Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 01454

 

 “ГД” ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01889 дүгээр шийдвэртэй “ГД” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 183 556 706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГД ХХК нь уул уурхайн чиглэлээр өрөмдлөгийн болон гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Компани 2008 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан боловч 2009 оноос уул уурхайн нөхцөл байдал хүндэрсний улмаас найдваргүй өглөг, авлагын тоо ихсэж, өөрийн үндсэн хөрөнгийн 10 доошгүй хувийн өрийг барагдуулах боломжгүй болсон. Үүнээс болж төлбөрийн чадваргүйд тооцуулахаар хүсэлт гаргасан. Тус компани Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 106 875 765 төгрөгийн, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 5 878 548 төгрөгийн нийт 112 764 453 төгрөгийн төлбөрөө төлж чадахгүй болсон. Харин Баянгол дүүргийн татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийн авлагатай байгаа. Тухайн компанийн үүсгэн байгуулагч дахин хөрөнгөжүүлэх нөхцөл байдлыг судалсан боловч хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэсэн. Иймд ГД ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татвар төлөгчийн 5233895 дугаартай ГД ХХК нь 2008 оноос тухайн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн төлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны байдлаар 183 560 706 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн хэлсэн үнийн дүн дээр 76 674 840 төгрөг нь Нийслэлийн маргаан таслах зөвлөл дээр шийдвэрлэгдээгүй байгаа. Тухайн аж ахуй нэгж дампуурсан тохиолдолд энэ өр төлбөр үлдэх магадлалтай тул гаргуулж өгнө үү. Татвар төлөгч нь Татварын тухай хуулийн 18.1.1, 43.5 дахь хэсэгт зааснаар татвар төлөх, татварын өр төлбөрийг хугацаандаа төлөх, үүргээ биелүүлээгүй гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж, шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан. ГД ХХК нь улсын бүртгэлийн 9011153109 дугаартай 5233395 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 29-318 тоотод байрлаж ажиллахаар 2008 оны 06 сарын 05-ны өдөр нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа, өрмийн үйл ажиллагаа эрхлэхээр 1 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгуулагдсан. 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр компанийн дүрмийг өөрчилж, шинэчлэн найруулж улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн захирлаар Б.Болдмөрийг бүртгүүлсэн. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Болдмөр, хувьцаа эзэмшигч нь Грейтпарагон групп ХХК юм. Грейтпарагон групп ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигч нар нь Б.Болдмөр, Б.Тодмөр нар байдаг. Хаан банкинд төгрөгийн болон валютын 2 данстай, Худалдаа хөгжлийн банкинд төгрөгийн болон доллар, еврогийн нийтдээ 3 харилцах данстай гэж бүртгэгдсэн байна. Хариуцагчийн санхүү, үйл ажиллагаан хийсэн дүгнэлтийг 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайлангийн үндсэн дээр хийсэн байгаа. Тус компанийн төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргасан. Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан ГД ХХК төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013-2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим зүйлийг тодруулахад 2013 оны санхүүгийн тайланд мөнгө 815 914.43 төгрөг байх ба 597 237 820.31 төгрөгийн өр тайлагнасан байна. Үндсэн хөрөнгөд 298 496 046.59 төгрөг, авлагад 465 655 977.38 төгрөгийг тус тус тайлагнасан байна. 2015 оны санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгө 951 600.00 төгрөг, авлага 576 690 900.00 төгрөг, үндсэн хөрөнгө 258 944 400.00 төгрөг, өр төлбөрийн дүн нь 490 391 200.00 төгрөг болсон байна. 2016, 2017, 2018 онуудад үйл ажиллагаа явуулаагүй байх тул санхүүгийн тайланд өөрчлөлт оруулаагүй байна. Борлуулалтын орлогоос нь харахад 2015 онд үйл ажиллагаа нь зогссон байх нь харагдаж байх ба 2014 онд зардал буурсан байгаа нь ашигтай ажилласан мэт харагдаж байна. Үндсэн хөрөнгөд бүртгэсэн 258,944,400.00 төгрөг нь Канад улсад үйлдвэрлэсэн Longyear 44 маркийн хайгуулын өрмийн тоног төхөөрөмжийн блансдаа бүртгэж авсан өртөг байна. Гэвч бодит байдал дээр шалгаж үзэхэд техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан цаашид ашиглаж, борлуулах боломжгүй, үнэ цэнэгүй, төмрийн хаягдал болсон байна. 2013-2018 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн 566 996 000.00 төгрөгийг холбоотой талаас авах авлагад бүртгэжээ. Уг авлага нь ГД ХХК нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Грейтпарагон групп ХХК, Пикюрис ХХК-ийн өрөмдлөгийн ажлын гэрээний авлагаар бүртгэсэн өөрөө өөрөөсөө авах авлага гэж үзэхээр байна. Энэхүү санхүүгийн тайлангуудаас харахад компанийн өр төлбөр 546 559 600.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн 188,04%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү ГД ХХК нь 2013 онд төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 04686 дугаар шүүгчийн захирамжаар ГД ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь тус компани буруу төлөвлөгөө гаргасан. Нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болж ийнхүү нягтлан бодох бүртгэлийн алдаа болон уул уурхайн үйл ажиллагаа дотоодын зах зээлд илт буурсан зэрэг шалтгаануудаас болж санхүүгийн эрсдэлд орох үндсэн шалтгаан болсон гэж тайлбарласан байдаг. Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгчийн зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ. ГД ХХК нь гадаад худалдаа, гэрээгээр өрөмдлөг хийх үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч Грейтпарагон групп ХХК, Пикюрис ХХК зэрэг өөрийн хамаарал бүхий этгээдийн захиалгаар өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн төлбөрийг хамаарал бүхий этгээдээс авахгүй, авлагад бүртгэж, хувьцаа эзэмшигчдээс хэт хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна. НӨАТ-ын тухай хуулийн 14, Татварын ерөнхий хуулийн 18.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийг тус тус зөрчиж ажил үйлчилгээндээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, НӨАТ-ын падаан хий бичилт хийлгэн татвар ногдох орлого оруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийн хувьд ГД ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй. Татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна. Тус хэрэгт томилогдон ажиллахдаа Грейтпарагон дриллинг ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор шүүхэд хүсэлт гаргасан тус шүүхийн шүүгчийн захирамжаар холбогдох 14 төрийн байгууллага, 12 арилжааны банкуудаас шаардлагатай лавлагааг гаргуулсан. Мөн ГД ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоотоор шаардлага хүргүүлж 2013-2015 оны санхүүгийн тайлан, гэрээ хэлцэл, холбогдох материалыг гаргуулсан. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар хуульд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор хүсэлт гаргаж, шүүгчийн 05383 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар ГД ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараах мэдээллүүдийг гаргасан. Үүнд автотээрийн үндэсний төвийн 2019 оны 06 сарын 07-ны өдрийн 175 тоот лавлагаагаар 2261 УЭН 1994 онд үйлдвэрлэгдсэн Урал 4302 маркын бор өнгөтэй ачааны автомашин, 7188 5298 ОЧ улсын дугаартай маз чиргүүл, 9127 АЧ 1975 онд үйлдвэрлэгдсэн чиргүүл. 5020817920 дугаартай дансны үлдэгдэл 165.9 ам.доллар. Шүүхэд ирсэн нэхэмжлэл нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2019 оны  5 дугаар сарын 08-ны өдрийн 01/1072 тоот нэхэмжлэлээр 183 550 600 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэл гаргаж оролцоогүй. Дампуурлын шинжилгээ хийсэн. Өөрөөр хэлбэл, санхүү эдийн засгийн тооцоонд ашиглагддаг 5 загвараар шинжилгээ хийхэд дампуурах магадлал маш их байна гэж дүгнэсэн. ГД ХХК нь дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцож, татан буулгах талаар санал хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт, хавтаст хэрэгт бусад байгууллагуудаас ирүүлсэн баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ГД ХХК нь 2014 оноос төлбөрийн төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “ГД” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон тул татан буулгах саналыг оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй бол, шүүх батлаагүй бол, төлөвлөгөө биелүүлэх боломжгүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгасан бол дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэжээ.

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар ГД ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг баримтлан ГД ХХК-иас 106 875 865 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд хянагдаж байгаа 76 сая төгрөгийн татварын өрийг оруулан тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ” гэсэн нь улсын төсвийг бүрдүүлдэг татварын өр төлбөрөө төлөөгүй татвар төлөгчийн өр төлбөрийг захиргааны журмаар шийдвэрлэж дуусаагүй байхад гаргасан дүгнэлт болсон. Хэрэг гүйцэтгэгч хариуцагч буюу тус компанийн захирал Б.Болдмөрөөс энэхүү хяналт шалгалтын актын өр төлбөрийг тодруулаад зөвшөөрөхгүй бол нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх талаар хэлэхэд “мэдэж байгаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн” гэсэн нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан. Тус татвар төлөгчид хамаарах дээрх өр төлбөр буюу 76 674 840 төгрөгийг нотлох хяналт шалгалтын акт нь хэрэгт авагдсан. ГД ХХК-ийн толгой компани, үүсгэн байгуулагч нь Грейтпарагон групп ХХК бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Мөн Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч хариуцах” гэж дүгнэсэн нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна. 55.1.3-т “татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль” гэж заасныг тус тус зөрчсөн, аж ахуйн нэгж байгуулж орлого олоод ашиггүй ажиллахаар нь дампууруулах хүсэлт гаргасан хариуцагчийн буруутай үйлдлийг дүгнэхгүйгээр төрийн байгууллагаас хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Төрийн байгууллагын төсөвт дампуурч буй татвар төлөгчийн хэрэгт ажилласан хэрэг гүйцэтгэгчийн зардлын талаар тусгагддаггүй. Иймд хариуцагчийн татварын өр төлбөрийн үлдэгдлийг дахин нэхэмжлэх, нэг мөр шийдвэрлүүлэх боломжоор ханган шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

“ГД” ХХК нь дампуурсанд тооцож, төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, татан буулгуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ санхүүгийн эрсдэлд орж, найдваргүй өглөг авлага ихтэй болсон гэж тайлбарлажээ.

  Шүүх 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж /1хх31/, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4686 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, түр хэрэг гүйцэтгэгч томилжээ. /1хх32/

   Хэрэг гүйцэтгэгч “ГД” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хэдэн төгрөгийн өр төлбөртэй талаар дүгнээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь тус компанийг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 183 560 706 төгрөгийн өртэй, үүний 76 674 840 төгрөгийн өрийн асуудлаар татварын маргаан таслах зөвлөл дээр маргаантай байгаа талаар тайлбарлан 183 500 706 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Дээрх 76 764 840 төгрөгийн маргаан шийдвэрлэгдээгүй байгаа талаар зохигчид тайлбарлаж байна. Иймд  уг өр төлбөрийн талаар талууд маргаагүй гэх үндэслэлээр шүүх нийт 106 875 865 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэхгүй.

   Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 112-124 дүгээр талд нэхэмжлэгч татварын хэлтэсийн шүүхэд гаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул уг баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 Анхан шатны шүүх дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгчид хариуцуулан шийдвэрлэсэн боловч хэдэн төгрөгийн зардлыг гаргуулах нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

 Иймд хүсэлт гаргагч хэдэн төгрөгийн татварын өртэй байсан талаар хэрэг гүйцэтгэгч дүгнээгүй, хэрэгт авагдсан баримт бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэг гүйцэтгэгчид төлөх үйл ажиллагааны зардал тодорхойгүй байх тул уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                           ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ

                                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ