Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 540

 

Д.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 373 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 861 дүгээр магадлалтай, Д.Б-т холбогдох 201724000420 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 318 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1553 дугаар зүйл, 169 дүгээр зүйлийн б, 88 дугаар зүйлийн б-д зааснаар нийт 7 жил хорих ял шийтгүүлж байсан Б овогт Д-ны Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Б-т шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг эд зүйлсийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан...” гэснийг “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 2.4-т заасныг баримтлан...” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг эд зүйлсийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй...” гэснийг “...Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины баруун талын дохионы гэрэл нэг ширхэг, урд бамбайн нэмэлт гэрлийн суурины таг нэг ширхэг, тунгалаг өнгийн хуванцар найман ширхэг зэргийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан гаргасан гомдолдоо “...Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн асуудалд бус харин шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дордуулсан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Д.Б-т ял оногдуулахдаа гэм буруутайд тооцсон үйлдэл тус бүрт шинэ ба хуучин хуулийг хольж хэрэглэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг дүйцүүлэн нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Улсын яллагч нь Д.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн диспоцизи нөхцөлүүдээс “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэх нөхцөлийг үндэслэл болгон хуулийг буцаан хэрэглэхдээ тухайн хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн улсын яллагчийн дүгнэлтийг хуулийн ямар зохицуулалт, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан ямар баримтаар уг дүгнэлтийг “үндэслэлтэй” гэж үзэх болсон үндэслэлийнхээ талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг зөрчсөн. Шүүх Д.Б-ыг гэм буруутай гэж үзсэн хоёр үйлдэлд хоёуланд нь 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгийг хэрэглэх боломжтой байсан бөгөөд ингэсэн тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдалд эерэг нөлөө үзүүлэх байсан. Тодруулбал, Д.Б-ын гэм буруутай 2 үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн ял оногдуулснаар мөн хуулийн 551 дүгээр зүйлд заасан “тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах” хууль зүйн боломж байгаа. Мөн “зам тээврийн осол гаргасан газрыг орхиж зугтаасан” үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгийг хэрэглэх нь мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан “...хөнгөн ялыг хүндэд нь багтаах” заалтын хүрээнд оногдуулах ялыг багасгах хууль зүйн боломжтой байсан. Нөгөөтэйгүүр, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирогчид оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 11,750,000 төгрөг төлсөн байдал, хохирогчийн “түүнд хамгийн бага, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн” тайлбар, 180 гаруй хоног цагдан хоригдсон байдал, түүний нас, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд Д.Б-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хэлсэн саналдаа “...Б.Баясгалан өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа шинэ болон хуучин хуулийг хольж, Эрүүгийн хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Хууль хэрэглээний хувьд гаргасан алдааг залруулах ёстой. Анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулсан ялтай маргахгүй, гэхдээ хууль хэрэглээний алдааг залруулсан бол торгох ялаар солих боломжтой байсан гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх залруулсан. Шүүх Д.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг уг зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны “МТ” шатахуун түгээх станцын зүүн замд “Nissan Sunny” загварын 71 34 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1, 3.5 дахь заалтуудыг зөрчиж, явган зорчигч Н.Э-ыг мөргөж амь насыг нь хохироосон,

мөн дүрмийн 2.5а, б, в-д заасныг зөрчиж, уг ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд Д.Б-ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь үндсэн зарчим бөгөөд тухайн зарчим зөрчигдөх онцгой тохиолдол нь шинээр батлагдсан хуульд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээ тусгагдсан бол тухайн хэм хэмжээг хэрэглэх тохиолдолд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт бий болдог. Д.Б-ын дээрх үйлдлийн хувьд тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэж буй нь хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлах шаардлагагүй юм.

Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэг болох 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зааж, шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар оногдуулах хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлж, уг гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байх тул “хууль буцаан хэрэглэх” зарчим үйлчлэх үндэслэл, шаардлага үүсээгүй байна.

Харин шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Д.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлүүдтэй холбоотой зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 373 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 861 дүгээр магадлалд

“Шүүгдэгч Д.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Б-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэхдээ журамласан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг...” гэснийг, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ял нэмж нэгтгэсэн 3 дахь заалт, уг заалтад өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг тус тус хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...03 жил 01 сар...” гэснийг “...3 /гурав/ жил...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН