Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2017/00266

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2017/00266

Улаанбаатар хот

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  тоотод оршин суух, ДЮ73031006 дугаарын регистртэй, Боржгон овогт Цэдэн-Ишийн Мөнхзулцацрахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ХЗ66051301 дугаарын регистртэй, Уран Цэгмид овогт Цэгмидийн Оюунчимэгт холбогдох

Зээлийн төлбөрт 38 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрах, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагч Ц.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Л.Азжаргал, гэрч Ц.Мөнхцэлмэг, С.Лхамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрахаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь дүү Ц.Мөнхцэлмэг, С.Лхамаа нарын найздаа мөнгө зээлүүлэх хэрэгтэй байна гэсэн гуйлтын үндсэн дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 7 хувийн хүүтэй, 14 хоногоос хэтрүүлэхгүй гэж Ц.Оюунчимэгт зээлсэн. Хариуцагч нь мөнгөө хугацаандаа өгөхгүй байсан ба зээлийн 7 хувийн хүүг хүлээн зөвшөөрч дүү Ц.Мөнхцэлмэгийн дансанд 2015 оны 11 дүгээр сарын 23-нд 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 12-нд 500 000 төгрөг, 12 дугаар сарын 31-нд 300 000 төгрөгийг тус тус хийсэн. Үүнээс хойш 2016 оны 4 дүгээр сарын 28-нд 500 000 төгрөг, 4 дүгээр сарын 30-нд 3 000 000 төгрөг, 6 дугаар 03-нд 200 000 төгрөг, 6 дугаар сарын 17-нд 800 000 төгрөг, 6 дугаар сарын 26-нд 500 000 төгрөг, 7 дугаар сарын 02-нд 200 000 төгрөг, 7 дугаар сарын 11-нд 700 000 төгрөг, 7 дугаар сарын 26-нд 700 000 төгрөг, 8 дугаар сарын 24-нд 1 400 000 төгрөг, 9 дүгээр сарын 02-нд 50 000 төгрөг буюу нийт 9 850 000 төгрөгийн зээлийн хүүг өгсөн. Ц.Оюунчимэг нь зээлийг өгөх ёстой хугацаандаа төлөхгүй байхаар нь 2016 оны 3 дугаар сарын 02-нд албан ёсоор зээлийн гэрээг нотариатын газар очиж нөхөж хийсэн. Ингэхдээ гэрээнд 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дотор зээлээ төлж дуусгана гэж тохирсон. Хэрэв уг хугацаа хэтэрвэл гэрээний дагуу алданги тооцно гэсэн. Үүнээс хойш хүү болон үндсэн зээлээ өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Тиймээс одоо үндсэн зээл 20 000 000 төгрөг, алдангид 10 000 000 төгрөг, хүүний үлдэгдэл 8 450 000 төгрөг буюу нийтдээ 38 450 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Дүү С.Лхамаа нь надад 1 500 000 төгрөгийг өгсөн нь үнэн учир энэ мөнгийг хасч тооцох боломжтой. Хариуцагч нь надад 2 000 000 төгрөг, 1 200 000 төгрөг, мөн бууны мөнгө гэх 800 000 төгрөгийг төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөө зээлийн хүүг 7 хувь байсан гэдгийг зөвшөөрөөд хүү төлж байсан гэв.

Хариуцагч Ц.Оюунчимэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 ч ломбарданд эд зүйлээ тавьсан, зээлийн хүү төлөөд байсан учир нөхрийн найз С.Лхамаа нь миний 2 найз ломбардны хүүтэй зээлээс сал гэж хэлж анх зээл авах санал тавьсан. С.Лхамаа хүүгүй зээл гэж хэлсэн учраас бид 2015 оны 10 дугаар сарын 16-нд 20 000 000 төгрөгийг авсан юм. Гэтэл Ц.Мөнхцэлмэг нь 14 хоногийн дараа би эгчээсээ мөнгө авч өгсөн, 7 хувийн хүүтэй гэсэн шүү гэж утсаар хэлсэн. Ингээд бид нэгэнт мөнгө авсан учраас боломжоороо л төлж байсан. С.Лхамаа бид нар өмнө нь тооцоотой, бид С.Лхамаагаас нилээд авлагатай байсан. Гэхдээ бид нар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ хийхээс өмнө С.Лхамаа болон Ц.Мөнхцэлмэгт 7 300 000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлсөн байсан. Энэ нь 1 800 000 төгрөгийг Ц.Мөнхцэлмэгийн дансанд, 2016 оны 1 дүгээр сарын 19-нд 2 000 000 төгрөгийг өөр хүний дансанд хийсэн. 2015 оны 11 дүгээр сард нөхөр Мягмарсайханы бууг Лхамаа нь авч яваад 800 000 төгрөгөөр барьцаанд тавиад үүнийг та нар төлөөрэй гэсэн. Мөн 2016 оны 2 дугаар сард Лхамаа нь машинаа барьцаанд тавьчихсан, мөнгийг нь төлчихвөл унамаар байна гээд надаас 1 200 000 төгрөгийг авсан. 2016 оны 1 дүгээр сарын 18-ны үед Лхамаагийн төрсөн эгч Мөнхзул тариат манан хөөргийг 1 500 000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдаж авсан, үүнийгээ бас зээлсэн мөнгөнөөсөө хасаарай гэж хэлсэн. Эдгээр нь нийлээд 7 300 000 төгрөг болж байгаа юм. Манай нөхрийг эзгүй, хөдөө явсан хойгуур буюу 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр намайг ажил дээр байхад Ц.Мөнхцэлмэг, Ц.Мөнхзулцацрах нар ирээд гэрээ байгуулъя гээд шахаж шаардсан учраас би зээлийн гэрээг байгуулсан. Гэхдээ манай ажлын ойролцоо нотариатын газар байхад заавал Цайзын 16 дугаар хороололд байдаг нотариатын газарт очин зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ би гэрээг ерөнхийд нь харж байгаад гарын үсэг зурсан. Би гэрээ байгуулахаас өмнө 7 300 000 төгрөгийг төлсөн учраас үлдэгдэл 12 700 000 төгрөгийн төлнө гэж ойлгож байсан. Ер нь ч С.Лхамаагаас нилээд авлагатай байсан учир тохиролцоод болох байх гэж бодож байсан. Гэрээ хийснээс хойш Мөнхзулцацрахын данс руу 2016 оны 4 дүгээр сарын 28-наас 2016 оны 9 дүгээр сарын 02-ныг хүртэл нийтдээ 8 050 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Энэ нь банкны хуулгаар нотлогдож байгаа. Тиймээс одоо 4 650 000 төгрөгийг л С.Лхамаад төлнө гэж үзэж байна. Би уул нь С.Лхамаагийн эхнэр Ц.Мөнхцэлмэгтэй гэрээ хийх юм байна гэж бодож байсан. Гэтэл Ц.Мөнхзулцацрахтай гэрээ байгуулсан гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрах нь хариуцагч Ц.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний алдангид нийт 38 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Ц.Оюунчимэг нь зээлийн гэрээг нөхөж хийсэн, хүү тооцно гэж тохироогүй, авсан 20 000 000 төгрөгөөс дүү С.Лхамаад бэлнээр болон хөөрөг, буу зэргийг өгч 7 300 000 төгрөг төлж хасуулсан, мөн 8 050 000 төгрөгийг бэлнээр төлсөн, одоо 4 650 000 төгрөгийг л төлөх тооцоотой гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үл зөвшөөрч өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5014323442 тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж, гэрч Ц.Мөнхцэлмэг, С.Лхамаа нарын мэдүүлгээр гэрчлүүлэн мэтгэлцэж байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Хэрэгт Ц.Мөнхзулцацрах, хариуцагч Ц.Оюунчимэг нарын хооронд 20 000 000 төгрөгийг сард 7 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 16-наас 2016 оны 4 дүгээр сраын 16-ныг хүртэл 6 сарын хугацаатай, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон тухай 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан байна.

Уг гэрээний 4 дэх заалтад хариуцагч Ц.Оюунчимэг нь 20 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 16-нд бэлнээр тоолж авсан талаар бичиж гарын үсэг зурсан байх ба тэрээр зээлийн 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй, дүү С.Лхамаагийн хүсэлтийн дагуу түүнээс хүүгүй зээлж авсан гэсэн тайлбарыг гаргасан боловч гэрч С.Лхамаа, Ц.Мөнхцэлмэг нарын мэдүүлгээр болон нэхэмжлэгчийн эзэмшлийн ХААН банк дахь 5029257754 тоот дансанд зээл, зээлийн хүү, хүү гэж тодорхойлон мөнгө шилжүүлж байсан үйл баримтаас үзэхэд дээрх 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрах гэрч С.Лхамаа, Ц.Мөнхцэлмэг нараар дамжуулан хариуцагчид зээлүүлсэн нь нотлогдож байна.

Хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 16-нд 20 000 000 төгрөгийг хүлээж авсан талаар маргаагүй байна.

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлйн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа 2015 оны 10 дугаар сарын 16-нд үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээлд 20 000 000 төгрөг, 6 сарын зээлийн хүүд 8 400 000 төгрөг, 210 хоногийн хугацаа хэтрүүлсний алдангид 10 000 000 төгрөг, бүгд 38 400 000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх зээлийн гэрээг байгуулсан өдөр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д заасан Мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Талуудын хооронд дээрх хугацаанд зээлийн гэрээ байгуулагдаагүй, түүнчлэн 20 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.2.-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 232 дугаар зүйлийн 232.-т ...анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид зээлүүлсэн 20 000 000 төгрөгт хүү тооцох, улмаар гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар нэхэмжлэх эрхгүй болно.

4. Хариуцагч Ц.Оюунчимэгээс 2015 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 31-ний хооронд 1 800 000 төгрөгийг гэрч Ц.Мөнхцэлмэгийн эзэмшлийн дансанд шилжүүлэн төлсөн, 2016 оны 1 дүгээр сарын 18-нд гэрч С.Лхамаагаар дамжуулан 1 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн, 2016 оны 4 дүгээр сарын 28-наас 9 дүгээр сарын 02-ныг хүртэл хугацаанд 10 удаа нийт 8 050 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь ХААН банк дахь 5014323442, 5029257754, 5035231624 тоот дансдуудын дэлгэрэнгүй хуулгууд, гэрч С.Лхамаа, Ц.Мөнхцэлмэг нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 11 350 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

5.Хариуцагч Ц.Оюунчимэг нь гэрч С.Лхамаагийн нөхрийн эзэмшлийн бууг барьцаалан бусдаас авсан 800 000 төгрөг, машинаа барьцаанаас чөлөөлөхөөр авсан 1 200 000 төгрөг, иргэн н.Болдбаатарын данс руу 2016 оны 1 дүгээр сарын 19-нд шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг тус тус зээлээс хасуулж тооцно гэж тайлбарлаж байх боловч гэрч С.Лхамаагийн мэдүүлгээр дээрх 4 000 000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, уг мөнгийг С.Лхамаагаас нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрахад хүлээлгэн өгөөгүй байх тул 4 000 000 төгрөгийг зээлээс хасч тооцох үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч Ц.Оюунчимэгээс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт нийт 8 650 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 000 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 153 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Ц.Оюунчимэгээс 8 650 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 000 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 153 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА