Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/04535

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 20 101/ШШ2023/04535

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Батцэцэг, ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 9, 254 тоот хаягт байрлах,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Тайм тауэр, 217 дугаар байр, 40 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Цэлмэг хотхон, 87 дугаар байр, 13 тоот хаягт оршин суух, З*******-т холбогдох,

 

3,278,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани 2 үүсгэн байгуулагчтай, ******* нь манай компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан болно.

Тэрээр 2020 оны 04 дүгээр сард өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажлаас гарч, компанийн хувь эзэмшигчээс татгалзан бүх хувьцаагаа шилжүүлж өгсөн боловч хуулийн этгээдийн татвар болон нийгмийн даатгалын код, вэб сайт, пэйж хуудас, мэйл хаяг, тухайн үед ашиглаж байсан утас, компьютер, принтер, ширээ сандал эд хөрөнгө зэргийг хүлээлгэн өгөөгүйгээс компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл зогсонго байдалд оруулж ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдал үүсгэн бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна.

Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, нэг талаас иргэн ******* миний бие 25,000,000 төгрөг оруулах, нөгөө талаас ******* нь өөрийн цахим орчинд хөгжүүлсэн вэб сайт, пэйж хуудас зэргээр хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон.

Гэвч хариуцагч нь өөрийн ажлыг хүлээлгэн өгөлгүй хаяж явсанаас үүдэн манай компанийн Резорт Монголиа.мн, Резорт Монголиа.сом сайтын домейн эрхийн хугацаа дуусч тус сайт хаагдсан болно.

Гэрээний дагуу миний бие 10,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, орлого, зарлага гаргах бүх эрхийг *******т өгч, тэрээр компанийн үйл ажиллагааг цаашид хариуцаж байхаар болсон. Гэтэл сарын дараа 10,000,000 төгрөгийг зарлагын тайланд тусгаагүй, үндэслэлгүй зардлууд гаргасан байсан.

Тэрээр өөртөө хувьдаа байр түрээсэлж, өөрт ашигтай байдлаар компанийн хөрөнгийг хэрэглэсэн байсан. Ер нь компаниа дөнгөж байгуулж эхэлж байхад зардалдаа хяналт тавьж, илүү зардлаа хямгадах ёстой байсан.

Бид анх тохиролцохдоо миний бие мөнгөн хөрөнгө оруулалт хийнэ, нөгөө талаас ******* нь веб сайт, цахим сувгаар хамтарч ажиллана гэж тохирсон боловч тэрээр гадаад явах боллоо гээд хоосон домейн нэртэй хаяг өгсөн. Дотроо уг нь мэдээлэлтэй, дата базтай цахим хаяг өгөх ёстой байсан. Үүнийгээ надад гэрээнд зааснаар ResortMognolia.com гэсэн аккаунтыг шилжүүлнэ гэж заасан гэж тайлбарласан. Үүнээс болоод шинээр веб сайт хийлгэж зардал гаргасан.

Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээний 1.2.1-т компани ашиггүй ажиллаад татан буугдах бол 100 хувь бүх оруулсан хөрөнгө оруулалтыг ******* хариуцахаар заасан байгаа тул түүнийг энэ гэрээний үүргээ биелүүл гэдгийг хэлмээр байна.

Байрны түрээс сарын 550,000 төгрөг, нийт 4 сарын 2,200,000 төгрөг төлсөн байснаас 800,000 төгрөгийг түрээсийн эзэн өгсөн, оруулсан хөрөнгө болох 10,000,000 төгрөгөөс баримттай зардал нь 5,776,820 төгрөг болсон, үүнээс баримтгүй нь 1,478,180 төгрөг, шинээр веб сайт хийлгэсний зардал 1,800,000 төгрөг, нийт 4,678,180 төгрөгийг *******ээс нэхэмжилсэн.

Тэрээр манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд учирсан буюу Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд тус хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дэх хэсэгт зааснаар "Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө хэмээн заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа компанид учруулсан хохиролыг шаардсан.

Иймд дээрх 4,678,180 төгрөгөөс ажилдаа зориулж байр түрээсэлсэн болохоор байрны түрээс 1,400,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, харин баримтгүй зарцуулсан 1,478,180 төгрөг, шинээр веб сайт хийлгэсэн 1,800,000 төгрөг, нийт 3,278,180 төгрөгийг хариуцагч *******ээс нэхэмжилж байна.

Миний бие өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно гэв.

 

2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

******* миний бие нь *******тэй хамгийн анх 2019 оны 05 сард Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байсан арга хэмжээн дээр танилцсан бөгөөд тухайн үед ******* өөрийгөө Төв аймгийн аялал жуулчлалын холбооны дарга гэж танилцуулсан.

Миний хувьд 10 гаруй жил ажиллуулсан 30,000 гаруй дагагчтай Резорт Монголия.мн сайттай, сошиал аккаунттай байсан. Тухайн үед ******* бид хамтран Монгол улсын хүрээн дэх бүх амралт, зугаалгын газрын дата мэдээллийг цуглуулаад, Резортс Монголия сайт үүсгээд хамтарч ажиллая гэсэн юм.

Ингээд түүний хамтарч ажиллах саналын дагуу хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгуулан 2019.06.21-нд Резортс Магнолиа нэртэй 2 гишүүнтэй ХХК байгуулж, ерөнхий захирлаар нь *******, гүйцэтгэх захирлаар нь би ажиллахаар болсон.

Тухайн үед ******* нь 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулна гэж ярьсан боловч 25,000,000 төгрөг болгосон, тэгснээ 10,000,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Голомт банк-нд байрлах (*******)MNT дансанд миний бие 2019.06.20-нд 20,000 төгрөг байршуулж, компанийн данс нээлгэсэн, ******* эхний удаа 10,000,000 төгрөг оруулъя, бусад мөнгөө өөртөө эргэлдүүлэх хэрэгтэй гэсэн.

******* нь 2019.07.10-нд 10,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэж хийсэн. Миний бие Голомт банк-нд нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй, гэхдээ 1,000,000 төгрөгөөс доош мөнгө авах боломжтой байсан. Тэгээд хамтдаа явж тухайн өдөр 5,000,000 төгрөг данснаас буцаан авч unegui.mn сайтаас хамгийн хямд үнэ бүхий компьютер авсан.

Тэрээр оффис түрээслэхээр маш үнэтэй, хэмнэлт хийх хэрэгтэй, байр түрээслэх нь илүү ашигтай, ажиллаж байгаа хүмүүс хоол хийж идэх боломжтой гэх мэтээр яриад Баянзүрх дүүрэгт Баян Монгол хороололд 407 байр, 20 тоотыг 1 сарын 550,000 төгрөг гээд 3 сарын хугацаатай, 1 сарын барьцаатай байрыг 2019 оны 7 сарын 22-нд түрээсэлж эхэлсэн. Үүний урьдчилгаа 200,000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдлийг 2019.07.24-нд 2,000,000 төгрөг шилжүүлсэн.

Ингээд байрны түрээст 2,200,000 төгрөгийг түрээслэгч Б.Шинэцэцэг (5920101943) Хаан банкны дансанд шилжүүлсэн.

Тэгээд ганцаараа компанийг ажиллуулах боломжгүй байна гэдгээ хэлэхэд өөрийнхөө Н.Ууганцэцэг гэдэг эмэгтэйг санал болгож ажиллуулсан боловч тэрээр удалгүй ажлаас гарчихсан. Үүнээс гадна би өөрөө цалингүй 5 сар шахам ажиллаад хэцүү байгаагаа хэлэхэд ямар ч цалин өгөөгүй тул түүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн.

2019.09.28-нд *******ийн өөрийнх оффис Сүхбаатар дүүрэг 8 хороонд байрлах Астра Буйлдинг 1-102 тоотод нүүж очсон, тэгэхэд намайг байрны түрээсийг буцааж төл, өөрийгөө хөрөнгө оруулагч гэж загнасан.

Байрны эзэнд үнэн байдлыг хэлж гэрээгээ цуцлах болсон талаар хэлээд гуйсан чинь түрээслэх зар тавиад түрээсийн мөнгө орж ирэхээр нь үлдэх мөнгийг буцааж өгье гэсэн. Тэгээд 2019.09.30-нд байрны буцаалт 800.000 төгрөгийг миний тоот дансанд шилжүүлсэн, тэр даруй энэ өдөр нь *******ийн дансанд шилжүүлсэн.

10,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар үнэгүй.мн сайтаас 2,300,000 төгрөгөөр imac-27, дахиад ярилцаж байгаад 2,350,000 төгрөгөөр imac 21.5 инчийн 2017 оны компьютер тус тус авсан. Бас хүмүүст танилцуулга үзүүлэх үүднээс Таб 200,000 төгрөгөөр авсан. 20,000 төгрөгөөр 8 ширхэг зай, 50,000 төгрөгөөр бичиг хэрэг, залгуур зэргийг, 45,000 төгрөгөөр уртасгагч, таксинд 5,000 төгрөг, 2,200,000 төгрөгөөр 7, 8, 9, 10 сарын байрны түрээсийн мөнгө төлсөн, 350,000 төгрөгөөр том ширээ, 2 ширхэг сандал /1 ширхэг нь 75,000/ 150,000 төгрөгөөр авсан, утасны төлбөрт 47,597 төгрөг, 215,000 төгрөгөөр айпи утас гээд 70-тай дугаар авсан, чихэвч суурь 93,000 төгрөг, олон залгуур дахин 35,000 төгрөгөөр авсан. Бичгийн цаас, касс нийлээд 70,700 төгрөг, байрны ус, дулааны төлбөрт 58,170 төгрөг төлсөн.

Үүнээс гадна ******* 2019.08.26-нд цалингийн урьдчилгаа 280,000 төгрөгийг өгөхдөө *******тэй ярилцсны үндсэн дээр өгсөн. 2019.08.28-ны өдөр н.Шийрав гэдэг хүнд нь 20,000 төгрөг, ******* хоолны мөнгө 20,000 төгрөг, дахин эдгээр хүмүүст хоолны мөнгө, цалинд 13,500 төгрөг, ашиглалтын зардалд 54,037 төгрөг, цахилгааны төлбөр 54,000 төгрөг, ******* таксины мөнгө 10,000 төгрөг, принтерийн хор 40,000 төгрөгөөр авсан.

2020.04.23-ны өдөр энэ веб сайт чинь орохоо больчихлоо, ажиллахгүй байна гэхээр нь тань руу домайн нэр сунгуулах 113,000 төгрөг шилжүүлье, та эрхийг нь сунгуулчих гээд шилжүүлсэн.

Надад хувьдаа авсан, ашигласан зүйл байхгүй бөгөөд шинээр веб сайт хийлгэсэн нь түүний өөрийнх нь асуудал бөгөөд 113,000 төгрөг төлсөн тохиолдолд веб сайт ажиллаж байх ёстой. Байрны түрээсийн төлбөр 2,200,00 төгрөгөөс 800,000 төгрөгийг буцаагаад түүнд өгсөн, үлдэгдэл мөнгө нь тухайн саруудад үйл ажиллагаагаа явуулж байсан учир түрээсийн төлбөрт суутгагдсан.

Баримтгүй 1,478,000 төгрөгийн зарлага дээр яагаад баримтгүй гээд байгааг ойлгохгүй байна. Би бүх тооцоогоо хийгээд бүх зүйлээ баримттай хүлээлгэж өгсөн.

Иймд Резортс Магнолиа ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хөрөнгө оруулагч тал нь 25,000,000 төгрөгийн хөрөнгө оуулах байсан боловч үүнийгээ 100 хувь оруулж чадаагүй, хөрөнгөө дутуу оруулснаас болж нөгөө тал ажлаа дундаас нь зогсоож, цааш үргэлжлээгүй, ажил зогссон байна.

Нэгэнт талууд өөрсдийнхөө хүлээсэн гэрээний үүргийг биелүүлээгүй талаар зөвшөөрч байна, үүнээс болж ажлынхаа эцсийн үр дүнг үзэж чадаагүй байна.

Иймд өөр өөрийнхөө үүргийг биелүүлээгүй байх тул учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцах нь зүйтэй юм гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1. нэхэмжлэгчээс ирүүлсэн: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ийн 2020.04.23-ны өдрийн хүсэлт, ******* дугаартай Голомт банк ХК-ийн дансны хуулга, тус банкны 2019.07.22, 2019.09.23, 2019.09.09, 2019.09.12, 2019.08.26, 2019.07.10-ны өдрүүдийн чек, тус шүүхийн шүүгчийн 2020.06.10-ны өдрийн 11476, 2020.07.08-ны өдрийн 13394 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, *******ийн 2020.07.10-ны өдөр тус шүүхэд гаргасан гомдол, тус шүүхийн 2020.07.23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, тогтоол, өмгөөлөгч Б.Билгүүнийг оролцуулах хүсэлт, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөг төлсөн баримт, Грийн софт ХХК-ийн 2021.02.26-ны өдрийн а/2021/09 албан бичгийн хариу, *******ийн эзэмшлийн Хаан банкны 5075389593 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Цэнгэгтэй байгуулсан веб сайт хийлгүүлэх тохиролцоо, Б.Цэнгэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Цэнгэгийн Ариг банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, түүний иргэний дугаартай 2022.04.14-ний өдөр д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /1 хх-ийн 2-20, 60, 119-120, 173-176, 242, 2 хх-ийн 71, 84-85/,

 

4.2. хариуцагчаас ирүүлсэн: Хариу тайлбар, 2020.04.23-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, *******ийн 2020.04.23-ны өдрийн хүсэлтийн хуулбар, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Голомт банкны төлбөрийн баримтын хуулбар, [email protected] илгээсэн 6445969 хоцорсон тайлан илгээх боломжтой боллоо гэх утга бүхий мэйлийн хуулбар 2020.04.30-ны өдрийн хуулийн талуудын хооронд 2019.06.19-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн 2020.07.09-ний өдрийн 2523 дугаартай шийдвэр, *******ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,ихэсгэсэн шаардлагын талаарх хариу тайлбар, Улаанбаатар 3Б ХХК-ийн төлбөрийн зогсоолын баримтын хуулбар, Imac i7 inch late 2012 компьютерийн гэрэл зургийн үзүүлэлт, Төрийн банкны хэрэглээний зардалд 58,471.40 төгрөг, 54,437.33 төгрөг тус тус төлсөн баримт, тодруулсан шаардлагын хариу тайлбар, тус шүүхийн шүүгчийн 2020.01.23-ны өдрийн 2111, 2020.01.23-ны өдрийн 2125 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, байрны түрээст 2,200,000 төгрөг төлсөн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 35-55, 64-71, 93-99, 164-166, 171-172, 233, 235, 244-247, 249/,

 

4.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн: Хариуцагчийн хүсэлтээр Астра бюлдинг төв, 102 тоот хаягт байрлах, Тэрэлж чанар ХХК-ийн байранд 2020.10.16-ны өдөр н үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тусгасан гэрэл зургийн үзүүлэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Резортс Магнолиа ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм, улсын бүртгэлтэй холбоотой баримтууд, Голомт банкны Резортс Магнолиа ХХК-ийн тоот дансны мэдээлэл /1хх-ийн 81-91, 124-153, 155-158/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан санхүүгийн баримтгүй зарцуулсан 1,478,180 төгрөг, түрээсийн зардал 1,400,000 төгрөг, веб сайт шинээр хийлгэхэд төлсөн зардал 1,800,000 төгрөг, нийт 4,678,180 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн зардал 1,400,000 төгрөгийг багасгаж санхүүгийн баримтгүй зарцуулсан 1,478,180 төгрөг, веб сайт шинээр хийлгэхэд төлсөн зардал 1,800,000 төгрөг, нийт 3,278,180 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2. Хариуцагч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

4. Иргэн ******* өөрийн 10,000,000 төгрөгийг Резортс Магнолиа ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар шилжүүлсэн хэдий ч тэрээр одоо тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, нэг ашиг сонирхолтой хэмээн хүлээн зөвшөөрч байх тул *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг Резортс Магнолиа ХХК-ийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

5. Резортс Магнолиа ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гадаад худалдаа, аялал жуулчлал, амралтын газар-ын үйл ажиллагаа явуулах, 100 ширхэг хувьцаа буюу 20,000 төгрөгийн нэрлэсэн дүн бүхий хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигчид нь компанийн хувьцааг тус бүр 50, 50 ширхгээр эзэмших эрхтэйгээр үүсгэн байгуулагдаж, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар *******ийг, гүйцэтгэх захирлаар *******ийг тус тус сонгосноор ******* нь тус компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 06 сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /1хх-ийн 125-126, 138-152/

5.1.1. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн *******, Резортс Магнолиа ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, ******* нь тус компанийг ашигтай ажиллах, үйл ажиллагаанд зориулан 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, уг хөрөнгөөр 3 ширхэг компьютер, 1 ширхэг принтер, 2 ширхэг шкаф, 2 ширхэг ширээ, 6 ширхэг оффис сандал, 1 ширхэг том залгуур, 4 ширхэг жижиг залгуур, 1 ширхэг хөлтэй самбар худалдан авах, ******* нь resortsmongolia.mn, resortsmongolia.com веб хуудас, инстаграм хуудас зэрэг цахим сүлжээнд нэвтрэх албаны ёсны аккаунтын мэдээллийг *******ийн хувийн амралтын газруудыг сурталчилахад ашиглуулах, цэвэр ашиг 50 сая төгрөгт хүрвэл 60 хувийг хуваарилах, эрсдлийг 50, 50 хувиар хариуцахаар тохиролцжээ. /1 хх-ийн 65-69/

5.1.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй боловч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

5.1.3. Гэрээний дагуу иргэн ******* 2019.07.10-нд 10,000,000 төгрөгийг Резортс Магнолиа ХХК-ийн Голомт банк дахь дансанд шилжүүлсэн болох нь Голомт бакны ******* тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба тэрээр гэрээний үүргээс 15,000,000 төгрөгийг бүрэн өгөөгүй буруутай байна./хх-6-7/

6. Иргэн ******* resortmongolia.mn нь домайн нэр, вэб үүсгэх үйлчилгээг 2017.06.13-нд авсан, гэрээний дагуу resortsmongolia.mn-ийн цахим сүлжээнд нэвтрэх албаны ёсны аккаунтын мэдээллийг *******ийн хувийн амралтын газруудыг сурталчлахад ашиглуулж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба 2019.06.17-нд үйлчилгээний төлбөрөө төлөөгүй үндэслэлээр хаагдсан болох нь зохигчийн тайлбар, Грийн софт ХХК-ийн албан бичиг зэргээр тогтоогдсон. /1хх-173/

7. Резортс Магнолиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ******* нь компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, компанийн 50 хувийн хувьцааг *******т шилжүүлэн өгснөөр түүнийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, *******ийг томилж, тэрээр 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлсэн болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /1хх-ийн 127-138/

Гэрээний ...1.1-т компани ашигтай ажиллавал оруулсан хөрөнгийг тодорхой хугацааны дараа эргүүлэн төлж хамтран ашигтай ажиллах... гэжээ.

Гэрээнд зааснаар ******* 15,000,000 төгрөгийг бүрэн төлөөгүй, улмаар компанийн үйл ажиллагаа жигдрээгүй, ашиг олоогүй байх үед буюу 2020 оны 4 сард талуудын хооронд маргаан үүсэж, гэрээний нэг тал болох ******* гэрээнээс гарсан байх тул Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т зааснаар хамтын үйл ажиллагаа нь дуусгавар болсон гэж үзэхээр байна.

8. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж зааснаас үзэхэд дээрх гэрээний дагуу компанийн өөрийн мөнгөн хөрөнгө 10,000,000 төгрөг, resortsmongolia.mn, resortsmongolia.com веб хуудас, инстаграм хуудас дах биет бус хөрөнгийг хэрхэн үнэлсэн, энэ талаар санхүүгийн тайлан балансад тусгасан баримтгүй байна.

Гэрээний 1.2.1-т зааснаар ******* resortsmongolia.mn, resortsmongolia.com веб хуудас, инстаграм хуудас дах биет бус хөрөнгөдөө тохирох мөнгийг компани ашигтай ажилласан тохиолдолд эргүүлэн авах эрхтэй байна.

Гэрээ бүрэн хэрэгжээгүй, гэрээний нэг тал ******* гэрээнээс гарсан байхад нөгөө тал resortsmongolia.mn, resortsmongolia.com веб хуудас, инстаграм хуудас дахь хөрөнгийг өмчлөлдөө авна гэх тайлбар нь гэрээний 1.1-т заасан хамтран ажиллах гэрээний зорилгод нийцэхгүй байна.

9. Нэхэмжлэгч тал бусадтай гэрээ байгуулж, шинээр веб сайт хийлгэж, 1,800,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй тул 1,800,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

 

9.1.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж, мөн 13 дугаар зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна тус тус заасан.

Хуулийн дээрх заалтын дагуу компанид нярав, нягтлан бодогч ажиллаагүй байх тул мөнгийг зарцуулсан гүйцэтгэх захирал ******* анхан шатны баримтаа бүрдүүлэхээр байна.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Резортс Магнолиа ХХК-ийн худалдан авсан гэх эд хөрөнгөд талуудын хүсэлтээр үзлэг хийсэн байх ба үзлэгээр хариуцагчийн тайлбарт дурдсан хөрөнгүүд байсан нь тогтоогдсон. /1хх-ийн 81-91/

10.1.1. Хариуцагч ******* 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр resortmongolia.mn domain mungu oyubilegt утгаар 113,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Imac гэх утгаар 1,800,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд байрны түрээс гэх утгаар 1,400,000 /2,200,000 төгрөг шилжүүлж буцааж 800,000 төгрөгийг авсан/ төгрөг, ашиглалтын зардалд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 58,471.40 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 54,437 төгрөг, үнэгүй.мн зарын дагуу 2,300,000 төгрөгийн комьпютер, нийт 5,612,908 төгрөгийг зарцуулсан болох нь Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга, Төрийн банкны баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч маргаагүй. /1 хх-ийн 64,97,98,249,233,235/

 

11. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний нэг тал ******* нь нөгөө тал *******ийн зөвшөөрснөөр компанийн дансны 1-р гарын үсгийг зурж, түүний зааврын дагуу imac /аймак/, компьютер, ширээ сандал, эд хогшил, бичиг хэрэг зэрэгт мөнгийг зарцуулж байсан нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* 2019.06.24-ний өдрөөс 2020.04.27-ны өдөр хүртэлх хугацаанд компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчид Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д заасан хариуцлагыг хариуцуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж,

Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 2.4-т эрсдлийг 50, 50 хувь хариуцна гэж тус тус заажээ.

 

Хариуцагчийн 1,478,180 төгрөгийг цалин, хоолны зардал болон бусад зардалд зарцуулсан... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул уг зардлыг хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдал гэж үзэх үндэслэлтэй байна.

 

12. Дээрх тогтоогдож буй үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, талуудын хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдал болох 1,478,180 төгрөгийг гэрээний 2 талд хуваан хариуцуулах нь дээр дурдсан хуулийн заалт болон гэрээний заалтад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

13. Харин resortsmongolia.mn веб хуудасны домайн нэрийг ашиглах хугацаа 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дууссан байгаа нь тус компанийг үүсгэн байгуулахаас өмнөх хугацааг хамаарч байхаас гадна хариуцагч нь дээрх домайн нэрийг сунгуулах төлбөрт 113,000 төгрөгийг 2020.04.23-ны өдөр шилжүүлсэн байна. 1хх-ийн 173-177/

 

13.1.1. Ийнхүү энэхүү вэб сайтын хугацааг сунгуулах төлбөрийг хүлээн авснаас хойш уг сайтыг ашиглах боломжгүй болсноос, 1, гэсэн веб хуудсыг шинээр, бусдаар зайлшгүй хийлгэх шаардлага үүссэн, энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэх байдлыг нэхэмжлэгч баримтаар нотолсонгүй. /1хх-ийн 173-177/

 

14. Зохигч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй нь тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

15. Иймд хариуцагчаас 739,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 739,090 төгрөг, вэб сайт шинээр хийлгэхэд гарсан зардал 1,800,000 төгрөг, нийт 2,539,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хөрөнгө оруулагч тал хөрөнгөө бүрэн буюу 100 хувь оруулаагүй, дутуу оруулснаас нөгөө тал ажлаа цааш үргэлжлүүлээгүй дутуу орхисон, үүнээс шалтгаалан талууд ажлынхаа үр дүнг үзэж чадаагүй, нэгэнт хоёр тал өөрсдийнхөө хүлээсэн үүргийг бүрэн биелүүлээгүй тул учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцах нь зүйтэй гэх дүгнэлт гаргасныг шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

17. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул уг хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно гэх тайлбар, хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан болохыг үүгээр тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 739,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Резортс Магнолиа ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,539,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 22,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Резортс Магнолиа ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 146,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ