Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 739

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Д.Г-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаал гарган төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээгээр ажлаас гэнэт халсан. Уг тушаалыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй шийдвэр бөгөөд дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь “хууль зүйн үндэслэлгүй” бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заагдсан хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь төрийн албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хууль зөрчин энэ хуульд зааснаар 27 дугаар зүйлийн 27.2.1, энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх шаардлагыг зөрчин халсан.    

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна; 26.1.3.-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” хэмээн заасан байна. Гэтэл уг тушаалд:

1. Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 зүйлүүдийг хэрхэн зөрчсөн талаарх үндэслэлийг нотлоогүй байна.

Уг тушаалд “удаа дараа ажил тасалсан”, “эмчийн хуурамч магадлагаа авчирсан”, “албан бичиг, өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй” гэсэн үндэслэлийг дурьдсан боловч “удаа дараа ажил тасалсан”, “хуурамч эмчийн магадлагаа авчирсан”, албан бичиг, өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй” гэдгээ нотлохгүйгээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

1.1 “удаа дараа ажил тасалсан” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мониторингийн хэлтсийн шалгалтын баг Налайх дүүргийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн цагийн бүртгэлийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

Учир нь миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын БОГУУХХ-т дээр тайлангаа хамгаалсан. Энэ өдөр чиглэлийн хэлтсийн дарга н.Б-Ө, н.Ж дарга нар жилийн эцсийн тайлангийн хурлыг хийж, би жилийн эцсийн тайлангаа хамгаалсан. Налайх дүүрэгт томилогдоод 1 сар болж байгаа учир, жилийн ихэнхи хэсэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын БОГУУХ хэлтэст ажилласан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын БОГУУХ тайлангаа хамгаал гэсний дагуу тайлангаа хамгаалсан болно.

1.2 “эмчийн хуурамч магадлагаа авчирсан” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие анх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Гурван санчир өрхийн эмнэлэгт үзүүлж өвчний шинжилгээ хийлгэсэн. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлэгийн магадлагаатай өвчтэй байгаад үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байсан тул 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орсон. Эмчилгээ болон шинжилгээний хариуг өвчний түүх дээр бичиж тэмдэглэсэн байгаа. 

Гэтэл мониторингийн хэлтсийн шалгалт хийсэн албан тушаалтан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Гурван санчир” өрхийн эрүүл мэндийн төвийн тамга тэмдэгтэй, эмчийн хувийн тэмдэгтэй Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаалаар баталсан эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8 дагуу хийгдсэн эмнэлэгийн маягтыг хуурамч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эмчийн магадалгааг хуурамч гэдгийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. 

1.3 “албан бичиг, өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй” гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Налайх Дүүргийн 2 дугаар хорооны иргэн Д.С гийн гаргасан гомдлыг Налайх дүүргийн хэлтсийн дарга Ж.Г надад хуваарилсны дагуу хяналт шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах ангитай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийж гомдлын хариуг 2016 оны 11 дүгээр  сарын 28-ны өдрийн 30/200 тоот албан бичгээр хариуг өгсөн.

Мөн миний бие суурьшлын бүс рүү хууль бусаар нэвтэрсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг таслан зогсоох үүднээс цахилгааны хязгаарлалт хийх нөхцөл байдал үүссэн тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтэст хандан тухайн чиглэлийн улсын байцаагч ажиллуулах шаардлагатай байгаа тул томилж өгнө үү гэсэн албан тоотод гарын үсэг зуруулах гээд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 30/187 дугаарыг авсан боловч Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Г гарын үсгээ зурахгүй гэсэн.

Налайхад хууль бусаар нүүрс олборлож байсан 187 амыг улсын байцаагчийн актаар зогсоосон байхад Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар суурьшлын бүсрүү нэвтрэлт хийснийг мэдсээр байж таслан зогсоох арга хэмжээг авч ажиллахад саад хийж, эрчим хүчний хязгаарлалт хийхийг зөвшөөрөөгүй. 

Иймд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн дээрх тушаал хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Д.Г г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх хэлтсийн Геологи Уул уурхай байцаагчийн  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг болох 5,859,308 төгрөгийг зохих журмын дагуу тооцож хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Г д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан байна. Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс ирүүлсэн 30/210, 30/214, 30/231 дугаар албан бичигт тус хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Г г өөрийн хариуцсан геологи, уул уурхайн хяналтын 2016 оны ажлыг тайлагнаагүй, удирдлагаас тавьсан шаардлагыг эрс эсэргүүцсэн, тайлангийн хурлын үеэр болон ажлын болон ажлын цагаар хамт олны дунд удаа дараа ёс зүйн хувьд доголдолтой үйлдэл гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажилдаа ирээгүй, ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг тодруулахаар утсаар холбогдоход утсаа авахгүй, утас руу нь удаа дараа залгахад “өвчтэй эмнэлэгт хэвтсэн гээд утсаа тасалсан", эмнэлэгт хэвтсэн гэх албан ёсны эмчийн магадлагаа, бичгийг ирүүлээгүй тухай гомдлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст гаргасны дагуу тус хэлтсээс Д.Г гийн ажилдаа ирээгүй тасалсан гэх өдрүүд, албан бичиг, өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдалд шалгалт хийсэн болно.

Шалгалтаар дээрхи зөрчил дутагдлууд байгаа нь нотлогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл /Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг/-ийн 13.1.4/Харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх/ заалт, тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1 /Ажилтан албан хаагчид нь Монгол Улсын “Үндсэн хууль”, “Төрийн албаны тухай”, “Төсвийн тухай”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдьчилан сэргийлэх тухай”, “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулиуд болон бусад хууль тогтоомж, дүрэм журмыг удирдлага болгон өргөсөн тангараг болон төрийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлж, үнэнч шударга хөдөлмөрлөж эрхэлсэн ажилдаа шинэ арга барил нэвтрүүлэн хариуцлагатай, идэвхи санаачилгатай хандаж, цагийг үр бүтээлтэй ашиглан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллах/, 3.2.14 /Хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд харьяалах хэлтсийн даргад 24 цагийн буюу 1 хоногийн өмнө заавал мэдэгдэж байна/, 10.1.2 /Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн/, 10.1,8 /Өвчтэй байх хугацааны эмчийн магадалгаа байхгүй, хуурамч эмчийн магадлагаа авчирсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй 1 буюу түүнээс дээш өдөр ажилдаа ирээгүй, тасалсан тохиолдолд ажилтныг ажлаас шууд халах буюу чөлөөлнө/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 /Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална/, 25.1,1 /Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/ заалтыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Г д ногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны Б/12 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэсэн Маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлтийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор дэмжсэн байдаг гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн улсын байцаагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 1-р хавтас 20/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “1.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2.Д.Г г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 3.Ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 5,859,308 төгрөгийг зохих журмын дагуу тооцож гаргуулж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу хэргийг хянан шийдвэрлэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэхэд дараахь бодит нөхцөл байдал тогтоогдож байна:

Нэхэмжлэгч Д.Г г Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/443 дугаар тушаалаар Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаар ТЗ-6-3 зэрэглэлтэйгээр ажиллуулахаар шилжүүлэн томилжээ /хх 1-р хавтас 82/.

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, эмчийн хуурамч магадлагаа авчирсан, албан бичиг, өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэсэн 2 үндэслэлээр Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчын албан тушаалаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ /хх 1-р хавтас 8/.

Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус нэхэмжлэгчийг “хууль тогтоомжын дагуу арга хэмжээ авч өгөх, ёс зүйн хариуцлага тооцуулах, 4 иргэний гомдол, тогтвортой бичил уурхай төслийн төлөвлөгөөнд санал ирүүлэх бичгийг албан ёсоор шийдвэрлээгүй, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өвчтэй гэсэн шалтгаанаар ажилдаа ирээгүй, өвчтэй байгааг нотлох баримт өгөөгүй” гэсэн агуулага бүхий албан бичгүүдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ /хх 1-р хавтас 70-72/.

Дээрхи албан бичгүүдийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  шалгалт явуулж, дүгнэлт гаргаж /хх 1-р хавтас 135-142/ эдгээрийг үндэслэн хариуцагч талаас нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, эмчийн хуурамч магадлагаа авчирсан, албан бичиг өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй” гэсэн 2 үндэслэлээр ажлаас халжээ. 

1.Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, эмчийн хуурамч магадлагаа авчирсан эсэх талаар:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан эмчийн магадлагаа шалгасан тухай, мөн шалгалтын дүгнэлт /хх 1-р хавтас 135, 140, 141/, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд: нэхэмжлэгчийг “өрхийн эмнэлэгт 2016 оны 12 дугаар сарын 05, 07, 09-15-ны өдөр хүртэлх эмчийн үзлэг байхгүй, энэ хугацаанд эмчид үзүүлээгүй, өрхийн эмч магадлагааг нөхөж үйлдсэн, магадлагаанд бичигдсэн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг, мөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл сунгуулсан эмчийн магадлагаа үндэслэлгүй байгаа тул 12 дугаар сарын 12-19-ний өдрийг хүртэл ажил тасалсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8 өдөр ажил тасалсан нь Газрын дотоод журмын 6.1, 10.1.8-д “Өвчтэй байх хугацааны эмчийн магадлагаа байхгүй, хуурамч эмчийн магадлагаа авчирсан, хүндэтгэн үэзэх шалтгаангүйгээр 1 буюу түүнээс дээш өдөр ажилдаа ирээгүй, тасалсан ...” гэж заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг ажлаас нь халжээ.

 Нэхэмжлэгч Д.Г  нь “Артерийн даралт ихсэлт 2-р зэрэг, зүрхний титэм судасны нарийсал, Хөгшрөлийн эхэлж буй цийлт, Сувганцарын завсрын эдийн архаг нефрит” өвчнөөр өвчилсөн учир Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Гурван санчир” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ч.О ээс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл хугацаанд эмнэлэгийн магадлагаа олгож, уг магадлагааг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ны өдөр хүртэл сунгасан,  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 28-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн гэдэг нь магадлагаа, эмчийн тодруулга, мэдүүлэг, эмчийн үзлэгийн хуудас, өвчний түүх /хх 1-р хавтас 14, 75, 2-р хавтас 78-82/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  Мөн нэхэмжлэгч нь энэхүү өвчний улмаас Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үзлэг, шинжилгээ хийлгэсэн гэдэг нь уг эмнэлгийн шинжилгээний баримт, эмчийн үзлэгийн хуудас /хх 2-р хавтас 78-82/-аас тогтоогдож байна. 

Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д иргэн эрүүл мэндээ хамгаалах эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах эрхтэй байхаар заажээ. 

Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ”эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлэхээр мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгохоор тусгажээ. 

Цаашлаад Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “өрхийн эмч” гэж өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний их эмчийг хэлэхээр, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь өрхийн эрүүл мэндийн, ... сэргээн засахын гэсэн төрөлтэй байна.,. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөлд хамаарахаар заажээ. Уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Монгол Улсын иргэн, хүн өвчлөхөд эмч, эмнэлгийн байгууллага магадлагаа гаргахаар заажээ. 

Түүнчлэн Хүн амын, хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэнд эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.8.1-д “хөдөлмөрийн чадвараа түр алдсан эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсан өдөрт нь, эсвэл эмчлүүлж дууссанаас хойш ажлын 5 ...хоногийн дотор олгоно.” гэж эмнэлгийн хуудас олгох хугацааг тодорхойлохоор заажээ.  

Дээрх хууль, журмын заалтуудыг маргааны тохиолдолын хувьд авч үзвэл, нэхэмжлэгч Д.Г  нь эрүүл мэндээ хамгаалуулж, эрүүл мэндийн байгууллага буюу өрхийн эмнэлэг, эмчид эмнэлгийн тусламж авч, эмчлүүлэхээр хандсан. Өрхийн эмч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн дагуу Д.Г д үзлэг хийж, оношлон, нарийн  оношлогоо хийлгэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх талаар зөвөлгөө өгч, түүнийг өвчтэй учир эмнэлгийн магадлагааг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүртэл олгосон. Улмаар өрхийн эмчээс нэхэмжлэгчийн өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах цогц арга хэмжээний хүрээнд дахин эмнэлгийн магадлагааг 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл олгожээ. Дээр дурдсан хууль, журмын заалтаас үзэхэд магадлагааг эмчлүүлж дууссан цаг хугацаанаас хойш 5 хоногийн хугацаанд олгохоор заасан. Иймд “нэхэмжлэгчийг өрхийн эмнэлэгт 2016 оны 12 дугаар сарын 05, 07, 09-15-ны өдөр очоогүй, энэ өдрүүдэд эмчийн үзлэгт хамрагдаагүй” гэж хариуцагчаас тайлбарлан нэхэмжлэгч болон өрхийн эмчийг буруутган улмаар өрхийн эмчээс нэхэмжлэгчид олгосон магадлагааг нөхөн олгосон, хуурамч гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.  Хариуцагч талын “2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч эмнэлэгт үзлэг хийлгээгүй, 12 дугаар сарын 05-ны өдөр очсон” гэсэн тайлбар нь гэрч Ч.О ийн “...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс Ц-Ө гээд шинэ эмчид үзүүлсэн. Тэр өдөр зөвөлгөө өгөөд надтай уулзах талаар хэлсэн бөгөөд ... надад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үзүүлсэн...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй. 

Тодруулбал, аливаа этгээдийг өвчин туссан, түүнийг эмчлэх үйл ажиллагаа хийгдсэн гэдгийг эмч, эмнэлэгийн байгууллагад өвчтөн хандсан, очсон, үзлэг хийсэн цаг хугацаанаас эхлэн тооцох нь бодит байдалд боломжгүй, учир нь өвчтөнийг эмчлэх арга хэмжээ нь өвчний шинж байдлаас шалтгаалж зөвхөн үзлэгээр хязгаарлагдахгүй өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зэргээр тасралтгүй үргэжлэх цогц арга хэмжээ байхаар дээр дурдсан хуулиудад заасан. Мөн өвчний улмаас ямар ч хүн хэвтэрт орох, эмнэлийг үзлэг, тусламж авч чадахгүй нөхцөл байдал бий болох боломжтой юм. 

Иймээс нэхэмжлэгч Д.Г  нь  “Артерийн даралт ихсэлт 2-р зэрэг, зүрхний титэм судасны нарийсал, Хөгшрөлийн эхэлж буй цийлт, Сувганцарын завсрын эдийн архаг нефрит” өвчнөөр өвчилсөн” гэдгийг өрхийн эмч төдийгүй түүний хийлгэсэн шинжилгээ, оношлогоо, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэгээр тогтоогдож, мөн нэхэмжлэгчийг зөвхөн өрхийн эмчийн эмчилгээг хийлгээд зогсоогүй, үргэжлүүлэн эмнэлэгт хэвтсэн энэхүү бодит нөхцөл байдал 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэжилсэн байхад түүнийг эмнэлэгт очоогүй, үзлэгт хамрагдаагүй гэсэн үндэслэлээр буруутган түүнд олгосон эмнэлгийн магадлагааг хуурамч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

2.Албан бичиг өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эсэх талаар:

Хариуцагчаас “иргэдээс ирүүлсэн 4 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэээгүй: Иргэн н.С гийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн бүртгэлийн 73 дугаар өргөдлийг 61 хоногоор, иргэн Б.Ц гийн 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн бүртгэлийн 74 дүгээр өргөдлийг 58 хоногоор, иргэн Г.М , А.Ц нарыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн бүртгэлийн 75, 76 дугаар өргөдлийг 56 хоногоор, иргэн Д.Д, Г.Ө Ж ын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн бүртгэлийн 77 дугаар өргөдлийг 57 хоногоор хэтрүүлэн шийдвэрлээгүй, Налайх дүүргийн Засаг  даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/385 дугаартай албан бичгийг 42 хоногоор хэтрүүлэн шийдвэрлээгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгажээ. Иргэдийн өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 7.2, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 4.2.2, Газрын дотоод журмын 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн” гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас нь халжээ /хх 1-р хавтас 26-27, 141, 2-р хавтас 219-223/.

Нэхэмжлэгчийг буруутгаж байгаа иргэн н.С гийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн бүртгэлийн 73 дугаар өргөдлийг хуульд заасан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, иргэн Б.Ц гийн 2016 оны 11 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн бүртгэлийн 74 дүгээр өргөдлийг хуульд заасан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, иргэн Г.М , А.Ц нарыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн бүртгэлийн 75, 76 дугаар өргөдлийг хуульд заасан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, иргэн Д.Д, Г.Ө Ж ын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн бүртгэлийн 77 дугаар өргөдлийг хуульд заасан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр, Налайх дүүргийн Засаг  даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/385 дугаартай албан бичгийг хуульд заасан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр тус тус дуусгавар болохоор байсан. Харин нэхэмжлэгч Д.Г  нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэйн улмаас ажилдаа ирээгүй гэдэг нь тогтоогдсон.

Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд эдгээр өргөдөл, албан бичгийг шийдвэрлэж хариу өгөх сүүлийн /30 хоногийн/ хугацаа нэхэмжлэгчийг өвчтэй байх хугацаатай давхцаж байна. 

Түүнчлэн дээр дурдсан бүртгэлийн 74-77 дугаар бүхий өргөдөл нь нэхэмжлэгч Д.Г гаас гадна А.О, Р.Л нарт хамтран ажиллаж санал боловсруулан хүргүүлэх чиглэлээр байгууллагын даргаас цохогдсон, Налайх дүүргийн Засаг  даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/385 дугаартай албан бичгийг Д.Г , А.О нар мөн хамтран ажиллаж, төсөл боловсруулж хүргүүлэх чиглэлээр байгууллагын даргаас цохолт бичигдсэн гэдэг нь өргөдлийн дэвтрийн хуулбар /хх 2-р хавтас 85-86,/, өргөдөл хариуцсан ажилтан Г. Гын тайлбар /хх 2-р хавтас 87/, гэрч А.О, Р.Лгийн мэдүүлэг /хх 2-р хавтас 203-205, 208-210/, өргөдлүүдийн хуулбар /хх 1-р хавтас 160-163/, албан бичгийн эх хувь /хх 3-р хавтас 2/ зэргээр тогтоогдож байна. 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэжээ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна., 19 дүгээр зүйлийн 1-д “Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тухайн байгууллагын эрх баригч болон эрх бүхий албан тушаалтан хяналт тавина.” гэжээ. 

Энэхүү хуулийн заалтуудаас үзэхэд маргаан бүхий тохиолдлын хувьд нэхэмжлэгч өргөдөл, гомдлыг шийдвэрлэж дуусах /30 хоногийн/ хугацаа дуусахаас өмнө өвчний учир ажил, албан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан. Иймд түүний эзгүйд шууд харъяалах дээд шатны албан тушаалтан /эрх бүхий албан тушаалтан/ нэхэмжлэгч Д.Г д хуваарилагдсан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд дээр дурдсан хуулийн дагуу хяналт тавьж, хамтран уг өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий этгээд А.О, Р.Л нарт, эсхүл түүнийг ажил, үүргийг түр орлон гүйцэтгэх этгээдэд шилжүүлэх, уг өргөдөл, гомдлыг хугацааг сунгах зэргээр ажиллах үүрэгтэй байжээ. 

Гэтэл энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлээгүй гэж  нэхэмжлэгчийг өвчтэй байх хугацаандаа гүйцэтгэж чадаагүй үйлдэлд буруутгаж байгаа нь бодит нөхцөл байдлыг судлан үзэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэхээр байна. 

Дүгнэхэд, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, эмчийн хуурамч магадлагаа авчирсан, албан бичиг өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бодит үндэслэл тогтоогдоогүй байхад Д.Г г төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалаас халсан хариуцагчийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд баримтлах бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй байна. Мөн маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэж заасантай мөн нийцээгүй байна. 

Дүгнэхэд, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт нь хууль бус бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн захиргааны албан хаагч Д.Г гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас зөрчигдөж, нэхэмжлэгч хууль бусаар ажлаас халагдсан гэдэг нь тогтоогдож байна. 

Үүний учир төрийн захиргааны албан хаагч Д.Г гийн төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдахгүй байх эрх, хууль ёсны сонирхлыг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон ажилгүй байсан цалин хөлсийг олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн цалинг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн тооцоолох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн “5,859,308 төгрөгийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн  27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г гаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Д.Г г Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг тооцож гаргуулж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, “5,859,308 төгрөгийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Г г Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг зохих журмын дагуу тооцон гаргаж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлөхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                         А.САРАНГЭРЭЛ