Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00002

 

                                             Кеестон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00080 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 709 дүгээр магадлалтай,

Кеестон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнын хүдэр ХХК, Төмөрт инвест ХХК-д холбогдох 

Гэрээний үүрэгт 56,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, П.Очбаясах, хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорнын хүдэр ХХК болон Төмөрт-Инвест ХХК-ууд нь 2018.06.29-ний өдөр Кеестон констракшн ХХК-тай барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээг байгуулан зураг төсөл гүйцэтгэсний хөлсийг 58,200,000 төгрөгөөр тохиролцсон ба гэрээний урьдчилгаанд эхлээд 10,000,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөг, нийт 10,500,000 авсан. Мөн Дорнын хүдэр ХХК болон Төмөрт-Инвест ХХК-ууд нь 2018.09.27-ны өдөр Кеестон констракшн ХХК-тай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулан зохиогчийн хяналт хийсний хөлсийг 9,000,000 төгрөгөөр тохиролцсон. Кеестон констракшн ХХК гэрээний 1.1-д заасан шаардлагатай баримт бичиг, материалуудыг Дорнын хүдэр ХХК болон Төмөрт-Инвест ХХК-ууд удааж өгсний улмаас манай компани нь гэрээний дагуу 2019.03.30-ны өдөр улсын магадлалаар баталгаажиж бүрэн дууссан. 2 хувь ажлын зураг төслийг захиалагч талд хүлээлгэж өгсөн ба гэрээнд заасан ажлын хөлсний үлдэгдэл болох 47,700,000 төгрөгийг 2019.08.01-ний өдрийн 2019/006 тоот, 2019.08.29-ний өдрийн 2019/007 тоот, 2019.09.20-ны өдрийн 0019/008 тоот албан бичгүүдээр захиалагч Дорнын хүдэр ХХК, Төмөрт-Инвест ХХК-уудад удаа дараа мэдэгдэхэд өнөөдрийг хүртэл барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 47,700,000 төгрөг, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээнд заасан 9,000,000 төгрөг, нийт 56,700,000 төгрөгийг төлөхгүй байсаар байна. Гэрээний дагуу бид хариуцагч нарын газар дээр нь бол бодитоор очоогүй. Уг нь бол хариуцагч байгууллагууд биднийг барилга, угсралт хийгдэж байгаа газар дээрээ аваачиж хяналтаа хийлгэх ёстой. Учир нь Барилгын тухай хуулийн 38.1.4, 38.1.5-д зааснаар зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагаанд оролцох үүргийг бид хүлээсэн. Бид барилгын зураг төслөө хийж өгсөн учир хяналтаа тавих ёстой. Иймд Дорнын хүдэр ХХК болон Төмөрт-Инвест ХХК-уудаас дээрх 2 гэрээний үлдэгдэл төлбөр 56,700,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018.06.29-ний өдрийн ЗТ/2018/003 тоот барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ болон 2018.09.27-ны өдрийн барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээнүүдийг байгуулсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг Төмөрт-Инвест ХХК хариуцаж төлөх бөгөөд манай Дорнын хүдэр ХХК-аас ямар нэгэн төлбөргүй. Гэрээнүүдийг дандаа 2 хувь байгуулсан. Манайд гэрээний нэг хувь нь ирээгүй. Дорнын хүдэр ХХК болон Төмөрт-Инвест ХХК-уудын захирлуудын хооронд ер нь бол тохиролцоо байдаг гэсэн. Гэхдээ би энэ талаар нь сайн мэдэхгүй. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан зураг төслийн дагуу барилга баригдсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.  

Хариуцагч Төмөрт-Инвест ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хамгийн анх Дорнын хүдэр ХХК болон Төмөрт-Инвест ХХК-ууд хамтраад Дорнод аймагт төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Ингээд үйлдвэрээ байгуулахад гадны хөрөнгө оруулалт болон тухайн үйлдвэрийн зураг төсөл зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь төмрийн хүдрийн ордоо ашиглах, үйлдвэрлэл явуулах, мөн хөрөнгө оруулагч татахын тулд тухайн орд газартаа барих үйлдвэрийн зураг төслөө хийх ёстой. Ийм учраас 2018.06.29-ний өдөр Кеестон констракшн ХХК-тай барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээг байгуулан зураг төсөл гүйцэтгэсний хөлсийг 58,200,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний урьдчилгаа болгон манай компани нийт 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Уг гэрээний дагуу бид зураг төслөө хүлээн авсан, ямар нэг асуудал байхгүй. Одоо үлдэгдэл төлбөр болох 47,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой нь үнэн. Гэхдээ уг мөнгийг манай компани биш харин Дорнын хүдэр ХХК бүрэн хариуцах ёстой. Учир нь бусад ажлын хөлс, мөнгийг манай компани хариуцаж ирсэн. Мөн Дорнын хүдэр ХХК болон Төмөр инвест ХХК-ууд нь 2018.09.27-ны өдөр Кеестон констракшн ХХК-тай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулан зохиогчийн хяналт хийсний хөлсийг 9,000,000 төгрөгөөр тохиролцсон нь үнэн. Гэхдээ уг гэрээний дагуу ямар нэг хяналтын ажил хийгдээгүй учир энэ талаарх шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.  

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00080 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнын хүдэр ХХК, Төмөрт-Инвест ХХК-уудаас 47,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Кеестон констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төмөрт-Инвест ХХК, Дорнын хүдэр ХХК-уудаас 396,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 709 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2020.01.03-ны өдрийн 102/ШШ2020/00080 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 709 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах хяналтын гомдлыг гаргаж байна:

А. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй талаар: Хариуцагч "Дорнын Хүдэр ХХК-ийн зүгээс зураг төсөл боловсруулах гэрээ байгуулагдсан хэдий ч ажлын үр дүн болох зураг төслийг хүлээж аваагүй, гэрээний төлбөрийг төлөхгүй гэж маргаж байхад давж заалдах шатны шүүх ...үлдэгдэл 47,700,000 төгрөг төлөгдөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй... гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчдыг Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэж, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242.11 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн мөртлөө 47,700,000 төгрөгийн үнийн дүнг бүхэлд нь эс зөвшөөрч Дорнын Хүдэр ХХК-аас төлсөн 396,450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсэн нь бүр ч ойлгомжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээс харахад Дорнын Хүдэр" ХХК нь гэрээний үүргээс хэдэн төгрөг хариуцан төлөх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Кеестон Констракшн ХХК нь Дорнын Хүдэр ХХК ба Төмөрт Инвест ХХК- уудын чухам алинаас нь юу шаардаж, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байсан ба нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй. Ийм байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох арга хэмжээ авалгүйгээр Дорнын Хүдэр ХХК, Төмөрт Инвест" ХХК-иудаас 47,700,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын Дээд Шүүхийн 2016.05.10-ны өдрийн Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа-ны талаар 2 дугаартай зөвлөмжид Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл ойлгомжтой томьёологдсон эсэхийг тогтоох, эсхүл тодорхой болгох арга хэмжээ авна. гэж заасныг зөрчсөн тул шийдвэр, магадлал үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-ний 5.1-д "... эцсийн хувилбараар бэлэн болсон зураг төслийг актаар хүлээлцэнэ. Акт нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно, 5.2-т Талууд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болох ба энэ мөчөөс эхлэн зураг төслийг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгсөнд тооцно... гэж тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ ...2019.03.30-ны өдөр улсын магадлалаар баталгаажиж бүрэн дууссан 2 хувь ажлын зураг төслийг захиалагч талд хүлээлгэж өгсөн... гэсэн байдаг. Энэ нь гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх ёстой гэдэг санаагаа гаргаж байх боловч нэхэмжлэгч нь ажлын үр дүн болсон зураг төслийг Дорнын Хүдэр ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй тул зураг төслийн үнийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Шүүх хуралдаан дээр даргалагчаас Зургаа өгөхдөө актаар хүлээлцсэн үү? гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очбаясах Актаар хүлээлцсэн зүйл байхгүй. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх нүүр/ гэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй болохоо тайлбарладаг. Мөн хэрэгт авагдсан байгаа Кеестон Констракшн ХХК-ийн бланк дээр бичигдсэн Баталгаажуулах нь гэх 2019.08.29-ний өдрийн 2019/07 тоот албан бичиг дээр Дорнын Хүдэр ХХК-ийн зүгээс гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй байдаг. Түүнчлэн хэрэгт авагдсан Кеестон Констракшн ХХК-ийн төлбөр шаардсан гэх мэдэгдлүүдийг Дорнын Хүдэр ХХК-д огт хүргүүлж байгаагүй. Шүүх хуралдааны үед ч гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нар Дорнын хүдэр" ХХК-ийг олдоогүй гээд мэдэгдэл өгч байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэл гаргах болохоор хаягийг олсон байтал шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа Дорнын хүдэр ХХК-ийг олддоггүй, мэдэгдэл, шаардах актуудаа өгөх боломжгүй, зугтаад байдаг гэж тайлбарладаг. Мөн зөвхөн Төмөрт Инвест ХХК-тай харилцаж зураг төсөл, мэдэгдэл, шаардлагуудаа өгч, харилцаж байснаа хэлдэг. Гэвч үнэндээ ажлын зургийг шаардлага хангахааргүй хийж, үүнийгээ Төмөрт Инвест ХХК-тай аль хэдийн тохиролцож хүлээлгээд өгчихсөн байдаг. Иймээс ажлын үр дүнг Дорнын хүдэр ХХК-д хүлээлгэж өгсөн үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байхад төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь барилгын зургийг захиалагчийн зургийн даалгаваргүй зурсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Мөн мэргэжлийн зураг төслийн компани гэх мөртлөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зураг төслийг хуулж өөрчилсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очбаясах хэлдэг. /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь нүүр/ Гэтэл зураг төсөл хийлгэх гэж буй үйлдвэрийн байршил нь Дорнод аймагт бөгөөд газар зүйн онцлог, байрлал, хөрсний чанар зэрэг маш олон хүчин зүйл өөр байхад огт таарч тохирохгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зургийг ашигласан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнээс үзэхэд Дорнын хүдэр ХХК-ийг зөвхөн төлбөрөө шүүхээр нэхэмжлэхдээ харилцаж бусад шаардлагатай зүйлсийг асууж тодруулахаар огт харилцаж байгаагүй ба Төмөрт Инвест ХХК-тай тохиролцоод хуучин зургуудаа эвлүүлээд гаргаад өгчихсөн байдаг. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очбаясах Манайх зургаа хийхдээ Төмөрт инвест ХХК-тай л харилцаж байсан. гэж хэлдэг. Мөн урьдчилгаа төлбөрийг ч Төмөрт Инвест" ХХК төлж, үлдэгдэл төлбөрийг мөн л Төмөрт Инвест ХХК төлөхөө илэрхийлдэг. Нэхэмжлэгч нь Дорнын хүдэр ХХК-тай огт харилцаж байгаагүй, төлбөр төлөх талаар тохирч баталгаажуулсан зүйл огт байдаггүй. Ийнхүү зураг төслийг боловсруулж хийлгэх, төлбөр хүлээн зөвшөөрч төлөх харилцаа зөвхөн Төмөрт Инвест ХХК ба Кеестон Констракшн ХХК-уудын хооронд болж байсан нь баримтаар тогтоогддог. Ийм байтал анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэлгүй үндэслэлгүй шийдвэр, магадлал гаргасан байна. Мөн нэхэмжлэгчийн Барилгын ажлын явцад хийх зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ-гээр нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийн тухай Дорнын Хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... гэрээний төлбөрийг Төмөрт Инвест ХХК төлөх ёстой гэж тайлбарласан гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгажээ. Гэвч шүүх хуралдааны үед огт тийм зүйл хэлж байгаагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд ч огт тийм зүйл байхгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт ийнхүү тусгасан байгаа нь нөхцөл байдлын талаар бүрэн бодитой дүгнэлтийг агуулаагүй, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг мушгин гуйвуулсан шинжтэй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т заасан зөрчлийг гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх огт хэлэлцээгүй бөгөөд хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Б. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй талаар: Хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн өмгөөлөгч М.Мөнхжаргал миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020.01.03-ны өдрийн 12 цаг 30 минутаас эхлэх 17 дахь хурал болж товлогдсон Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Координат Аудит ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцохоор болсон нь мөн өдрийн 15:00 цагт зарлагдсан Кеестон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй уг хэргийн шүүх хуралтай давхцаж байгаа тул уг шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох баримтыг хавсаргаж хурлаас өмнө шүүхэд гарган өгсөн билээ. Гэтэл шүүх манай хурал эхэлж товлогдсон манай хуралд орох ёстой гэж үзэж өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч миний бие хуралд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-т заасан зөрчлийг гаргасан. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгож буй шүүхээс үнэлсэн Барилга хөгжлийн төвийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч Кеестон Констракшн" ХХК-аас уг баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн байдаг ба зөвхөн хуулбар үнэн тэмдэг даруулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг Улсын Дээд Шүүхийн 2009.10.28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй. Мөн хэсэгт заасан бичмэл нотлох баримт гэдэгт хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэг, 12-14 дүгээр бүлэгт заасан үндэслэлээр шүүхийн бүрдүүлэх нотлох баримт хамаарна. гэж заасан. Иймээс Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг хуулийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс бүрдүүлж аваагүй баримт бөгөөд нэхэмжлэгч өөрөө шүүхэд гарган өгсөн байгаа тул уг хуулбар баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар уг баримтыг эх хувиар нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгсөн тохиолдолд нотлох баримтын шаардлага хангах ёстой билээ. Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Мөнхжаргал хуулийн дээрх тайлбарыг ойлгомжтойгоор тайлбарлаж байхад давж заалдах шатны шүүх анзааралгүй орхиж, Улсын дээд шүүхийн тогтоолын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, давж заалдах гомдлыг бүрэн уншиж ойлголгүй шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх заалт, 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн 102/ШШ2020/00080 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 709 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дорнын хүдэр ХХК, Төмөрт инвест ХХК-уудаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 56,700,000 төгрөг гаргуулах тухай Кеестон констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нартай барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, ажлын хөлсөнд 10,500,000 төгрөг авсан, үлдэх 47,700,000 төгрөг, мөн барилгын ажлын явцын хяналт хийх гэрээ байгуулж ажлын хөлсөнд 9,000,000 төгрөг авахаар тохиролцсон тул эдгээр мөнгийг гаргуулна гэсэн, хариуцагч Төмөрт инвест ХХК нь ...зураг төслийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, энэ гэрээний ажлын хөлсийн үлдэгдлийг Дорнын хүдэр ХХК төлөх үүрэгтэй, барилга баригдаагүй учир барилгын ажилд хяналт тавих гэрээ хэрэгжээгүй, иймээс уг гэрээний дагуу нэхэмжлэгч хөлс шаардах эрхгүй гэж, хариуцагч Дорнын хүдэр ХХК нь барилгын зураг төслийг манай компанид актаар хүлээлгэн өгөөгүй, ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй, барилга баригдаагүй учир барилгын явцын хяналт хийх гэрээ хэрэгжээгүй гэж тус тус маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Кеестон констракшн ХХК нь Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлыг гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгсөн, иймээс ажлын хөлсийг хариуцагч нараас шаардах эрхтэй, хариуцагч нар нь хамтран үүрэг хүлээсэн гэж дүгнэж, 47,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, барилгын явцын хяналт тавих гэрээ хэрэгжээгүй буюу тухайн барилга баригдаагүй, иймээс хөлс шаардах эрхгүй гэж 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээжээ.

Зохигчийн хооронд 2018.06.29-ний өдөр байгуулагдсан Барилгын ажлын зураг төсөл боловсруулах, 2018.09.27-ны өдрийн Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээгээр Кеестон констракшн ХХК нь /ажил гүйцэтгэгч/ Дорнод аймгийн Булган, Матад сумын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр-ийн барилгын ажлын зураг төслийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох норм, дүрэмд уялдуулан боловсруулж өгөх, Төмөрт инвест ХХК, Дорнын хүдэр ХХК-ууд /захиалагч/ гүйцэтгэгчид техник-эдийн засгийн үндэслэл, зургийн болон архитектур төлөвлөлтийн даалгавар, геологийн дүгнэлт, дэвсгэр зургийг шилжүүлэн өгөх, ажлын хөлсөнд 58,200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ-ээр дээрх үйлдвэрийн барилга угсралтын явцад хийх зохиогчийн хяналтыг Кеестон констракшн ХХК хийж, Төмөрт инвест ХХК, Дорнын хүдэр ХХК 9,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна. 

  Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-ний 5.1-д "... эцсийн хувилбараар бэлэн болсон зураг төслийг актаар хүлээлцэнэ. Акт нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно, 5.2-т талууд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болох ба энэ мөчөөс эхлэн зураг төслийг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгсөнд тооцно... гэж тус тус заасан, зохигч акт үйлдэж зураг төслийг хүлээлцээгүй боловч гүйцэтгэсэн зураг төслийг хүлээж авснаа хариуцагч Төмөрт инвест ХХК хүлээн зөвшөөрснөөс гадна ажлын хөлсөнд 10,500,000 төгрөг төлснийг зохигч маргаагүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан барилгын зураг төсөл боловсруулах гэрээний захиалагч тал нь Төмөрт инвест ХХК болон Дорнын хүдэр ХХК-ууд болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Кеестон констракшн ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, улмаар ажлын хөлсийг бүхэлд нь төлөх үүргийг хэн аль нь хүлээсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ-гээр тохиролцсон ажил гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй буюу барилга баригдаагүй болохыг зохигч маргаагүй тул уг ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж шүүх үзсэн нь хэргийн баримтад үндэслэгджээ.

Иймд хариуцагч нараас 47,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн гэж дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд.

1. Нэхэмжлэгч Кеестон констракшн ХХК мөнгийг бүхэлд нь хоёр хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон, шүүх эдгээрийн хүрээнд дүгнэлт хийсэн байх тул хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй гэсэн агуулгатай хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.

2. Барилгын зураг төсөл боловруулах гэрээнд хариуцагч нарын ажлын хөлс төлөх үүргийг хуваарилж тохиролцоогүй тул ажлын хөлсийг хэн төлөх талаар хамтран үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагч нар өөр хоорондоо маргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд нөлөөлөх нөхцөл биш болно. Хоёр шатны шүүх энэ талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд үүсэх эрх зүйн харилцаа тухайлбал, тэд ажлын хөлс төлөх үүргээ /хэн нь ямар хэмжээгээр төлөх/ хэрхэн хуваарилж тохиролцсон, эсхүл тохиролцоогүй нь энэ маргаанд хамааралгүйг анхаараагүй байна.

Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа Дорнын хүдэр ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 396,450 төгрөгийг /анхан шатны шүүхийн нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 47,7000,000 төгрөгөөс тооцож/ төлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 62 дугаар зүйлийн 162.4, -д заасантай нийцэх бөгөөд тус компанийн гомдлыг хангахгүй орхихдоо давж заалдах шатны шүүх уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасны дагуу хариуцагч нарын үүрэг тэнцүү байна гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь улсын орлого болгосон нь зөрчилтэй болсон гэх агуулгатай хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй.

3. Хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн өмгөөлөгч М.Мөнхжаргал шүүх хурал давхцаж байгаа шалтгаанаар энэ хэргийг хэлэлцэх Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасныг шүүх шүүх хуралдааны зарыг өмнө нь урьдчилж мэдэгдсэн үндэслэл зааж хангахаас татгалзсныг үгүйсгэх боломжгүй байна. Учир нь энэ хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан зохигчийн хэн алины хүсэлтээр нийт 3 удаа хойшлогдсноос хэрэг шийдвэрлэх хугацаа удааширсан, энэ тохиолдолд өмгөөлөгч өөрийн ажлыг зохион байгуулж, шүүх хуралдаанд оролцох бэлтгэлийг хангах үүрэгтэй. Иймээс өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй бөгөөд шүүх өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

4. Барилга хөгжлийн төв-ийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх гомдлын тухайд, уг баримт нь хэргийн 47-52-р талд авагдсан ба энэхүү баримтад Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна. Тус төв нь хэргийн оролцогч бус тул төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 709 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Дорнын хүдэр ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 396,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН