Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 563

 

В.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр магадлалтай, В.Б-т холбогдох 1734002190019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй О овогт В-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч В.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох М.Б, Д.Э нар нь мэдүүлэхдээ “З.М хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан” гэж мэдүүлдэг болохоос В.Б-ийг цохиж хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэдгийг шууд харсан гэрч нар биш байдаг. Мөн гэрч Ц.Ө, хохирогч З.М-ын мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлэг нь илт зөрүүтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул эдгээр гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй юм. Гэрчүүдийн мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцдэггүй, тухайн үед тус гэмтлийг авсан гэхэд эргэлзээтэй нөхцөл байдалтай байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан. В.Б-ийн холбогдсон гэх хэрэг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарсан, үүнээс хойш давж заалдах шатны шүүхээс гомдлыг 2018 оны 10 дугаар сарын 17-нд хэлэлцсэн өдөр хүртэл 1 жил 2 сар 25 хоног өнгөрсөн байна. В.Б-ийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 1 жилээр тооцохоор байна. Давж заалдах шатны шүүхэд гомдол хэлэлцэх хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй гэж дүгнээд байгаа нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч З.М нь В.Б гэх хүнд зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан үндэслэлээр хохирогч болсон. В.Б нь цагдаагийн байгууллагын алба хаагч бөгөөд шат шатны шүүх дээр хэргээ огт хүлээгээгүй. Шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэж, шүүгдэгч В.Б-ийг гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүх хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж байгаа нь буруу байна. Иймд шүүгдэгч В.Б-т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн В.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч В.Б нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн “Бургалдай” гэх газар З.М-ын гэрт түүнтэй маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч В.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүгдэгч В.Б-т холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацаа өнгөрөхөөс өмнө В.Б-ийг яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул В.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзнэ.

Хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг хугацааг тоолохыг зогсоох үндэслэл болохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хуульчилсан байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар В.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН