Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01507

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01255 дугаар шийдвэртэй

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Бт холбогдох авто машины үнэ 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, Э.Болд-Эрдэнэ, хариуцагч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Чинбишрэлт шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2010 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй, 68-98 УНӨ улсын дугаар бүхий Тоёота ланд круйзер-200 маркийн авто машиныг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр худалдан авч, тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн. 2013 онд Ш.Б дээрх авто машиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Ш.Б нь 2016 оноос хойш 6 жил гаруй хугацаанд “Б” ХХК-ийн өмчлөлийн автомашиныг хууль бусаар эзэмшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөөр байна. Ш.Бт автомашиныг буцаан өгөх талаар нэхэмжлэгч байгууллагаас хэд хэдэн удаа холбогдож, шаардахад Ш.Б нь Завхан аймагт автомашиныг унаж яваад авто тээврийн осолд орж, Завхан аймагт төрөл садангийнхаа хашаанд үлдээсэн учраас буцааж өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Эцэст нь автомашины төлбөрийг төл гэсэн шаардлагыг гаргахад төлбөрийг төлөх, өөр автомашин орлуулан өгөх үйлдлийг хариуцагч талаас огт хийгээгүй тул нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч автомашиныг 6, 7 жил авч явсан тул маргаан бүхий автомашиныг байсан ч биет байдлаар буцаан авах нь нэхэмжлэгч байгууллагад хохиролтой байгаа тул Ш.Баар тухайн автомашины төлбөрт 105 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд Круйзер-200 маркийн 68-98 УНӨ улсын дугаартай автомашиныг 2013 онд намайг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй гэж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Миний бие Тоёота Ланд Круйзер-200 маркийн 68-98 УНӨ улсын дугаартай автомашиныг 2013 онд хүлээн аваагүй, өөрөөр хэлбэл 2013 оноос хойш өнөөг хүртэл хууль бусаар эзэмшин, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх ямар ч үндэслэл байхгүй, мөн миний эзэмшилд уг автомашин нь байдаггүй. “Б” ХХК нь уг автомашиныг надад хүлээлгэн өгсөн баримт. акт огт үйлдэж байгаагүй. Бидний хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн зөрчилтэй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан хэрнээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага нь зөрчилтэй гэж үзэхээр байна. Намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардаад байгаа юм уу эсвэл миний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаад байгаа нь үнэхээр тодорхойгүй эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэгч нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй уг автомашиныг авч явсан, хууль бусаар эзэмшсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн ямар нэгэн үйл баримт, ямар ч нотлох баримтгүйгээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн автомашины үнэ 105 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 682 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Чинбишрэлт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл хэсгийн 6 дахь догол мөрөнд Хариуцагч Ш.Б нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 68-98 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зөрчил гаргаж торгуулийн арга хэмжээ авагдсан нь “Тээврийн Цагдаагийн Газар”-ын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1218 дугаартай албан бичгээр тогтоогдож байх боловч гэрч Л.Гантөмөрийн “...маргаан бүхий автомашиныг ажлын хэрэгцээнд “Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр би эзэмшиж, ашигладаг байсан. Тухайн машинаар хариуцагчтай хамт замын хөдөлгөөнд оролцдог байсан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд 68-98 УНӨ улсын дугаартай Тоёота Ланд Крузер - 200 маркийн автомашиныг хариуцагч эзэмшиж, ашиглалтандаа авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энэ нь өөрөө хууль ёсны үндэслэл бүхий зүйл болж чадаагүй байна. Учир нь Ш.Бын тухайн маргаан бүхий тээврийн хэрэгслийг жолоодож яваад гаргасан зөрчил нь цаг хугацааны хувьд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байна. Гэтэл гэрч Л.Гантөмөр мэдүүлэхдээ “..Ш.Бтай 2014 он хүртэл хамтарч ажилласан. Түүнээс хойш огт хамтарч ажиллаагүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Харин шүүх дүгнэлт хийхдээ 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Л.Гантөмөр, Ш.Б нар нь хамтарч ажиллаж байсан нь хэвээр байсан мэтээр хариуцагчид ашигтай байдлаар дүгнэлт гаргасан байдал нь өөрөө үндэслэл бүхий болж чадахгүй байна. Нэхэмжлэгчээс “Гаалийн Ерөнхий Газар”, “Авто тээврийн Үндэсний төв”-өөс тухайн маргаан бүхий автомашинтай холбоотой бүхий л баримтыг гаргуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч Шүүх тус хүсэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэсэгт хамаарахгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан байсан. Гэтэл нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн байгууллагаас баримт гаргуулах эрхтэй биш юм. Гэтэл шүүх тус хүсэлтийг хангаж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзэж нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлтийг нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитоор эргэлзээгүй дүгнэх боломжтой байтал тус хүсэлтийг хангаж шийдээгүйн нь өөрөө оролцогчийн эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. “Б” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан н.Өлзийсайхантай хариуцагч Ш.Б нь 2 удаа биечлэн уулзаж, 2 удаа утсаар холбогдоход хариуцагч Ш.Б нь “...Би тухайн тээврийн хэрэгслийг Завхан аймагруу явах замдаа осол гаргаад , Завхан аймагт хамаатны хүний хашаанд үлдээсэн...” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Гэтэл шүүх хурал дээр хариуцагч Ш.Б нь “...Би огт тийм зүйл яриагүй. Өлзийсайхан гэдэг хүнтэй уулзаж байгаагүй...” гэх тайлбарыг гаргасан. Тэгэхээр энэ эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Өлзийсайханыг гэрчээр оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас шүүхэд тавихад, шүүх ямар үндэслэлээр тус хүсэлтийг хангахгүй байгаа нь тодорхойгүй, хуульд заасан ямар нэгэн үндэслэлгүйгээр Өлзийсайханыг гэрчээр оролцуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ш.Б холбогдуулан 2010 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй, 68-98 УНӨ улсын дугаар бүхий Тоёота ланд круйзер-200 маркийн авто автомашины үнэ 105 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 онд хариуцагч уг автомашиныг өмчлөгч буюу нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зөвшөөрөлгүй авч явсан” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...миний эзэмшилд 2010 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй, 68-98 УНӨ улсын дугаар бүхий Тоёота ланд круйзер-200 маркийн авто автомашин байхгүй, уг автомашиныг би аваагүй” гэсэн тайлбар гаргасан байна.

Талууд маргааны зүйл болж буюу Тоёота ланд круйзер-200 маркийн автомашины үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар өөр өөр тайлбар гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК-аас Татварын Ерөнхий газраас 68-98 УНӨ улсын дугаар бүхий Тоёота ланд круйзер-200 маркийн автомашины зам ашигласны төлбөр, автын агаарын бохирдлын төлбөр, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн татваруудыг 2013-2018 оны хооронд хэн төлж байсан талаарх баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх дээрх баримтуудыг өөрөө олж авах боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон байна.

Мөн нэхэмжлэгч талаас “Б” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Өлзийсайхан “... Ш.Бтай 2 удаа биечлэн уулзаж, 2 удаа утсаар холбогдож автомашиныг авчирч өгөхийг шаардахад хариуцагч тухайн тээврийн хэрэгслийг Завхан аймаг руу явах замдаа осол гаргаад, хамаатны хүний хашаанд үлдээсэн” гэж хэлж байсан гэсэн тайлбарыг гаргаж Д.Өлзийсайханыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан бөгөөд шүүх гэрч Д.Өлзийсайханаас мэдүүлэг аваагүй атлаа гэрчээр нотлуулах үйл баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна гэж үзэв.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар Цагдаагийн Ерөнхий газар тээврийн цагдаагийн албаны 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14-1а/1218 тоот албан бичиг авагдсан, уг албан бичигт “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас үзэхэд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт Ш.Б нь зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.20-т заалтаар торгуулийн арга хэмжээ авагдсан байна” гэсэн баримт авагдсан, шүүх уг баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр маргааны зүйл болж буй автомашины зах зээлийн үнэлгээ гаргуулах гаргуулахаар шүүхээс шинжээчээр томилогдсон “Лэндс” ХХК, “Вэндо” ХХК-ийг дүгнэлт гаргаагүй, хариуцагчийн шинжээч томилох хүсэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. /хх.64, 67/ Учир нь, нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталж автомашины үнэ 105 000 000 төгрөг нэхэмжилж байгаа тохиолдолд тухайн автомашины зах зээлийн үнэ хэдэн төгрөг болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлодог. Гэтэл хэргийн баримт бүрдээгүй, талуудын хүсэлт хангагдаагүй байхад шүүх 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/06289 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хангалттай бүрдсэн гэж үзэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйлийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад тухайн маргаанд ач холбогдол бүхий байж болох зохигчдын гаргасан хүсэлтийг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.