Гэрч Ж.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.р, С ХХК нар Э Э Э ХХК, И иргэн Y J P нарт холбогдуулан С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани Н М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.р нь С ХХК-ний 49 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 51 хувийг нь Монгол Улсад бүртгэлтэй Э Э Э ХХК эзэмшдэг. Э Э Э ХХК-ний захирал нь Израйл Улсын иргэн Y J P гэдэг хүн байдаг. Энэ хүн нь С ХХК-нд ямар нэгэн албан тушаал хашдаггүй. 2019 онд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах хүсэлт шаардлагыг Ж.Н гэдэг хүнд өгсөн гэж үзээд Э Э Э ХХК-ийн захирал Y J P нь албан тушаалаа ашиглан Э Э Э ХХК-ийн өмнөөс С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж энэ талаараа хувьцаа эзэмшигч надад ч мэдэгдээгүй.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн гээд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний имэйл хаягаар хурал болсон, хурлын мэдээллийг 2 сарын дараа явуулсан байдаг. Би компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх гээд Y J P нь Э Э Э ХХК-ийн захирал учир маш олон удаа хандсан. Гэтэл 2015-2019 он хүртэл энэ хүнтэй холбоотой өөр хэрэг маргаан шийдвэрлэх гээд эрэн сурвалжлаад олдоогүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийж чадахгүй байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх нь компани захирал бөгөөд 49 хувийн хувьцаа эзэмшигч миний хувьд чухал байсан. Учир нь Y J P нь манай компани дээр төсөл хариуцаж байхдаа Израйл улсаас орж ирэх ёстой байсан орлого 138,000 ам.долларыг өөрийн оффшор бүсэд байдаг хувийн дансандаа авсан байсан. С ХХК-ийн үйл ажиллагаа доголдоод ажиллах боломжгүй болсон.

Y J P нь 2019 оны сүүлээр Монгол Улсад орж ирээд өөр бизнес хийх сонирхолтой болсон юм шиг байсан. Өнгөрсөн зүйлээ баллахын тулд намайг тус компанийн захирлаас болиулахын тулд ямар нэгэн байдлаар надад мэдэгдэлгүй хууль бус хурал хийгээд үүний дагуу тамга тэмдэг авах тухай Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хувьцаа эзэмшигчдийн хурал нь хүчин төгөлдөр эсэх маргаан шийдэгдээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед бид хувьцаа эзэмшигчдийн хурал хүчингүй гэж үзээд сөрөг нэхэмжлэл гаргасан болов ч Сүхбаатар дүүргийн шүүх авч үзээгүй.

Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хурал хүчинтэй эсэх талаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хэлэлцэгдэж байна. Энэ хугацаанд хариуцагч нар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгээд компанийн үйл ажиллагааг сайн авч явна гэсэн бол шүүхээр маргалдаж байхын оронд хэдэн ч удаа хууль ёсны дагуу маргаангүйгээр хурал хийх бүрэн боломжтой байсан. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэхээр 138,000 долларын асуудал яригдах учраас тус асуудлыг огт сөхүүлэлгүй гүйцэтгэх захирлын эрх ашигт халдаж хурал хийж захирлын албан тушаалаас халж, өмгөөлөгч нарыг хөлслөөд тойрч сууж хурал хийсэн гэдэг бичиг бүрдүүлээд явж байгаа. Хуулийн хүрээнд авч үзвэл манай С ХХК Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд Y J P-ын өөрийнх нь өмчилдөг 4 давхрын талбайг түрээсэлдэг байгаад 2015 оноос хойш уг объектыг түрээслэлгүй нүүсэн. Гэтэл бусад давхрыг нь өмчилдөг Израйл хүмүүсийн 1 ажилтан жижүүр хийдэг байсан. Манайх 4 давхартаа ресейпшн ажилдаг байсан. Нэг Израйл хүн нөгөө Израйл хүний ажилтанд чи гарын үсэг зураад авчих гэсэн юм уу би ойлгохгүй гайхаад байгаа. Тэгээд манай компаний ажилтан биш хүнд гардуулснаараа намайг хүсэлт шаардлагыг хүлээж авсан, хугацаа өнгөрсөн гэж үзээд Э Э Э ХХК дангаар хувьцаа эзэмших эрх нь үүссэн гээд байгаа.

Хэрэв тэр эрх нь үүссэн гэж байгаа бол хариуцагч талд надад гардуулж өгсөн талаарх баримт байхгүй. Манай компанид Ж.Н гэдэг хүн ажиллаж байгаагүй. Ж.Н нь гэрчийн мэдүүлэгтээ хаана ажиллаж байснаа ч мэдэхгүй, хэнээс цалин авдаг байснаа ч мэдэхгүй, авсан бол өгсөн байлгүй дээ гэж хэлдэг.

С ХХК-ийн хууль бусар хуралдуулсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Хувьцаа эзэмшигчдийн хуралд шийдвэр гаргах итгэмжлэлийг мөн аваагүй байсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, манай компанийн охин компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилсон тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гүйцэтгэх захирал Н гэдэг хүнийг охин компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Энэ хүнийг би огт танихгүй хүнд манай охин компанийг төлөөлөх эрхийг өгсөн байдаг.

С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд манай компанийн бичиг баримт 2015 оноос хойш Y J P-ын өмчилж байгаа Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 4 давхарт бүх бичиг баримтууд түгжигдсэн. Бид санхүүгийн бичиг баримт руу орж чадахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн баримтуудаа гаргуулах хүсэлтэй байгаа. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2-т тус тус зааснаар гүйцэтгэх захиралд санал шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал шаардлагыг гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг эхийн нэр хаяг байх ёстой. Гүйцэтгэх захирал санал шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаарх шийдвэрийг гаргана гэсэн байдаг. Манай компанийн гүйцэтгэх захирлын болон компанийн хурал хуралдуулах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.

Ж.Н гэдэг хүнд гардуулсан бичгээ гүйцэтгэх захирал Д.р гардаж авсан, түүнээс хойш 10 хоногоо тоолсон гэж үздэг. Гэтэл манай компанид Ж.Н гэдэг хүн ажиллаж байгаагүй. Хавтаст хэргийн 122 дугаар талд Ж.Н гэдэг хүний шуудан хүлээж авсан хаяг дээрээс манай компани нүүсэн тухай баримт байгаа. Манай компани Y J P-аас бичиг баримтаа гаргуулах хүсэлтэй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Д.рын хувьд С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийг эсэргүүцэж, түүнийгээ нотлох байдлаар оролцоно гэж ойлголоо. С ХХК-ийн 138,000 долларыг аваад зугтсан, 2015 оноос хойш компанийн үйл ажиллагааг тасалдуулсан гэж хэллээ. Үүнтэй холбоотой нотолж байгаа баримт манай хавтаст хэрэгт байхгүй. С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Э Э Э ХХК. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн нотлох баримтууд байгаа. Д.р өөрөө ирээгүй учир баримтуудыг хэлэлцэх боломжгүй байсан учир бусад асуудлыг хэлэлцээд шийдсэн. Гүтгэх маягтай зүйлсийг нэхэмжлэгч хэллээ.

Санал шаардлагыг хууль ёсны дагуу хүргүүлсэн юм уу, хуульд заасны дагуу шийдвэр гарсан эсэх дээр тайлбар хэлэхэд Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэлэлцүүлэх санал шаардлага гаргах эрхтэй. Үүний дагуу 51 хувийн хувьцаа эзэмшээд байгаа Э Э Э ХХК санал шаардлагаа гаргасан. Санал шаардлагаа гаргахын өмнө 02 дугаар сарын 13-ны өдөр 2 удаа Д.ртай Э Э Э ХХК-ийн төлөөлөгч Д.Ттэй утсаар ярилцсан байдаг. Үүнээс хойш гэрийн хаягаар аваачиж өгөхөд хүлээж авахгүй, С компаний хаягаар хүргэж өг гэсний дагуу 02 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг 02 дугаар сарын 17-ны өдөр ажилтан Ж.Н гэдэг хүн хүлээж авсан гэдэг шуудангийн баримт нотлох баримтаар хавсаргасан. Үүний дараа ажилтан Ж.Н гэдэг хүн бичгийг авсан байна, ээлжит бус хурал явагдах гэж байна гээд ирж байна уу гээд холбоо барих бүх боломжоор холбогдсон. Ж.Н гэдэг хүнийг манай ажилтан биш манайд тийм хүн ажиллаж байгаагүй гэж тайлбарлаж байна. Өмнө нь гэрчээр Ж.Нийг асуулгаж байсан. Давж заалдах шатны шүүхээс учир дутагдалтай гэж үзээд Ж.Нийг асуусантай холбоотой нэмэлт нотлох баримтыг гаргах шаардлагатай гэж үзсэн. Гэрчийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр асуусан тэмдэглэлд тодорхой хэлсэн. Монгол талаас Д.р гэдэг хүн байсан, гадаад талаас Y J P гэдэг хүн байсан. Ганц удаа л харж байсан гэдэг. Шуудан болон ирсэн баримтуудыг Д.р намайг гарын үсэг зураад утасны дугаар бичээд аваарай гэдэг байсан. Ж.Нээс Д.ртай хэзээ сүүлд холбогдсон бэ гэж асуухад авсан бичиг баримтыг бүгдийг нь өгдөг байсан гэдэг.

2022 оны гэрчийн мэдүүлэг ба 2019 оны үйл баримтыг ярьж байгаа учир гэрч мартах санах зүйл байна. Гэхдээ тодорхой зүйлсийг санаж байсан Д.р нь захирал байсан, тус баримтыг Ж.Н гарын үсэг зурж авдаг байсан гэдэг зүйлийг яриад байдаг. Д.ртай сүүлд хэзээ холбогдсон бэ гэж асуухад 1 жил гаруй хугацааны өмнө холбогдсон гэсэн. Холбогдоод юу ярьсан бэ гэхэд та энэ зүйл дээр гарын үсэг зурсан байна лээ гэдэг зүйлийг асуусан гэдэг. Анх Д.рад гардуулахаар очсон боловч өөрөө хаягаа хэлсний дагуу баталгаат шууданд хийсэн, бид нар хувиараа гардуулах ажиллагааг хийгээгүй. Хийх гэж оролдсон боловч өөрөө авахгүй гэсэн. Хуулийн дагуу санал шаардлагаа хүргэсэн учир хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр товлосон. Тухайн үед хурлын товыг боломжит хугацаанд боломжит байдлаар нь хүргэсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сонинд хэвлүүлсэн, утсаар мэдэгдсэн, мессежээр мэдэгдсэн. Хурлын талаар мэдэгд гэсэн байдаг ба мэдээд холбогдох нотлох баримттай танилцах боломжоор хангах ёстой байдаг. р нэг ч удаа хуралтай холбоотой нотлох баримттай танилцъя гэж илэрхийлээгүй.

Нэхэмжлэгч талаас гэрч оролцуулах хүсэлтийг гаргаад байдаг. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу тусгай шаардлагыг хэрэглээгүй учир бид нар 61 дүгээр зүйлийн 61.4-т заасны дагуу 01 дүгээр сарын 03-ны өдрийн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг цуцлуулах тухай шийдвэр гаргаад 02 дугаар сарын 14-ний өдөр хурлаа товлоод хийсэн. 01 дүгээр сарын 06-ны өдөр Өдрийн сонинд нийтлүүлсэн байдаг. С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Э Э Э ХХК, Компанийн тухай хуульд зааснаараа 2020 оны 01 дүгээр арын 03-ны өдрийн 2014 дугаар С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргасан. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т хувьцаа хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэдэг. Компанийн шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд тухай компанийн хувьцаа эзэмшигчид байдаг.

Э Э Э ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах, оролцох шийдвэр гаргах, үүнтэй холбогдох бүхий л эрхийг олгосон байдаг. Э Э Э ХХК-ийн охин компани болох С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг, хурлын бус санал шаардлага гаргах, хүргэх, үүнтэй холбоотой материал гаргах, хүлээн авах, шийдвэр гаргах зэрэг бүхий л бүрэн эрхийг олгосон. Үүнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох бүрэн эрхийг бүрэн олгосон. Анх Э Э Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүхий л эрхийг түүний эцсийн өмчлөгч болох Э Э Э инвестмент ХХК-иас С ХХК-д олгосон. Уг эрхийн хүрээнд н.Т мэдэгдсэн байдаг. Ямар нэгэн зар хүргэх эрхгүй байсан гэдэг тайлбар үндэслэлгүй байна. Нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах санал шаардлагыг хуульд заасны дагуу хариуцагчийн зүгээс хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Y J P-ыг хамтран хариуцагчаар татсантай холбоотойгоор ойлгомжгүй байна. 138,000 долларыг авах гэж байгаа эсэх нь мэдэгдэхгүй. Y J P 2015 онд зугтаад алга болсон баримт бичгийг түгжээд алга болсон, тус бичиг баримуудыг гаргуулна гэдэг шаардлагын тухайд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Адьяабазар гэдэг хүн байсан ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч уг нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. 2022 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд баримт бичиг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа. Гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагын талаар шаардаж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-4/ Д.рын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-5/, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-7/, тус компанийн дүрэм /1-р хх-8-13/, Э Э Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-21/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/***** дугаартай Я Ж Птыг эрэн сурвалжлах тухай шийдвэр /1-р хх-22-24/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/***** дугаартай Израйл улсын иргэн Я Ж Птыг эрэн сурвалжлах тухай шийдвэр /1-р хх-25-27/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/10789 дугаартай Э Э Э ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /1-р хх-30/, С ХХК-ний 2021-11-01-ний өдрийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /1-р хх-88/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2021/06701 дугаартай сөрөг нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан захирамж /1-р хх-154-156/, С ХХК-ийн төлөөлөгч томилсон 2022-4-19-ний өдрийн итгэмжлэл /2-р хх-74/, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 04/199 дугаартай Д.рад хаягласан албан бичиг /2-р хх-78/, С ХХК-ийн төлөөлөгч томилсон 2022-6-7-ны өдрийн итгэмжлэл /3-р хх-20/, Д.раас төлөөлөгч томилсон 2022-6-7-ны өдрийн итгэмжлэл /3-р хх-21/, Д.рын төлөөлөгчөөс татгалзсан 2022-6-13-ны өдрийн хүсэлт /3-р хх-34/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын С ХХК-ийн 2019 оны нийт цалин нэртэй нотариатаар гэрчлүүлсэн хүснэгт /3-р хх-40/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11402 дугаартай Э Э Э ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хх-41-58/, Ж.Наас Д.р танаа гэсэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэл /3-р хх-59/, Хил хамгаалах ерөнхий газрын Д.р 2020-01-12-ны өдөр улсын хилээр орсон тухай 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт /3-р хх-60/, өмгөөлөгч Б.Уранзаяатай 2022-10-7-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3-р хх-182/, С ХХК-ний тайлбар /4-р хх-102-104/, С ХХК-ний 2019 оны 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан /4-р хх-111-112/ зэрэг баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4б. Хариуцагч талаас Э Э Э ХХК-ний төлөөлөгч томилсон 2021-12-8-ны өдрийн итгэмжлэл /1-р хх-66-67/, өмгөөлөгч Ж.Майзоригтой байгуулсан огноогүй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-83-84/, хариуцагчийн хариу тайлбар /1-р хх-97-99/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 182/ШЗ2021/***** дугаартай Э Э Э ХХК-ний нэхэмжлэлтэй Д.рад холбогдох хэрэгт нэхэмжлэгчийг солих тухай захирамж /1-р хх-107-108/, Монгол шуудан ХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08/26 дугаартай тодорхойлолт, бичиг хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар /1-р хх-161-162/, Э Э Э ХХК-ийн англи, монгол хэл дээрх нотариатаар гэрчлэгдсэн итгэмжлэл /1-р хх-163-164/, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл нотариатаар гэрчлэгдсэн /1-р хх-165-166/, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн тэмдэглэл, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэр, мөн өдрийн охин компани "Н М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэр, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлага гаргах тухай нотариатаар гэрчлүүлсэн /1-р хх-167-171/, Э Э Э ХХК-ийн англи, монгол хэл дээрх итгэмжлэл нотариатаар гэрчлүүлсэн /1-р хх-172-175/, Виржин арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай Э Э Э ХХК байгуулах тухай дүрэм нотариатаар гэрчлүүлсэн /1-р хх-176-179/, Э Э Эь И Л нэртэй англи, монгол хэлээр бичигдсэн бичвэрийг нотариатаар гэрчлүүлсэн /1-р хх-180-181/, С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх нь гэх бичвэр нотариатаар гэрчлүүлсэн /1-р хх-182/, Монгол шуудангийн 2020-01-03, 2020-01-07-ны огноотой баримт /1-р хх-186/, нотариатаар гэрчлүүлсэн нэгэн сонингийн хуулбар /1-р хх-187/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2021/10981 дугаартай 2021-8-26-ны өдрийн 07913 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамж /1-р хх-188-190/, Я Ж П төлөөлөгч томилсон 2022-3-30-ны өдрийн итгэмжлэл /2-р хх-60-61/, 130 дугаартай нотариатын үйлдсэн тэмдэглэл /1-р хх-62-63/, хариуцагч талын тайлбар /2-р хх-66-68/, Э Э Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20/14 дугаартай С ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3-р хх-6-7/, Э Э Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл /англи, монгол хэл дээр 3-р хх-116-119/, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл /англи, монгол хэл дээр 3-р хх-120-121/, Э Э Э И Л нэртэй итгэмжлэл гэж орчуулагдсан англи, монгол хэлээр бичигдсэн бичвэр /3-р хх-124-127/, Э Э Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн захидал англи, монгол хэлээр бичигдсэн /3-р хх-128-129/, М.Тийн С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэл /3-р хх-130/, Өдрийн сонины 2020-01-06-ны өдрийн хуулбар /4-р хх-57-58/ зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4в. 1-р хавтаст хэргийн 6, 14-20, 28-29, 63-65, 72-79, 103-106, 119-146, 160, 183-185, 2-р хавтаст хэргийн 5-8, 36-37, 38, 79, 3-р хавтаст хэргийн 122-123, 4-р хавтаст хэргийн 29-32, 105-110, 113-114-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

4г. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Э Э Э ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-49-50/, Хил хамгаалах ерөнхий газраас Израйль улсын иргэн Porat Yair Jacob нь 2021-12-2-ны өдөр улсын хилээр орсон тухай албан бичиг /1-р хх-85/, 2022-3-4-ний өдрийн М.Тийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн бичвэрийг хэвлэж хавсаргасан /2-р хх-24-32/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э Э Э ХХК-ний дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /2-р хх-104-194/, Д.рын цахим шууданд үзлэг хийсэн 2022-5-2-ны өдрийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн бичвэрийг хэвлэсэн баримт /2-р хх-201-215/, Мобиком корпораци ХХК-ний 99111525 дугаарын мэдээлэл гаргах боломжгүй тухай 2022-4-29-ний өдрийн албан бичиг /2-р хх-220/, Юнител ХХК-ний дуудлага, мессежний лавлагаа гаргах боломжгүй тухай 2022-5-9-ний өдрийн албан бичиг /2-р хх-224/, гэрч Ж.Нээс мэдүүлэг авсан 2022-5-18-ны өдрийн тэмдэглэл /2-р хх-243-246/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Э Э Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл /англи, монгол хэл дээр 3-р хх-108-111/, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл /англи, монгол хэл дээр 3-р хх-112-113/, М.Тийн гар утсанд үзлэг хийсэн 2023-5-16-ны өдрийн тэмдэглэл /4-р хх-39-40/, Д.рын ***********-т хаягт үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл /4-р хх-84-93/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.р, С ХХК нар Э Э Э ХХК, Израил Улсын иргэн Y J P нарт холбогдуулан С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан гүйцэтгэх захирал томилох тухай, тус компанийн охин компани болох Н М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1-р хх-1-3/.

 

3. Нэхэмжлэгч нар 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр С ХХК-ний санхүүгийн тайлан, компанийн санхүүгийн анхан шатны баримт бичиг, компаниас бусад хувь хүн хуулийн этгээдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл, захидал албан бичгийн эх хувь зэрэг сүүлийн 5 жилийн бүх бичиг баримтуудыг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага /2-р хх-80/ гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2022/***** дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр /2-р хх-93-98/ тухайн бичиг баримт гаргуулах тухай шаардлагыг дахин шүүхэд гаргаагүй байна.

 

4. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын анхны шаардлага болох С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

5. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ С ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй Э Э Э ХХК-ний захирал Израйл Улсын иргэн Y J P нь албан тушаалаа ашиглан Э Э Э ХХК-ийн өмнөөс С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж энэ талаараа хувьцаа эзэмшигч надад ч мэдэгдээгүй. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн гээд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний имэйл хаягаар хурал болсон, хурлын мэдээллийг 2 сарын дараа явуулсан.

С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх гээд 51 хувийн хувьцаа эзэмшигч Э Э Э ХХК-ийн захирал Y J P-т хандахаар маш олон удаа хайгаад олоогүй, эрэн сурвалжлаад олдоогүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийж чадахгүй байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх нь компани захирал бөгөөд 49 хувийн хувьцаа эзэмшигч миний хувьд чухал байсан. Учир нь Y J P нь манай компани дээр төсөл хариуцаж байхдаа Израйл улсаас орж ирэх ёстой байсан орлого 138,000 ам.долларыг өөрийн оффшор бүсэд байдаг хувийн дансандаа авсан байсан. С ХХК-ийн үйл ажиллагаа доголдож ажиллах боломжгүй болсон.

Y J P нь өнгөрсөн зүйлээ баллахын тулд намайг тус компанийн захирлаас болиулхын тулд ямар нэгэн байдлаар надад мэдэгдэлгүй хууль бус хурал хийгээд үүний дагуу тамга тэмдэг авах тухай Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр эсэх маргаан шийдэгдээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд хариуцагч нар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгээд компанийн үйл ажиллагааг сайн авч явна гэсэн бол шүүхээр маргалдаж байхын оронд хэдэн ч удаа хууль ёсны дагуу маргаангүйгээр хурал хийх бүрэн боломжтой байсан.

Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэхээр 138,000 долларын асуудал яригдах учраас тус асуудлыг огт сөхүүлэлгүй гүйцэтгэх захирлын эрх ашигт халдаж хурал хийж захирлын албан тушаалаас халж, өмгөөлөгч нарыг хөлслөөд тойрч сууж хурал хийсэн гэдэг бичиг бүрдүүлээд явж байгаа.

Хуулийн хүрээнд авч үзвэл манай С ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд Y J P-ын өөрийнх нь өмчилдөг 4 давхрын талбайг түрээсэлдэг байгаад 2015 оноос хойш уг объектыг түрээслэлгүй нүүсэн. Гэтэл бусад давхрыг нь өмчилдөг Израйл хүмүүсийн 1 ажилтан жижүүр хийдэг байсан. Манайх 4 давхартаа ресейпшн ажилдаг байсан. Манай компаний ажилтан биш хүнд гардуулсан бичиг баримтаа намайг хүлээж авсан, хугацаа өнгөрсөн гэж үзээд Э Э Э ХХК дангаар хувьцаа эзэмших эрх үүссэн гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компанид Ж.Н гэдэг хүн ажиллаж байгаагүй, Ж.Н нь гэрчийн мэдүүлэгтээ хаана ажиллаж байснаа ч мэдэхгүй, хэнээс цалин авдаг байснаа ч мэдэхгүй, авсан бол өгсөн байлгүй дээ гэж хэлдэг.

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон төлөөлөгч нарт шийдвэр гаргах итгэмжлэлийг мөн аваагүй байсан.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2-т тус тус зааснаар гүйцэтгэх захиралд санал шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал шаардлагыг гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг эхийн нэр хаяг байх ёстой. Гүйцэтгэх захирал санал шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаарх шийдвэрийг гаргана гэсэн байдаг. Манай компанийн гүйцэтгэх захирлын болон компанийн хурал хуралдуулах эрхийг ноцтой зөрчсөн гэж тодорхойлсон.

 

6. Хариуцагч нар С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Э Э Э ХХК бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралд Д.р өөрөө ирээгүй учир баримтуудыг хэлэлцэх боломжгүй учир бусад асуудлыг хэлэлцээд шийдсэн.

Санал шаардлагыг хууль ёсны дагуу хүргүүлсэн юм уу, хуульд заасны дагуу шийдвэр гарсан эсэх дээр тайлбар хэлэхэд Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэлэлцүүлэх санал шаардлага гаргах эрхтэй. Үүний дагуу 51 хувийн хувьцаа эзэмшээд байгаа Э Э Э ХХК санал шаардлагаа гаргасан. Санал шаардлагаа гаргахын өмнө 02 дугаар сарын 13-ны өдөр 2 удаа Д.ртай Э Э Э ХХК-ийн төлөөлөгч Д.Ттэй утсаар ярилцсан байдаг. Үүнээс хойш гэрийн хаягаар аваачиж өгөхөд хүлээж авахгүй, компаний хаягаар хүргэж өг гэсний дагуу 02 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг 02 дугаар сарын 17-ны өдөр ажилтан Ж.Н гэдэг хүн хүлээж авсан байдаг.

Анх Д.рад гардуулахаар очсон боловч өөрөө хаягаа хэлсний дагуу баталгаат шууданд хийсэн, бид нар хувиараа гардуулах ажиллагааг хийгээгүй. Хийх гэж оролдсон боловч өөрөө авахгүй гэсэн. Хуулийн дагуу санал шаардлагаа хүргэсэн учир хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр товлосон. Тухайн үед хурлын товыг боломжит хугацаанд боломжит байдлаар нь хүргэсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сонинд хэвлүүлсэн, утсаар мэдэгдсэн, мессежээр мэдэгдсэн. Хурлын талаар мэдэгд гэсэн байдаг ба мэдээд холбогдох нотлох баримттай танилцах боломжоор хангах ёстой байдаг. р нэг ч удаа хуралтай холбоотой нотлох баримттай танилцъя гэж илэрхийлээгүй.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т заасны дагуу 01 дүгээр сарын 03-ны өдрийн С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг хурлыг зарлаад 02 дугаар сарын 14-ний өдөр хурлаа товлоод хийсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өдрийн сонинд нийтлүүлсэн байдаг. С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Э Э Э ХХК тул Компанийн тухай хуульд зааснаараа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргасан. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т хувьцаа хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэдэг. Компанийн шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд тухай компанийн хувьцаа эзэмшигчид байдаг.

Э Э Э ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах, оролцох шийдвэр гаргах, үүнтэй холбогдох бүхий л эрхийг олгосон байдаг. Э Э Э ХХК-ийн охин компани болох С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурлыг, хурлын бус санал шаардлага гаргах, хүргэх, үүнтэй холбоотой материал гаргах, хүлээн авах, шийдвэр гаргах зэрэг бүхий л бүрэн эрхийг олгосон. Үүнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох бүрэн эрхийг бүрэн олгосон. Анх Э Э Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүхий л эрхийг түүний эцсийн өмчлөгч болох Э Э Э инвестмент ХХК-иас С ХХК-д олгосон. Уг эрхийн хүрээнд н.Т мэдэгдсэн байдаг. Ямар нэгэн зар хүргэх эрхгүй байсан гэдэг тайлбар үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах санал шаардлагыг хуульд заасны дагуу хариуцагчийн зүгээс хэрэгжүүлсэн тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

С ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Э Э Э ХХК, 49 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн Д.р нар бүртгэлтэй байх бөгөөд тус компаний дүрэм улсын бүртгэлийн албанд 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн байна /1-р хх-8-13/.

С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхий бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч Д.р томилогдсон болохыг талууд тайлбарлаж, хариуцагч нар энэ талаар маргаагүй.

 

С ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигч болох Э Э Э ХХК-ний лавлагаа баримтаар тус компаний 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгчөөр Их британи, Умард ирладын нэгдсэн вант улсад бүртгэлтэй Sal investment limited нэртэй хуулийн этгээд байх /1-р хх-49-50, 2-р хх-105-106/ бөгөөд гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Porat Yairjacab нь 2008-6-19-ний өдөр бүртгэгдсэн байна /2-р хх-105/.

 

8. Зохигчид С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр эсэх, Э Э Э ХХК, Porat Yairjacab нар тухайн хурлыг хуралдуулах эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж, 59.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна гэж, 59.10 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлыг удирдах этгээдийг тухайн хурлыг зарласан этгээд хурал хуралдуулах шийдвэрт заана гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт компанийн дүрэмд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог тусгана гэж, хуулийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэжээ.

 

Хуульд зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд тус компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар бол компанийн дүрэмд тусгах, төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар байна.

 

9. С ХХК-ний 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн дүрмийн 9.4-т төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог заагаагүй буюу төлөөлөн удирдах зөвлөл байгуулаагүй байх бөгөөд компани үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч цөөхөн бол заавал төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд эдгээр эрх, үүргийг хувь нийлүүлэгчдийн хурал, түүнээс томилогдсон захирал хариуцна гэжээ /1-р хх-11/.

 

Түүнчлэн дүрмийн 9.6-д хувь нийлүүлэгч /үүсгэн байгуулагч/-дийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 60, 62 дугаарт заасны дагуу хуралдуулж болно гэж, 9.8-д хувь нийлүүлэгч /үүсгэн байгуулагч/ нь хуралд өөрийн биеэр оролцоно. Хэрэв өөрийн биеэр оролцож чадахгүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасныг баримталж болно гэжээ /1-р хх-11/.

 

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана гэж, 61 дүгээр зүйлийн 61.7-д энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх буюу зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг тус тус зохицуулсан.

 

10. Хариуцагч тал С ХХК-ний гүйцэтгэх захирал Д.р хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал шаардлага шийдвэр гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д зааснаар 51 хувийн хувьцаа эзэмшигч Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захирал Я Ж Птаас олгосон итгэмжлэлийн дагуу ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан гэж тайлбарласан.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Виржин арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай Э Э Э ХХК-ний лавлагаа баримтаас үзэхэд тус компанийг байгуулах тухай дүрэм 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн /2-р хх-181-184/ байх бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэх, ерөнхий захирал нь компанийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулах эрхийг олгосон байна /1-р хх-182/.

 

Виржин арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай Э Э Э ХХК байгуулах тухай 2019-6-21-ний өдрийн дүрэмд ажиллах хугацааг 20 жил байхаар тусгаж, компанийн удирдлага түүний эрх хэмжээ нь 2008-6-19-ний өдөр бүртгүүлсэн дүрэмд тусгасантай адил байна /2-р хх-143-146/.

 

Тиймээс Э Э Э ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгчөөр Их британи, Умард ирладын нэгдсэн вант улсад бүртгэлтэй Sal investment limited нэртэй хуулийн этгээд бүртгэлтэй байх тул тус компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг Олон улсын эрх зүйн дагуух үйлдлээр тодорхойлохоор байна.

 

Иргэн М.Тт Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захирал Porat Yairjacab-с олгосон итгэмжлэлийн үндсэн дээр С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарлаж, хуралд 51 хувийн хувьцаа эзэмшигч Э Э Э ХХК-нийг төлөөлөн оролцсон гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй буюу хэрэгт авагдсан Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаал гэсэн бичвэрт 120 тамганы дугаартай нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байх боловч тухайн бичвэр үйлдсэн огноо харагдахгүй, бичвэр бүрэн уншигдахгүй байх бөгөөд гүйцэтгэх захирал Яир жекоб порат гэсэн нэр бичигдсэн байна /1-р хх-174-175/.

 

Хэргийн 3-р хавтаст хэргийн 126-127-р талд авагдсан Э Э Э И Л гэж орчуулагдсан итгэмжлэлд гүйцэтгэх захирал болон цорын ганц хувьцаа эзэмшигч гэж баталгаат орчуулагчаар орчуулсан байх хэдий ч Монгол Улсад бүртгэлгүй хуулийн этгээд Монгол Улсад бүртгэлтэй Э Э Э ХХК-ний хувьцааг 100 хувь эзэмшиж байх тул тухайн компанийг төлөөлөх эрхийг олгохдоо Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцийн 2 дугаар зүйлд хэлэлцэн тохирогч улс бүрт энэхүү конвенц үйлчлэх бөгөөд нутаг дэвсгэрт нь хэрэглэх баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг хална. Энэхүү конвенцийн хүрээнд баталгаажуулалт гэж баримт бичигт зурсан гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг тухайн баримт бичиг хэрэглэгдэх орны дипломат буюу консулын төлөөлөгч нотлон гэрчлэх албан ёсны үйлдлийг хэлнэ гэж,

3 дугаар зүйлд гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг нотлон гэрчлэхийн тулд тухайн баримт бичиг үйлдэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас 4 дүгээр зүйлд заасан гэрчилгээг олгох шаардлага тавигдана гэж,

4 дүгээр зүйлд гэрчилгээг олгож байгаа улсын албан ёсны хэлээр үйлдэж болно. Гэрчилгээнд тусгагдах стандарт заалтуудыг мөн өөр хэлээр үйлдэж болно. Apostille гэсэн гарчиг нь заавал франц хэлээр байна гэж тус тус зааснаар Э Э Э ХХК-ний хувьцаа эзэмшигч Sal investment limited компанийн гэрчилгээ, дүрэм, тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд томилсон талаарх итгэмжлэл энэхүү хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, Sal investment limited компанийг төлөөлөх эрхийг Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захирал Porat Yairjacab-т итгэмжлэлээр олгоогүй, Porat YairjacabSal investment limited компаний цор ганц хувьцаа эзэмшигч болохыг нотолсон баримт мөн хэрэгт нотлох баримтаар мөн авагдаагүй байна.

 

Тиймээс Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцийн зорилго нь хэлэлцэн тохирогч нэг улс өөрийн харьяат хуулийн этгээдийн бүрэн эрх, эсхүл түүний нэрийн өмнөөс чиг үүрэг хэрэгжүүлэх, гарын үсэг зурах эрхтэй этгээдийг хэлэлцэн тохирогч нөгөө улсад хүлээн зөвшөөрүүлэх арга нь Апостиль /Apostille/ гэрчилгээ олгосон байх явдал юм.

 

Хэргийн үйл баримтаар С ХХК-ний 51 хувьцаа эзэмшигч Э Э Э ХХК-иас С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаар шийдвэр гарсан болох нь, ээлжит бус хурлыг товлон зарласан гэх байдал нотлогдон тогтоогдохгүй байна.

 

11. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэг хувьцаа саналын нэг эрхтэй оролцох бөгөөд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өөр этгээдээр төлөөлүүлэн оролцож болохоор байна.

 

Харин хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчийг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухайгаа хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэхээс өмнө төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх бөгөөд түүний итгэмжлэл нь гагцхүү тухайн хуралд хүчинтэй байхаар Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заажээ.

 

Иймд Э Э Э ХХК-ний хувьцаа эзэмшигч Sal investment limited компани, түүнийг удирдах этгээдийн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, Э Э Э ХХК-нийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, хувьцаа эзэмшигч Э Э Э ХХК-нийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох төлөөлөгч томилох эрхийг Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захирал Porat Yairjacabолгосон талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

12. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, 83.6 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна гэж тус тус зохицуулсан.

 

С ХХК-ний 51 хувийн хувьцааг эзэмшигч Э Э Э ХХК-ний дүрэмд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэх, ерөнхий захирал нь компанийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулах эрхийг олгосон байх боловч энэхүү дүрмээр гүйцэтгэх захирал, ерөнхий захиралд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх эрхийг олгоогүй байна /2-р хх-144, 184/.

 

Нэхэмжлэгч Д.рын цахим шууданд хийсэн үзлэгээр илэрсэн T********** хаягаас ирсэн 2020-01-29-ний өдрийн огноотой Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаалд Г.Энх-Амгалан, М.Т нарт 2020-02-14-ний өдрийн С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд Э Э Э ХХК-нийг төлөөлөн оролцох эрхийг тухайн хурлыг дуусах хүртэл хугацаагаар олгосон /4-р хх-84-87/.

 

Гэтэл Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдсон Porat Yairjacab-т нь 2021 оны 12-р сарын 2-ны өдөр Монгол Улсын хилээр орсон бүртгэлд авагдсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа тодорхойлолтоор тогтоогдож /1-р хх-85/ байна.

 

С ХХК-ний гүйцэтгэх захирал Д.р нь тус компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурал хуралдуулах тухай санал шаардлага гаргахаар 51 хувийн хувьцаа эзэмшигч Э Э Э ХХК-нийг захирал Porat Yairjacab-т хайгаад олдоогүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Я Ж Птыг эрэн сурвалжлах тухай 101/ШШ2016/***** дугаартай шийдвэр /1-р хх-22-24/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Израйль улсын иргэн Я Ж Птыг эрэн сурвалжлах тухай 102/ШШ2018/***** дугаартай шийдвэр /1-р хх-25-27/ баримтаар тогтоогдож байна.

 

13. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно гэжээ.

 

14. Иймд С ХХК-ний дүрэмд хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 60, 62 дугаарт заасны дагуу хуралдуулж болно гэж, хувь нийлүүлэгч хуралд өөрийн биеэр оролцох, өөрийн биеэр оролцож чадахгүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасныг баримталж болохоор тусгаснаар тус компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар гүйцэтгэх удирдлага эсхүл 61 дүгээр зүйлийн 61.7-д зааснаар санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хуралдуулах тухай шийдвэр гаргахаар байна.

 

Дээрх баримтуудаас үзэхэд С ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигч Э Э Э ХХК-иас ээлжит бус хурал хуралдуулахаар шийдвэр гарсан болох нь тодорхойгүй, гүйцэтгэх захирал Porat Yairjacab-тад хувьцаа эзэмшигчийг төлөөлөн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргах эрхийг олгосон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

15. Хариуцагч тал С компаний 51 хувийн хувьцаа эзэмшигчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд ээлжит бус хурлыг товлон хуралдуулсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй буюу хэрэгт авагдсан Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захиралын тушаалын огноо харагдахгүй, бичвэр бүрэн уншигдахгүй, огноотой бичвэр хэсэгт шүүхийн хуулбарлав тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

16. Дурдсан үндэслэлүүдээр С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг компанийн дүрэмд заасан гүйцэтгэх удирдлага, санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч зарлаагүй, санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчээс ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гарсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй,

Хувьцаа эзэмшигч Э Э Э ХХК-ний хувьцаа эзэмшигч Sal investment limited компаниас Э Э Э ХХК-нийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, тус компанийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох төлөөлөгч томилох эрхийг Э Э Э ХХК-ний гүйцэтгэх захирал Porat Yairjacabолгосон талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2021-10-5-ны өдөр төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар С ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани Н М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э Э Э ХХК, Porat Yairjacab нараас 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК, Д.р нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ