Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/05260

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 28

101/ШШ2023/05260

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Н.Сарангүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0000 оршин байрлах, Г э ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, С овогт Х.Б /рд:0000/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 23,181,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Очирбат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Х.Бийг Г э ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр мэс заслын эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Л.Ггийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа ажил олгогч хүлээнэ гэсний дагуу манай байгууллагаас 23,181,892 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн. Л.Гд учруулсан 23,181,892 төгрөгийн хохирлыг манай компани бүрэн төлж барагдуулсан.  Энэхүү шийтгэх тогтоолыг Х.Б нь эс зөвшөөрч буюу гэм буруугүй гэсэн агуулгаар давж заалдах шатны журмаар гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгдэгч Х.Бийг Г э ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр мэс заслын эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйгээс иргэн Л.Ггийн биед хундэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай" гэснийг хэвээр үлдээсэн тул уг шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар хариуцагч Х.Б гэм буруутай болох нь хэвээрээ үлдсэн.

Магадлалын 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэсэн зарчмыг баримтлан прокуророос Х.Бөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилсүгэй гэж, 3 дахь заалтаар 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Х.Бөд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолын Гэм буруутайд тооцсон 1 дэх заалт, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 000 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хэвээр үлдээсэн магадлалаар тус тус Х.Бийн гэм буруугийн асуудлыг ямар нэгэн маргаангүйгээр эцэслэн шийдвэрлэж дууссан. Тиймээс ч шийтгэх тогтоол, магадлалаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчээс 23,181,892 төгрөгийг гаргуулан тухайн эрүүгийн хэргийн хохирогч Л.Гд олгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн хохирогч Л.Гд учруулсан 23,181,892 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч тус эрүүгийн хэргийн хувьд иргэний хариуцагчийн хувиар бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ талаарх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж төлбөрийг бүрэн төлсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болж хаагдсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан тул хариуцагч Х.Бийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан этгээд болох нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалт болон шийтгэх тогтоол, магадлалын дагуу түүний өмнөөс төлсөн учраас өөрт учирсан уг хохирол болох 23,181,892 төгрөгийг холбогдох хуулийн хүрээнд хариуцагч Х.Бөөс гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

Түүнчлэн дээр тайлбарласан Хан-Уул дүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоол болон түүнийг хянаж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчийн эс зөвшөөрч маргаад байгаатай адилаар эмч Л.Аг гэм буруутайд тооцож шнйдвэрлэсэн зүйл огт байхгүй тул түүний энэ талаарх татгалзаж буй тайлбар үндэслэлгүй юм гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний 000 дугаар шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр биш тогтоолыг үндэслэл болгосон. Энэ тогтоол нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000тоот магадлалаар Х.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн буюу намайг гэм буруугүйд тооцсон. Миний бие Г э ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үед буюу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Л.Гд төлөвлөгөөт журмаар цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэсэн. Мэс заслын явцад өвчтөнд цөсний хүүдийн цоргогүй хүүдий буюу scystic gallbladder гэж нэрлэгддэг цөсний замын төрөлхийн гаж хөгжил тодорхойлогдсон. Мэс заслын явцад тохиолдсон энэхүү ээдрээтэй байдлыг харгалзан, тухайн нөхцөл байдалд тохирсон холбогдох арга хэмжээг авч, хэвлийд 1 трокарь (мэс заслын багаж оруулах зориулалт бүхий тусгай орц-багаж) нэмэлтээр байрлуулан, цөсний хүүдийг ретроград буюу ардаас нь хуулж авах техникээр мэс заслыг хийж гүйцэтгэсэн болно. Мэс засал дууссаны дараа уг хагалгааны явц, тохиолдсон нөхцөл байдал ба тухайн үед авсан арга хэмжээ, хагалгааны дараа учирч болох эрсдэл (цөсний ерөнхий суваг, цөсний хүүдийн ёроол хоёр нь завсар босоогоор, дээр доороос нь угтуулан тавьсан 2 клип буюу хавчаарууд цөсний ерөнхий сувагт хэт шахагдаж тавигдсан байх), гарч болох хүндрэл, хэрэв эрсдэл нь бодит болж хүндрэл гарвал түүнийг засах боломжит эмчилгээний арга, хагалгааны дараах 24-48 цагийн турш өвчтөнийг ажиглах, өвчтөн болон өвчтөний ар гэрт сайтар тайлбарлан хэлж ойлгуулсан. Мөн мэс заслын тэмдэглэл, хууль эрх зүйн баримт бичиг болох өвчтөний түүх зэрэгт анхааруулан тэмдэглэж үлдээсэн. Харамсалтай нь мэс заслын дараах 2 дахь өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өвчтөнд механик шарлалт эхэлсэн. Маргааш өглөө нь буюу 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өвчтөн Л.Гд Гранд мед ХХК-ийн мэс заслын зөвлөх эмч Л.А хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбох мэс ажилбарыг хийж гүйцэтгэсэнУг мэс ажилбарын үед миний бие Л.А эмчийн туслах мэс засалчаар оролцсон хийгээд хагалгааны явцад Л.А эмч цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбохдоо нарийн гэдэсний өгсөх хэсгийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулан холбоход нь техникийн хувьд буруу бөгөөд та бүдүүн гэдэсний араар нь холбох ёстой гэдгийг анхааруулан хэлсэн боловч зүгээр, Монголд ингээд л хийдэг юм гэсэн. 2015 оны 6 сарын эхээр өвчтөн эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад, мэс заслын дараах үед буюу хяналтанд байх хугацаанд өвчтөнд үе үе хоолны дуршил алдагдах, хэвлийн дээд хэсэг, аюулхай орчмоор таталдаж өвдөнө гэсэн зовиурууд илэрч байсан. Гранд мед ХХК-д хийлгэсэн шинжилгээнүүдээр цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоос (Л.А эмчийн гүйцэтгэсэн хагалгаа) нарийссан гэсэн онош тавигдсан. Уг холбоосны нарийсалтыг засуулахаар өвчтөн Солонгос улс руу эмчилгээнд явсан. Солонгос улсад эхний удаад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэвлийн эхографийн хяналтан дор арьсны гаднаас зүүгээр хатгалт хийн цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоосны нарийсалтыг тэлж засах ажилбар хийсэн боловч энэ нь үр дүнгүй болсон. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөн эмнэлэг дээр хэвлийн нээлттэй аргаар дахин мэс засал хийж цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоосны нарийссан хэсгийг засварлаж, дээш өгссөн нарийн гэдэсний хэсэг бүдүүн гэдэсний урдуур дамнаж буруу тавигдсан байсныг бүдүүн гэдэсний араар буюу хэвийн байрлалд оруулж зассан гэдэг нь Эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тодорхой байсан. Л.Ггийн Солонгос улсад очиж 2 удаагийн мэс ажилбар болон мэс засал хийлгэсэн шалтгаан нь Л.А эмчийн гүйцэтгэсэн цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоос буруу хийгдсэнээс болсон. Гранд мед ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Л.Гтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол зорилго өөрийн бизнесийн нэр төрийг хамгаалах зорилгоор байгуулсан гэрээ юм.

Иймд Гранд мед ХХК-ийн 23,181,892 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоол, төлбөрийн даалгавар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 928 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 000 дугаар тогтоол, мэс заслын их эмчийн акт барагдуулах график, Грандмед ХХК-ийн эмнэлгийн даргын тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал,

3.2 хариуцагчаас гаргасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 000дугаар магадлал, Монголын элэг цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/10 тоот дүгнэлт, прокурорын эсэргүүцэл, фото зураг,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн өвчтөн Л.Ггийн БНСУ-д эмчлүүлсэн талаарх эмнэлгийн баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г э ХХК нь хариуцагч Х.Бөд холбогдуулан гэм хорын хохиролд 23,181,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар тогтоолоор, Х.Бийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бөд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х.Бөд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар иргэний хариуцагч Г э ХХК-иас 23,181,892 төгрөг гаргуулж Л.Гд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон иргэний нэхэмжлэгч Г э ХХК-ийн нэхэмжилсэн 32,008,950 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Уг шийтгэх тогтоолд хохирогч Л.Г, иргэний хариуцагч Г э ХХК нар давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 928 дугаар магадлалаар хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бөд холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаасан байна.

Дээрх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 928 дугаар магадлалд прокуророос хяналтын журмаар эсэргүүцэл гаргаж, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 000 дугаар тогтоолоор 928 дугаар магадлалыг хүчингүй болгож, Х.Бөд холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Ингээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх эрүүгийн хэргийг дахин давж заалдах журмаар хэлэлцэж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000дугаар магадлал гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Уг хүчин төгөлдөр магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бөд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос Х.Бөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилсүгэй гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х.Бөд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн заалтыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Х.Бөд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай эмнэлэгт ажиллаж байсан мэс заслын их эмч Х.Б нь өвчтөн Л.Гд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Манай эмнэлэг өвчтөн Л.Гд гадаад улсад эмчлүүлсэн зардал болох 23,181,892 төгрөгийг төлсөн. Ажилтаны бусдад учруулсан гэм хорыг байгууллага төлсөн тул гэм буруутай этгээдээс гарсан зардлаа нэхэмжилнэ гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...эрүүгийн шүүхээр миний гэм буруутай болох нь тогтоогдоогүй, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Би өвчтөн Л.Гд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлөвлөгөөт журмаар цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэсэн. Дурангийн мэс заслын дараа 2 дахь өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өвчтөнд механик шарлалт эхэлсэн. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өвчтөн Л.Гд Г э ХХК-ийн мэс заслын зөвлөх эмч Л.А хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбох мэс ажилбарыг хийж гүйцэтгэсэн. Уг мэс ажилбарын үед миний бие Л.А эмчийн туслах мэс засалчаар оролцсон. Нээлттэй хагалгааны явцад Л.А эмч цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбохдоо нарийн гэдэсний өгсөх хэсгийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулан холбоход нь техникийн хувьд буруу бөгөөд та бүдүүн гэдэсний араар нь холбох ёстой гэдгийг анхааруулан хэлсэн боловч Монголд ингээд л хийдэг юм гээд хийсэн.  Өвчтөнд үе үе хоолны дуршил алдагдах, хэвлийн дээд хэсэг, аюулхай орчмоор таталдаж өвдөнө гэсэн зовиурууд илэрсэн. Энэ нь нарийн гэдсийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулан хийснээс ийм зовиур илэрсэн болохыг БНСУ-ын эмнэлэг тогтоосон. Иймд нээлттэй хагалгааг Л.А эмч буруу техникээр хийснээс үүдэн өвчтөн гадаад улсад дахин хагалгаанд орж эмчлүүлсэн зардлыг би хариуцахгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Г э ХХК-д 2015 онд мэс заслын эмчээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан байх ба тэрээр 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өвчтөн Л.Гд цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэжээ.

Уг дурангийн мэс ажилбарын дараа өвчтөн Л.Гд механик шарлалт илэрсэн тул Г э ХХК-ийн зөвлөх эмч Л.Агаар удирдуулан 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өвчтөнд хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбох мэс ажилбарыг хийж гүйцэтгэсэн байна. Өвчтөн Л.Гд 2 дахь хагалгааг Л.А эмч удирдан гүйцэтгэсэн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарлаж, маргаагүй.

Үүний дараа өвчтөн Л.Ггийн элэг, нарийн гэдэст нарийсалт, наалданги үүссэний улмаас биед зовиур илэрч, тэрээр БНСУ-ын Анам эмнэлэгт 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр чулуугүй цөсний замын нарийсалт оношоор дахин нээлттэй хагалгаанд орсон байна.

 

4.2 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар тогтоолоор эмч Х.Бийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өвчтөн Л.Гд цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбар гүйцэтгэхдээ цөсний ерөнхий сувагт хавчаар тавьсан нь техникийн алдаа болсныг тогтоож, түүнийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч Г э ХХК-иас 23,181,892 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гд олгож шийдвэрлэсэн байна.

Уг шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000дугаар магадлалыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэх хуудсын дагуу Г э ХХК нь 23,181,892 төгрөгийг хохирогч Л.Гд төлсөн болох нь төлбөрийн даалгаврын баримтаар тогтоогдсон.

 

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.

 

5.1 Хариуцагч Х.Бөөс гаргасан ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба намайг гэм буруутайд тооцоогүй гэх татгалзал үндэслэлгүй байна. Учир нь, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Х.Бийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000дугаар магадлалаар хэвээр үлдээн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх эцэслэн дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Х.Бийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

 

5.2 Ажил олгогч Г э ХХК нь ажилтан Х.Бийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгасан болох нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 789 дугаартай төлбөрийн даалгавар гэх баримтаар тогтоогдсон. Иймд ажил олгогч Г э ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажилтаны бусдад учруулсан хохирлыг мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтан Х.Бөөс шаардах эрхтэй.

 

6. Хариуцагч Х.Бийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өвчтөн Л.Гд цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэсний дараа Г э ХХК-ийн зөвлөх эмч Л.Агаар удирдуулан 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өвчтөнд хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбох мэс ажилбарыг хийж гүйцэтгэсний улмаас элэг, нарийн гэдэст нарийсалт, наалданги үүсч өвчтөнд зовиур илэрч, БНСУ-д дахин хэвлийн нээлттэй хагалгаанд орсон үйл баримт тогтоогдсон.

 

6.1 БНСУ-ын Анам эмнэлгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэс заслын тэмдэглэлд ...Өвчтөн Г, 41 настай, эм, Мэс заслын дараах онош: цөсний ерөнхий сувгийг өлөн нарийн гэдэстэй холбосон залгаасны нарийсалт. Хийгдсэн мэс ажилбар: Цөсний сувгийг өлөн нарийн гэдэстэй холбох холболтыг засаж өөрчлөх. Мэс заслын явцад тогтоогдсон бодит байдал: 2015 оны 5 сард цөсний хүүдий авах мэс ажилбарын дараа цөсний сувгийг өлөн нарийн гэдэстэй холбох мэс ажилбар хийгдсэн. Уг холбоосны нарийсал үүссэний улмаас элэг дайруулан цөсний замыг чөлөөлөх ажилбарыг биений гаднаас элэгний 3-р сегментээр дамжуулан катетер тавих ажилбар хийгдсэн. Элэг болон сэмж хоорондоо хүчтэй наалдсан. Цөсний хүүдий авсан газар нарийн гэдэс байрлана. Цөсний сувгийг өлөн нарийн гэдэстэй холбосон залгаасыг шалгахын үүднээс наалдацыг салгав. Ру-гийн аргаар дээш өгссөн нарийн гэдэс нь бүдүүн гэдэсний урдуур дамнуулсан байрлалтай байсныг засаж бүдүүн гэдэсний араар байрлалд орууллаа. Урьд нь хийгдсэн цөсний сувгийг өлөн нарийн гэдэстэй холбосон залгаасны хэсэг сорвижилтын улмаас нарийссан байсныг засаж нарийн гэдсэнд шинэ анастомоз, задгаас хийхээр зүслэг хийсэн гэжээ. /хх-51-52/

Үүнээс дүгнэхэд өвчтөн Л.Гд Г э ХХК-ийн зөвлөх эмч Л.Агаар удирдуулан 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хийсэн нээлттэй хагалгаагаар дээш өгссөн нарийн гэдсийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулсан байрлалтай хийсэн нь холбоосны нарийсал үүсгэж, элэг болон сэмж хоорондоо хүчтэй наалдах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

БНСУ-ын Анам эмнэлгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэс заслаар өвчтөн Л.Ггийн дээш өгссөн нарийн гэдсийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулсан байрлалтай хийснийг зөвтгөн бүдүүн гэдэсний араар байрлалд оруулж зассан байна.

 

6.2 Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалаар хариуцагч Х.Бийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч уг иргэний хэргийн бодит үйл баримтаар Г э ХХК-ийн зөвлөх эмч Л.Агаар удирдуулан 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хийсэн нээлттэй хагалгааны үр дагаврыг БНСУ-ын Анам эмнэлэг дахин мэс засал хийх замаар зөвтгөн зассан болох нь тогтоогдож байна.

Гэрч Л.Агаас ...Би зөвлөх эмч тул Л.Гг санахгүй байна. Х.Бтэй нэг удаа хагалгаанд орж байсан. Олон жилийн өмнө болсон тул тухайн мэс заслын үед ямар процесс болсныг санахгүй байна. Мэс заслын явцад удирдан явуулж буй мэс засалч шийдвэр гаргадаг. Мэс засалч тухайн гаргасан шийдвэртээ өөрөө бүрэн хариуцлага хүлээдэг гэж мэдүүлсэн.

Иймд нэхэмжлэгч Г э ХХК нь өвчтөн Л.Ггийн БНСУ-ын Анам эмнэлэгт эмчлүүлэхэд гарсан зардал болох 23,181,892 төгрөгийг хариуцагч Х.Бөөс бүхэлд нь шаардсан нь учир дутагдалтай байна.

 

6.3 Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ц.Очирбатаас ...хариуцагчийг гэм буруутай гэж үзэхгүй байна. Х.Б нь хохирлыг барагдуулах шаардлагагүй гэж дүгнэлт гаргасан.

Иймд хэргийн нөхцөл байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан гэм хорын хэмжээг багасгаж, хариуцагч Х.Бөөс 11,590,946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,590,946 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасантай тус тус нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй. Иймд хариуцагчаас 11,590,946 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 200,405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

8. Хэргийн 117 дугаар талд 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн мэс заслын их эмч Х.Бийн акт барагдуулах график гэх баримт авагдсан. Уг баримт нь гэм хорын хохирол 23,181,892 төгрөгт тооцон төлөгдөх баримт биш, Х.Бийн ажиллаж байх хугацаандаа байгууллагад төлөх бусад өр төлбөрийг баталгаажуулсан гэх баримт гэж талууд тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Бөөс 11,590,946 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,590,946 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 200,405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Н.САРАНГҮН

 

 

Т.ЭНХЖАРГАЛ