Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/00553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  Гп Д ХХК

 

Нэхэмжлэгч: С Т Х

 

Дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д, Б.Д

хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.М

хэрэг гүйцэтгэгч А.Э

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Хүсэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гпрагон Д ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан. Гадаад худалдаа, өрөмдлөг хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компани өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах ажлыг голлон эрхэлсэн боловч уул уурхайн үйл ажиллагаа дотоод зах зээлд эрэлт буурсан, бидний харилцагч үйлчлүүлэгчдийн тоо цөөрч компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн эрсдэлд орох үндсэн шалтгаан болсон. Мөн бизнесийн буруу төлөвлөгөө гаргасан, нягтлангийн буруутай үйл ажиллагаанаас болж санхүү, нягтлан бодох бүртгэлийн алдаанаас болж санхүүгийн эрсдэлд орж компанийн үйл ажиллагаа, санхүүгийн хяналт суларч чанар алдсанаас үүдэлтэй хохиролуудаас компани санхүүгийн алдагдалд орж, татвар, нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өртэй болж цаашид үйл ажиллагаа эрхэлсэн санхүү, хүн хүчний дутагдалд орж компани өөрийн хөрөнгийн 10-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж байна. Иймд дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, улмаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт зааснаар татан буулгаж өгнө үү.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргагч Г п Д ХХК дампуурлын хэрэг үүсгэх, татан буулгуулах тухай хүсэлт гаргасан. Г п Д ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан. Гадаад худалдаа, өрөмдлөг хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компани өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах ажлыг голлон эрхэлсэн боловч уул уурхайн үйл ажиллагаа дотоод зах зээлд эрэлт буурсан, бидний харилцагч үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн эрсдэлд орох үндсэн шалтгаан болсон. Мөн бизнесийн буруу төлөвлөгөө гаргасан, нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болж, санхүү, нягтлан бодох бүртгэлийн алдаанаас болж, санхүүгийн эрсдэлд орж, компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн алдагдалд орж, татвар, нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өртэй болж цаашид үйл ажиллагаа эрхлэх санхүү, хүн хүчний дутагдалд орж, компани өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар Г п Д ХХК нь 173 сая, 277 сая, 833 сая, 173,277,833 төгрөг, 4 мөнгөний өртэй, үүнээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 166,633,285 төгрөг 4 мөнгө, Баягол дүүргийн татварын хэлтэст 436,000 төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 5,878,548 төгрөг, нийт 173,277,833 төгрөг,4 мөнгөний өр төлбөртэй байна.

 

Нэхэмжлэгч С Т Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татвар төлөгчийн 5233895 дугаартай Г п Д ХХК нь 2008 онд байгуулагдсан бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компанийн өр төлбөр нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 183,550,706 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 2,772,462 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн өр 38,717,781 төгрөг цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын өр 17,782,863 төгрөг, 2015 оны 250021318 дугаартай татварын улсын байцаагчийн актаар 14,888,587 төгрөг, 2016 оны 250011077 дугаартай татварын улсын байцаагчийн актаар 32,714,172 төгрөгийн өр төлбөртэй байна. Мөн 2016 оны 250021376 дугаартай татварын улсын байцаагчийн актаар 119,574,840 төгрөгийн нөхөн татвар ногдуулснаас 42,900,000 төгрөгийн төлж маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан шийдвэрлэгдээгүй байна. Иймд Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу тус компаниар 183,550,706 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татвар төлөгчийн 5233895 дугаартай Г п Д ХХК нь 2008 онд байгуулагдаж бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2015 оноос хойшхи татварын өр нь 106,875,864.4 төгрөг, маргаантай байсан актын дагуу 59,787,420 төгрөгийг хүчингүй болгож, 59,787,420 төгрөгийг төлүүлэхээр болсон. Иймд татварын өр нийт 166,663,285.4 төгрөгийг нэхэмжилж байна. Хүсэлт гаргагч Гп Д ХХК нь Дампуурлын тухай хуулийн дагуу хүсэлт гаргасан. Гп Д ХХК нь Гп групп ХХК зэрэг 4-5 компанийн үүсгэн байгуулагч н.Болдмөр, н.Тодмөр гэдэг хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Эдгээр компаниуд улсын бүртгэлд хамаарал бүхий этгээдээр бүртгүүлж, хоорондоо гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж аль нэг компаниар орлогыг авдаг байсан. Эцэст нь өөрсдийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж дампуурлын хэрэг үүсгээд аль өр төлбөр өндөртэй компаниа дампууруулах гэж байна гэж хардаж байна. Улсад төлөх ёстой татвараа төлөхгүй Татварын хуулийг зөрчсөн үйлдэл гаргаж байгаа. Хэргээс харахад 566,996,000 төгрөгийн авлагатай мөртлөө 173 орчим сая төгрөгийн өр төлбөртэй байхад энэ компанийг дампууруулах боломжтой эсэхэд шүүгч дүгнэлтээ хийнэ гэж бодож байна. Татварын тайлангаараа бид ийм хэмжээний орлого олсон, үүнээс татвараа төлнө гэж сайн дураараа тайлагнадаг. Гэтэл тайлагнасан татвараа төлдөггүй, ажилчдынхаа цалингаас татвар төлнө гэж мөнгө суутгаж авсан мөртлөө татварын өрийг төлөхгүй өнөөдрийг хүртэл явсан байна. Ийм хариуцагагүй байдлаас үүдэн дампуурлын хэрэг үүсгэж, компаниа дампууруулах гэж байгаа нь учир дутагдалтай байна. Авлага өндөр, төлбөр багатай, хариуцлагагүйн улмаас өр төлбөр үүсгээд, толгой компани нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ компанийг дампууруулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна

 

Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шаны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 04686 дугаартай захирамжаар дампуурлын хэрэгт хэрэгт гүйцэтгэгчээр томилогдож, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж, шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан болно. Гп Д ХХК нь улсын бүртгэлийн 9011153109 дугаартай 5233395 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 29-318 тоотод байрлаж ажиллахаар 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа, өрмийн үйл ажиллагаа эрхлэхээр 1 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгуулагдсан. 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр компанийн дүрмийг өөрчилж, шинэчлэн найруулж улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн захирлаар Б.Болдмөрийг бүртгүүлсэн. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Болдмөр, хувьцаа эзэмшигч нь Гп групп ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигч нар нь Б.Болдмөр, Б.Тодмөр нар байдаг. Хаан банкинд төгрөгийн болон валютын 2 данстай, Худалдаа хөгжлийн банкинд төгрөгийн болон доллар, еврогийн нийтдээ 3 харилцах данстай гэж бүртгэгдсэн байна. Хариуцагчийн санхүү, үйл ажиллагаан хийсэн дүгнэлтийг 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 оны санхүүгийн тайлангийн үндсэн дээр хийсэн байгаа. Тус компаний төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргасан. Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт Нэгдүгээрт: Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан Гп Д ХХК төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд байна. Хоёрт: Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013-2018 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим зүйлийг тодруулахад 2013 оны санхүүгийн тайланд мөнгө 815,914.43 төгрөг байх ба 597,237,820.31 төгрөгийн өр тайлагнасан байна. Үндсэн хөрөнгөд 298,496,046.59 төгрөг, авлагад 465,655,977.38 төгрөгийг тус тус тайлагнасан байна. 2015 оны санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгө 951,600.00 төгрөг, авлага 576,690,900.00 төгрөг, үндсэн хөрөнгө 258,944,400.00 төгрөг, өр төлбөрийн дүн нь 490,391,200.00 төгрөг болсон байна. 2016, 2017, 2018 онуудад үйл ажиллагаа явуулаагүй байх тул санхүүгийн тайланд өөрчлөлт оруулаагүй байна. Борлуулалтын орлогоос нь харахад 2015 онд үйл ажиллагаа нь зогссон байх нь харагдаж байх ба 2014 онд зардал буурсан байгаа нь ашигтай ажилласан мэт харагдаж байна. Үндсэн хөрөнгөд бүртгэсэн 258,944,400 төгрөг нь Канад улсад үйлдвэрлэсэн Longyear 44 маркийн хайгуулийн өрмийн тоног төхөөрөмжийг блансдаа бүртгэж авсан өртөг байна. Гэвч бодит байдал дээр шалгаж үзэхэд техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан цаашид ашиглаж, борлуулах боломжгүй, үнэ цэнэгүй, төмрийн хаягдал болсон байна. 2013-2018 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн 566,996,000 төгрөгийг Гп Д ХХК нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Гп групп ХХК, Пикюрис ХХК-ийн өрөмдлөгийн ажлын гэрээний авлагаар бүртгэсэн, өөрөө өөрөөсөө авах авлага гэж үзэхээр байна. Энэхүү санхүүгийн тайлангуудаас харахад компанийн өр төлбөр 546,559,600 төгрөг болж өөрийн хөрөнгийн 188,04 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Гуравдугаарт: Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү Г п Д ХХК нь 2013 онд төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дөрөвдүгээрт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/04686 дугаар шүүгчийн захирамжаар Г п Д ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь тус компани буруу төлөвлөгөө гаргасан. Нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болж ийнхүү нягтлан бодох бүртгэлийн алдаа болон уул уурхайн үйл ажиллагаа дотоодын зах зээлд илт буурсан зэрэг шалтгаануудаас болж санхүүгийн эрсдэлд орох үндсэн шалтгаан болсон гэж тайлбарласан байдаг. Тус компанийг төлбөрийн чавдаргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгчийн зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ. Нэгдүгээрт: Гп Д ХХК нь гадаад худалдаа, гэрээгээр өрөмдлөг хийх үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч Гп групп ХХК, Пикюрис ХХК зэрэг өөрийн хамаарал бүхий этгээдийн захиалгаар өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн төлбөрийг хамаарал бүхий этгээдээс авахгүй, авлагад бүртгэж, хувьцаа эзэмшигчдээс хэт хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна. Хоёрдугаарт: НӨАТ-ын тухай хуулийн 14-р зүйл, Татварын ерөнхий хуулийн 18.1-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийг тус тус зөрчиж ажил үйлчилгээндээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, НӨАТ-ын падаан хий бичилт хийлгэн татвар ногдох орлого оруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна. Гуравдугаарт: Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийн хувьд Гп дриллинг ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй. Татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагааны талаарх дүгнэлт: Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа Гп Д ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор шүүхэд хүсэлт гаргасан тус шүүхийн шүүгчийн захирамжаар холбогдох 14 төрийн байгууллага, 12 арилжааны банкуудаас шаардлагатай лавлагааг гаргуулсан. Мөн Гп Д ХХК- нд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоотоор шаардлага хүргүүлэн 2013-2015 оны санхүүгийн тайлан, гэрээ хэлцэл, холбогдох материалыг гаргуулсан. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хувиарлагдах эд хөрөнгө байгаа эсэх, хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор хүсэлт гаргаж, шүүгчийн 05383 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар Гп Д ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараах мэдээллүүдийг гаргасан. Үүнд автотээрийн үндэсний төвийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 175 тоот лавлагаараа 2261 УЭН 1994 онд үйлдвэрлэгдсэн Урал 4302 маркийн бор өнгөтэй ачааны автомашин, 7188, 5298 ОЧ улсын дугаартай маз чиргүүл, 9127 АЧ 1975 онд үйлдвэрлэгдсэн чиргүүл. 5020817920 дугаартай дансны үлдэгдэл 165.9 ам.доллар байна. Шүүхэд ирсэн нэхэмжлэл нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/1072 тоот нэхэмжлэлээр 183,550,600 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэл гаргаж оролцоогүй. Өөрөөр хэлбэл Санхүү эдийн засгийн тооцоонд ашиглагддаг 5 загвараар шинжилгээ хийхэд дампуурах магадлал маш их байна гэж дүгнэсэн. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт, хавтаст хэрэгт бусад байгууллагуудаас ирүүлсэн баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэнд үндэслэн Гп Д ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Гп Д ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон тул татан буулгах саналыг оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй бол, Шүүх батлаагүй бол, төлөвлөгөө биелүүлэх боломжгүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгасан бол дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

1. Хүсэлт гаргагч Гп Д ХХК нь дампуурлын хэрэг үүсгэж дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.

 

Гп Д ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 106,875,865.4 төгрөг, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 5,878,548 нийт 112,754,453.4 төгрөгийн өр төлбөртэй үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлт гаргасан байна.

 

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250021318 тоот актаар Гп Д ХХК-иар 14,888,587.6 төгрөгийн төлбөр, мөн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 250011077 тоот актаар 32,714,172 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байх ба аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2,772,461.7 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 38,717,780.6 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгах албан татварын тайлангаар 17,782,863.5 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнаж нийт 106,875,865.4 төгрөгийн татварын өртэй, нийгмийн даатгалын шимтгэлд 2013 оноос үүссэн өр 5,878,548 төгрөг нийт 112,754,453.4 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ нь компанийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн гэж хүсэлт гаргагч үзжээ.

 

Дээрх хүсэлтийн дагуу шүүх дампуурлын хэрэг үүсгэж, шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/04686 дугаар захирамжаар Гп Д ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, түр хэрэг гүйцэтгэгч томилсон ба түр хэрэг гүйцэтгэгч нь Гп Д ХХК-ийн өр төлбөрийг 2013-2018 оны санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн 546,559,600 төгрөгөөр тогтоож өөрийн хөрөнгийн 188.04%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэжээ.

 

Гп Д ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нэхэмжлэгчдийн хурлын товыг зарласан ба Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс татварын өр 183,550,706 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчдийн анхны хурал хуралдаж, хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилуулах санал гаргасныг шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2019/06262 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр баталсан ба уг хурлаар хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250021318 тоот актаар 14,888,587.6 төгрөг, мөн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 250011077 тоот актаар 32,714,172 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 250021376 тоот актаар тогтоосон нөхөн татвар 119,574,840 төгрөгөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр 42,900,000 төгрөгийг барагдуулсан дүнгээр хаахаар шийдвэрлэсэн гэж үзэн үлдэгдэл 76,674,840 төгрөгийн нөхөн татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2,772,461.7 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 38,717,780.6 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгах албан татварын тайлангаар 17,782,863.5 төгрөгийн татвар, нийт 183,550,705 төгрөгийн татварын өртэй гэж тодорхойлсон. Татварын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 250021376 тоот актаар Гп Д ХХК-иар нөхөн татварт 119,574,840 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг Гп Д ХХК эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэж 59,787,420 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 59,787,420 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн актыг өөрчилснөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 16,887,419.6 төгрөгөөр багасгаж 166,663,285.4 төгрөг шаарджээ. Дээрх шийдвэрийг Гп Д ХХК хүлээн зөвшөөрсөн тул татварын өрийг 166,663,285.4 төгрөг гэж үзнэ. Иймд Гп Д ХХК нь татварын өрийн асуудлаар маргаантай байхдаа буюу өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй байхад дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Нийгмийн даатгалын шимтгэлд 2013 оноос өр үүсэж 2018 оны байдлаар 5,875,900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь санхүүгийн тайлангаар тогтоогдов. Энэ талаар дампуурлын хэрэг үүсгэж, дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтэд заасан нь хуульд нийцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Татварын хэлтэст автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 2019 оны 5 дугаар сарын байдлаар 736,000 төгрөгийн өртэй нь тогтоогдсон бөгөөд Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасан журмаар тээврийн хэрэгслийг ашиглалтаас хасуулаагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр, тогтоосон хугацаанд албан татварыг тээврийн хэрэгсэл эзэмшигч төлөх үүрэгтэй. Гп Д ХХК-ийн эзэмшилд 22-61 УНН улсын дугаартай Урал-4320 маркийн ачааны автомашин, 52-98 ОЧ улсын дугаартай Маз чиргүүл, 84-66 ТЧ улсын дугаартай цистерн чиргүүл, 91-27 АЧ улсын дугаартай цистерн чиргүүл улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь тогтоогдов. Дээрх тээврийн хэрэгслүүдийн албан татварын өрийг санхүүгийн тайландаа тусгаагүй, Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь хэсэгт заасан журмаар шүүхэд мэдүүлээгүй байх ба тухайн тээврийн хэрэгслүүдийг ашигладаггүй нь татвар төлөхгүй байх, санхүүгийн тайланд тусгахгүй байх, өмчлөлдөө бүртгэлтэй хөрөнгөд тооцохгүй байх үндэслэл болохгүй.

 

Санхүүгийн тайландаа компанийн өр төлбөрийг 546,559,600 төгрөгөөр тодорхойлсон атлаа дампуурлын хэрэг үүсгэж, дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтдээ өрийн хэмжээгээ 112,754,453.4 төгрөг гэж тодорхойлсноо татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс бусад өрийг хөөн хэлэлцэх хугацаагаар дуусгавар болсон гэж тайлбарлажээ. Гэвч хүсэлт гаргагчийн тайлбарласанчлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр өрийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр болон бусад нотлох баримтгүйгээр /төлбөр авагчтай тохиролцож өр дуусгавар болсон баримт гэх мэт/ өрийг тодорхойлох боломжгүй байна.

 

Иймд Гп Д ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт өмчлөлдөө байгаа, эсхүл итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний талаархи санал, 7.1.3 дахь хэсэгт нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ гэж заасны дагуу хүсэлтээ гаргаагүй, компанийн өмчлөлд байгаа хөрөнгийн талаар үнэн зөв мэдүүлээгүй, өр төлбөрийн хэмжээгээ бодитоор, бүрэн дүүрэн тодорхойлоогүй гэж үзэв.

Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 70,200 төгрөгийн авлагатай гэж тодорхойлсон, харин санхүүгийн тайландаа 566,996,000 төгрөгийн бусад авлагатай гэж тусгажээ. Уг авлагыг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ Гп Д ХХК нь хамаарал бүхий этгээд болох Гп групп ХХК болон Пикюрис ХХК-ийн өрөмдлөгийн ажлын гэрээний туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгэлийн гэрээний авлагаар бүртгэсэн өөрөө өөрөөсөө авах авлага байх ба Гп Д ХХК нь хувьцаа эзэмшигчдээс хэт хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон гэж дүгнэжээ. Гп Д ХХК-ийг гадаад худалдаа, гэрээгээр өрөмдлөг хийх чиглэлээр 2008 онд Гп групп ХХК үүсгэн байгуулж, 100 хувь хувьцааг эзэмшдэг байна. Хэрэгт Гп Д ХХК-ийн Пикюрис ХХК, Өгөөмөр алт, Ти энд Пи ХХК-тай байгуулсан өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээнүүд авагдсан байх ба уг гэрээний орлогыг толгой компани болох Гп групп ХХК авсан гэж хүсэлт гаргагчийн төлөөлөгч тайлбарлаж байна. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцна гэж заасан. Иймд хамаарал бүхий этгээдээс авлагыг авах боломжгүй байдал нь Гп Д ХХК-ийг дампууруулж, татан буулгах үндэслэл болохгүй байна.

Мөн санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөд 285,944,000 төгрөгийн Канад улсад үйлдвэрлэсэн Longyear 44 маркийн хайгуулын өрмийн тоног төхөөрөмж бүртгэсэн боловч бодит байдал дээр техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан, ашиглах боломжгүй, үнэ цэнэгүй, төмрийн хаягдал болсон байна гэжээ. Дээрх мөнгөн дүнгээр 2014 оноос үндсэн хөрөнгийн бүртгэл хийгдсэн байх ба үндсэн хөрөнгийн бүртгэлийг хийхдээ элэгдэл, хорогдол тооцоогүй, дахин үнэлгээ хийгээгүй байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгө-өө хэрхэн тодорхойлж, төлбөрийн чадваргүй байдлаа хэрхэн тогтоосон нь тодорхойгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагчийг шүүхэд хүсэлт гаргахдаа Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, үндсэн хөрөнгийн хэмжээ, өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй буюу төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу Гп Д ХХК-иас татварын өр 166,663,285.4 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн Гп Д ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гп Д ХХК-иас 166,663,285.4 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Гп Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд

 

 

заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА