Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/03497

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2023/03497 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн, 5 дугаар хороо, ***** байрлалтай, Б* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, ****** тоот хаягт оршин суух, Хүйс хайрхан овогт Ш.Б- д холбогдох,

 

 Автомашины үнэ 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б  ХХК нь хариуцагч Ш.Б т холбогдуулан авто машины үнэ 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Авто машины үнэ болох 105 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд Б  ХХК нь 2010 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн **** УНҮ улсын дугаартай Land cruiser 200 маркийн авто машиныг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарч өмчлөгчөөр тогтоогдсон байдаг. Гэтэл тус авто машиныг 2023 оныд Ш.Б  зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн авч өөрийн эзэмшил ашиглалтдаа шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгслийг буцааж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардсан боловч тээврийн хэрэгслийг гаргаж өгөөгүй учир өнөөдрөөс хойш 10 гаруй жил өнгөрсөн учир тээврийн хэрэгслийг биет байдлаар гаргуулах боломжгүй гэж үзсэн учир тээврийн хэрэгслийн үнэ болох 105 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Land cruiser 200 маркийн авто машины тухай яригддаг. Тухайн үед н.Гантөмөр гэдэг хүнтэй манай хариуцагч болох Ш.Б гэдэг хүн хэлж байсан. Тухайн нөхцөл байдалд тухайн авто машиныг байгууллагадаа эзэмших эрхээ н.Г  захирал нь байсан. Тэр н.Га гэж шүүхэд гэрчээр ирж мэдүүлэг өгч байсан. Н.Г  хүн Ш.Б ыг маргаан бүхий Land cruiser 200 маркийн авто машиныг огт авч яваагүй, өөрийн эзэмшил ашиглалтдаа байлгаад байгаа гэдгийг ч нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Нотоллоо гэхэд энэ 105 000 000 төгрөг хаанаас гарч ирсэн юм. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага маш тодорхойгүй. Хариуцагч Ш.Б ын зүгээс машиныг авсан гэж үзэхэд одоо энэ авто машины үнэ 105 000 000 хаанаас хэн олж тогтоогоод байгаа юм. Манай үйлчлүүлэгчид энэ машиныг хүлээлгээд өгсөн үйл баримт хаана байна. Хүлээлгэж өгснийг гэрчилсэн бусад нотлох баримт нь хаана байна. Ямар ч машиныг хүлээлцсэн акт байхгүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага бүхэлдээ тодорхойгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татварын нэхэмжлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, хуулийн этгээдий улсын бүртгэлийн гэрчилгээ, Ш.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019.03.15-ны өдрийн 04/159 дүгээр итгэмжлэл, Б ХХК-ийн дүрэм, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татварын нэхэмжлэл, land cruiser 200 тээврийн хэрэгслийн төлбөрийн баримт зэрэг баримтыг нотлох бариимтаар гаргаж өгсөн. /хх 2-19, 27-29 д.тал/

 

4. Хариуцагчаас: 2019.05.22-ны өдрийн итгэмжлэл, 2019.05.20-ны өдрийн хүсэлт, торгуулийн мэдээлэл, 2019.05.27-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газар тээврийн цагдаагийн албаны албан бичиг, 2019.06.07-ны өдрийн хүсэлт, 2019.09.23-ны өдрийн итгэмжлэл, 2020.06.16-ны өдрийн 04/365 дугаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.05.27-ны өдрийн 04/185 дугаар итгэмжлэл, 2022.10.07-ны өдрийн 04/261 дүгээр итгэмжлэл, . /хх 22, 31-34, 73, 102-105, 146 д.тал/

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.09.24-ний өдрийн 11/7155 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын 2022.11.17-ны өдрийн 06/2510 дугаар албан бичиг, татвариын баримт, Татварын ерөнхий газрын 2022.12.30-ны өдрийн 06/2896 дугаар албан бичиг, Нийслэлийн чингэлтэ дүүргийн татварын хэлтсийн 2023.01.23-ны өдрийн 01/113 дугаар албан бичиг, татварын баримт, Татварын ерөнхий газрын 2023.02.20-ны өдрийн 06/383 дугаар албан бичиг, татвар талсөн талаарх мэдээлэл, Худалдаа хөгжлийнб банк ХК-ийн 2023.03.27-ны өдрийн 6/2953 дугаар албан бичиг, Голомт банк ХК-ийн 2023.04.05-ны өдрийн 14/ХХ/03-526 дугаар албан бичиг, ТХА2011 гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2023.07.17-ны өдрийн 6/7234 дүгээр албан бичиг, 2023.08.24-ний өдрийн 28/23 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 74, 179-181, 183, 199-200, 212-214, 231-233 д.тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч Ш.Б т холбогдуулан авто машины үнэ 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий **** УНӨ улсын дугаартай тоёота ланд круйзер-200 маркийн автомашин нь Б ХХК-ний өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хариуцагч Ш.Б  нь тухайн автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүй эзэмшилдээ авсан буюу тухайн үед нэхэмжлэгч байгууллагад захирлаар ажиллаж байсан Л.Г өөс барилгын ажлын төлбөрт тооцон шилжүүлэн авсан. Барилгын ажлын 100 000 000 төгрөгийн хөлсөнд тооцон авсан гэх боловч 100 000 000 төгрөгөө шүүхэд нэхэмжлэл гаргаж авсан. Иймд автомашины үнэ 105 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ш.Б р нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй. Мөн хариуцагчийн өмчлөлд маргаан бүхий автомашиныг шилжүүлсэн, өнөөгийн байдлаар хариуцагчид автомашин байгаа эсэхийг нэхэмжлэгч нотлож чадаагүй. Гэрч Д.Ө ны мэдүүлгээр Л.Г  автомашиныг захиран зарцуулсан нь нотлогдсон. Иймд Л.Г , Б  ХХК-ний хооронд харилцаа үүссэн гэж үзэх ба Ш.Б аас нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлгүй.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2019.03.15-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар **** УНӨ улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн ******* арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн автомашин нь Б  ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, /хх 4 д.тал/

 

4.2 2017.08.11-ний өдөр Ш.Б  нь зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулимн 14.7.20 заалтаар торгуулийн арга хэмжээ авагдсан, тээврийн хэрэгсэл дээр өөр торгуулийн мэдээлэл бүртгэгдээгүй байна, /хх 55 д.тал/

 

4.3 Маргаан бүхий тээврийн хэрэгслийн 2013 оноос 2018 оны хооронд нийт 1 722 596 төгрөг төлөхөөс 1 374 500 төгрөгийн татвар төлөгдсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 176-178/

 

5. Зохигч, маргаан бүхий автомашиныг хариуцагчид шилжүүлсэн үндэслэл, өнөөгийн байдлаар хариуцагчийн өмчлөлд тухайн тээврийн хэрэгсэл байгаа эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заасан байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч Ш.Б ын өмчлөлд **** УНӨ улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн автомашин байгаа эсэх, тухайн автомашиныг ямар үндэслэлээр шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Б  ХХК-ний ерөнхий захирал н.А ын зөвшөөрлөөр Л.Г  нь барилгын ажлын хөлс 100 000 000 төгрөгт тооцож Ш.Б т шилжүүлсэн, гэсэн хэдий ч Ш.Б хожим шүүхэд нэхэмжлэл гаргаж 100 000 000 төгрөг нэхэмжилж мөнгөө авсан учир автомашиныг буцаан шаардах эрхтэй гэх агуулгатай тайлбарыг гаргаж, гэрч Л.Г  Ар захиралтай ярилцаад барилгын ажлын хөлсөнд тооцож шилжүүлье гэснээр шилжүүлсэн, ...шүүхийн шийдвэрээр 100 000 000 төгрөгийн өртэй гээд би эднийд төлөөд дуусгасан.. гэж, гэрч Д.Ө  ...Ш.Б  уг машиныг Б  ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэсний хөлсөнд авсан гэж тайлбарлаж байсан...эвдэрсэн Завхан аймагт байгаа гэсэн... гэх зэргээр мэдүүлсэн боловч гэрчүүд нь тухайн хэрэгт ашиг сонирхолгүй гэж үзэхээргүй буюу нэхэмжлэгч Б  ХХК-д ажиллаж байсан хүмүүс байх тул гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

 

Нөгөө талаас, Б ХХК-ний ерөнхий захирал н.А ын зөвшөөрлөөр барилгын ажил гүйцэтгэсэн төлбөрт тооцож маргаан бүхий автомашиныг хариуцагч Ш.Б т Л.Г  хүлээлгэн өгсөн боловч ажлын хөлсийг шүүхийн шийдвэрийн дагуу давхардуулан төлсөн гэх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх, хүлээлгэн өгсөн үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүссэн харилцаа тогтоогдохгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ш.Б аас 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б  ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 753 150 /70 200, 682 950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ