| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01860/И |
| Дугаар | 182/ШШ2017/01869 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2017/01869
| 2017 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 182/ШШ2017/01869 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч Ш-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 644 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн бичүүлж баталгаажуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч П.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүйгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.*******ийг ШШГЕГ-ын харъяа ******* ******* дугаар ******* даргын үүрэг гүйцэтгэж байхад нь ажил олгогчоос хууль бусаар ажлаас халсантай холбоотойгоор шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарч 3 шатны шүүхээр хэвээр батлагдсан юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч П.*******ийг ажилд нь авахгүй, шийдвэр гаргахгүй байсан учир нэхэмжлэгчээс ШШГЕГ-ын даргын нэр дээр удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж, захидал илгээж байсан. ХЗДХЯ-ны сайдад өргөдөл гаргаж байсны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас П.*******ийг ажилд нь эгүүлэн томилох тухай албан тоотыг ШШГЕГ-т явуулсан байдаг. Гэвч 1 жил өнгөрсний дараа 2017 оны 07 дугаар сарын 18-нд тушаал гарч аймгийн сум дахь ******* ******* дугаар ******* даргаар томилсон, одоо энэ ажлыг хийж байна. П.Мөнхэгэрэл хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээн авсан, энэ талаар маргаан байхгүй. Ингээд үүнээс хойш байнга л ажилд орох тухай хүсэлт саналаа гаргаж байсан. 2017 оны 02 дугаар сард шүүхээс албадан биелүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн. Үүний дагуу өмнөх шүүхийн шийдвэрээр олгохоор заасан цалинг авсан. Нэхэмжлэгч П.******* нь удаан хугацаагаар цалингаа авч чадахгүй хохирч байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх 12 сарын цалинд 16 644 000 төгрөг нэхэмжилсэн. Цалингийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан байгаа. Бид энэ цалингийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заахдаа энэ хуулийн 36.1.2.-т заасан үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацаанд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан олговор гаргуулах тухай нэхэмжлэл хамаарахгүй, эрх нь зөрчигдсөн хэвээр байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч П.*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэр нь 2016 оны 11 дүгээр сарын 21-нд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 398 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Энэ шүүхийн шийдвэр биелэгдсэн. Нэхэмжлэгч одоо 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 01-нийг хүртлэх 1 жилийн хугацааны цалинг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан бусад маргаанд хамаарна. Тиймээс Улсын Дээд шүүхийн шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээж авснаас хойш дээрх хуулийн дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Гэтэл энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгох ёстой. Төрийн тусгай алба хаагчдад онцгой албаны нэмэгдэл, гүйцэтгэх ажлын нэмэгдэл, хоригдолтой ажилласны нэмэгдэл зэрэг үндсэн цалин дээр нэмж олгогддог нэмэгдлүүдийг П.******* цалиндаа оруулан тооцсон нь үндэслэлгүй. Энэ хугацаанд ажил эрхлээгүй, ажиллаагүй тул дээрх цалин болон нэмэгдлүүд олгогдохгүй гэж үзэж байна. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч байгууллагад холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл ажилгүй байлгасан хугацааны 12 сарын дундаж цалинтай тэнцэх олговорт сарын дундаж цалинг 1 387 003 төгрөгөөр тооцон 16 644 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь үл зөвшөөрч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасны дагуу ажил хийгээгүй тул цалин олгох үндэслэлгүй, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 398 дугаар тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд авснаасаа хойш 3 сарын дотор цалингаа нэхэмжлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул цалинг олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ш-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/371 тоот болон 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/611 тоот тушаалуудын хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр ажил олгогчийн дээрх тушаалуудыг хүчингүй болгон, П.*******ийг ******* 433 дугаар ******* даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацааны дундаж цалин олговорт 4 161 011 төгрөгийг олгохыг ШШГЕГ-ын даргад даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0573 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 398 дугаар тогтоолоор хэвээр баталж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ШШГЕГ нь П.*******д 4 161 011 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 13-нд олгосон нь зохигчдын тайлбараар нотлогдсон ба түүнээс хойш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1115 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 21 дугаартай тус шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн, ШШГЕГ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/786 тоот тушаалаар П.*******ийг аймгийн сум дахь ******* ******* дугаар ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/856 тоот тушаалаар тус ******* даргаар тус тус томилжээ.
3. Хэрэгт нэхэмжлэгч П.******* нь хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 398 дугаар тогтоолыг хүлээн авсан талаар баримт авагдаагүй боловч уг тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээн авсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж, талууд энэ талаар маргаагүй байна.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж хөдөлмөрийн харилцаанаас үүсэх маргааны талаар гомдол гаргах хугацааг богиносгон тогтоож, уг маргааныг харьяалан шийдвэрлэх байгууллагуудыг тодорхойлсон ба хөдөлмөрийн маргаан таслах байгууллага гэсэн ойлголтод хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүх хамаарахыг мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ...хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч П.******* нь Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 398 дугаар тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд хүлээн авснаас хойш 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу 6 сар 21 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл ажилтан П.******* шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны буюу 2016 оны 07 дугаар сарын 05-наас хойшхи хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 30-наас хойш 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад буюу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй боловч хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн өөрийн эрх зөрчигдсөнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Хэрэгт, нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Хууль зүй дотоод хэргийн сайдад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг биелүүлүүлэхээр гаргаж байсан өргөдөл, хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1115 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 21 дугаартай тус шүүхийн гүйцэтгэх хуудас авагдсан ба эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох, мөн 129.3.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч П.*******ийн, цалинтай тэнцэх олговорт 16 444 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 170 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, П.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2., 49 дүгээр зүйлийн 49.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 644 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн бичүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 170 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж П.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА