Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00093

 

                           “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн хүсэлттэй

                                              иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00553 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 862 дугаар магадлалтай,

 “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн хүсэлттэй,

 ,,,,,,,,,,,,,,, дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Б.Даваагэрэл, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Хүсэлт гаргагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн дампуурсанд тооцож, татан буулгуулах шийдвэр гаргуулах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлснээс хойш шүүхэд хандан, татварын өр 166,663,285.4 төгрөгийг тус компаниас гаргуулахаар нэхэмжилсэн байна.  

          2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00553 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас 166,663,285.4 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

          3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 862 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн 862 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

          4.1. Магадлалын хянавал хэсэгт: “Анхан шатны шүүх Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу үнэн зөв мэдүүлээгүй, үндсэн хөрөнгө болон өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй, төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хүсэлт гаргагчийн тайлбар, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, геологи хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүх харьцуулан үнэлээд хамаарал бүхий этгээдээс авлагыг авах боломжгүй байдал нь хариуцагч компанийг дампууруулах татан буулгах үндэслэл болохгүй гэж дүгнэхдээ Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Учир нь хүсэлт гаргагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж зааснаар “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК эзэмшдэг бөгөөд хувьцаа эзэмшигч компани болон хараат компанийн хооронд нэг нэгнийхээ өрийг хариуцахаар тохиролцсон гэрээ байхгүй. Хэрэв өр төлбөрийг хариуцахаар хоорондоо гэрээ байгуулсан, толгой компанийн шийдвэрээс болсон бол “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн өр төлбөрийг “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК хамтран хариуцах үндэслэлтэй, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нийцэх хууль зүйн үндэслэлтэй байсныг магадлалд зөвтгөж үзсэн нь, мөн хүсэлт гаргагчийн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтаар “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК Дампуурлын тухай хуульд заасан “дампуурсанд тооцож, татан буулгах” нөхцөл байдал нотлогдсон атал шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.3. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр хүсэлт гаргагчийн “дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон, дампуурлын хэрэг үүсгэж хэрэг гүйцэтгэгчийг томилсноос хойш ,,,,,,,,,,,,,,, дүүргийн Татварын хэлтсээс өөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд хуурамчаар дампуурсан нөхцөл байдал тогтоогдоогүй” байхад дампуурлын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Дампуурлын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

6. “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт гаргасан, анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын  өөрчлөлт оруулсан.

7. Шүүх хүсэлтийг хүлээн авч, 2019.04.05-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, шүүгчийн 102/ШЗ2019/04686 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцон, энэ тухай “Өнөөдөр” сонины 2019.04.22-ны өдрийн 80 дугаарт нийтэлж, 2019.05.14-ний өдрийн 102/ШЗ2019/06262 дугаар шүүгчийн захирамжаар А.Энхболдыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлсэн байна.

8.  Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн санхүүгийн тайлан, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, татварын улсын байцаагчийн акт болон бусад бичгийн нотлох баримтаар тухайн компани нь өмчлөлдөө байгаа хөрөнгийн талаар үнэн зөв мэдүүлээгүй, өр төлбөрийн хэмжээгээ бодитоор тодорхойлоогүй, үндсэн хөрөнгө болох 285,944,000 төгрөгийн үнэ бүхий өрмийн тоног төхөөрөмжийн өнөөгийн бодит үнийг тогтоож, бүртгэлдээ тусгаагүй үйл баримт тогтоогдсон. Мөн хэрэг гүйцэтгэгч дампуурлын шалтгааныг “..., “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК, “Пикюрис” ХХК зэрэг өөрийн хамаарал бүхий этгээдийн захиалгаар өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн төлбөрийг хамаарал бүхий этгээдээс авахгүй, авлагад бүртгэж, хувьцаа эзэмшигчдээс хэт хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон...” гэж дүгнэсэн, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт “Толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцна” гэж заасан тул хамаарал бүхий этгээдээс авах ёстой авлагаа авч чадахгүй байгаа нь тус компанийг дампууруулж, татан буулгах үндэслэл болохгүй.

9. Иймээс “... хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д зааснаар “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК болон түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК-ийн хооронд нэг нэгнийхээ өрийг хариуцахаар тохиролцсон гэрээ байхгүй, энэ тохиолдолд “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн өр төлбөрийг “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК хамтран хариуцах үндэслэлгүй байхад шүүх Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК Дампуурлын тухай хуульд заасан “дампуурсанд тооцож, татан буулгах” нөхцөл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байтал, шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй…” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлээр хараат болон охин компанийн эрх зүйн байдал, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулсан байх ба уг зүйлийн 6.5.-д “хууль болон компанийн хоорондын гэрээнд заагаагүй тохиолдолд толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй байх”-аар, харин 6.6. дахь хэсэгт толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцах”-аар заасан. Хууль зүйн системчлэлийн хувьд 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэг нь тухайн зүйл дэх бие даасан агуулга бүхий зохицуулалт тул уг хэсгийг 6.5. дахь хэсэгтэй холбож буюу “гэрээнд заасан бол толгой компани нь хамтран хариуцна” гэж тайлбарлахгүй юм.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн харилцааг зохицуулж буй нарийвчилсан хууль болох Дампуурлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримталсан өөрчлөлт оруулсан нь зөв байна.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 862 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хүсэлт гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД