Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 709

 

 “Кк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00080 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Кк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ДХ” ХХК, “ТИ” ХХК-уудад холбогдох

Гэрээний үүрэгт 56 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, П.Очбаясах, хариуцагч “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн, түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “Кк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДХ” ХХК болон “ТИ” ХХК-ууд нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Кк” ХХК-тай барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээг байгуулан зураг төсөл гүйцэтгэсний хөлсийг 58.200.000 төгрөгөөр тохиролцсон ба гэрээний урьдчилгаа болгон эхлээд 10.000.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, нийт 10.500.000 авсан. Мөн “ДХ” ХХК болон “ТИ” ХХК-ууд нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Кк” ХХК-тай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулан зохиогчийн хяналт хийсний хөлсийг 9.000.000 төгрөгөөр тохиролцсон. “Кк” ХХК гэрээний 1.1-д заасан шаардлагатай баримт бичиг, материалуудыг “ДХ” ХХК болон “ТИ” ХХК-ууд удааж өгсний улмаас манай компани нь гэрээний дагуу 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын магадлалаар баталгаажиж бүрэн дууссан. 2 хувь ажлын зураг төслийг захиалагч талд хүлээлгэж өгсөн ба гэрээнд заасан ажлын хөлсний үлдэгдэл болох 47.700.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2019/006 тоот, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2019/007 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0019/008 тоот албан бичгүүдээр захиалагч “ДХ” ХХК, “ТИ” ХХК-уудад удаа дараа мэдэгдэхэд өнөөдрийг хүртэл барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 47.700.000 төгрөг, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээнд заасан 9.000.000 төгрөг, нийт 56.700.000 төгрөгийг төлөхгүй байсаар байна. Гэрээний дагуу бид хариуцагч нарын газар дээр нь бол бодитоор очоогүй. Уг нь бол хариуцагч байгууллагууд биднийг барилга, угсралт хийгдэж байгаа газар дээрээ аваачиж хяналтаа хийлгэх ёстой. Учир нь Барилгын тухай хуулийн 38.1.4, 38.1.5-д зааснаар зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагаанд оролцох үүргийг бид хүлээсэн. Бид барилгын зураг төслөө хийж өгсөн учир хяналтаа тавих ёстой. Иймд “ДХ” ХХК болон “ТИ” ХХК-уудаас дээрх 2 гэрээний үлдэгдэл төлбөр 56.700.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2018/003 тоот барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ болон 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээнүүдийг байгуулсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг “ТИ” ХХК хариуцаж төлөх бөгөөд манай “ДХ” ХХК-аас ямар нэгэн төлбөргүй. Гэрээнүүдийг дандаа 2 хувь байгуулсан. Манайд гэрээний нэг хувь нь ирээгүй. “ДХ” ХХК болон “ТИ” ХХК-уудын захирлуудын хооронд ер нь бол тохиролцоо байдаг гэсэн. Гэхдээ би энэ талаар нь сайн мэдэхгүй. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан зураг төслийн дагуу барилга баригдсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.  

Хариуцагч “ТИ” ХХК-ийн төлөөлөгч Н.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх “ДХ” ХХК болон “ТИ” ХХК-ууд хамгийн анх хамтраад Дорнод аймагт төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Ингээд үйлдвэрээ байгуулахад гадны хөрөнгө оруулалт болон тухайн үйлдвэрийн зураг төсөл зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь төмрийн хүдрийн ордоо ашиглах, үйлдвэрлэл явуулах, мөн хөрөнгө оруулагч татахын тулд тухайн орд газартаа барих үйлдвэрийн зураг төслөө хийх ёстой. Ийм учраас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Кк” ХХК-тай барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээг байгуулан зураг төсөл гүйцэтгэсний хөлсийг 58.200.000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний урьдчилгаа болгон манай компани нийт 10.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Уг гэрээний дагуу бид зураг төслөө хүлээн авсан, ямар нэг асуудал байхгүй. Одоо үлдэгдэл төлбөр болох 47.700.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой нь үнэн. Гэхдээ уг мөнгийг манай компани биш харин “ДХ” ХХК бүрэн хариуцах ёстой. Учир нь бусад ажлын хөлс, мөнгийг манай компани хариуцаж ирсэн. Мөн “ДХ” ХХК болон “Төмөр инвест” ХХК-ууд нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Кк” ХХК-тай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулан зохиогчийн хяналт хийсний хөлсийг 9.000.000 төгрөгөөр тохиролцсон нь үнэн. Гэхдээ уг гэрээний дагуу ямар нэг хяналтын ажил хийгдээгүй учир энэ талаарх шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ДХ” ХХК, “ТИ” ХХК-уудаас 47.700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Кк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТИ” ХХК, “ДХ” ХХК-уудаас 396.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн, түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Кк" ХХК нь "ДХ" ХХК ба "ТИ" ХХК-уудын чухам алинаас нь юу шаардаж, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байсан ба нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн "Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа"-ны талаар 2 дугаартай зөвлөмжид заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээний 5.1, 5.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь ажлын үр дүн болсон зураг төслийг "ДХ" ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй тул зураг төслийн үнийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Шүүх хуралдаанд даргалагчаас "Зургаа өгөхдөө актаар хүлээлцсэн үү? гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очбаясах "актаар хүлээлцсэн зүйл байхгүй." гэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй болохоо тайлбарладаг. Мөн хэрэгт авагдсан "Кк" ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2019/07 тоот албан бичигт "ДХ" ХХК гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй байдаг. Түүнчлэн хэрэгт авагдсан "Кк" ХХК-ийн төлбөр шаардсан гэх мэдэгдлүүдийг "ДХ" ХХК-д огт хүргүүлж байгаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар "ДХ" ХХК-д мэдэгдэл өгч байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь барилгын зургийг захиалагчийн зургийн даалгаваргүй зурсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Мөн мэргэжлийн зураг төслийн компани гэх мөртлөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зураг төслийг хуулж өөрчилсөн гэдэг. Гэтэл зураг төсөл хийлгэх гэж буй үйлдвэрийн байршил нь Дорнод аймагт бөгөөд газарзүйн онцлог, байрлал, хөрсний чанар зэрэг маш олон хүчин зүйл өөр байхад огт таарч тохирохгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зургийг ашигласан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч зургаа хийхдээ "ТИ" ХХК-тай харилцаж, урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлдэг. Нэхэмжлэгч нь "ДХ" ХХК-тай огт харилцаж байгаагүй, төлбөр төлөх талаар тохирч баталгаажуулсан зүйл огт байдаггүй. Мөн нэхэмжлэгчийн барилгын ажлын явцад хийх зохиогчийн хяналт хийх ажлын гэрээгээр нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийн тухай "ДХ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөелөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ "...гэрээний төлбөрийг “ТИ" ХХК төлөх ёстой" гэж тайлбарласан гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгажээ. Гэвч шүүх хуралдааны үед огт тийм зүйл хэлж байгаагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд ч огт тийм зүйл байхгүй. Хариуцагч "ДХ" ХХК-ийн өмгөөлөгч М.Мөнхжаргал миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн тус хэргийн шүүх хуралтай давхцаж уг шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтыг хавсаргаж хурлаас өмнө шүүхэд гарган өгсөн. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгож буй шүүхээс үнэлсэн Барилга хөгжлийн төвийн “зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт" нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч "Кк" ХХК-аас уг баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба зөвхөн "хуулбар үнэн" тэмдэг даруулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарласан. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар уг баримтыг эх хувиар нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгсөн тохиолдолд нотлох баримтын шаардлага хангах ёстой билээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Кк” ХХК нь хариуцагч “ДХ” ХХК, “ТИ” ХХК-уудад холбогдуулан гэрээний үүрэгт 56.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗТ/2018/003 тоот “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Кк” ХХК нь Дорнод аймгийн Булган, Матад сумын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлын зураг төслийг боловсруулж өгөх, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, “ТИ” ХХК, “ДХ” ХХК-уудад  нь гүйцэтгэгчид техник-эдийн засгийн үндэслэл, зургийн болон архитектур төлөвлөлтийн даалгавар, геологийн дүгнэлт, дэвсгэр зургийг шилжүүлэн өгөх, гүйцэтгэсэн зураг төслийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, ажлын  хөлсөнд 58.200.000 төгрөг төлөхөөр  харилцан тохиролцжээ. /хх-ийн 9-13/

Мөн зохигч 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ” байгуулж,  уг гэрээгээр Дорнод аймгийн Булган, Матад сумын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр”-ийн барилгын угсралтын явцад хийх зохиогчийн хяналтыг  үе шаттай хамтран хийхээр, зохиогчийн хяналтыг 9.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байна. /хх-ийн 14-15/

Зохигчид гэрээ байгуулсан, гэрээ байгуулсны дараа 10.500.000 төгрөгийг “ТИ” ХХК төлсөн, үлдэгдэл 47.700.000 төгрөг төлөгдөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй, харин үлдэгдэл төлбөрийг хариуцагч нарын хэн нь төлөх талаар маргажээ.

Гэрээний агуулгаас үзэхэд талуудын  хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч “ДХ” ХХК, “ТИ” ХХК-ууд нь нэхэмжлэгч “Кк” ХХК-тай байгуулсан гэрээний оролцогч болох нь дээр дурдсан гэрээнүүдээр тогтоогдож байгаа тул тэдгээр нь ажлын хөлс төлөх үүргийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 тоот зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, “Кк” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2019/007 тоот “Баталгаажуулах нь” гэсэн албан бичиг зэргээс үзэхэд нэхэмжлэгч дээр дурдсан ЗТ/2018/003 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлжээ. Өөрөөр хэлбэл “Кк” ХХК нь “Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр улсын магадлал хийлгэж баталгаажуулсан, хамтран хариуцагч  “ТИ” ХХК /захирал Н.Мөнх-Эрдэнэ/-д  2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 18, 47-52/

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр  47.700.000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь зөв байна.

 Харин 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ”-ний дагуу ямар нэг ажил бодитоор хийгдээгүй байгаа тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анхан шатны шүүх хамтран захиалагчдын нэгэнд нь ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хамтран захиалагчаар гэрээнд оролцсон хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Ажлын үр дүнгийн доголдлын талаар буюу зураг төсөл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зураг төслийг хуулж өөрчилсөн гэсэн асуудлаар хариуцагч нь анхан шатны шүүхэд тайлбар, татгалзал гаргаж байгаагүй байх тул “...таарч тохирохгүй зураг ашигласан... ”гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан, “хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах” хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан, “хариуцагч хэргийн материалтай танилцах” хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогджээ. / хх-ийн 57, 96/

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааны мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан, шүүх хуралдааныг дахин хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргасан мэдэгдэх хуудас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байсан тул шүүх энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэж , хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 тоот зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийн хуулбарт энэ хэргийн оролцогч бус Барилгын хөгжлийн төвийн “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ДХ” ХХК-ийн төлсөн 396 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ