| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2013/02531/и |
| Дугаар | 01457 |
| Огноо | 2019-08-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 01457
С.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ний өдрийн 183/ШШ2019/00487 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Д-ийн хариуцагч Г.О, “БМ” ХХК нарт холбогдуулан гаргасан
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Д-ийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах, таун хаусны үнэ 394 791 096 төгрөг, Хас банкинд төлсөн 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 144 680 030 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг нийтдээ 540 761 126 төгрөг болон 15 042.67 ам.доллар гаргуулах тухай үндсэн,
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөлсөлж олсон ашиг 26 148 ам.долларыг Г.О-ны С.Д-д төлөх 50 000 ам.доллараас хасч тооцуулах, уг орон сууцыг С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Г.О-ны сөрөг нэхэмжлэлтэй,
С.Д-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнийг гутаасны улмаас учирсан хохиролд 50 000 000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөг, барааны үнэ 4 428 336 төгрөг, нийт 154 428 336 төгрөг гаргуулах тухай /нэгтгэсэн хэрэг/ Г.О-ны нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч З.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О-д холбогдуулаад дараах шаардлагыг гаргасан. С.Д нь Г.О-аас 2006 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхоны 21а байр, 75 тоот, 3 өрөө орон сууцыг 50 000 ам.доллараар худалдан авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Д-ийн өмчлөлд шилжүүлж өгөхгүй банкны зээлийн барьцаа болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд үргэлжлүүлэн тавьж өнөөдрийг хүрсэн. С.Д-ийн хувьд тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Г.О-тай тооцоо нийлсэн акт үйлдээд өөрөө гараараа бичиглэл хийгээд нотариатаар оруулаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө, зээлийн барьцаанаас гарсан хойно нь гаргаж өгнө гэсэн тодорхойлолт хийж өгсөн байдаг тул Нархан хотхоны 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Д-г тогтоож өгнө үү. Төлбөрөө төлчихөөд өмчлөх эрхээ авч чадахгүй байгаа С.Д-г орон сууцны өмчлөгчөөр тогтоосноор дээрх орон сууцыг Г.О-ны 2013 онд “Ашид Түвшин финанс ББСБ” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Д-ийн нэр дээр буюу өмчлөлд шилжүүлж олгохыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү. Хариуцагч “БМ” ХХК болон Г.О нарт холбогдуулан шаардлага гаргасан. “БМ” ХХК-ийн захирал Г.О нь 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр 100 000 ам.долларыг Г.О зээлж авсан. Уг зээлийн барьцаанд С.Д-ийн өмч болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, 17041 дугаар бүхий ХД 52 дугаар байрны 08 тоот хаягт байрлах 3 давхар таун хаусыг Хас банкны 100 000 долларын барьцаанд тавиулсан. Г.О банкны зээлийг төлөөгүй учраас зээлийн барьцаанд С.Д-ийн 3 давхар таун хаусаар банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул С.Д хохирч байна. Тодруулбал Хас банк нь шүүхэд “БМ” ХХК-ийг С.Д-ийн хамт хариуцагчаар татаж Сүхбаатар дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн. Уг хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд С.Д-г оролцуулахгүйгээр хариуцагчаар татсан хүсэлтээсээ татгалзаад, Хас банкны талд хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед Г.О-д холбогдуулан залилан хийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн журмаар хэргийг шалгуулж байсан. Эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас энэ иргэний хэргийг түр хугацаанд түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүх хангаагүй. Уг шийдвэрт С.Д давж заалдах гомдол гаргасан боловч хангаагүй, түүнийг хохироосон. Мөн гүйцэтгэлийн ажиллагааны явцад мөн С.Д нь ажиллагааг гардаж хийж байсан ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Баасансүрэнд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн албан бичгийг өгсөн. Тэр албан бичгийг өгсөөр байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаагаа хийгээд 3 давхар таун хауснаас нь шууд өмссөн хувцастай, гэрийнхэнтэй нь гэрээс хөөж гаргаад ажиллагаа хийсэн. Тэгсэн атлаа байрнаас таун хаусыг чөлөөлөх ажиллагаан дээрээ С.Д-г бүх эд зүйлээ хүлээж авсан гэдэг байдлаар протокол дээр гарын үсэг зуруулсан. Гэтэл үнэн хэрэгтээ Хан-Уул дүүргийн шүүх дээр иргэний журмаар шалгагдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шүүхийн журмаар материал гаргуулахад С.Д-ийн эрх нь ноцтой зөрчигдсөн болох нь тогтоогддог. Хас банкин дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулчихсан таун хаусны үнийг маш бага үнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнх нь үнэлүүлээд 2 удаагийн дуудлага худалдаанд оруулаад зарсан байдаг. Тэрний зөрүү төлбөр 61 869 204 төгрөг Хас банкинд хадгалаатай байгаа нь тогтоогдсон. Энэ ажиллагааны явцад би Хас банкинд хүсэлт гаргаж С.Д нь ажил төрөлгүй, юу ч үгүй, өмсөх хувцас ч үгүй, тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй байгаа тул Хас банкин дээр байгаа 61 869 204 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргаад уг мөнгийг гаргуулж өгсөн. Байрнаас чөлөөлөх тогтоол дээр эд хөрөнгийг нь бүрэн хүлээлгээд өгчихсөн юм шиг хуурамчаар үйлдээд хүчээр гарын үсэг зуруулчихсан баримт нь сүүлд хийсэн ажиллагаагаар нотлогдоно. Учир нь Хас банкнаас 25-ийн контейнартай эд зүйл буюу 3 давхар таун хаусд байсан эд хогшлыг Хас банк намайг байлцуулаад С.Д-д эд хөрөнгийг нь хүлээлгэж өгөх ажиллагаа иргэний хэрэг шүүхэд хэлэлцэх ажиллагааны явцад хүлээлгэж өгсөн. Хууль бус ажиллагаанууд хийгээд тэр нь бичгээр авагдаж архивлагдсан байсан. Манай үйлчлүүлэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн байдал нь хавтаст хэрэгт авагдсан Хас банкны эд хөрөнгө хүлээлгэж өгсөн актыг өгсөн байгаа. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад С.Д нь сэтгэл санаагаар хүчтэй цочрон давчдаж өөрийнхөө гарын судсыг ханаж, амиа хорлох үйлдэл хийж эрүүл мэндээрээ хохирч байсан. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргадаг. 3 давхар таун хаусын үнэлгээг хэт зах зээлийн ханшаас доогуур үнэлгээгээр буюу 210 гаруй сая төгрөгөөр хууль бусаар үнэлүүлээд дуудлага худалдаанд оруулсан байдаг. Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөгөө талын хүсэлтээр шинжээч томилуулсан. Гэтэл хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин шинжээч томилсон. Шүүх 2 дахь удаа шинжээч томилоод “Итгэлт Истимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд тухайн 3 давхар таун хаусыг 456 660 300 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон үнэлгээний тайлан гарсан. 456 660 300 төгрөгийн үнэтэй таун хауснаас Хас банкнаас 61 869 204 төгрөгийг авчихсан учраас үлдэгдэл төлбөр буюу 394 791 096 төгрөгийг “БМ” ХХК болон Г.О нараас гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Учир нь зээлийн гэрээн дээр “БМ” ХХК-ийн захирал Г.О нь зээлдэгчээр 100 000 ам.долларыг авсан. С.Д бол зээлийн гэрээн дээр огт гарын үсэг зураагүй, зээлийн гэрээн дээр ямар нэгэн үүрэг хүлээх субьект биш. Г.О дангаараа зээл авсан. Гагцхүү барьцааны гэрээ буюу барьцаалбар дээрээ Г.О нь С.Д-ийн нөхрийнх нь талын хамаатны хүн учраас С.Доржсүрэн нь Г.Од маш их итгэсэн. Нархан хотхоны чинь гэрчилгээг гаргаад өгчихнө, банкны зээлээ төлөхөөрөө таун хаусны гэрчилгээг нь чөлөөлөөд өгчихнө гэдэг. Итгэл далимдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Тэгэхээр хууль ёсны өмч болох таун хаусных нь төлбөр 394 791 096 төгрөгийг “БМ” ХХК болон Г.О нараас гаргуулж өгнө үү. Хас банктай байгуулсан “БМ” ХХК-ийн захирал Г.О-ны зээлийн гэрээнд С.Д ямар нэг үүрэг хүлээгээгүй байтал талууд хоорондоо харилцан тохиролцсон байдаг. Г.О нь С.Д, н.Ганхуяг нарыг их дэлгүүрийн орчимд байрлалтай байрандаа нэг өдөр дуудсан. н.Ганхуягт төлөх ёстой 46 886 ам.доллараа чи Хас банк руу төлчих, би н.Ганхуягт чиний төлбөрийг төлчихсөн, тийм учраас миний зээлийн гэрээний төлбөрт төлөөрэй гэж хэлж ойлгуулаад 46 886 долларыг төлсөн гэх баримтыг үйлдээд С.Д-гээр гарын үсэг зуруулсан нь хавтаст авагдсан н.Ганхуягийн мэдүүлгээр нотлогддог. Ингээд С.Д нь 46 886 долларыг н.Ганхуягт биш Хас банк руу төлье гээд Г.О хэлсэн учраас Хас банк руу төлөлт хийсэн. Ингээд Хас банк руу С.Д нь 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Ийм учраас С.Д нь банк руу төлөх ёсгүй төлбөрт “БМ” ХХК болон Г.О нарын өмнөөс 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг төлсөн учраас энэ төлсөн төлбөрийг буцааж С.Д-д гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. 33 нэр бүхий этгээдүүдээс өндөр хүүтэй зээл авч хохирсон гэж Г.О-аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа. Ердөө л Нархан хотхоны 3 өрөө байр, таун хаусныхаа хохирсон төлбөрийг, банкинд тэдний өмнөөс төлсөн төлбөр, бусад асуудлыг орхиё гэдэг байдлаар амьдрах орон гэр амин зуулгаа шийдвэрлүүлэх гэж 144 680 030 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа. С.Д-ийн нөхцөл байдал хүнд байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт олон жил цугласан баримтуудыг үндэслэн үнэн зөв шийдэж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулаад 46 886 ам.долларыг хүлээлгэж өгсөн мэтээр, мөн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой 1 000 долларыг хүлээлгэж өгсөн баримт гээд нэг хуудсан дээр 3 ширхэг нотлох баримтыг хуулбарлачихсан нотлох баримтад зурагдсан гарын үсгийг С.Д-ийнх биш байна гэж шинжээч дүгнэсэн, энэ баримт хэрэгт авагдсан гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эрх ашгийг хөндсөн гэх шаардлага нь Нархан хотхоны 75 тоот 3 өрөө байртай холбоотой маргаан болохоос биш бусад шаардлагууд нь “БМ” ХХК болон Г.О нартай огт холбогдолгүй шаардлагууд юм. Хас банк ХХК болон н.Ганхуяг нарыг хохироосон гэж яриад байдаг. Орон сууцны өмчлөх эрх нь ямар нэгэн гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх нь С.Д-д үүсээд Улсын бүртгэлд бүртгэгдээд өмчлөгч болсноор өмчлөх эрх баталгаажна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан харилцаа Г.О, С.Д нарын хооронд үүсээгүй. Г.О, С.Д нар нь ураг төрлийн холбоотой байсан учраас зээлийн нөхцөлөөр худалдан авах тохиролцоо хийсэн. Г.О нь 2006 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Жигүүр гранд ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад орон сууцны урьдчилгаанд 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 8 000 ам.доллар, 2006 оны 7 дүгээр сарын 21-ний өдөр 3 764 ам.долларыг тушаачихсан байсан. Ингээд уг байрны үлдэгдэл төлбөр болох 35 000 ам.долларыг орон сууцны зээлэнд хамруулахаар Г.О нь Худалдаа хөгжлийн банкинд 2006 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл гаргаад өгчихсөн байсан. Г.О, С.Д нарын харилцаа С.Д-тэй 2006 оны 6 дугаар сард 50 000 ам.долларыг өгч авалцахаар тохиролцдог. С.Доржсүрэн нь бэлнээр өгөх мөнгөгүй учраас цувуулан төлж барагдуулна гэсэн тохиролцоо хийдэг. 50 000 доллар төлчихөөд байхад миний өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй гэсэн зүйлийг яриад байдаг. Гэтэл энэ хугацаанд Г.О-ны Жигүүр гранд ХХК-ийн барьсан байрыг улсын комисс хүлээж аваагүй байсан. Улсын комисс хэзээ хүлээж авах нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. Тийм учраас Г.О нь Худалдаа хөгжлийн банкнаас байрны өмчлөх эрхээ хурдан хугацаанд авахын тулд 35 000 ам.долларыг зээлээр авсан. 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уг байрыг улсын комисс хүлээж авсан. 2007 оны 12 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан. Намайг залилсан гэж яриад байдаг нь 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг сольж шилжүүлж өгнө гэсэн тодорхойлолт л гаргаж өгсөн. С.Доржсүрэн нь уг байранд 13 жил амьдарсан биш 13 жил ашигласан. Байшин түрээсэлдэг ийм харилцаа үүсгэдэг. Г.О нь Худалдаа хөгжлийн банкнаас 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 35 000 ам.долларыг авдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дуусгахын тулд зээлийн барьцааны гэрээг 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хийсэн. Уг гэрээг хийхдээ Нархан хотхоны байрыг биш өөрийн найз н.Оюунгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38-24 тоот, 3 өрөө орон сууцыг түр барьцаанд тавьсан. 5 дугаар хавтаст хэргийн 1067 дугаар тал дээр байгаа. Үүнийг С.Д мэдэж байсны үндсэн дээр 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу зээл чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд энэ байшингийн үр шимийг хүртэх эрхийг олгоод итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэлээр авсан эрхийн хүрээнд С.Д нь маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлэх, хөлсөлсөн төлбөрийг авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах 3 жилийн бүрэн эрхийг олгодог. Энэ баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан байгаа. Үүний үндсэн дээр С.Д нь уг байшингийн үр шимийг хүртэж эхэлдэг. Энэ 2 хүнд худалдах худалдан авах гэрээ хийх ямар ч нөхцөл боломж байхгүй. 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүрсэн бол Г.О, С.Д нарын тохиролцоо хэвээр үргэлжилж болох байсан байх. Гэтэл С.Д нь 2010 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Г.О намайг залилан мэхэлсэн гэж гомдол гаргаж 1 жил 7 сарын хугацаанд шалгагдсан. Бүх үйл ажиллагаа нь зогссон, нэр хүндээ алдсан. Ингээд 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 335 тоот цагаатгах тогтоол гарсан. Уг цагаатгах тогтоолоор Г.О нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Жирэмсэн, миний эрүүл мэнд муу байна гээд хүрч ирэхээр нь Г.О өрөвдөөд байшинг өгөх шийдвэрийг гаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 100-аас 104 дүгээр талд С.Д болон түүний нөхөр н.Мөнхбаатар нарын цалингийн тодорхойлолтыг авахад ердөө бүтэн жилийн хугацаанд 2 914 000 төгрөгийн цалинтай, н.Мөнхбаатар нь 3 045 164 төгрөгийн цалинтай байсан. Өөрөөр хэлбэл, бид нар өөрийнхөө хөрөнгийг өгсөн гэж хэлээд байдаг тайлбар нь үндэслэлгүй юм. 50 000 ам.долларын төлбөрөөс 8 450 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, үүнийг төлж барагдуулсан баримт байдаггүй. Иймд энэ байшингийн өмчлөгч мөн гэдэг тайлбар үндэслэлгүй, тогтоох боломжгүй. Хоёр дахь банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Д-ийн нэр дээр шилжүүлэн олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага ойлгомжгүй байна. Ашид Түвшин финанс ББСБ, С.Д нарын хооронд ямарваа нэгэн гэрээний харилцаа үүсээгүй. Г.О нь өнөөдөр уг байрны хууль ёсны өмчлөгч. Гэрээний нэг талын оролцогч биш учраас уг шаардлага нь хууль эрх зүйн үндэслэлгүй, шаардах эрхгүй гэж үзэж байна. Гуравт “БМ” ХХК болон Г.О нарт холбогдуулан Хас банктай байгуулсан зээлийн гэрээний харилцааны улмаас таун хаусыг худалдан борлуулсан, таун хаусны үнэ 394 791 096 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Гэтэл таун хаустай холбоотой асуудлыг хариуцах ёстой этгээд нь Г.О болон “БМ” ХХК аль нь гэдэг нь эргэлзээтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болгонд С.Д, 2 өмгөөлөгч нар нь оролцдог. Итгэлт Истимэйт ХХК-иар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр-2, ХД-52-8 тоот таун хаусыг 534 сая төгрөгөөр 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үнэлүүлсэн, тайланг хавсаргасан. Энэ үнэлгээний тайланг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгодог. Дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Аль хэдийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд Хас банкны өмчлөлөөс өөр н.Насанцэнгэл гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. Үнэлүүлж буй хөрөнгө нь С.Д-ийн өөрийн хөрөнгө байх ёстой. Үнэлгээг зөвшөөрөхгүй бол үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэй. Хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК уг хөрөнгийг 239 000 000 төгрөгөөр үнэлсэн, энэ талаар гомдол гаргаагүй. 349 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэл нь “Итгэлт Истимэйт” ХХК-ийн үнэлсэн үнэлгээ буюу 456 660 300 төгрөгөөс 61 000 000 төгрөгөө хасаад гаргаад байна. Огт өөр хүний хөрөнгийг үнэлээд дүгнэлт гаргуулсан. Тэгэхээр таун хаусны хохирлыг хариуцах асуудалд хариуцагчаа зөв тодорхойлохгүй. Тийм учраас уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. н.Ганхуягтай хийсэн зээлийн тухайд С.Д нь Нархан хотхоны байрандаа өөрөө амьдрахгүй бусдад түрээслэдэ. Харин Г.О нь н.Ганхуягтай гэрээний харилцаа үүсгэсэн. н.Ганхуяг нь н.Эрдэнэчулуун гэх хүнтэй уулзаад ийм таун хаус хямдхан байна гэхэд нь С.Д орж ирээд “би бас авъя, 70 000 000 төгрөгөө өгөөд н.Ганхуягаас байшинг авъя” гэдэг. С.Д-д үлдэгдэл мөнгийг төлөх мөнгө байхгүй болохоор н.Ганхуягтай тохиролцсон. Надад гэрчилгээг гаргаад өгчих юм бол би зээлэнд тавиад үлдэгдэл төлбөрийг чинь төлөх гээд байна гэсэн тул н.Ганхуяг гэрчилгээг нь гаргаж өгсөн. Харин С.Д зээл авч чадахгүй болохоор Г.О-д ханддаг. Энэ байшинг зээлээд тавиад зээл авч өгөөч, би урьдчилгаанд нь 70 000 000 төгрөг өгчихсөн, үлдэгдэл 49 700 ам.доллараа өгөх юм бол энэ байшин минийх болох гээд байна гэсэн тул Г.О, С.Д хоёр С.Д-ийн байшинг “БМ” ХХК-ийн нэр дээр 100 000 ам.долларын зээлийн барьцаанд тавьдаг. С.Д болохоор н.Ганхуягт төлөх 49 700 ам.долларыг н.Ганхуягт төлөөд дууссаны дараа н.Ганхуяг С.Д 2 нийлээд Г.О-ыг цагдаад өгдөг. Яг энэ үйл баримт шалгагдсан, үндсэндээ бол н.Ганхуяг мөнгөө аваад дуусчихсан. Зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурах, нэмэлт өөрчлөлт оруулах, барьцаалбараар хангагдах шаардлагыг хүлээн зөвшөөрөх гэх мэт бүх баримтад С.Д гарын үсэг зурсан. Энэ таун хаусныхаа үр шимийг хүртдэг. Хамгийн анх анхан шатны шүүхийн шийдвэр гараад Улсын Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл 61 000 000 төгрөгөө авдаггүй. С.Д мөнгө төгрөг байхгүй хэцүү байгаа гэж хэлээд байна. 61 000 000 төгрөгийг Улсын Дээд шүүхээс буцаж ирээд 2 дахь удаагийн Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүх байж байхад нэг хэлэлцэгдээд хэрэг буцсаны дараагаар авсан. Тэгэхээр уг байшинг н.Ганхуягтай худалдаж авах гэрээ хийсэн. Төлбөрүүдийг бүгдийг нь төлсөн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр тогтоосон. Энэ хурал дээр С.Д-ийн өмгөөлөгч н.Эрдэнэцэцэг, мөн С.Д өөрөө оролцсон. Лиза компанийнх нь н.Ганхуягийн байртай холбоотой маргаан гарахаар Хас банкинд төлбөрөө төлөх, хэрвээ уг төлбөрийг төлнө гэхийн бол н.Ганхуягт төлөх 46 886 ам.долларыг би өөрөө төлнө, хэрвээ 46 886 ам.долларыг н.Ганхуягт өгчих юм бол би Хас банкныхаа төлбөрийг төлнө гэдэг. Гэтэл н.Ганхуягт өгөх Лиза компани болон н.Солонго нарын хооронд 67 000 ам.доллар төлөгддөг. Үндсэндээ энэ байрны төлбөрийг төлөөд дуусчихсан. Үүнийг С.Д өөрөө авсан. Хэдийгээр “БМ” ХХК зээлж авсан гэж байгаа боловч тэр зээлж авсан мөнгөнөөс нь өөрөө авчихсан, тооцсон мөнгөнийхөө хүүг төлөх ёстой. Үндсэндээ шүүхийг төөрөгдүүлж байгаа асуудал. н.Ганхуяг гэрчээр орж ирээд “энэ 46 886 долларыг төлсөн, 10 сая төгрөг өгсөн юм” гэдгээ хэлдэг. Гарын үсгийн шинжилгээгээр энэ хүн зальтай 1 000 доллар дээр гарын үсэг зурчихсан гэдэг. Гэтэл С.Д-ийн гарын үсэг биш гэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бичиг судлалаас дүгнэлт гарсан гээд байна. Гэтэл С.Д гэж ерөөсөө зураагүй. С.Д-ийн өмнөөс гэж Г.О өөрийнхөө гараар зурчихсан. Тийм ээ би өмнөөс нь бичээд өгчихсөн юм гэдгээ өөрөө хүлээдэг. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа: С.Д-д холбогдуулаад Г.О нь С.Д, Г.О нарын хооронд хийгдсэн гэх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхон, 21а байр, 75 тоот орон сууцтай хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 46, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар харилцан авсан бүх зүйлээ буцаалгахыг тогтоох, С.Д-гхууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт заасны дагуу Г.О-ны өмчлөлийн Нархан хотхоны 75 тоот орон сууцыг 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн н.Байгалмаагаас зээлж авсан 8 500 ам.доллар, мөн н.Байгалмаагаас зээлж авсан 5 сая төгрөгийг ам.долларт шилжүүлээд тооцсон 3 448 ам.доллар. Монголиа пропертис ХХК-иар зуучлуулан дээрх орон сууцыг Рэд пад ХХК 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд сарын 1 100 ам.доллараар нэг жилийн хугацаанд түрээслүүлж олсон орлого болох 13 200 ам.доллар, Рэд пад ХХК болон Монголиан пропертис ХХК-иар зуучлуулсан иргэн н.Лхагвад зуучлалын хөлс төлсөн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1 000 доллар, нийт 26 100 ам.доллар байгаа. Үүнийг С.Д-ийн төлсөн гэх 50 000 ам.доллараас хасаад 23 852 ам.долларыг С.Доржсүрэнгээс гаргуулах шаардлага гаргасан. Хууль ёсны өмчлөгч нь Г.О. 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г.О нь итгэмжлэл хийж өгсөн. Үүнийг үндэслээд иргэн н.Байгальмаад 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 8 500 ам.доллараар хөлслүүлсэн. Дараа нь Г.О нь Рэд пад ХХК-тай гэрээ байгуулаад нэг жилийн хугацаатай 1 100 ам.доллараар хөлслүүлсэн. Энэ хөлсүүдийг тухайн бүрт нь С.Д нь Рэд пад ХХК-д өргөдөл бичээд Худалдаа хөгжлийн банкны 410021810 тоот дансаар 63 200 ам.долларыг авчихдаг. Хуульд зааснаар Г.О-ны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс олсон үр шимийг С.Д буцааж төлөх үүрэгтэй. Өмчлөгч өөрийнхөө эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй учраас ийм нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нархан хотхоны байрыг 50 000 ам.доллараар худалдан авсан нь бичгэн нотлох баримтаар нотлогддог. Талууд хэлцэл хийсэн үү гэвэл хэлцэл хийсэн. Г.О нь өөрөө хэлцлээр хүлээсэн үүргээ одоо болтол биелүүлээгүй байгаа. Төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн байдаг. Гэтэл одоо миний өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон орлогыг би авах ёстой гээд нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. С.Д нь өөрийн өмчлөлийн орон сууцын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авч чадахгүй байсан учраас Г.О-д хандсан байдаг. Тэгэхэд банкны барьцаанаас чөлөөлөгдөхөөр нь гэрчилгээг нь гаргаад өгчихнө гэж хэлдэг. Тэгээд аргагүй эрхэнд ядаж түрээслүүлье гээд Г.О-аас итгэмжлэл хийж өгсөн байдаг. н.Байгалмаагаас 8 500 доллар, мөн 5 000 000 төгрөгийг Г.О нь С.Д-гээс нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. С.Д нь иргэн н.Байгалмаагаас дээрх мөнгийг тухайн үед зээлж аваад буцаан аваад бүрэн төлсөн байдаг. Энэ баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тэгэхээр н.Байгалмаад ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Мөн Г.О-д тийм хэмжээний төлбөр тооцоог төлөх үүрэг С.Д-д үүсэхгүй. Ам.доллар төлсөн төлөөгүй гэх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2б-д дурдсан Рэд пад ХХК-д орон сууцаа түрээслүүлсэн 13 200 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Рэд пад ХХК-д С.Д нь нэг жилийн хугацаагаар түрээслүүлээгүй. 2008 оны 6 дугаар сараас эхлэн сарын 1 100 ам.доллараар буюу 4 сар л түрээслүүлсэн байдаг. Өөрийнхөө худалдаад авчихсан орон сууцаа бусдад түрээслүүлээд олсон орлогыг өөрөө ашиглах эрхтэй, уг эрхийг Г.О өөрөө өгсөн. Тэр үедээ итгэмжлэл олгоогүй бол түрээслүүлэх боломжгүй. Утгагүй асуудлыг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. н.Лхагваа гэгчийг С.Д нь огт танихгүй бөгөөд зуучлуулж байгаагүй гэж надад мэдэгдсэн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогддог. Г.О-аас 1 000 долларыг огт зээлж аваагүй учраас төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр С.Д-ийн гарын үсэг биш гэж нотлогдсон байгаа. Г.О нь С.Д-ийн нөхөр н.Мөнхбаатар үеэл эгч нь тул итгэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа: С.Д-д холбогдуулж 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Г.О нэхэмжлэл гаргасан. С.Д Хас банкинд төлөх төлбөрийн үүргээ зогсоосны улмаас Хас банк нь Г.О-ны үндсэн зээлэндээ төлсөн төлбөрийг С.Д-ийн хүүнд нь тооцож суутгаж эхэлсэн. Төлбөрөө яаралтай төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлдэг. С.Д биелүүлэхгүй байсан тул шат дараалсан арга хэмжээ аваад 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хас банк ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан “БМ” ХХК-ийн захирал Г.О, зээлдэгч С.Д нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 104 619 094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 19-ны өдөр болоод ажиллагаа дууссан. Үүнээс өмнө Г.О нь “БМ” ХХК-ийн олон жилийн турш удирдсан, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, банкуудад найдвартай харилцагч, нэр хүндтэй компани байсан. С.Д нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс шалтгаалаад “БМ” ХХК нь Монгол банкинд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдсэн. Цаашдаа ямар ч арилжааны банкнаас зээл авах эрхгүй болж хязгаарлалттай болдог. С.Д нь бага хүүтэй зээл авах боломжгүй, эрхэлсэн бизнесгүй, бизнесийн туршлагагүй байсан атлаа Г.О-ны нэр хүндийг ашиглаад зах зээлийн өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй болсон атлаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлээд гутаан доромжлоод, сонин хэвлэлд бичээд Г.О-ны нэр хүндийг гутаасан. С.Д гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол Г.О аль ч арилжааны банкнаас 1.3 хувиас хэтрэхгүй зээл авч бизнесээ эрхлэх боломжтой байтал найдваргүй болсны улмаас хувь хүн болон банк бус санхүүгийн байгууллагаас 27 удаагийн зээлийн гэрээгээр 2-5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 172 128 680 төгрөгийн хүү төлөөд үндсэндээ 100 000 000 төгрөгийн хүүг боломжит байдлаасаа илүүг төлсөн. С.Д-ийн хийсэн үйлдлээс болж Г.О нэр хүндээ алдсан гэж үзэж байгаа. Ийм учраас С.Д-д 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Өдрийн шуудан сонины редакцын булангаар энэ хэрэгтэй холбоотой бүх баримтуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар мэдэгдсэн гэсэн гарчиг бүхий нийтлэлийг нийтлүүлж, олон нийтийн хэвлэлд тараасан. Мөн цагдаагийн байгууллагаар шалгуулаад сэтгэл санааны хохирол учруулсан, эд материалын хохирол учруулсан үйлдэлд нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Хас банктай байгуулсан гэрээний үүргийг зөрчсөнөөс 1.3 хувиас хэтрэхгүй авч байсан зээлийг эргэн төлөх боломжгүй болсноос 27 удаагийн зээлийн гэрээгээр 2-5 хувийн хүүтэй зээлж, хүүний зөрүү болох 100 000 000 төгрөгийг С.Д-гээс гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Мөн Г.О-тай хамтарч ажиллаж байхдаа өөрийнхөө ажиллуулж байсан Арслан супермаркетаас авсан барааны үнэ байдаг. Энэ барааны үнэ нь 4 248 336 төгрөгийн кассын зарлагын талоноор нотлогддог. Иймд уг мөнгийг С.Д-гээс гаргуулах, нийтдээ 154 428 336 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгтгэсэн хэргийн талаар хариу тайлбартаа: Нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бизнесийн нэр хүндийг унагаасан гэх зүйл бол С.Д-ийн хувьд байхгүй. Учир нь сонины нийтлэлээр эрх ашиг минь хохирсон, үүнийг хуулийн байгууллагаар шийдүүлэх гэж байна гэдэг л бодитой мэдээлэл байгаа болохоос биш “БМ” ХХК болон Г.О нарын бизнесийн нэр төрийг ноцтойгоор хохироосон зүйл байхгүй. С.Д-ийн нэхэмжлэлийн хэрэгтэй холбоотой л маргаан явж байгаа асуудал. Хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх гээд явж байна л Зээлийн гэрээний хүүний асуудал нь хамааралгүй, “БМ” ХХК, Г.О нар л Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бусдад учирсан хохирил юм. Өөр өөрсдөө авсан зээлээ төлж чадахгүйгээс болж дампуураад байгаа асуудалд нь С.Д буруугүй, харин ч хөрөнгөө алдаад хохирсон. Компанийнх нь үйл ажиллагааг С.Д доголдуулсан зүйл байхгүй. Тэгэхээр бусдаас авсан зээлийн хүүгийн асуудал бол хамаарал байхгүй. Дэлгүүрээс авсан барааны зүйлийн талаар би үйлчлүүлэгчээсээ асуусан, тухайн үед хамаг зүйлээ алдчихсан, бараа материал, хүнс зээл авч байсан. Гэхдээ кассын баримт С.Д-д өгдөггүй. Буцаан төлөхөд чинь тэмдэглэчихнэ гээд өгдөггүй байсан гэсэн. Манай үйлчлүүлэгч хэлэхдээ “би 3 сая гаруй төгрөгийн л бараа авч байсан, гэхдээ бүгдийг нь буцаагаад кассын баримт нь дээр гарын үсэг зураад өгчихсөн” гэж хэлсэн. Төлөгдсөн учраас дахин дахин нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа. Хариуцагч талаас гаргаж өгсөн талон гэсэн баримт дээрх ногоон өнгийн зүйлээр гарын үсэг нь С.Д-ийн гарын үсэг биш жишээний, илт зөрүүтэй хуурамч гарын үсэгтэй баримт хүртэл байдаг. Иймд төлөх үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 105.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Д-г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Д-ийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага таун хаусны үнэ 394 791 096 төгрөг, Хас банкинд төлсөн 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар Г.Оы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар С.Д-гээс 3 618 542 төгрөг гаргуулан Г.О-д олгож, Г.О-ны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150 809 794 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “БМ” ХХК болон Г.О нарт холбогдуулан гаргасан 3, 4 дэх шаардлага буюу үүргээ биелүүлээгүйн улмаас учруулсан хохирол 144 680 030 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас тус тус татгалзсан нэхэмжлэгч С.Д-ийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 913 921 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 273 600 төгрөг, Г.О-ны нэхэмжлэл гаргахдаа төлсөн 931 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Д-гээс 72 847 төгрөг гаргуулж хариуцагч Г.О-д, хариуцагч Г.О-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Д-г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь зөв шийдвэр болсон. Гэтэл энэхүү 1 дэх заалтдаа Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас таун хаусны үнэ 394 791 096 төгрөг, Хас банкинд төлсөн 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эдгээр заалтуудыг үндэслэн харин ч С.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдсоор байтал хариуцагчийн хууль бус эрх ашгийг хамгаалсан үндэслэлгүй шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Д-ийн хууль ёсны эрх хэрхэн зөрчигдсөн болох нь бүрэн нотлогдсоор байтал үндэслэх хэсэгтээ “дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч С.Д нь гомдол гаргаагүй, мөн удаа дараагийн төлөлтөөр Хас банкинд нийт 15 042.67 ам.доллар болон 1 290.000 төгрөгийг төлсөн байх тул таун хаусны үнэ 394 791 096 төгрөг болон Хас банкны зээлийн хүүд төлсөн 15 042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөг зэргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв” гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч С.Д нь Хас банкны зээлийн гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, гэрээн дээр гарын үсэг зураагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон байхад түүнийг өмчөөр нь хохироож үлдээгээд байгаад гомдолтой байна. “БМ” ХХК-ийн захирал Г.О нь Хас банктай зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээнд ганцаараа гарын үсэг зурж, гэрээний үүрэг хүлээсэн, уг зээлээ төлөөгүйн улмаас иргэн С.Д-ийн 3 давхар таун хаусаар банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үүнээс болж нэхэмжлэгч өөрийн өмчөөрөө хохирсон нь нотлогдохоор байгаа. Нэхэмжлэгч С.Д нь нөхрийнхөө үеэл эгчийн үгэнд итгэж, олон жил өмч хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирчихсон нь нотлогдож байхад эсрэгээр нь түүнийг хохироосон дутуу, үндэслэлгүй буруу шийдвэрийг шүүх дахин гаргасан. Уг өмчийн маргаан 2010 оноос хойш хуулийн байгууллагаар дамжин явсаар ирсэн боловч одоог хүртэл бүрэн шийдвэрлэгдэхгүй хариуцагч талын хууль бус эрх ашгийг хамгаалсан тогтоол, магадлал, шийдвэр гарсаар ирсэн. 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 335 дугаар цагаатгах тогтоол, 2012 оны 3 дугаар сарын 27-ны 249 дугаар магадлал, 2012 оны 6 дугаар сарын 20-ны 400 дугаар тогтоол нь зөвхөн Г.О Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн эсэх уг үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг мөн эсэхийг л шалгаж шийдвэрлэсэн шийдвэр болохоос биш С.Д-г хохироосон, үгүйг шийдвэрлэсэн Иргэний шүүхийн шийдвэр биш. Хэрэгт С.Д нь Г.О-аас 46 886 ам.долларыг аваагүй болох нь Эрүүгийн хэрэгт авагдсан гэрч н.Ганхуягийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Хариуцагч “БМ“ ХХК-ийн захирал Г.О нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын хөрөнгөөр банкны барьцааг хангуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад шүүх ямар ч хариуцлага хүлээлгэхгүй, хуулийг зөв хэрэглэхгүй, олон жил хэргийг зориуд дутуу шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Түүнчлэн дээрх эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн цагаатгах тогтоол, магадлал, тогтоол дээр “Г.О болон С.Д нарын хооронд гэрээний үүргийн зөрчлөөс иргэний эрх зүйн маргаан үүссэн” гэж дүгнэж залилангийн хэргийг нь цагаатгасан. Гэрээний үүргийн маргаан байна гэж шүүх дүгнэсээр байтал Иргэний хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, авцалдаагүй нотолгоогүй хийсвэр дүгнэлт хийж маргааныг хууль бусаар үндэслэлгүйгээр буруу, дутуу шийдвэрлэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байрлалтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж харилцан авсан өгсөн зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үндэслэлээ “талуудын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч орон сууцыг ашиглалтад орсон цагаас нь хойш эзэмшиж, ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэг адил шаардах эрхтэй болно. Орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн учир Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ“ гэж зааснаар С.Д-д өмчлөх эрх шилжинэ. Иймд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “хууль гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна. 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй“ гэж зааснаар хариуцагч Г.Од холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21А байрны 75 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Д-ийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Нэгэнт үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг С.Д-ийн нэр дээр олгохыг эрх бүхий байгууллагад даалгах шаардлагыг шүүх хангасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч С.Д нь Г.О-ны нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, маргаан бүхий орон сууцанд ашиглалтанд орсон цагаас нь өдий хүртэл амьдарч эзэмшиж, хариуцагч Г.О-ны өгсөн итгэмжлэлийн үндсэн дээр бусдад түрээслүүлж, хөлслүүлж үр шимийг нь хүртэж байсан нь зохигчдын тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон, хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно” гэж дүгнэж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь бүрэн бодитойгоор хянан үзэж үнэлээгүй нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гомдол гаргаж буй хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болжээ. С.Д-ийн хувьд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт шударга эзэмшигч биш болно. С.Д нь мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээд байхын тулд орон сууцыг эзэмших эрхтэй болохыг нотлох баримттай байх ёстой буюу тодруулбал, уг орон сууцыг Г.О-наас худалдан авахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан “худалдах худалдан гэрээ”-г хуулийн шаардлага хангасан байдлаар хариуцагчтай байгуулсан байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцэл, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан хэлбэрээр хийснээр хүчин төгөлдөр болно. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцлийг мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан “ үл хөдлөх эд хөрөнгийг хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх үндэслэлийг тодорхой зааж нотариатчаар гэрчлүүлэх” үйлдлийг тухайн хэлцэл хүчин төгөлдөр болж С.Д-ийн өмчлөх эрх баталгаажихаар хуульд заасан байна. Анхан шатны шүүх талуудын хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанчлан “хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авснаар хүчин төгөлдөр болно“ гэсэн заалтад нийцсэн гэж дүгнэсэн байх боловч мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн” гэж дүгнэснээр зөвхөн хүсэл зоригийн илэрхийлэл гол үндэслэл болох бус хуульд заасны дагуу худалдах, худалдан авах хэлцлийг талууд байгуулсан нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хэлцэл хүчин төгөлдөр болох байсан тухайд дүгнэлт хийгээгүй нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэл болсон гэж үзэж байна. Нөгөө талаар анхан шатны шүүх мөн хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн тул Иргэний 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар С. Д-д өмчлөх эрх шилжинэ” гэж дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт “худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн галаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан байна. Г.О, С.Д хоёрыг хэлцэл хийсэн гэх үед маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Г.О биш, Г.О-ны өмчлөх эрхийн гэрчилгээ түүний өмчлөлд бүртгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, уг орон сууц нь “Жигүүр Гранд” ХХК-ийн хөрөнгөөр баригдаж, улсын комисс хүлээн аваагүй байсан тул анхан шатны шүүхийн дүгнэснээр эрхийн зөрчилгүй хөрөнгө байсан. Энэ утгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй юм. Тэгээд ч талуудын хооронд хийгдсэн гэх тохиролцоонд “орон сууцны үнийг төлснөөр тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж хийсэн ямар нэгэн тохиролцоо байхгүй. Анх 2006 оны 6 дугаар сард С.Д нь Г.О-аас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21А-75 тоот 3 өрөө орон сууцыг 50 000 ам.доллараар худалдан авахаар амаар тохиролцсон, тохиролцоо хийсэн даруйдаа 50 000 ам долларыг төлөөгүй 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 8 450 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. С.Д нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд анх уг орон сууцанд орж амьдарсан 2006 оны 7 дугаар сараас хойш шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 6 жил 7 сар болж байх бөгөөд энэ хугацаа нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх ээлжид олж авах давуу эрхтэй байна” гэх хуулийн зохицуулалттай болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байрлалтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж харилцан авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг болон С.Д-ийн хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Г.О-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхоны 21А байрны 75 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг Ашидтүвшин финанс ББСБ-ын барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.Д-ийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах, хариуцагч БМ ХХК болон Г.О нарт холбогдуулан таун хаусны үнэд 394 791 096 төгрөг, Хас банкны зээлийн төлбөрт төлсөн 15 042,67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, дээрх 75 тоот 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоот орон сууцыг хөлсөлж олсон ашиг 26 148 ам.долларыг Г.О-ны С.Д-д төлөх 50 000 ам.доллараас хасаж тооцуулах, уг орон сууцыг С.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
С.Д нь Г.О-аас маргаж буй 86,6 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар амаар тохиролцсоны дагуу 50 000 ам.долларыг төлсөн нь төлбөр тооцоо дууссаныг тэмдэглэсэн тооцоо нийлсэн баримт, /хх1-43/, байрны төлбөрт авсан 50 000 ам.долларыг эргүүлэн төлөхөө илэрхийлж хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар /хх1-42хуу/, мөн сөрөг нэхэмжлэлээр буцаан өгөх төлбөрийг 50 000 ам.доллар гэж тодорхойлсон зэргээр тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх бөгөөд эд хөрөнгийн үнийг төлсөн худалдан авагч нь гэрээний зүйлийг хуульд зааснаар шилжүүлэн өгөхийг худалдагч талаас шаардах эрхтэй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг холбогдох баримт бичгийнх нь хамт худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.
Худалдагч тал буюу хариуцагч Г.О нь эрхийн зөрчилтэй орон сууцыг худалдсан болохоо хүлээн зөвшөөрч өөрийн зээлийн үүргийг дуусмагц барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг С.Д-д шилжүүлэн бүртгүүлэх агуулга бүхий тодорхойлолтыг 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гаргаж байсан нь хэрэгт баримтаар авагджээ. Иймээс өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжин бүртгэгдээгүй нь хариуцагчаас шалтгаалсан байх бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн нэхэмжлэгч буруугүй, эрхийг шилжүүлэн бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх талаар заасан Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Шүүх нэхэмжлэгч С.Д-ийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
С.Д нь Г.О-д үнийг төлснөөр маргаан бүхий орон сууцыг биет байдлаар шилжүүлэн авч, эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэх үүргээ биелүүлэхийг худалдагч талаас шаардах эрхтэй тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагч Г.О-д даалгах нь зүйтэй.
Харин шүүх уг шаардлагыг хангахдаа хэргийн хариуцагч биш дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхийг даалгасныг зөвтгөх шаардлагатай, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Г.О-д орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардагдахад бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгасан агуулга бүхий өөрчлөлтийг оруулна.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуульд зааснаар хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй, шүүх хариуцагч Г.О-ны 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, С.Д-г орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.
Нэхэмжлэгч С.Д нь БМ ХХК болон Г.О нарын банкны өмнө хүлээсэн зээлийн үүргээ биелүүлээгүйн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон гэж тэдэнд холбогдуулан таун хаусны үнэд 394 791 096 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Д-ийн Д.Ганхуягтай байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Барилгад хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай” гэрээний үндсэн дээр өмчлөх эрхдээ олж авсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, 17041 дугаар бүхий ХД 52 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 3 давхар таун хаусыг БМ ХХК нь Хас банктай байгуулсан 100 000 ам.долларын зээлийн барьцаанд барьцаалсан, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1613 дугаар шийдвэрээр БМ ХХК-иас гаргуулж, Хас банканд олгохоор тогтоосон 151 302 645,56 төгрөгийн төлбөрийг барьцааны хөрөнгө болох 192 м.кв таун хаусыг худалдан борлуулж хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, таун хаусны өмчлөх эрх худалдан авагч Л.Насанцэнгэлд шилжиж, С.Д-ийн эзэмшлээс чөлөөлсөн, худалдан борлуулсан 236 000 000 төгрөгөөс БМ ХХК-ийн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийг төлж барагдуулсан, төлбөр авагчийн төлбөр, бусад зардлыг барагдуулсны эцэст үлдсэн 61 869 204 төгрөгийг С.Д хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.
Хас банк ХХК нь зээлийн төлбөр шаардахдаа БМ ХХК, С.Д нарыг хариуцагчаар тодорхойлсон боловч С.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, төлбөрийг БМ ХХК-д хариуцуулан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1613 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иймээс БМ ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгч Хас банк С.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох таун хаусаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул өмчлөгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй.
Харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил ХХК таун хаусыг 239 000 000 төгрөгөөр үнэлсэн, өмчлөгч С.Д нь үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээн авсан, гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн хүсэлтээр хуульд заасан журмын дагуу хийсэн үнэлгээ болох дээрх үнэлгээнээс хүлээн авсан 61 869 204 төгрөгийг хасч 177 130796 төгрөгийг хариуцагч БМ ХХК-аас гаргуулж С.Д-д олгох үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр Итгэлт эстимейт ХХК-ийн тогтоосон гэх 456 660 300 төгрөгөөс 61 869 204 төгрөгийг хасч 394 791 096 төгрөгийг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
Харин Хас банканд 15 042 доллар болон 1 290 000 төгрөгийг тухайн үедээ хариуцагч Г.О-тай харилцан тооцоотой байснаа зөвшөөрч төлснөө уг асуудлыг эрүүгийн журмаар шалгах явцад талууд тайлбарласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 335 дугаар цагаатгах тогтоолд тусгагджээ.
Иймд уг төлбөрийн хэмжээгээр хариуцагч Г.О-ныг нэхэмжлэгч С.Д-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.
Мөн хариуцагчийн нэхэмжлэгч С.Д-гээс 86,6 м.кв талбайт 75 тоот 3 өрөө орон сууцыг хөлсөлж олсон ашгийг 50 000 ам.доллараас хасуулж тооцуулах сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч С.Д нь 75 тоот 3 өрөө орон сууцыг үнийг төлсний үндсэн дээр Г.О-ны шилжүүлэн өгснөөр эзэмшиж байсан бөгөөд Г.О өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэл түүнд хэвээр байсны улмаас С.Д орон сууцыг бусдад ашиглуулахдаа Г.О-аас итгэмжлэл авах шаардлагатай болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, Г.О-аас 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр С.Д-д олгосон итгэмжлэлд орон сууцыг бусдад түрээслүүлэх, хөлсийг авах бүрэн эрхийг олгосон, /хх1-57/ Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааса бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Г.О-ны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс олсон үр шимийг буцаан төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр гаргасан 26 148 ам. долларыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.
Шүүх Г.О-ны С.Д-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасны улмаас учирсан хохиролд 50 000 000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөг, барааны үнэ 4 428 336 төгрөг, нийт 154 428 336 төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэн шийдвэрлэхдээ нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх болон хүү төлж хохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн 150 000 000 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөн С.Д, Г.О нар хамтран ажиллаж байх үедээ худалдах, худалдан авах гэрээг үнийг дараа тооцоогоор барагдуулахаар хийж байсан гэж 4 428 336 төгрөг шаардсаныг баримтаар нотлогдсон хэмжээнд буюу 3 618 542 төгрөгөөр хангасан нь зөв байна.
Харин нэхэмжлэгч С.Д нь БМ ХХК болон Г.О-д холбогдуулан гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас учруулсан хохирол 144 680 030 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзэх тул татгалзлыг батлах шаардлагагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүлйин 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталсныг шийдвэрийн тогтоох хэсгээс хассан өөрчлөлтийг оруулав.
Нэхэмжлэгчийн хохиролд 394 791 096 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх 177 130 796 төгрөгөөр хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуульд зааснаар хуваарилж хариуцуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Д-г тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Д-ийн нэр дээр олгоход шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Г.О-д даалгаж, 192 м.кв талбайтай таун хаусны үнэ 177 130 796 төгрөгийг Г.О-аас гаргуулж, С.Д-д олгон, нэхэмжлэлийн үлдэх 217 660 300 төгрөгийг болон Хас банкинд төлсөн 15 042,67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үүрэгтэй болохыг тогтоолгох”” гэсний дараа “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хасч, тогтоох хэсгийн дугаарын “5” гэснийг “4”, “6” гэснийг “5” гэж, 4 дэх заалтын “Г.О-аас 70 200 төгрөг гаргуулж” гэснийг “Г.О-аас 1 113 804 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ