Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00142

 

 

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00142

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/05260 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-өд холбогдох,

Гэм хорын хохиролд 23,181,892 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Б-ийг А ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр мэс заслын эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу манай байгууллагаас 23,181,892 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэснийг манай компани бүрэн төлж барагдуулсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгдэгч Б-ийг А ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр мэс заслын эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйгээс иргэн Г-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай" гэснийг хэвээр үлдээсэн.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-ийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан этгээд болох нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалт болон шийтгэх тогтоол, магадлалын дагуу түүний өмнөөс төлсөн учраас өөрт учирсан уг хохирол болох 23,181,892 төгрөгийг хариуцагч Б-өөс гаргуулахаар нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний 277 дугаар шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр биш тогтоолыг үндэслэл болгосон. Энэ тогтоол нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 тоот магадлалаар Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн буюу намайг гэм буруугүйд тооцсон.

Миний бие А ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үед буюу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Гд төлөвлөгөөт журмаар цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэсэн.

Г-ийн Солонгос улсад очиж 2 удаагийн мэс ажилбар болон мэс засал хийлгэсэн шалтгаан нь Л- эмчийн гүйцэтгэсэн цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоос буруу хийгдсэнээс болсон.

Иймд А ХХК-ийн 23,181,892 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Б- хохирлыг барагдуулах шаардлагагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б-өөс 11,590,946 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,590,946 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 200,405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Б-ийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Ажил олгогч А ХХК нь ажилтан Б-ийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгасан болох нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 789 дугаартай төлбөрийн даалгавар гэх баримтаар тогтоогдсон. Иймд ажил олгогч А ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажилтны бусдад учруулсан хохирлыг мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтан Б-өөс шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэсэн.

5.2. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх хангалттай тодорхой тогтоогдож байгаа үйл баримт болон үндэслэл бүхий дүгнэлттэйгээ нийцэхгүй байдлаар дараах үндэслэл муутай тайлбарыг хийснээс шүүхийн шийдвэрийн зарим хэсэг үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадаагүй.

Шүүх хүчин төгөлдөр эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлалын дагуу хохирол нэхэмжилсэн гэдгийг огт анхаарч үзэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл /Нотлох баримтыг үнэлэх/-ийн 40.4 дэх заалтад Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж хуульчлан заасан хэрэглэх ёстой хэм хэмжээтэй зөрчилдсөн нөхцөл байдлыг үүсгэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх талуудын маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч А ХХК нь иргэн Гд учирсан хохирлоос 23,181,892 төгрөгийг хариуцах болсон үндэслэл ойлгомжгүйн дээр нэхэмжлэгч нь Б-ийн ямар гэм буруутай үйлдэл нь Гд учирсан нийт хохирол төлбөрөөс 23,181,892 төгрөгийн хэмжээгээр хариуцах үндэслэлтэй талаар нотлох баримтаар нотлоогүй байхад маргаж буй мөнгөн дүнгийн хэмжээгээр Б-өд хариуцлага ногдуулахад учир дутагдалтай юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалаар Б-өд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсныг, өөрөөр хэлбэл Б-ийг яллагдагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй тохиолдол бий болсон. Яллагдагчаар татагдах боломжгүй байдалд шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх боломжгүй гэж үзнэ.

6.2. Гэтэл анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж гэм буруутай байна гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2.-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасантай нийцсэнгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдэхдээ эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн гэж дүгнэлт хийсэн нь бүхэлдээ алдаатай болсон. Эрүүгийн хэргийн магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт орсон бөгөөд Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн. Нэгэнт шүүх хэрэг биш гэж үзсэн нь гэм буруугийн асуудалд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Б-ийн хийсэн цөсний хүүдийг дурангийн аргаар авах хагалгааны дараа 2 дахь хагалгааг Л- эмч хийсэн. Дараа нь Солонгос улсад хийгдсэн хагалгаагаар Л- эмчийн хийсэн хагалгааны хүндрэлийг зассан байдаг.

Л- эмчтэй холбоотой хагалгааны хохирлыг хариуцагч хариуцах ёсгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасныг үндэслэж шаардлага гаргасан бөгөөд тус хуулийн зохицуулалтаар хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх хууль зүйн шаардлага байдаг. Б-ийг гэм буруутай гэж тогтоосон хүчин төгөлдөр тогтоол, магадлал байхгүй.

 

8. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчийг бусдад болгоомжгүйгээр гэмтэл учруулаад түүний үр дагаврыг засах гээд 23,000,000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэсэн. Үүнийг гэм буруутай этгээдээс иргэний журмаар шаардаж байгаа.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг давж заалдах шатны шүүх магадлалдаа дүгнээд шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гээд чөлөөлсөн. Гэм буруугаас чөлөөлж цагаатгасан тогтоол гаргаагүй.

Гэтэл үүнийг тайлбарлахгүйгээр зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн асуудлаа гэм буруугийн асуудал руу оруулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-өд холбогдуулан гэм хорын хохиролд 23,181,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар тогтоолоор эмч Б-ийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өвчтөн Гд цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбар гүйцэтгэхдээ цөсний ерөнхий сувагт хавчаар тавьсан нь техникийн алдаа болсныг тогтоож, түүнийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч А ХХК-аас 23,181,892 төгрөгийг гаргуулж хохирогч Гд олгож шийдвэрлэсэн байна /1хх 7-18/.

 

3.1. Уг шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалаар хянаад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Б-өд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Б-өд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн /1хх 29-38/.

Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Б-ийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалаар Б-ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргийн хохиролд 23,181,892 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

3.2. Нэхэмжлэгч нь дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцож, улмаар Б-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирол 23,181,892 төгрөгийг хохирогч Гд төлж барагдуулжээ. /1хх 19-20/

 

3.3. Иймд ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад учруулсан хохирлыг нь А ХХК нь төлж барагдуулсан тул өөрт учирсан хохирлоо ажилтнаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4. Хариуцагч Б- 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өвчтөн Гд цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэхдээ эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсны дараа А ХХК-ийн зүгээс өөрийн ажилтны гаргасан уг алдааг залруулах зорилгоор зөвлөх эмч Л-гаар удирдуулсан хагалгааг 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийлгэжээ.

Уг хагалгаагаар өвчтөнд хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбох мэс ажилбарыг хийхдээ дээш өгссөн нарийн гэдсийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулсан байрлалтай болгосон боловч үр дүнд хүрээгүй байна.

Энэхүү үйл баримтыг БНСУ-ын Анам эмнэлгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэс заслын тэмдэглэлд үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байх бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНСУ-ын Анам эмнэлэг дахин Гд хагалгаа хийж Ру-гийн аргаар дээш өгссөн нарийн гэдэс нь бүдүүн гэдэсний урдуур дамнуулсан байрлалтай байсныг засаж бүдүүн гэдэсний араар байрлалд оруулжээ. /хх-51-52/.

 

4.1. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагын 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийсэн хагалгааны зорилго нь Б-ийн гаргасан алдааг залруулж, Г-ийн эрүүл мэндийг сайжруулах байсан боловч үр дүнд хүрээгүй, дахин хагалгаа хийлгэх нөхцөлийг бүрдүүлж, үүний улмаас Гд учирсан хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байна. .

 

4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын маргааныг шүүх шийдвэрлэхдээ гэм хор учруулагч этгээдийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/, үүний улмаас учирсан хохирлыг тогтоохоос гадна хохирол нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх ёстой.

Энэ үүднээс хэдийгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалаар хохирлын хэмжээг тогтоосон байгаа боловч тухайн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч дээрх байдлаар нөлөөлсөн болохыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж 11,590,946 төгрөгийн хэмжээнд хангасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

4.3. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн гаргасан Б- нь хохирлыг барагдуулах шаардлагагүй гэх дүгнэлтийг харгалзан үзсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/05260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ