Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00476

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01964 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2589 дугаар магадлалтай,

Н.Э-гийн нэхэмжлэлтэй,

ЦУОШГ-т холбогдох,

Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8.593.026 төгрөг, уг олговорт харгалзах ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 945.232 төгрөг тус тус  гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э-, өмгөөлөгч Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албаны харъяа Ус ЦУОШ-төвийн даргаар 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа өөрийн удирдаж байсан байгууллага, хамт олныг ажил үйлсээрээ тэргүүлэх зэрэгт хүргэж байсан. Агентлагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай БОАЖ-ын сайдын 2016 оны А/32 тушаалыг үндэслэн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн А/92 дугаартай бүх аймгийн Ус ЦУОШ-албаны дарга нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон тушаалаар Н.Э-г Дорноговь аймгийн Ус, ЦУОШ-албаны даргын албан тушаалаас чөлөөлж, мөн тушаалаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/46 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүйгээр Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон. Н.Э-гийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар Х.Банзрагчийг Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Ажлаас үндэслэлгүй халагдсан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 128 хоног ажилгүй, орлогогүй байсан. Иймд ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.538.258 төгрөг 86 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЦУОШ-газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/47 тоот тушаалаар Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар Х.Банзрагчийг томилсон. Нэхэмжлэгч Н.Э- нь өөрийн эрхэлж байгаагүй томилогдоогүй ажил албан тушаалд буюу бусдын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай 2016 оны 9 дүгээр сарын 22-ны А/32 дугаар тушаал гарсан. Тушаалын 6 дахь заалтаар өмнө хэрэгжиж байсан Агетлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, аймаг, хотын Ус ЦУОШ-алба нь газар болж бүтэц, зохион байгуулалт хийгдсэн. Дээрх тушаалыг хэрэгжүүлэх үүднээс Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны А/81 дугаар тушаал гарч Цаг уур, орчны байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт шинжилгээний газрын болон харъяа аймаг хотын албадыг газар болгож, яамны баталсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А/92 тоот тушаал гарч бүх аймаг хотын албадын дарга нарыг чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний А/92 дугаар тушаалын 3 дахь заалтаар ...аймаг хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг шинэчлэн боловсруулах, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг зохих хууль журмын дагуу холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэхээр заасан. Энэхүү тушаалыг хэрэгжүүлж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагын дагуу Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар маргаан гаргаагүй. Харин нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан аль эсвэл ажлаас буруу халагдсан асуудлын аль нь болохыг тодорхой заагаагүй, мөн өмнө нь эрхэлж байгаагүй ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан ойлгомжгүй байна.

Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар хугацааны хэдэн төгрөгийг гаргуулах тухай заагаагүй нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5-д заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01964 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Э-г Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цаг уур, орчны шинжилгээний газраас 8.593.026 төгрөгийг гаруулж Н.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 945.233 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Э-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ЦУОШГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Н.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Цаг уур, орчны шинжилгээний газраас 152.438 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2589 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01964 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Н.Э-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрсөн гомдлын үндэслэл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн 4, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр журамласан. Хэрэв сард нь багтаан төлөөгүй тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Иймд нэхэмжлэгч хөдөлмөрийн маргааныг шүүхээр хянан шийдэрлүүлэх хугацааны явцад буюу ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 4 сарын 12-ны өдрөөс хойшхи хугацаанд “сайн дурын даатгал”-ын журмаар өөрт ногдох 10%-ийн хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн. Харин ажил олгогчийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 10% буюу 945.233 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авахаар шүүхээр нэхэмжилсэн. Учир нь нийгмийн даатгалын шимтгэлийг хуульгүйгээр нөхөн төлөх боломжгүй ба Улсын Их Хурлаас 2012 оны 09 сарын 04-ны өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай”, 2017 оны 02 сарын 02-ны өдөр “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” гэсэн 2 удаагийн хууль гаргаж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төүлүүлэх харилцааг зохицуулсан. Иймд Н.Э- нь нийгмийн даатгалын шимтгэлээ хуульгүйгээр нөхөн төлүүлэх, нөхөн төлөх боломжгүй ба харин уг мөнгийг хариуцагчаас гаргуулан авснаар нийгмийн даатгалын нэрийн дансандаа уг мөнгийг өөрөө нэмж төлөн хохиролгүй болох юм.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч иргэн Н.Э- болон хариуцагч Цаг, уур орчны шинжилгээний газар нарын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Харин нэхэмжлэгч Н.Э-гийн зүгээс өөрийн хийж байсан Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ажиллах хугацаандаа өөрийн удирдаж байсан байгууллага, хамт олныг ажил үйлсээрээ ямагт тэргүүлэх зэрэгт хүргэж байсныг шүүхэд дараахь баримтаар нотолсон юм. Үүнд: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 01 сарын 12-ны өдрийн № А/03 тушаалаар Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын улсын сүлжээний 2015 оны тэргүүний албаар Дорноговь аймгийн Ус ЦУОШ-алба 1-р байр, Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны 2016 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлж, “зөрчилгүй” санал дүгнэлт өгч байна гэсэн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадын гарын үсэг, тамгатай итгэмжлэл, Аймгийн засаг даргатай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт 98,2 дүнтэй тухай Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 01 сарын 28-ны өдрийн № А/32 дугааргай захирамж, Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны ажил “96,7 оноогоор хангалтгай” гэсэн үнэлгээний нэгдсэн дүн. Н.Э-г ажлаас халах болсон үндэслэл бүхий баримт байхгүй. Давж заалдах шатны шүүх “Н.Э-г заавал ажлаас халах” зорилготой юм шиг давуу эрхийг хариуцагчид олгоод байгаад “төрд хоёргүй сэтгэлээр 20 гаруй жил зүтгээд гэнэт нэг өдөр ажилгүй болсон” Н.Э- туйлын гомдолтой байна. Нэг ажлын байран дээр ажиллаж байсан хүнийг ажил олгогч өөрийн санаачилгаар халаад өөр хүнийг тухайн ажлын байран дээр ажиллуулдаг. Хэрэв шүүх өмнөх хүнийг ажил олгогч хууль бусаар ажлаас халжээ гэдгийг тогтоон, эгүүлэн томилсон тохиолдолд уг ажлын байран дээр “хууль бусаар халагдсан хүнийг” дахин томилоод “сүүлд ажил авсан хүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, эсхүл өөр ажлаар хангадаг”. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарсан тохиолдолд “хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.Э-г Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилоод, Х.Банзрагчийг чөлөөлөх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэсэн заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглэсэнгүй. Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр заалтыг хэрэглэх байтал, хэрэглэсэнгүй. Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан хэрнээ нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Иймд бидний гомдлыг хянан үзэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт “хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 945.232,86 төгрөг гаргуулан Н.Э-д олгуулах”-аар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч ЦУОШГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 8.593.026 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөх хувь буюу 945.232 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагаа Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох гэж тодруулжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь бүтцийн өөрчлөлтөөр газар болсон, байгууллагын даргыг хуульд зааснаар тухайн аймгийн Засаг даргатай зөвшилцөж томилдог, өөр хүн томилогдсон, “газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэх орон тоо байхгүй   хэмээн маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал байгаа эсэх, уг албан тушаалд нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэх нь тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг хэвээр үлдээв.

Н.Э- 2002 оны 3 дугаар сараас эхлэн ЦУОШГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан нь тогтоогджээ.

Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 тоот тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлаж, батлагдсан төсөвдөө багтааж, харъяа мэргэжлийн байгууллагаас 30 ажлын байрыг орон тоо, төсөв, зардал, албан хаагчдын хамт шилжүүлэн авч ажиллуулахыг тус газарт даалгаж, газрын харъяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг өөрчилж, Ус ЦУОШГ- гэж нэрлэж, ..харъяа байгууллагуудын стратеги зохион байгуулалтын бүтцийг ...шинэчлэн зохион байгуулахыг газрын даргад даалгасан байна.

Дээрх тушаал гаргасантай холбоотойгоор ЦУОШ-газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот Ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаал, түүний хавсралтуудаар аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга нарыг ажлаас чөлөөлж, мөн өдрөөс газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Хэргийн баримтаар Н.Э-гийн өмнө нь ажиллаж байсан Дорноговь аймгийн Ус ЦУОШГ- татан буугдаагүй, уг газрын албан хаагчдын, түүнчлэн даргын ажлын байр байхгүй болж хасагдсан, уг газрын ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй, ...сайдын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 тоот тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг, Ус ЦУОШГ- болгон өөрчилсөн гэж үзэхээр байгааг анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Н.Э- газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, уг шийдвэрийг тэрээр эсэргүүцээгүй боловч ямар нөхцөлтэй түр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой бус, талууд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй ба нэхэмжлэгч тухайн газрын даргын ажил, албан үүргийг гүйцэтгэж байгаад Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/46 тоот тушаалаар ажлаас халагдсан байна.

Б/46 дугаар тушаалд Н.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 тоот тушаалын заалтыг тус тус үндэслэжээ.

Тушаалын агуулга, баримталсан хууль зүйн зохицуулалтаас үзвэл Н.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж ойлгогдох бөгөөд тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ерөнхий заалтуудыг баримталсан боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэрээг цуцлах үндэслэлийг тодорхойлон заагаагүй байна.

2. ЦУОШ-газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот Ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаал, түүний хавсралтуудаар аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга нарыг ажлаас чөлөөлж, мөн өдрөөс газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг шинэчлэн боловсруулж батлуулах, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн болон ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг зохих хууль, журмын дагуу холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэхийг тус газрын дэд дарга бөгөөд Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн даргад үүрэг болгожээ.

Энэ шалгуур хэрхэн бий болсон, ямар шалгуураар дараагийн даргыг томилсноо хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин гомдолд дурдсан анхан шатны шүүх ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/ дэх заалт, 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтуудаас үзэхэд  хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах бөгөөд даатгуулагч болон ажиллуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар хувааж төлөх, даатгуулагчийн болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл тус бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд ажил олгогч шилжүүлнэ гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаандаа сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх ба шүүх түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн тул дутуу төлөгдсөн ажил олгогчоос төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийг олгогдох цалин хөлсөөс хуульд заасан хувиар суутган тооцон, нөхөн төлж нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд зааснаар ажил олгогч хүлээнэ.

Тиймээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэж өөрт нь гаргуулж шийдвэрлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2589 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01964 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ