Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00667

 

 

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00667

 

 

Бишрэлт трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01255 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1507 дугаар магадлалтай,

Бишрэлт трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Болдбаатарт холбогдох

 

Авто машины үнэ 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагч Ш.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Бишрэлт трейд ХХК нь хариуцагч Ш.Болдбаатарт холбогдуулан авто машины үнэ 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01255 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бишрэлт трейд ХХК-ийн автомашины үнэ 105,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш.Болдбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 682,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1507 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1507 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Магадлалд ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газраас маргаан бүхий автомашины зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн татваруудыг 2013-2018 онуудын хооронд хэн төлж байсан талаарх баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх дээрх баримтуудыг өөрөө олж авах боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай..." гэжээ. Нэхэмжлэгч Бишрэлт трейд" ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л цаг хугацаанд маргаан бүхий 68-98 УНӨ улсын дугаар бүхий Ланд круйзер 200 маркийн автомашины өмчлөгч нь Бишрэлт трейд ХХК гэж маргаж тайлбарладаг бөгөөд үнэхээр маргаан бүхий дээрх автомашины өмчлөгч мөн бол дээрх Татварын ерөнхий газраас маргаан бүхий автомашины зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн татваруудыг 2013-2018 онуудын хооронд хэн төлж байсан талаарх баримтуудыг өөрөө олж авах боломжтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д ...зохигч тухайн баримтыг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ..." гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн идэвхитэй үйлдлээр татварын албанд нэхэмжлэгч тал дээрх нотлох баримтуудыг өөрөө олж авах боломжгүй байгаа нөхцөл байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн идэвхитэй үйлдлээр татварын албанд хандсан хүсэлт гомдол хэрэгт авагдаагүйг давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа удирдан нотлох процесс ажиллагааг хуулийн дагуу идэвхтэй удирдаагүй нь анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм. Мөн нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Д.Өлзийсайханыг асуулгах хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянана шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Гэрч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа бөгөөд талуудаас хараат бусаар ач холбогдол бүхий байдлыг нотлох үүрэгтэй этгээд байж дангаар нь үнэлэх боломжтой байдаг. Гэтэл Д.Өлзийсайхан нь нэхэмжлэгч талын хуулийн зөвлөх байсан төдийгүй нэхэмжлэгчийн байр суурийг идэвхтэй дэмжих сүбъектив сонирхолтой этгээд тул түүний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал шүүхэд дуудан ирүүлж хуралд оролцуулах боломжтой байсан хэрнээ шүүн таслах ажлыг удаашруулах зорилгоор удаа дараа хурал хойшлуулсаар ирсэн цаашид ч уг санаа зорилгоо биелүүлэх хэрэг шийдвэрлэх зорилгогүй байсан нь хэргийн материалыг бүхэлд нь уншихад тодорхой харагдах юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т ..Үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, эохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгч... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулж болохгүй байхаар хуульчилсан. Тодруулбал, нэхэмжлэгчийн гэрчээр асуулгах гэж байгаа Д.Өлзийсайхан нь Бишрэлт трейд" ХХК-д хуульчаар ажилладаг бөгөөд ийнхүү ажиллах явцдаа хэргийн байдлыг мэдэх болсон бөгөөд түүнийг шүүхэд ирээд өгөх мэдүүлэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тодорхойлогдоно. Иймд Д.Өлзийсайханыг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэж үзэж хангалгүй орхисон нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх 2017.08.11-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Ш.Болдбаатар нь маргаан бүхий автомашиныг жолоодож яваад зөрчил гаргаж арга хэмжээ авахуулсан талаарх Тээврийн цагдаагийн албаны албан бичгийг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцож асуугдсан гэрч Л.Гантөмөрийн маргаан бүхий автомашиныг ажлын хэрэгцээнд Бишрэлт трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр би эзэмшиж ашигладаг байсан, тухайн автомашинаар Ш.Болдбаатартай хамт замын хөдөлгөөнд оролцдог байсан гэх мэдүүлгийг үндэслэж маргаан бүхий автомашиныг хариуцагч Ш.Болдбаатар нь өөрийн эзэмшил, ашиглалтад авсан гэж үзэх боломжгүй гэж дүгнээд байхад энэ талаар хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй гэж үзсэн нь туйлын ойлгомжгүй үндэслэл бүхий няцаалт гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш.Болдбаатар нь гэрч Л.Гантөмөртэй хамт маргаан бүхий автомашинаар явж байгаад зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан нь тухайн автомашиныг 2013 оноос өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгааг яагаад ч нотолж чадахгүй. Мөн тухайн маргаан бүхий Ланд круйзер 200 маркийн автомашиныг гэрч Л.Гантөмөрийн шүүхэд мэдүүлснээр Бишрэлт трейд" ХХК-ийн захирлын шууд зөвшөөрлөөр Л.Гантөмөр ашиглаж байсан гэх бөгөөд тухайн автомашиныг Ш.Болдбаатарт хүлээлгэж өгсөн талаар ямар нэгэн акт үйлдэж, тэмдэглэл үйлдсэн зүйл буюу талуудын хооронд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа бий болсон зүйл огт байдаггүй.

Нэхэмжлэгч тал шүүхэд анх хариуцагчаас Ланд круйзер 200 маркийн автомашиныг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг үндэслэж автомашины үнэ 105,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах болгож өөрчилсөн. Энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс маргаан бүхий автомашины үнийг тогтоолгохоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэвч шүүхээс шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь үнэлгээний дүгнэлтийг гаргах боломжгүй талаар тус компанийн 2020.04.10-ны өдрийн албан бичгээр шүүхэд мэдэгдсэн. Шинжээч эд хөрөнгө үнэлэх шинжээчийн дүгнэлт нь шинжилгээ хийлгэх объект буюу машины үнийг тодорхойлохын тулд тухайн машин зайлшгүй байх шаардлагыг хангаагүй буюу машинд талууд үзлэг хийлгээгүй тул тухайн хөрөнгийн бодит элгэдэл хорогдол, зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох боломжгүй гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцааж шинжээч томилуулж анхан шатны шүүхээр нөхөн гүйцэтгэх ажиллагаа хийлгэх зорилго дээрх үндэслэлээр хангагдахгүй байхад анхан шатны шүүх рүү буцаах нь илтэд үндэслэлгүй болно. Ингээд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сэргээсэн. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй бөгөөд дахин шинжээч томилуулах талаарх хүсэлтийг огт гаргаагүй. Ерөнхий харьяаллын буюу Иргэний хэргийн шүүх нь гагцхүү зохигчийн хүсэлтээр нотлох баримтыг цуглуулдаг. Шүүх санаачлагаараа шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ажиллагааг огт хийгээгүй, энэ ажиллагаагаа гагцхүү шүүхээр хийлгэх гэсэн санаа зорилго агуулж байгаа нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаатай үл нийцнэ. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1507 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 1255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Бишрэлт трейд ХХК нь хариуцагч Ш.Болдбаатарт холбогдуулан 68-98 УНӨ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины үнэ 105,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн.

 

Тэрээр шаардлагын үндэслэлээ ...Ш.Болдбаатар нь автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч яваад 6 жил гаруй хугацаа өнгөрсөн, анхны байдлаар нь эргүүлэн авах боломжгүй элэгдэл хорогдол үүссэн байж болзошгүй тул автомашины үнэ 105,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж, хариуцагч Ш.Болдбаатар ...68-98 УНӨ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг эзэмшил, ашиглалтандаа аваагүй... гэж татгалзжээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч маргаан бүхий эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтандаа аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг хариуцагчийн ашиглалтад байгаа болохыг нотлох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан байхад гэрч Д.Өлзийсайханаас мэдүүлэг авах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хуульд нийцжээ.

 

8. Маргааны зүйл болж буй автомашины улсын бүртгэл нэхэмжлэгчийн нэр дээр байгаа хэдий ч 2013 оноос хойш өмчлөгчийн хувьд хариуцагч болон бусад этгээдээс шаардаж байсан эсэх, түүнчлэн зохигчийн тайлбар болон гэрч Л.Гантөмөрийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь уг автомашиныг гэрээний төлбөрт тооцон бусад этгээдэд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

9. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1507 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 68,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН