Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2589

 

 

Н.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01964 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЦУОШГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Э нь 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албаны харъяа Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа өөрийн удирдаж байсан байгууллага, хамт олныг ажил үйлсээрээ ямагт тэргүүлэх зэрэгт хүргэж байсан. Агентлагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай БОАЖ-ын сайдын 2016 оны А/32 тушаалыг үндэслэн ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн А/92 дугаартай бүх аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон тушаалаар Н.Э-г Дорноговь аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, мөн тушаалаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/46 дугаартай тушаал гарч Н.Э-г ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүйгээр Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон. Н.Э-ийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад ЦУОШГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар Х.Банзрагчийг Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил олгогч ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Н.Э нь 2016 оны 1 жилийн үндсэн цалин 17 723 117 төгрөг буюу 1 сарын дундаж цалин 1 476 926 төгрөг болно. Энэ нь ажлын 1 хоногт 67 133 төгрөгийн цалинтай болно. Н.Э ажлаас үндэслэлгүй халагдсан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 128 хоног ажилгүй, орлогогүй байна. Хэрэв ажлаа хийж байсан бол эдгээр 128 хоногт /128 хоног х 67,133 төг = 8,593,026 төг/ 8 593 026 төгрөгийн цалин хөлс авах байсан тул 8 593 026 төгрөг нэхэмжилж байна. Мөн 8 593 026 төгрөгийн цалин хөлсөнд харгалзах ажилтны өмнөөс ажил олгогчийн төлбөл зохих 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл болох 945 232 төгрөг 86 мөнгийг нэмэгдүүлэн гаргуулахаар шаардаж байна. Иймд Н.Э-г ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 538 258 төгрөг 86 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 тоот тушаалаар Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар Х.Банзрагчийг томилсон. Нэхэмжлэгч Н.Э нь өөрийн эрхэлж байгаагүй томилогдоогүй ажил албан тушаалд буюу бусдын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2016 оны 9 дүгээр сарын 22-ны А/32 дугаар тушаал гарсан. Тушаалын 6 дахь заалтаар өмнө хэрэгжиж байсан Агетлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, аймаг, хотын Ус цаг уур орчны шинжилгээний алба нь газар болж бүтэц, зохион байгуулалт хийгдсэн. Дээрх тушаалыг хэрэгжүүлэх үүднээс ЦУОШГ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны А/81 дугаар тушаал гарч Цаг уур, орчны байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт шинжилгээний газрын болон харъяа аймаг хотын албадыг газар болгож, яамны баталсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А/92 тоот тушаал гарч бүх аймаг хотын албадын дарга нарыг чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан. ЦУОШГ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний А/92 дугаар тушаалын 3 дахь заалтаар ...аймаг хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг шинэчлэн боловсруулах, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг зохих хууль журмын дагуу холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэхээр заасан. Энэхүү тушаалыг хэрэгжүүлж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагын дагуу Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар маргаан гаргаагүй. Харин нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан аль эсвэл ажлаас буруу халагдсан асуудлын аль нь болохыг тодорхой заагаагүй, мөн өмнө нь эрхэлж байгаагүй ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан ойлгомжгүй байна.

Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар хугацааны хэдэн төгрөгийг гаргуулах тухай заагаагүй нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5-д заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Э-г Дорноговь аймгийн УЦУОШГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цаг уур, орчны шинжилгээний газраас 8 593 026 төгрөгийг гаруулж Н.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 945 233 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Энхмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ЦУОШГ-т үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Н.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, ЦУОШГ-аас 152 438 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан "хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 945 233 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон" хэсгийг эс зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 21 -ийн 4/ "нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг" хэлнэ гэсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "...cap бүр даатгуулагч болон ажил олгогч тус бүр нийгмийн даатгалын шимтгэлд зориулан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 10 хувь, 10 хувийг төлөх"-өөр зохицуулсан байна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр журамласан байна”, хэрэв сард нь багтаан төлөөгүй тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д "Ажил олгогчийн буруугаас нийпиийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө" гэж заасан байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргааныг шүүхээр хянан шийдэрлүүлэх хугацааны явцад буюу ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хойшх хугацаанд "сайн дурын даатгал"-ын журмаар өөрт ногдох 10 хувийн хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан. Ажил олгогчийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 10 хувь буюу 945 233 төгрөгийг гаргуулан авснаар нийгмийн даатгалын нэрийн дансандаа нэмж төлөх учиртай юм. Иймд давж заалдах гомдлын үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "...даргын албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан байна..." Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг байгууллага татан буугдаснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон заалтыг зөрчсөн, Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Э-г ажлаас чөлөөлж, үндэслэлгүй халсан буруутай байна" гэж дүгнээд түүнийг Дорноговь аймгийн УЦУОШГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн санаачилгаар өөрчилж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шаардлагыг хангаагүй.

Шүүх "Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас Н.Э-г чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар дурдаагүй, Х.Банзрагчийг Дорноговь аймгийн УЦУОШГ-ын даргын албан тушаалд ямар шалгуурыг үндэслэн ажилд томилсон нь тодорхой бус байна" гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар ЦУОШГазар нь босоо удирдлагатай төрийн байгууллага тул Н.Э-г 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А\92 дугаар тушаалаар Дорноговь аймгийн УЦУОШГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болон 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б\46 дугаар тушаалаар чөлөөлсөн нь "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, "Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан шаардлагад нийцсэн хууль зөрчөөгүй ба шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

УЦУОШГазрын дарга гэх албан тушаал хадгалагдаж байгаа нь түр орлон гүйцэтгэгчийг заавал тухайн албан тушаалд томилох үндэслэл болохгүй ба даргын түр орлон гүйцэтгэгч гэсэн орон тоо байхгүй, "түр орлон гүйцэтгэх" гэдэг нь газрын даргын ажил, үүргийг түр гүйцэтгүүлж байгаа асуудал бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчөөгүй.

Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн УЦУОШГазрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан, хариуцагч ЦУОШГазрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний Б\46 дугаар тушаалаар Н.Э-г Дорноговь аймгийн УЦУОШГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн, шүүх Н.Э-г Дорноговь аймгийн УЦУОШГазрын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон зэрэг үйл баримтууд зөрүүтэй байхад УЦУОШГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа авч байсан цалингаар тооцож цалингийн зөрүүг шийдвэрлэсэн нь буруу, хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх "Н.Э-г "Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож" шийдвэрлэсэн нь биелэгдэх буюу хэрэгжих боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шаардлагад нийцээгүй. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э хариуцагч ЦУОШГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан Дорноговь аймгийн УЦУОШГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа Дорноговь аймгийн УУЦУОШГ-ын даргын үүргийг орлон түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 593 026 төгрөг, түүнд харгалзах нийгмийн даатгалын шимтгэл 945 232 төгрөг 86 мөнгө гаргуулах гэж тодорхойлжээ.

 

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/32 тоот тушаалаар аймаг хотын, Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь газар болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн бөгөөд уг тушаалыг хэрэгжүүлж ЦУОШГ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 тоот тушаалаар аймаг хотын албадыг газар болгож, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот тушаалаар аймаг хотын албадын дарга нарыг чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан байна.

 

Үүний дараа ЦУОШГ-ын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/46 тоот тушаалаар Н.Э-г Дорноговь аймгийн УЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 тоот тушаалаар Хандын Банзрагчийг Дорноговь аймгийн УУЦУОШГ-ын даргын албан тушаалд томилсон байна.

 

Хариуцагч байгууллага Дорноговь аймгийн УЦУОШГ-ын даргын албан тушаалд Х.Банзрагчийг томилсноор Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаал байгаа эсэх, уг албан тушаалд нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэхийг шүүх тодруулаагүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус ойлгомжгүй болжээ.  

Нөгөө талаар, хариуцагч байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ аж ахуйн нэгж байгууллага татан буугдаагүй зөвхөн тухайн байгууллагын нэр өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажлын байр болох Дорноговь аймгийн УЦУОШГ-ын ажил албан тушаал хадгалагдаж байжээ.

 

Иймд хариуцагчийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосноос шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01964 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Н.Э-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ