Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02448

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02448

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: К ХХК 

 

Хариуцагч:  Д ХХК 

 

Хариуцагч: Т ХХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 52,350,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д

Хариуцагч Д ХХК-ийн өмгөөлөгч М.Мөнхжаргал

Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Н.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Хариуцагч Д ХХК, Т ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч К ХХК-ийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д ХХК, Т ХХК-иудад холбогдуулж дараах 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг. Үүнд:

1/ Д ХХК, Т ХХК-иудаас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 47,700,000 төгрөг гаргуулах;

2/ Д ХХК, Т ХХК-иудаас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ-нд заасан 9,000,000 төгрөгийг гаргуулах. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагаас Д ХХК, Т ХХК-иудаас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Барилгын ажлын явиад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ-ний дагуу 9,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаас татгалзсан. Ингээд бид нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

1/ Д ХХК, Т ХХК-иудаас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 47,700,000 төгрөгийг гаргуулна.

2/ Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хүүнд 4,650,750 төгрөгийг гаргуулна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЭТ/2018/003 дугаар бүхий Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-г байгуулж, гэрээгээр тохиролцсон ажлыг нийт 58,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт: ...Гэрээ баталснаас хойш ажлын 3 хоногийн дотор барилгын ажлын зураг төслийн ажлын тохиролцсон үнийн 15,000,000 төгрөгтэй тэнцэх урьдчилгааг нэг удаа олгох бөгөөд ажлын зураг төсөл зохиож дууссаны дараа гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл болох 43,200,000 төгрөгийг төлснөөр бүрэн санхүүжүүлж дуусна... гэж заасан. Гэвч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрийг ч бүрэн олголгүй ердөө 10,500,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч зураг төслийг зохиож дуусах үүргээ зохих ёсоор биелүүлсэн хэдий ч үлдсэн төлбөр болох 47,700,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчиж байна. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул тэд үлдэгдэл төлбөр болох 47,700,000 төгрөгийг хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно. Талууд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр №2019/007 дугаар бүхий Баталгаажуулах нь баримтыг үйлдэж, захиалагч нар нь гүйцэтгэгчид 47,700,000 төгрөгийг төлөөгүй болохыг батгалгаажуулсан байдаг. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 39 сар өнгөрсөн ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар нь дээрх хэтрүүлсэн хугацааны хуулиар тогтоосон хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагч нараас 47,700,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбогдуулан нэг жилийн 3 хувийн хүү буюу сарын 0.25 хувийн хүүгээр тооцож, нэг сарын 119,250 төгрөг буюу 39 сарын хүүнд нийт 4,650,750 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас нийт 52,350,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1/ Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-ний 5.1-д ...эцсийн хувилбараар бэлэн болсон зураг төслийг актаар хүлээлцэнэ. Акт нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно, 5.2-т Талууд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болох ба энэ мөчөөс эхлэн зураг төслийг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгсөнд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь ажлын үр дүн болсон зураг төслийг Д ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй тул зураг төслийн үнийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Шүүх хуралдаан дээр даргалагчаас Зургаа өгөхдөө актаар хүлээлцсэн үү гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О: Актаар хүлээлцсэн зүйл байхгүй гэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй болохоо тайлбарладаг. Мөн хэрэгт авагдсан байгаа К ХХК-ийн бланк дээр бичигдсэн Баталгаажуулах нь гэх 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2019/07 тоот албан бичиг дээр Д ХХК-ийн зүгээс гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй байдаг. Түүнчлэн хэрэгт авагдсан К ХХК-ийн төлбөр шаардсан гэх мэдэгдлүүдийг Д ХХК-д огт хүргүүлж байгаагүй. Иймээс ажлын үр дүнг Д ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэгчид ажлын хөлс нэхэмжлэх эрх үүсэхгүй.

2/ Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэснийхээ үр дүнд доголдолгүй үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь чанартай үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь чанаргүй буюу ажлын үр дүн доголдолтой болох нь дараах нөхцөл байдлуудаар тогтоогдсон:

а. Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээний 1.4-т Барилгын ажлын зураг төсөл нь ...норм, дүрэм, стандарт-техникийн нөхцөлд нийцэж баталгаажсан байх ёстой, 4.2-т Гүйцэтгэгч нь ...иж бүрэн зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулах үүрэг гүйцэтгэнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь зураг төслийг экспертизээр хянуулж магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэснээр сая ажлаа бүрэн дуусгасанд тооцож гэрээнд заасан чанарын шаардлага хангасан үр дүнг хүлээлгэн өгөх байсан. Гэтэл ажлын үр дүнг нотлох гол акт болох Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт-ийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон. Захиргааны Ерөнхий хуулийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу дээрх зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн эрх зүйн үйлчлэлгүй баримт болсон тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн зураг гэрээнд заасан чанарт тохирохгүй болж, ажлын үр дүн доголдолтой болсон.

б/ Барилгын тухай хуулийн 4.1.16-д барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг; ойлгоно гэж, мөн хуулийн 25.4-д Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заасны дагуу магадлалын ерөнхий дүгнэлт нь хүчингүй болсон нэхэмжлэгчийн зураг төсөлд үндэслэн барилга барих зөвшөөрөл авах ямар ч боломжгүй болж байгаа тул Д ХХК уг доголдолтой үр дүнг хүлээн авах үүрэггүй, үүнтэй холбоотой ямар нэгэн хөлс төлбөр төлөх үүрэггүй болно.

в/ Нэхэмжлэгч нь барилгын зургийг захиалагчийн зургийн даалгаваргүй зурсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Мөн түүнчлэн зураг төслийг зурахын өмнө нэхэмжлэгчийн зүгээс барилга баригдах үйлдвэрийн талбай газар дээр очиж танилцаж байгаагүй, барилга баригдах газар дээрээ очиж үзээгүй байж хэрхэн яаж барилгын зураг төсөл боловсруулсан нь ойлгомжгүй юм. Мөн мэргэжлийн зураг төслийн компани гэх мөртлөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зураг төслийг хуулж өөрчилсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О өмнөх шүүх хуралдаан дээр хэлдэг. Гэтэл зураг төсөл хийлгэх гэж буй үйлдвэрийн байршил нь Дорнод аймагт бөгөөд газар зүйн онцлог, байрлал, хөрсний чанар зэрэг маш олон хүчин зүйл өөр байхад огт таарч тохирохгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зургийг ашигласан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Д ХХК-тай огт харилцаж байгаагүй ба Т ХХК-тай тохиролцоод хуучин зургийг эвлүүлээд хийсэн гэж үзэж байна.

г/ К ХХК нь Үүдийн төмрийн хүдрийн барилга байгууламж барих ёстой Дорнод аймгийн Булган сумын нутагт газарт заавал очиж өрөмдлөг, шинжилгээ хийх ёстой байхад огт хийгээгүй, геодези, инженер геологийн дүгнэлт гаргуулаагүй байдаг ба Экогео гэх ХХК-ийн инжнер геологийн дүгнэлтийн архивын хуулбарыг ашиглан хийсэн байдаг. Гэвч уг барилга барих газар дээр инженер геологийн дүгнэлтийг архивийн хуулбар ашиглах боломжгүй. Заавал зориулж шинээр мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой байхад архивын хуулбараар орлуулсан нь цаашид гарах эрсдлийг тооцолгүй, барилга барих боломжгүй болгосон.

д/ Зураг төслийн иж бүрдэл дотор байгаа Х ХХК-ийн хийсэн халаалт агаар сэлгэлтийн ажлын зураг төсөл нь дандаа хуулбарласан гарын үсэгтэй урьд өмнө нь хэрэглэж байсан зураг төслийг хуулбарлаад тавьчихсан, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцэхээргүй, Х ХХК-ийн захирлын гарын үсэггүй, инженерийн гарын үсгийг зургаар буулгаж тавьсан нь шаардлага хангахгүй.

е/ Мөн магадлалын ерөнхий дүгнэлтэд экспертүүдийн дүгнэлтүүд байхгүй, зураг төсөлд Онцгой байдлын газрын хяналтын хэлтсийн мэргэжилтэн гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдаг. Цайны газрын талбай, танхим нь стандартын шаардлага хангахааргүй, үйлдвэрийн барилгатай хэт ойр зурагдсан. Зарим зураг төслийн хэмжилтүүд нь хоорондоо зөрсөн тул барилгын норм ба дүрмийн шаардлага хангахгүй.

ё/ Нэхэмжлэгчийн хийсэн гэх зургийн иж бүрдэл дотор гадна дотно цахилгааны шугам сүлжээний зураг байхгүй байдаг тул энэ нь гэрээний 1.3-т заасан шаардлагыг хангахгүй байна. Иргэний хуулийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээтэй тохирохгүй байгаа тул ажлын үр дүн биет байдлын доголдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүнг доголдолтой, ажлыг бүрэн гүйцэтгээгүй, барилгын норм ба дүрмийн дагуу зургийг зураагүй, тус зураг төслөөр барилга байгууламж барих боломжгүй, зураг төсөлд магадлал хийсэн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг илт хууль бус актад тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хамгийн анх Д ХХК болон Т ХХК-иуд хамгийн анх хамтраад Дорнод аймагт төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Ингээд үйлдвэрээ байгуулахад гадны хөрөнгө оруулалт болон тухайн үйлдвэрийн зураг төсөл зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь төмрийн хүдрийн ордоо ашиглах, үйлдвэрлэл явуулах, мөн хөрөнгө оруулагч татахын тулд тухайн орд газартаа барих үйлдвэрийн зураг төслөө хийх ёстой. Ийм учраас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр К ХХК-тай Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээг байгуулан зураг төсөл гүйцэтгэсний хөлсийг 58,200,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний урьдчилгаа болгон манай компани нийт 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр бид шүүхэд гэрээний дагуу төлбөрийн зохих хэсгийг төлнө гэсэн агуулгаар тайлбараа гаргаж байсан. Гэвч хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас буюу нэхэмжлэгч доголдолтой зураг хийж өгсөн нь баримтуудаар тогтоогдсон учир одоо нэхэмжлэгчид ямар ч төлбөрийг төлөхгүй гэсэн байр суурьтай байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх4/, тусгай зөвшөөрөл /1хавтас, хх5,6/, итгэмжлэл /1 хавтас, хх7, 99, 152, 213/, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ /1 хавтас, хх8/, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №31/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ/1 хавтас, хх9-13/, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ /1 хавтас, хх14, 15/, Хаан банкны дансны хуулга /1 хавтас, хх18,19/, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн К ХХК-ийн Баталгаажуулах нь баримт, шаардлага /1 хавтас, хх19, 20/, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 тоот Барилга хөгжлийн төвийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт /1 хавтас, хх47-52/, өмгөөллийн гэрээ /1 хавтас, хх219, 220/, зураг төслийн үнийн задаргаа, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын зургийг хамтран гүйцэтгэх гэрээнүүд /1 хавтас, хх242-251, 2 хавтас хх1-12/.

 

5. Хариуцагч Т ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх26, 55/, тайлбар /1 хавтас, хх27, 28/, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа шилжүүлэх гэрээ /1 хавтас, 67-71/, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, хөрөнгө оруулалтын талаарх хэлэлцээрийн шийдвэр /1 хавтас, хх 86-89/.

 

6. Хариуцагч Д ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх30, 203/, хариу тайлбар /1 хавтас, хх 35/, итгэмжлэл /1 хавтас хх36, 2 хавтас хх29/, өмгөөллийн гэрээ /1 хавтас, хх 53, 54/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0399 тоот шийдвэр /1 хавтас, хх175-182/, мэдэгдэл /1 хавтас, хх 233-235, 2хавтас хх20/.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Барилга хөгжлийн төвөөс лавлагаа/2 хавтас, хх 26-28/, Дорнод аймгийн онцгой байдлын газраас лавлагаа /2 хавтас, хх 63, 64/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр К ХХК нь Т ХХК, Д ХХК-иудтай ЗТ/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал буюу К ХХК нь гэрээний дагуу Дорнод аймгийн Булган, Матад сумын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр-ийн барилгын ажлын зураг төслийг Монгол улсад мөрдөгдөж байгаа холбогдох норм, дүрэмд уялдуулан боловсруулж өгөх, харин захиалагч тал болох Т ХХК, Д ХХК-иуд нь ЗТ/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ-ний дагуу гүйцэтгэгчид техник-эдийн засгийн үндэслэл, зургийн болон архитектур төлөвлөлтийн даалгавар, геологийн дүгнэлт, дэвсгэр зургийг шилжүүлэн өгөх, гүйцэтгэсэн зураг төслийн ажлын хөлсөнд 58,200,000 төгрөг төлөх үүргүүдийг харилцан хүлээсэн байна.

 

2. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч К ХХК болон хариуцагч Т ХХК, Д ХХК-иуд Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулж, гэрээний зорилгыг талууд Барилга угсралтын явцад зохиогчийн хяналт хийх тоо, хугацаа, шаардагдах зардлын хэмжээг эцэслэн тохирч хэрэгжүүлэх гэжээ. Гэрээний дагуу Дорнод аймгийн Булган, Матад сумын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр-ийн барилгын угсралтын явцад хийх зохиогчийн хяналтыг хамтран хийхээр, зохиогчийн хяналтыг 9,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцжээ.

 

3. Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ-нүүдийн дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Т ХХК, Д ХХК-иудад холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 47,700,000 төгрөг гаргуулах;

2/ 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ-ний дагуу 9,000,000 төгрөгийг гаргуулах.

 

5. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч К ХХК нь өөрийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

1/ Д ХХК, Т ХХК-иудаас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 47,700,000 төгрөгийг гаргуулах;

2/ Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хүүнд 4,650,750 төгрөгийг гаргуулах.

 

6. Нэхэмжлэгч 47,700,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Зураг төсөл гүйцэтгэсний хөлс нь 58,200,000 төгрөг байсан. Гэрээ байгуулсны дараа 10,500,000 төгрөг хүлээн авсан ба одоо үлдэгдэл нь 47,700,000 төгрөг байгаа гэж,

4,650,750 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ ...Талууд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр №2019/007 дугаар бүхий Баталгаажуулах нь баримтыг үйлдэж, захиалагч нар нь гүйцэтгэгчид 47,700,000 төгрөгийг төлөөгүй болохыг батгалгаажуулсан. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 39 сар өнгөрсөн тул тэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 47,700,000 төгрөгийг хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү болох 4,650,750 төгрөгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж тус тус тайлбарласан.

 

7. Хариуцагч Т ХХК дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Бид өмнө нь шүүхэд төлбөрийн зохих хэсгийг төлнө гэсэн агуулгаар тайлбараа гаргаж байсан. Гэвч хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас буюу нэхэмжлэгч доголдолтой зураг хийж өгсөн учир одоо нэхэмжлэгчид ямар ч төлбөрийг төлөхгүй гэсэн байр суурьтай байна гэж,

хариуцагч Д ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...нэхэмжлэгч нь Барилгын тухай хууль, холбогдох журмуудыг зөрчсөн доголдолтой буюу хийсэн зургийн дагуу цаашид ажиллах боломжгүй бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдоно, ...гэрээний 1.4, 4.2 дахь хэсгүүдэд заасан ажлаа нэхэмжлэгч хийгээгүй, ...барилгын зургийг газар дээр нь очиж хийгээгүй тул үлдэх төлбөрийг төлөх боломжгүй гэсэн агуулгаар тус тус тайлбарлаж байна.

 

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нөхцөлд ажил гүйцэтгэгч нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт заасан доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх үүргийг хүлээнэ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь талуудын гэрээгээр тохирсон чанар, шаардлагад нийцсэн байж доголдолгүйд тооцогдох ба хийсэн ажлын доголдолгүй байдал нь биет байдлын хувьд болоод аливаа этгээдээс гарах шаардлагаас ангид байх ёстой. Мөн ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэдэг нь захиалагч тухайн ажлыг хүлээн авч чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг шилжүүлэхийг ойлгоно. Захиалагч эдгээр эрхээ чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй, ийнхүү хэрэгжүүлэхэд хэн нэгний шаардах эрх саад болж байвал ажлын үр дүнг доголдолтой гэж үзэхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйл, 353 дугаар зүйлүүдээр зохицуулсан.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Д ХХК нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т холбогдуулж 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай, Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0399 дугаартай шийдвэрээр Д ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж буюу Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Барилгын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээний дагуу К ХХК-ийн боловсруулсан зураг төслийг баталгаажуулсан Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 дугаартай Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

10. Мөн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ-ний 1.4-т Барилгын ажлын зураг төсөл нь Монгол улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомж, барилгын зураг төслийн ажлын норм, дүрэм, стандарт-техникийн нөхцөлд нийцэж баталгаажсан байх ёстой, 4.2-т Гүйцэтгэгч нь барилгын ажлын зураг төслийг архитектур төлөвлөлт, инженер-техникийн орчин үеийн ололт, оновчтой шийдэл, дэвшилт технологийг хэрэглэн барилгын ажлын зураг төсөл зохиох талаар Монгол улсад дагаж мөрдөж буй норм, дүрэм, стандарт-техникийн нөхцөлд чанд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, иж бүрэн зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулах үүрэг гүйцэтгэнэ. Зургийг экспертизд оруулахад захиалагчийн талаас ирүүлэх бичиг баримтууд бүрдсэн байх шаардлагатай гэж тус тус заасан байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн буюу доголдолгүй үр дүн хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй гэж үзлээ. Иймд хариуцагч нараас гэрээний төлбөрийн үлдэгдэлд 47,700,000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу хүү 4,650,750 төгрөг гаргуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 530,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д ХХК, Т ХХК-иудаас нийт 52,350,750 төгрөг гаргуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 530,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ