Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/01080

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 26-ны өдөр Дугаар 181/ШШ2016/01080 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Ү ХХК /РД:********/,

Хариуцагч: Ш ХХК /РД:**********/-д холбогдох

2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А ХХК ба Ү ХХК нарын хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээ, Ш ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М

хариуцагч Үлэмж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц өмгөөлөгч Б.М, Э.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ард даатгал ХХК ба Үлэмж ХХК нар 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 11/01/157 тоот Даатгалын гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэжээ. Мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5, 10 дугаар зүйлийн 10.1,4-т заасны дагуу даатгалын хураамж төлнө гэсэн байдаг.

Даатгалын гэрээнд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т заасан нөхцлүүдийг тусгасан бөгөөд гэрээг 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00.00 цагаас 2012 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24.00 цаг хүртэл хүчинтэй 6 сарын хугацаатайгаар байгуулсан. Уг даатгалын гэрээгээр даатгагч нь бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгалын эрсдлээс хамгаалсан.

Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-т заасны дагуу энэхүү төрлийн даатгалын гэрээ нь гуравдагч этгээдэд ашигтайгаар даатгах даатгалын төрөлд хамаарна. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай" 356 тоот тогтоолын хавсралтын 1.13-т итгэлцлийн даатгалын бүтээгдэхүүнийг тодорхойлсон. Итгэлцлийн даатгал нь аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчигдсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал бөгөөд гүйцэтгэлийн баталгааны даатгал үүнд хамаарна.

Гүйцэтгэлийн баталгааны даатгалын гэрээгээр даатгуулагч нь өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх гэрээнд заасан бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд буюу ашиг сонирхол бүхий этгээд эдэлнэ. Даатгагч даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний үндсэн дээр ашиг сонирхол бүхий этгээдэд даатгалын баталгаа гаргаж өгдөг.

Даатгуулагч нь гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг даатгалын гэрээ батлагдсанаас хойш ажлын 5 хоногт багтаан даатгагчид төлөхөөр үүрэг хүлээсэн. Даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-т Даатгуулагч нь төлбөл зохих даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд Даатгагч гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй" гэжээ.

Иргэний хуулийн 437 зүйлийн 437.2-т "Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй" гэж хуульчилсан.

Үлэмж ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу даатгалын хураамжийг гэрээний хугацаанд төлөөгүй болно.

Иймд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээ, Шангри ла Улаанбаатар хотел ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Үлэмж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээнд заасан даатгалын хураамжийг манай компани тухай бүрт төлж байсан. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Мөн хураамж төлөөгүй гээд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шангрила Улаанбаатар хотел ХХК нь Үлэмж ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шангрила зочид буудлын Гадна шилэн хана болон гадаад фасадны дизайн гаргах, нийлүүлэх болон угсрах ажлыг гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

Энэхүү гэрээний 10 дугаар зүйлд зааснаар ...энэхүү гэрээ байгуулах мэдэгдэл дээр гарын үсэг зурсан өдрийн дараа болон анхны дундын төлбөр хийгдэхээс өмнө 14 хоногийн дотор Дэд гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулан захиалагчийн тусын тулд Дэд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх үнийн дүн бүхий баталгааны бондыг хүлээн зөвшөөрөгдсөн банк эсхүл даатгалын компаниар гаргуулна гэсэн шаардлагыг Үлэмж ХХК-д тавьсан.

Үүний дагуу Үлэмж ХХК нь Ардп даатгал ХХК-иар батлан даалт гаргуулсан. Энэ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ болно.

Гэтэл нэхэмжлэгч Ард даатгал ХХК нь энэхүү батлан даалтын гэрээгээ Ард даатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот Даатгалын гэрээ-ний Даатгалын баталгаа гэж тайлбарласан байна.

Бидний хувьд Ард даатгал ХХК-аас 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж өгсөн Бондын батлан даалтыг хуулийн зохицуулалт, гэрээний агуулга зэрэг аль ч талаас нь авч үзсэн Ард даатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот Даатгалын гэрээ-ний Баталгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Ард даатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тус гэрээг батлагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр талууд тохиролцсоны зэрэгцээ гэрээний 10.2.1-д зааснаар даатгуулагч нь даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд даатгагч гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй байхаар зохицуулсан байна.

Үүнээс хойш гурван сарын дараа буюу 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Батлан даалт гаргаж өгсөн байдаг. Эндээс харахад даатгалын гэрээ болон батлан даалтын гэрээ нь өөр хоорондоо аливаа хамааралгүй хэлцлүүд болохыг давхар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр Ард даатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

Иймд Ард даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Үлэмж ХХК болон Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-нд холбогдуулан 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээ, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Үлэмж ХХК нь даатгалын гэрээнд заагдсан хураамжийг төлсөн, мөн хураамж төлөөгүй асуудал нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй гэж, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК нь Ард даатгал ХХК-ийн зүгээс даатгалын баталгааг олгоогүй, харин Үлэмж ХХК-ийн өмнөөс Ард даатгал ХХК нь батлан даалтын гэрээ байгуулсан гэж маргасан.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд

2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд хуульд заасан журмын дагуу 11/01/157 тоот даатгалын гэрээ байгуулсан эсэх асуудал дээр талууд маргаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа Үлэмж ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5, 10 дугаар зүйлийн 10.1.4, талуудын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д зааснаар даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үндэслэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус юм гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдлуудыг заасан бөгөөд үүнээс 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээнд хамаарах нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаарх мэтгэлцээний байр сууриа нэхэмжлэгч нотлоогүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх байр суурийг илэрхийлсэн боловч даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийн харилцаа үүсгэх хүсэл зоригоо талууд бүрэн илэрхийлж гэрээ байгуулсныг үгүйсгэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт заасан даатгалын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг дээрх гэрээ мөн хангажээ.

Дурдсан баримтын хүрээнд авч үзвэл 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцох үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагатай төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ энэ тохиолдолд үйлчлэхгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй болно.

Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэсэн даатгалын хураамжийг Үлэмж ХХК гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэх байр суурийн хүрээнд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох асуудлыг авч хэлэлцэх боломжгүй бөгөөд харин энэ тохиолдолд Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах зохицуулалт үйлчлэх ёстой байдаг билээ.

 

Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд

Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй, 433.2 дахь хэсэгт даатгалын баталгааг тодорхой этгээдэд нэр заасан буюу мэдүүлгийн баталгааны хэлбэрээр олгосон бол даатгагч нь анхны даатгуулагчид тавих бүх шаардлагыг баталгаа эзэмшигчид гаргаж болно. Даатгалын баталгаа эзэмшигч нь даатгалтай холбогдсон эрхээ шилжүүлж байгаагаа даатгагчид мэдэгдсэн бөгөөд эрх шилжүүлэгч шаардлагаа нэн даруй гаргасан бол энэ журам хамаарахгүй, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэгт даатгагч нь даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулийн зохицуулалтын дагуу даатгалын баталгааг даатгуулагчийн эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгасныг баталж, даатгалаас олгох даатгалын нөхцлийг тусгасан, даатгагч гарын үсгээ зурсан баримт бичиг гэж үзэх ёстой юм. Түүнчлэн даатгалын баталгаа нь даатгагчийн зүгээс гаргасан хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн утгыг агуулж, даатгалын гэрээний тохиролцоо, нөхцөл, шаардлагын хүрээнд үйлдэгдэх ёстой байна. Өөрөөр хэлбэл даатгалын баталгаа нь үндсэн даатгалын гэрээнээс ангид байх боломжгүй юм.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээний хүрээнд хийгдсэн болохыг нотлосон даатгалын баталгааг нэхэмжлэгч /даатгуулагч/-ийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгөөгүй, үүнтэй холбоотой хүсэлт гаргаж байгаагүй билээ.

Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.2 дахь хэсэгт даатгалын баталгаатай холбоотой харилцаанд гуравдагч этгээд ямар тохиолдолд хамаарах талаар заахдаа зөвхөн даатгагч, даатгуулагчийн хүсэл зориг, даатгалын гэрээний хүрээнд уг харилцаа явагдах болохыг тодорхой тусгажээ. Хэрэгт авагдсан баримтаар 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээний даатгалын баталгааг Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-нд шилжүүлэн олгосон үйл баримт тогтоогдсонгүй.

Хариуцагч Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 229-234 дүгээр талд буй нотлох баримтыг нэхэмжлэгч нь Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-нд гаргаж өгсөн даатгалын баталгаа мөн, тухайн баримтын орчуулгатай маргахгүй гэжээ. Харин уг баримт нь 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээний баталгаад тооцогдох боломжгүй болох нь агуулга, тохиролцоо, зорилго болон даатгалын гэрээнд холбогдуулан авч үзээгүй, даатгалын гэрээг дурдаагүй байдлаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч талаас 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тохиолдолд тухайн гэрээтэй холбоотой Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагатай болно гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүхийн зүгээс даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан байгаа билээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан Үлэмж ХХК болон Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-нд холбогдуулан гаргасан 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ард даатгал ХХК, Үлэмж ХХК-ийн хооронд байгуулсан 11/01/157 тоот даатгалын гэрээ, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн эзэмшиж буй даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Ард даатгал ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ