Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00918

 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02581 дүгээр шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1912 дугаар магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****өд холбогдох, 

Гэм хорын хохиролд 23,181,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****өд холбогдуулан гэм хорын хохиролд 23,181,892 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02581 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан, хариуцагч ****өөс 23,181,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1912 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ****өөс 23,181,892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Гранд мед ****” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж” гэж ...үлдээж гэсний дараа “хариуцагч ****өөс 273,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Гранд мед ****” ХХК-д олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 274,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1912 дугаар магадлалыг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх талуудын маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь зохигчдын мэтгэлцээнийг шүүх ялган зааглаж, хүлээн авах эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчаас гэм хорын хохирол шаардсан. Хуулийн зохицуулалтаар хариуцах этгээд нь “гэм буруутай” нь тогтоогдсон байх шаардлагатай. Гэтэл хариуцагчийг гэм буруутай гэж үзсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.11-ний өдрийн 277 дугаар тогтоолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.22-ны өдрийн 483 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “... ****өд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн” 3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан ****өд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж шийдвэрлэсэн. Магадлалын өөрчлөлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “яллагдагчаар татаж болохгүй”, ЭХХШТХуулийн 1.5 “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” үндэслэлийг зааж эцэслэн шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэгэнт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэм буруугийн асуудал яригдахгүй бөгөөд анхан шатны шүүх “... **** ****” ХХК нь иргэн Л.Ганзаяад учирсан хохирлоос 23,181,892 төгрөгийг хариуцах болсон үндэслэл ойлгомжгүй, улмаар хариуцагч ****ийн ямар үйлдэл холбогдол нь энэхүү 23,181,892 төгрөгийн мөнгөн дүнгийн хэмжээгээр хариуцлага хүлээлгэх үндэслэл болох эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна” гэж зөв дүгнэлт хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын маргааны харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс маргааны агуулгыг нягтлан үзээгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “талууд шүүхийн өмнө эрх тэгш байх”, 6 дугаар зүйлийн “мэтгэлцэх зарчим дээр тулгуурлах”, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа гаргаж мэтгэлцэх, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг хэрэгжүүлэхэд алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдэхдээ эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн гэж үзэж дүгнэлт хийсэн нь бүхэлдээ алдаатай болсон. Эрүүгийн хэргийн магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт орсон бөгөөд ****өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн. Нэгэнт шүүх хэрэг биш гэж үзсэн нь гэм буруугийн асуудалд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 101/ШШ2020/02581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1912 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****өд холбогдуулан гэм хорын хохиролд 23,181,892 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулсан байна. 

8. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн маргаж буй үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор, ****ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****өд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ****өд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар иргэний хариуцагч “ **** ****” ХХК-аас 23,181,892 төгрөг гаргуулж Л.Ганзаяад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон иргэний нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн нэхэмжилсэн 32,008,950 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2018.05.22-ны өдрийн 483 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ. 

10. Магадлалаар, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****өд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос ****өд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилсүгэй гэж,

3 дахь заалтын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ****өд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн” заалтыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан ****өд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “ **** ****” ХХК-аас 23,181,892 төгрөг гаргуулж Л.Ганзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу тус компани Л.Ганзаяад учирсан хохирлыг иргэний хариуцагчийн хувиар бүрэн төлж барагдуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж хэрэг хаагдсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар байгууллагад учирсан хохирол болох 23,181,892 төгрөгийг ****өөс гаргуулна гэжээ. 

12. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...2015.05.21-ний өдөр иргэн Л.Ганзаяад төлөвлөгөөт журмаар цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэсэн, мэс заслын явцад өвчтөнд scystic gallbladder гэж нэрлэгддэг цөсний замын төрөлхийн гаж хөгжил тодорхойлогдсон ба миний бие тухайн нөхцөл байдалд тохирсон холбогдох арга хэмжээг авч, хэвлийд 1 трокарь нэмэлтээр байрлуулан, цөсний хүүдийг ретроград буюу ардаас нь хуулж авах техникээр мэс заслыг хийсэн. ...харамсалтай нь мэс заслын дараах 2 дахь өдөр буюу 2015.05.23-нд өвчтөнд механик шарлалт эхэлсэн, улмаар 2015.05.24-нд өвчтөнд зөвлөх эмч Л.Амгалан хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн /өлөн/ гэдэстэй холбох мэс ажилбарыг хийж гүйцэтгэсэн. ...Уг мэс ажилбарын явцад Л.Амгалан эмч цөсний ерөнхий сувгийг нарийн /өлөн/ гэдэстэй холбохдоо нарийн гэдэсний өгсөх хэсгийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулан холбоход нь би “...техникийн хувьд буруу бөгөөд та бүдүүн гэдэсний араар нь холбох ёстой” гэдгийг анхааруулж хэлсэн боловч, Монголд ингээд л хийдэг юм гэсэн тайлбар хийж өөрийнхөөрөө холбоосыг гүйцэтгэсэн. ...гэвч хяналтанд байх хугацаанд өвчтөнд үе үе хоолны дуршил алдагдах, хэвлийн дээд хэсэг, аюулхай орчмоор таталдаж өвдөнө гэсэн зовиурууд илэрч байсан. **** ****т хийлгэсэн шинжилгээнүүдээр цөсний ерөнхий сувгийг нарийн /өлөн/ гэдэстэй холбосон холбоос /Л.Амгалан эмчийн гүйцэтгэсэн хагалгаа/ нарийссан гэсэн онош тавигдсан. Уг холбоосын нарийсалтыг засуулахаар өвчтөн Солонгос улс руу эмчилгээнд явсан. ...Иргэн Л.Ганзаяагийн, Солонгос улсад очиж 2 удаагийн мэс ажилбар болон мэс засал хийлгэсэн шалтгаан нь Л.Амгалан эмчийн гүйцэтгэсэн цөсний ерөнхий сувгийг нарийн /өлөн/ гэдэстэй холбосон холбоос буруу хийгдсэнээс болсон, ...Л.Амгалан эмчийн хийсэн хагалгаа зөв байсан бол өвчтөн Солонгос улс руу 2 удаа эмчилгээнд явахгүй байсан, энэ нь Солонгосын эмчийн дүгнэлтэд тодорхой байгаа. ...нэхэмжлэгчид 23,181,892 төгрөгийн гэм хор учруулсан гэдгийг зөвшөөрөхгүй, нэхэмжилсэн төлбөрийг хариуцах үндэслэлгүй...” гэсэн тайлбар гаргаж маргасан.   

13. Хэрэгт нэхэмжлэгчийн гэм буруугийн талаарх дээрх эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлал авагдсаны гадна Монголын элэг цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Солонгос улсад 2015.11.09-нд хийгдсэн Мэс заслын тэмдэглэл зэрэг баримтууд авагджээ. Хоёр шатны шүүх талуудын маргаж буй дээрх үндэслэл, тухайлбал өвчтөн Л.Ганзаяа Солонгос улсад 2 удаа эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, эмчилгээ хийлгэх болсон шалтгаан нөхцөл, хийгдсэн эмчилгээ, оношилгоог тодорхой болгох нь хариуцагчийн гэм бурууг тогтооход ач холбогдолтой. Тодруулбал, Л.Ганзаяагийн эрүүл мэндэд учирсан хохирол нь зөвхөн хариуцагч ****ийн буруу /түүний хийсэн мэс ажилбар/-гаас, эсхүл эмч Л.Амгалангийн буруутай үйлдэл /хийсэн мэс ажилбар/ нөлөөлсөн, хамааралтай эсэх нь эргэлзээгүй тогтоогдох шаардлагатай байна. Учир нь хариуцагч **** ийм үндэслэлээр маргаж байгаа тул тухайн нөхцөл байдлыг тодорхой болгох шаардлагатай байжээ. 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зөвлөх эмч Л.Амгаланг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020.02.03-ны өдрийн 101/ШЗ2020/02670 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч гэрчийн хаяг тодорхойгүй, захирамж биелэгдэх боломжгүй үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж, захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

15. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.    

16. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02581 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1912 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.08-ны өдөр төлсөн 273,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД