Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/03912

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/03912

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х ХХК 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

/Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Х ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр З ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан худалдан авах гэрээ байгуулж 136,250 литр дизель түлш зээлээр авсан. Зээлийн гэрээ хийх явцад З ХХК нь барьцаа хөрөнгө шаардсан учир Г ХХК-ийн өмч болох 0 тоот хаягт байршилтай, 4 өрөө, 126 м2 талбайтай орон сууц, 0 тоот хаягт байршилтай, 158 м2 талбайтай хувийн зориулалттай орон сууцыг барьцаанд тавьсан. Г ХХК-ийн захирал Б.Э-аас Х ХХК-ийн захирал С.Э нь итгэмжлэл авсан ба итгэмжлэлийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Уг зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь гуравдагч этгээдийн өмч юм.

Манай компани нь нийгмийн цаг үеийн хүнд байдал, Ковид-19-ын цар тахлаас шалтгаалан компанийн үйл ажиллагаа доголдож түлшний үнийг цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. З ХХК-ийн зүгээс манай компанийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч бид 363,042,400 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 102/ШШ2021/00542 тоот шүүгчийн захирамж гарсан. Гэтэл шүүгч нь захирамж гаргахдаа итгэмжлэлийн хугацаа дууссан болохыг харалгүй барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байсан. Мөн талууд 363,042,400 төгрөг дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулаад байхад шүүгч нь эвлэрлийн гэрээг баталгаажуулахдаа хариуцлагагүй хандаж шүүгчийн захирамж болон албадан гүйцэтгэх захирамжид төлбөрийн дүнг 453,063,600 гэж бичсэнээс болж төлбөр төлөгч манай компанийн эрх зүйн байдал дордсон. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 463,063,600 төгрөгт явуулж барьцааны зүйл болох гуравдагч этгээдийн хөрөнгө 0 тоот 4 өрөө 126 м2 орон сууцыг битүүмжлэн хураан авч 2022 оны 5 дугаар сарын 17-нд 385,000,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг мэдсэн. Барьцааны зүйл болох 0 тоот, 126 м2, 4 өрөө орон сууцны үнэлгээг 385,000,000 төгрөгөөр хийж, гуравдагч этгээд болох Г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс маш доогуур үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надад ямар компаниар үнэлгээ хийлгэсэн тухай компанийн нэр хаяг, мэдээлэл, үнэлгээний тайланг надад танилцуулаагүй, үнэлгээний тайлангийн нэг хувийг ирүүлээгүй, гардуулаагүй болно. НШШГГ нь Хөрөнгийн үнэлгээний талаар танилцуулаагүй байж 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдаанд оруулан, улмаар анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 6 дугаар сарын 10-нд явуулах боллоо та гарын үсгээ зур гээд явж байгаад маш их гомдолтой. Ингээд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1/ Анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

2/ Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч дараах хариу тайлбар өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00542 дугаар шийдвэрээр Х ХХК-иас 454,310,334 төгрөгийг гаргуулан З ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г ХХК-ийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягтай 126 м2, 4 өрөө орон сууц, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хэсэг, 0 хаягт байрлалтай 158 м2 хувийн сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг авахад өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нар эрхийн бүртгэлийн Ү- 0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнийн 70 хувь болох 385,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд болох анхны албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 550,000,000 төгрөгийн 50 хувь болох 275,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 281,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг,0 дугаар хороо, 0 дүгээр хэсэг, 0 хаягт байрлалтай 158 м2 хувийн сууцыг битүүмжлэн хурааж, хөндлөнгийн шинжээч томилсон боловч төлбөр авагчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22/236 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтээр үнэлгээ тогтоолгох ажиллагааг түр хойшлуулсан байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хариу тайлбарыг маш ойлгомжтой байдлаар өгсөн байна. Талууд үнэлгээ дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйл дээр албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээг хэрхэн тогтоох талаар зохицуулж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд хөрөнгийн үнэлгээн дээр тохироогүй бол шинжээчээр үнэлгээ хийлгэхийг хуульчилсан. Харин Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцсон бол шинжээч томилох шаардлагагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудаас үнийн санал авахад 0 тоот хаягтай 126 м2, 4 өрөө орон сууцны үнийг 550,000,000 төгрөг гэж өгсөн. Тодруулбал, Х ХХК болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эхэлж авсан ба тэд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн, үүнийг бид хүлээн зөвшөөрсөн. Уг үнэлгээг НШШГГ-аас талуудад мэдэгдсэн.

Харин 0 хаягт байршилтай, 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр авагч болон Д ХХК-ийн хүсэлтээр хойшлогдсон, ямар нэг шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Ийм учраас үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага үндэслэлгүй. Ингээд дуудлага худалдаа хуульд заагдсаны дагуу хийгдсэн. Анхны дуудлага худалдаанд 550,000,000 төгрөгийн 70 хувиар орсон боловч нэг ч хүн дуудлага худалдаанд оролцоогүй учир дуудлага худалдаа цуцлагдсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэ буюу 550,000,000 төгрөгийн 50 хувиар орсон. Үүнд хоёр гишүүн оролцож З ХХК үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Гэтэл худалдаад авсны дараа нэхэмжлэгч гомдол гаргаж гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Нэхэмжлэгч тал өөрсдөө үл хөдлөх эд хөрөнгөө 550,000,000 төгрөгөөр үнэлсэн мөртлөө одоо 550,000,000 төгрөг зах зээлийн ханшнаас хямдхан байна гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, мөн гараагүй шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж байгааг ойлгохгүй байна.

Анх шүүхээс З ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 453,063,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргааныг шийдвэрлэж эвлэрлийн захирамж гаргахдаа талуудын эвлэрсэн үнийн дүн буюу хэмжээг 453,063,600 төгрөг гэж буруу бичсэн. Уг захирамжаа шүүхээс засаад хариуцагч Х ХХК-ийн нэхэмжлэгч З ХХК-д төлөх үнийн дүнг 363,042,400 төгрөг болгон зөвтгөсөн. Бусад тохиролцоо буюу тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 126м2 талбайтай 4 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсэг хүчинтэй хэвээр байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Х ХХК гүйцэтгэх захирал н.Э нь манай өмчлөлийн 4 өрөө байрыг нэг сарын хугацаатай зээлийн барьцаанд тавьсан. Тэгтэл шүүхэд тухайн маргаан очоод өмчлөлийн байраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан хойно мэдсэн. Н.Э захиралд хэлэхээр өнөө маргаашгүй гаргаж өгнө, түр хүлээж бай гэдэг байсан. Шийдвэр гүйцэтгэгч н.Ц гэгч дуудаад нэг дэх дуудлага худалдаа явагдаад хоёр дахь дуудлага худалдаа явагдсаны дараа намайг дуудуулж ирээд өмчлөлийн байрыг хэдээр үнэлж байгаа вэ, та шүүхэд хандах хэрэгтэй гэж надад зөвлөгөө өгч, надад саймширч итгэл үнэмшил төрүүлсээр байгаад 550,000,000 төгрөгийн үнэлгээг зуруулсан. З ХХК, Х ХХК-иудын хоорондох зээлийн барьцааны үйл ажиллагаанаас болоод манай өмчлөлийн 4 өрөө байраар үүргийн гүйцэтгэл хангуулсан байна. Тухайн үедээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ч тэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хураагаад битүүмжлэх ажиллагааг ч мэдэгдээгүй. Энэ талаар гомдол гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийнхээ шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гаргасан. Өнөөдрийн байдлаар З ХХК бидэнд өр төлбөр төлөөгүй байрыг нь шийдвэр гүйцэтгэлээр хураалгаж, бидний өмчлөх эрхийг зөрчөөд байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 6/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 7/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 8-9/, НШШГГ-ын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 10,19/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00542 дугаар захирамж /хх 11-13/, НШШГГ-ын хариу мэдэгдэх хуудас /хх18/.

 

6. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 22, 121/, хариу тайлбар /хх 24-25/, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж /хх 26-27/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00542 дугаар захирамж /хх 27-28/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 29, 32, 34, 36-37, 39, 44, 47, 62, 64, 68, 73, 75, 80-81/ Г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 30/ СБД дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх 31/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 33, 35/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 38, 40, 45, 48/, С.Э, Б.Э-, У.Б" нарын үнийн санал өгөх тухай хүсэлт /хх 41, 46, 50, 52/ З ХХК-ийн хүсэлт /хх 42, 55, 67/, НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол /хх 43/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 51/, НШШГГ-ын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 56-57, 63, 72, 82-83/, Шинжээч томилох тухай тогтоол /хх 58/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа /хх 59/, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх 60-61/, Б.Э-ын тайлбар /хх 65/ НШШГГ-ын хариу мэдэгдэх хуудас /хх 66, 74, 84/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх 69, 78, 79/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 70-71/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2022/09689 дугаар захирамж /хх 76/, Албадан дуудлага худалдаа сонингийн зар /хх 77/.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З ХХК-ийн зүгээс дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хүсэлт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 97-99/.

 

8. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн зүгээс дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх 112-113/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/шш2021/00542 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар З ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 453,063,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргааныг шийдвэрлэжээ.

 

2. Тодруулбал, З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 453,063,600 төгрөгийг хариуцагч Х ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 126м2 талбайтай 4 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

3. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/шз2021/08700 дугаар захирамжийн дагуу 102/ГХ2021/00639 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

4. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/шш2022/09689 дүгээр Захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж гарчээ. Уг захирамжаар ...талуудын эвлэрлийг батлахдаа үнийн дүнг буруу бичсэн буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгээс татгалзсаныг шүүгчийн захирамжид тусгаагүй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/шш2021/00542 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулсан.

 

Ингэснээр хариуцагч Х ХХК-ийн нэхэмжлэгч З ХХК-д төлөх үнийн дүн 453,063,600 төгрөг бус 363,042,400 төгрөг болсон байна.

 

Хоёр.

 

1. 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Х ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах;

2/ Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах.

 

2. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

Гурав.

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1. Үнэлгээ хүчингүй болгуулах:

 

1.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 126м2 талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 02/21250436 тоот тогтоолоор,

эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/21250436 тоот тогтоолоор тус тус битүүмжилжээ.

 

1.2. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/21250436, 04/21250436 тоот тогтоолуудаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/04 тоот Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор ...холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 03/21250436, 04/21250436 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгожээ.

 

1.3. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 21250436/03, 21250436/04 тоот тогтоолуудаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

1.4. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэжээ.

 

1.5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Х ХХК-иас эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 300,000,000 төгрөгийн, эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 126м2 талбайтай 4 өрөө орон сууцны хувьд 550,000,000 төгрөгийн үнийн саналуудыг өгсөн бол төлбөр авагч З ХХК-иас 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 20,000,000 төгрөгийн, 126м2 талбайтай 4 өрөө орон сууцны хувьд 550,000,000 төгрөгийн үнийн саналыг өгсөн байна.

 

1.6. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болохыг хуулиар зөвшөөрснийг дээр дурдсан. Төлбөр төлөгч Х ХХК болон төлбөр авагч З ХХК-иуд 126м2 талбайтай, 4 өрөө орон сууцыг 550,000,000 төгрөгөөр харилцан үнэлж, зөвшөөрсөн ба уг тохиролцоог Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4-142/8564, 4-142/8565 тоот мэдэгдлүүдээр Г ХХК, болон Х ХХК-иудад мэдэгджээ.

 

1.7. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/111 тоот тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцжээ.

 

1.8. Гэхдээ   тоот хаягт байршилтай, 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр авагчийн хүсэлтээр хойшлогдсон буюу ямар нэг ажиллагаа явагдаагүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа нь З ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №22/236 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, шинжээчээр томилогдсон Д ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №53/022 тоот Дүгнэлт гаргах хугацааг сунгуулах тухай албан бичгүүдээр нотлогдож байхаас гадна энэ талаар зохигчид маргаангүй байна.

 

1.9. Тодруулбал, эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй,  0 тоот хаягт байршилтай, 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шинжээчийн дүгнэлт гараагүй буюу ямар нэг үнэлгээ хийгдээгүй. Харин эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 126м2 талбайтай 4 өрөө орон сууцны хувьд талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон үйл баримтууд тогтоогдсон учир нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

1.10. Дээрх байдлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/шш2021/00542 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу хийгдсэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, талуудын харилцан тохиролцсон хөрөнгийн үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгүүдэд нийцсэн байна.

 

2. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах:

 

2.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай, 126м2 талбайтай 4 өрөө орон сууцыг талуудын тохиролцсон 550,000,000 төгрөгийн төгрөгийн 70 хувь болох 385,000,000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, дуудлага худалдааг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хийхээр шийдвэрлэжээ.

 

2.2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн, баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

2.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 6/6 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулахад анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй гэсэн үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Улмаар 550,000,000 төгрөгийн 50 хувь болох 275,000,000 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн.

 

2.4. Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-142/11044, 4-142/11046 тоот албан бичгүүд, мөн өдрийн 4/415 тоот хариу мэдэгдэх хуудаснуудаас үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн байна.

 

2.5. Анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан, явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх учир энэ талаарх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

Дөрөв.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/шш2022/09689 дүгээр Захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/шш2021/00542 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид техникийн алдааг засаж өөрчлөлт оруулсан явдал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, эхнээс нь дахин явуулах үндэслэл болохгүй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ