Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 139

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад 

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                    Х.Батсүрэн

Шүүгчид:                                 Л.Атарцэцэг

                                                 Ч.Тунгалаг

                                                 Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                        П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:       Б.Дүүрэнжаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Налайх дүүргийн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн, геологи, уул уурхайн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх тухай,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0739 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0070 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.М нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0739 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн  27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-с Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Д.Г-г Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг тооцож гаргуулж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, “5,859,308 төгрөгийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Г-г Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг зохих журмын дагуу тооцон гаргаж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлөхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0070 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 11  дүгээр зүйлийн  11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаар тушаалыг хүчингүй болгон, Д.Г-г Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х-н гомдлын агуулгад: Д.Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд тусгагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан холбогдох бичиг баримтаар нотлогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн. Д.Г-ийн талаар хэлтсийн дарга Ж.Г-оос харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тухай, ажил тасалсан, хэл сураг байхгүй байгаа тухай гомдлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст гаргаснаар тус хэлтсээс Д.Г-н ажлыг шалгасан.

4. Шүүхээс Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажил үүргийн хуваарийг /орлон ажиллах/ нотлох баримтаар аваагүй буюу нотлох баримтыг шүүх дутуу цуглуулсан байхад үндэслэл бүхий нотлох баримт гэж дүгнэсэн.

5. Өвчтэй байгаа тухайгаа удирдлагадаа мэдэгдээгүй, эмнэлгийн магадалгааг хүргүүлээгүй зэрэг хариуцлагагүй хандсан буруутай боловч “Төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй” гэж шүүх буруу тайлбарласан.

6. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2.14-т заасны дагуу ажилдаа ирж чадахгүй болсон тухайгаа харьяалах хэлтсийн даргад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. “Мэдэгдэх” гэдэгт заавал өөрийн биеэр ирэлгүйгээр утсаар мэдэгдэх, найз нөхөд, ойр дотны хүмүүсээрээ дамжуулан мэдэгдэх боломжтой байсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах Үндсэн хуулиар олгогдсон эрхийн талаар яриагүй, өвдсөн тухайгаа мэдэгдээгүй, хариуцлагагүй хандсан буруутай талаар маргаж байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

7. Д.Г нь албан бичиг өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн. 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр иргэн С-ийн ирүүлсэн өргөдлийг 61 хоногоор, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.Ц-ийн ирүүлсэн өргөдлийг 58 хоногоор, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Г.М, А.Ц нарын ирүүлсэн өргөдлийг 56 хоногоор, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д.Д, Г.Ө нарын ирүүлсэн өргөдлийг 57 хоногоор хугацааг нь хэтрүүлэн шийдвэрлээгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс зөвхөн иргэн Д.С-ийн ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн талаар дурдаад бусад өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлээгүй зөрчлийг хэлэлцээгүй гаргасан шийдвэрийг зөв дүгнэлт хийсэн гэжээ.

8. Иймд шүүх “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч Д.Г нь Налайх дүүргийн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар “удаа дараа ажил тасалсан, эмчийн хуурамч магадлагаа авчирсан, өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдлыг харгалзаж, гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл оногдуулах зарчимтай. Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллагын оногдуулсан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах шийтгэл нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохироогүй гэж үзлээ.

12. “Ажил тасалсан” гэх зөрчлийн тухайд нэхэмжлэгч Д.Г нь өвчтэй байсан болох нь эмчид үзүүлсэн үзлэг, шинжилгээ хийлгэсэн баримтаар тогтоогдсон, харин эмчээс эмнэлгийн магадлагаа олгохдоо бодитоор үзүүлсэн он сар өдрөөр үйлдээгүй, нөхөн олгож,  магадлагаа олгох журам зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 150 дугаар албан бичиг, “Гурван санчир” өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дүгээр албан бичиг зэрэг баримтаар тогтоогдсон байна. Ийнхүү эмнэлгийн магадлагаа олгох журам зөрчсөн байдал нь нэхэмжлэгчийг “эмчийн хуурамч магадлагаа авчирсан” гэж буруутгах үндэслэл болохгүй буюу нэхэмжлэгч уг магадлагааг бичиж олгох журмыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан биш, тухайн эмнэлгийн магадлагааг бичиж олгосон, эмчлэгч эмчийн үйл ажиллагаатай холбоотой байна.

13. Хариуцагчаас “өвчтэй байгаа тухайгаа мэдэгдээгүй” гэж, нэхэмжлэгчээс “даргад өвчтэй байгаагаа хэлсэн” гэж маргаж байх бөгөөд тухайн байгууллагын цагийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий албан тушаалтан болох гэрч Г.Г-ын “...Г нь би өвчтэй, эмнэлгээр явж байна, актаа авчирч өгнө гээд таг болсон, дарга надаас “акт нь ирсэн үү” гэж асуугаад “ирээгүй” гэж хэлэхэд “тасаар бүртгэ” гэсэн” гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч өвчтэй байгааг тухайн байгууллага мэдсэн болох нь тогтоогдож, харин нэхэмжлэгч нь эмнэлгийн магадлагааг зохих хугацаанд байгууллагадаа хүргүүлээгүй буруутай байна. Гэвч энэ үйлдэл нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халах хэмжээний ноцтой зөрчил биш тул хариуцагчийн гомдлын 5, 6 дахь хэсэг үндэслэлгүй, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “...нэр бүхий 6 иргэд өргөдөл гаргасан, агуулгын хувьд уурхайг шалгаж өгнө үү, зөвшөөрөлгүй уурхайн үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн утгатай, эцсийн байдлаар хяналт шалгалт дуусаагүй, өргөдлийн дэвтэрт ажиллагааг бүртгэн хаагаагүй байдаг” гэж тайлбарлаж байснаас үзэхэд маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “иргэдийн өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй” гэх зөрчил нь нэхэмжлэгчийн албаны чиг үүргээс хамааран шууд дуусгавар болж шийдэгдэх асуудал биш байна. Өөрөөр хэлбэл, дээрх өргөдлийн дагуу нэхэмжлэгч дангаараа хяналт шалгалт хийхгүй, хоёр улсын байцаагчийн хамт шийдвэрлэх байсан, нөгөө талаар уг өргөдлийг шийдэх хугацаанд нэхэмжлэгч өвчтэй байсан, ажилдаа ирээгүй тул захиргааны байгууллага дотоод зохион байгуулалт хийж, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг сунгах боломжтой байсан.

15. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, холбогдох нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд нэр бүхий 6 иргэдийн өргөдлийг шийдэхдээ ямар ажиллагаа явуулсан болох, хэзээ шийдэж дууссан нь тодорхойгүй, хэрэгт зөвхөн өргөдлийг анх бүртгэсэн баримт авагдсан, харин шийдэж, хариу өгсөн тухай нотлох баримт байхгүй, ийм байхад хугацаа хэтрүүлсэн хоногийг хэрхэн тооцож байгаа талаар үндэслэл бүхий тайлбарыг хариуцагчаас гаргаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас зохих журмын дагуу бүрдүүлээгүй буруутай байна

16. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0070 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН       

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ