Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2017/01964

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2017/01964

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны гудамж, 46 дугаар байр, 32 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Рд. *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчны гудамж, , Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* ******* миний бие 2002 оны 03 сарын 18-ны өдрөөс Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албаны харъяа Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргаар томилогдон ажилласан.

Ажиллах хугацаандаа өөрийн удирдаж байсан байгууллага, хамт олныг ажил үйлсээрээ ямагт тэргүүлэх зэрэгт хүргэж байсныг дараахь баримтууд нотолно. Үүнд:

               Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 01 сарын 12-ны өдрийн № А/03 тушаалаар Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын улсын сүлжээний 2015 оны тэргүүний алба-аар Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба 1-р байр,

               Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны 2016 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлж, зөрчилгүй санал дүгнэлт өгч байна гэсэн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадын гарын үсэг, тамгатай итгэмжлэл,

               Аймгийн Засаг даргатай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт 98,2 үнэлэгдсэн тухай Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн № А/32 дугаартай захирамж,

               Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны ажил 96,7 оноогоор хангалттай гэсэн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн баталсан үнэлгээний нэгдсэн дүн.

Агентлагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн эерчлөлтийн хөтөлбөр батлах тухай БОАЖ-ын сайдын 2016 оны А/32 тушаалыг үндэслэн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн 2016 оны 09 сарын 29-ны өдрийн А/92 дугаартай бүх аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон тушаалаар Н.******* намайг Дорноговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, мөн тушаалаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Гэвч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн 2017 оны 04-р сарын 11-ны өдрийн Б/46 дугаартай тушаал гарч ******* ******* намайг ажил олгогчийн санаачилгаар, үндэслэлгүйгээр Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болголоо.

Нөгөө талаар миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан байтал Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 04 сарын 11-ны өдрийн Б/47 дугаартай тушаал гарч Хандын Банзрагчийг Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалд 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Ажил олгогч, хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчөөд байна.

Иймд Н.******* намайг ажил, албан тушаалаас буруу халсныг тогтоож, улмаар Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус дүүргийн шүүхэд иргэн Н.******* миний нэхэмжлэлтэй ажлаас үндэслэлгүй халагдсан тул Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлс 2,780,137 төгрөгтэй /2017.06.28-ны өдөр хүртэлх/ тэнцэх олговрыг гаргуулан өгнө үү гэсэн шаардлагатай хөдөлмөрийн маргаан хянагдаж байна.

Н.******* миний 2016 оны 1 жилийн үндсэн цалин 17,723,117 төгрөг буюу 1 сарын дундаж цалин 1,476,926 төгрөг болно. Энэ нь ажлын 1 хоногт 67,133 төгрөгний цалинтай болно. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс хойш 2017 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл 128 хоног ажилгүй, орлогогүй байна. Хэрэв ажлаа хийж байсан бол эдгээр 128 хоногт /128 хоног х 67,133 төг = 8,593,026 төг/ 8,593,026 төгрөгний цалин хөлс авах байсан. Иймд өмнө нь нэхэмжилж байсан 2,780,137 төгрөгийг /2017.04.12-ны өдрөөс хойш 2017.06.28 хүртэлх/ 5,812,889 төгрөгөөр /2017.06.28-2017.10.06 хүртэлх/ ихэсгэж нийт 8,593,026 төгрөг нэхэмжилж байна. Мөн 8,593,026 төгрөгний цалин хөлсөнд харгалзах ажилтны өмнөөс ажил олгогчийн төлбөл зохих 11%-ийн нийгмийн даатгалын шимтгэл болох (8,593,026 төг х 11% /100% = 945.232 төг 86 мөнгө ) 945,232 төгрөг 86 мөнгийг нэмэгдүүлэн гаргуулахаар шаардаж байна. Нийт нэхэмжилсэн мөнгөн дүн 8,593,026 төг + 945,232 төгрөг 86 мөнгө, нийт 9,538,258 төгрөг 86 мөнгө болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдсөн Н.*******гийн тус шүүхэд гаргасан дараахь шаардлага бүхий нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариу тайлбар гаргаж байна. Н.******* нь

1. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох

2. Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 04 сарын 11-ний өдрийн Б/47 тоот тушаалаар Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар Х.Банзрагчийг томилсон. Нэхэмжлэгч Н.******* нь өөрийн эрхэлж байгаагүй томилогдоогүй ажил албан тушаалд буюу бусдын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2016 оны 09 сарын 22-ны А/32 дугаар тушаал гарсан.

Тушаалын 6 дахь заалтаар өмнө хэрэгжиж байсан Агетлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, аймаг, хотын Ус цаг уур орчны шинжилгээний алба нь газар болж бүтэц, зохион байгуулалт хийгдсэн.

Дээрх тушаалыг хэрэгжүүлэх үүднээс Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 сарын 08-ны А/81 дугаар тушаал гарч Цаг уур, орчны байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт шинжилгээний газрын болон харъяа аймаг хотын албадыг газар болгож, яамны баталсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 09 сарын 29-ны өдөр А/92 тоот тушаал гарч бүх аймаг хотын албадын дарга нарыг чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 сарын 29-ний А/92 дугаар тушаалын 3 дахь заалтаар ... аймаг хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг шинэчлэн боловсруулах, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг зохих хууль журмын дагуу холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэхээр заасан. Энэхүү тушаалыг хэрэгжүүлж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагын дагуу Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар маргаан гаргаагүй.

Харин нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан аль эсвэл ажлаас буруу халагдсан асуудлын аль нь болохыг тодорхой заагаагүй мөн өмнө нь эрхэлж байгаагүй ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан ойлгомжгүй байна.

Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар хугацааны хэдэн төгрөгийг гаргуулах тухай заагаагүй нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5 дахь заалтыг зөрчсөн байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Дорноговь аймгийн УЦУОШГазрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдсөн Н.*******гийн тус шүүхэд гаргасан дараахь шаардлага бүхий нэхэмжлэлд ИХШХШТХуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 72 дугаар зүйлийн 72.2-д заасны дагуу хариу тайлбар гаргаж байна. Н.******* нь анх тус шүүхэд:

Н.******* намайг ажил, албан тушаалаас буруу халсныг тогтоож, Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажил, албан түшаалд эгүүлэн тогтоолгох

Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжпэлийн шаардлагаа 2017 оны 10 сарын 06-ны өдер дараах байдлаар ихэсгэсэн байна. Үунд:

Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг 5 812 889 төгрөгөөр ихэсгэх, нийгмийн даатгалын шимтгэл 945 232 төгрөг 86 мөнгө гаргуулах Дорноговь аймгийн Ус цаг үур, орчны шинжилгээний газрын даргын ажил, албан тушаалд эгуулэн тогтоолгох шаардлагын тухайд:

Харин нэхэмжлэгч нь Ажлаас буруу халсан-ыг тогтоож, Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын ажилд томилогдоогүй эрхэлж байгаагүй ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй ба түүнийг 2017 оны 4 сарын 12-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдэлд шилжүүлсэн.

Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлага Нэхэмжлэгч анх тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэдэн сарын хэдэн төгрөгийн хэдий хэмжээний олговор нэхэмжилж байгаагаа тоорхойгүй зааж гаргаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байсан.

Харин 2017 оны 10 сарын 06-ны өдөр ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тодорхойгүй шаардлагаа 5 812 889 төгрөгийн олговор, 945 232 төгрөг 86 мөнгийн нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах гэж тодорхой болгож гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Н.******* хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж дараах байдлаар шийдвэрлэв.

 

Үүнд: Нэхэмжлэгч Н.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Н.******* нь ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацаанд шүүхэд гаргасан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 сарын 29-ны өдрийн А/92 дугаартай тушаалаар бүх аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга нарыг Агентлагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02 ны өдрийн А/32 дугаартай тушаалыг үндэслэн ажлаас нь чөлөөлж, ажилд томилсон тушаал гаргасан байх бөгөөд түүний дотор нэхэмжлэгч Н.*******г Дорноговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, мөн тушаалаар тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон баримтанд зохигч нар маргаагүй.

Улмаар хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/46 дугаартай даргын тушаалаар Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А-32 дугаар тушаал, газрын даргын 2016 оны А/92 дугаар тушаал, Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 1/745 тоот албан бичгийг тус тус үндэслэн Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас Н.*******г чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, мөн өдрийн Б/47 дугаартай газрын даргын тушаалаар Хандын Банзрагчийг Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалд томилжээ.

 

Зохигч нараас шүүхэд ирүүлсэн баримтуудаар Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг газар болгон өөрчилсөн байгаа боловч тус албаны болон газрын даргын ажлын байрны тодорхойлолт түүнд заагдсан чиг үүрэг өөрчлөгдөөгүй байгаа бөгөөд тухайлбал даргын албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан байна.

Энэ нь Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаартай тушаалын 3-т зааснаар Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг өөрчилж, Ус Цаг уур, орчны шинжилгээний газар гэж нэрлэхээр тогтоож, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг хавсралтаар баталж, уг тушаалыг үндэслэн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/129 дугаартай тушаалаар Аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дүрэм, зохин байгуулалтын ерөнхий бүдүүвчийг газрын дарга 3 хэлтэс байхаар баталсан баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт ирүүлсэн баримтаар хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон заалтыг зөрчин, Дорноговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.*******г ажлаас чөлөөлж, үндэслэлгүй халсан буруутай байна.

Мөн хариуцагч Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас Н.*******г чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар дурдаагүй, Х.Банзрагчийг Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалд ямар шалгуурыг үндэслэн ажилд томилсон нь тодорхой бус байна.

 

Хэдийгээр хариуцагчийн Ус цаг уур, орчны хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг тухайн орон нутгийн Засаг даргатай зөвшилцөж томилсон, мөн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын өөрчлөлтөөс газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Банзрагчийг газрын даргын албан тушаалд томилсон гэсэн тайлбар нь Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Иймд Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд Н.*******г эгүүлэн тогтоов.

Нэхэмжлэгч Н.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт үүрэг болгон шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Н.******* нь ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 8,593,026 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд зааснаар сарын дундаж цалинг 1,476,926 төгрөгөөр тооцоход нэг өдрийн цалин 67,133 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 128 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговорт 8,593,026 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн 8,593,026 төгрөгийн 11 хувь буюу ажил олгогчийн төлбөл зохих 945.233 төгрөгийг өөрөө төлсөн талаар баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Н.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Цаг уур, орчны шинжилгээний газраас 152,438 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газар нь төлөөлүүлэх эрхээ Б.Баттулга, нарт олгосон нь хууль зөрчөөгүй байна. Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөхдөө чухам ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдах болсон нь тодорхой бус байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Н.*******г Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цаг уур, орчны шинжилгээний газраас 8,593,026 төгрөгийг гаруулж Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 945,233 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Цаг уур, орчны шинжилгээний газарт үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Э.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Цаг уур, орчны шинжилгээний газраас 152,438 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ