Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан хөтөлж,

улсын яллагч Ц.Батбямба,

хохирогч З.Мөнгөнтогтох,

хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар,

шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б-д холбогдох 1734002190019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, Цагдаагийн ерөнхий газрын хамгаалалтын 3 дугаар газарт хамгаалалтын офицер ажилтай, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сурагчийн 49-1855 а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх О овогтой  В.Б

 

Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/:

Шүүгдэгч В.Б нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны оройн 19 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Бургалдай” гэх газар хохирогч З.Мөнгөнтогтохыг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь "1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, баруун гуяанд цус хуралт, тархи доргилт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б: “2017 оны 07 сарын 22-ны өдөр машин аваад 2017 оны 07 сарын 23-ны өдөр машинаа үзүүлэх гэж хөдөө Төв аймгийн Батсүмбэр суманд оршин суух ээжийнх рүүгээ эхнэр хүүхдүүдийн хамт очсон. Тэгэхэд ээж маань надад Г.Эрдэнэбат гэх хүн ахыг чинь хавиргыг хугалчихаад утсаар байнга дарамтлаад байна. Нэг голын, нэг нутаг хүмүүс юм чинь миний хүү очоод хэлээд өгөөч гэж хэлсэн.  Би бага байхдаа Г.Эрдэнэбат ахын морийг нь унаж өгдөг байсан болохоор ойлголцох байх гэж бодоод эхнэр, 6 настай хүүхэд, ээж, хавирга нь хугархай ахыгаа дагуулаад гэрт нь 17 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд гэрээс нь нилээд хол 15-16 метрийн зайтай зогссон. Тэгээд сигналдахад хүн гарч ирэхгүй болохоор нь би машинаас буухад монгол банхар шиг хоёр том биетэй нохой дайрсан. Тэгэхээр нь би машиндаа буцаад суусан. Машинаас буугаад би 1-2 алхсан байх. Тэгэхэд гэр дотроос нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй, араас надаас том биетэй залуу гарч ирсэн. Тэгээд би Г.Эрдэнэбат ах байна уу гэж асуухад З.Мөнгөнтогтох ээж, ах хоёрыг хараад таниад шууд уурласан. Тэгээд муу сайн юмнууд яах гэж ирсэн юм гэж уурлаж байсан. Тэгэхээр нь Г.Эрдэнэбат ах байхгүй юм чинь явъя гээд буцсан. Тэгэхэд эхнэр маань бас Г.Эрдэнэбат ах байхгүй юм чинь явъя гэж хэлж байсан. Би гүтгэгдэж байна.”гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Мөнгөнтогтохын: “Гомдолтой байна. В.Б намайг зодож надад хөнгөн гэмтэл учруулсан.”гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд:

  мөрдөн байцаалтад шүүгдэгч В.Бийн: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг ээжийндээ очсон. Намайг очиход манай ээж надад Г.Эрдэнэбат гэх хүн В.Энхтөр ахыг чинь зодчихоод утсаар хэл амаар доромжлоод  хууль үйлчлэхгүй гээд намайг хүртэл хэл амаар доромжлоод байна. Чи Г.Эрдэнэбатад хэрэгт хамааралгүй хүнрүү битгий яриад бай гэж хэлээд өгөөч гэхээр нь би 17 цагийн орчимд Г.Эрдэнэбатын гэрийн гадаа очоод хүн гарч ирэхгүй гадна нь нохой байгаад байсан болохоор сигналдаж байтал хүүхэд тэвэрсэн эмэгтэй, бас нэг залуу гарч ирсэн. Тэр хоёр хүн манай ээжийг таничихаад та нар муу сайн юмнууд яах гэж ирсэн юм бэ гэхээр нь тэр эмэгтэйгээс танай нөхөр ирсэн юмуу гэхэд чи муу замын цагдаагаас ахидаггүй биз дээ гэсэн. Би түүнд хөгшин настай хүнрүү битгий утасдаад бай. Манай ээж энэ хэрэгт огт хамааралгүй хүн гэж хэлээд тэндээс машинаа асаагаад хөдөлсөн. Энэ үед хажуу айлынх нь хижээл насны хоёр авгай хараад сууж байсан. Намайг зодсон гэж гүтгээд байна. Надад З.Мөнгөнтогтохыг зодож цохисон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30,91-92,135-136 хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч З.Мөнгөнтогтохын: “2017 оны 07 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчимд намайг гэртээ байж байхад манай гадна жижиг жийп маркий машинтай хүмүүс ирэхээр нь би гэрээс гараад иртэл махлаг тарган шар залуу буюу сүүлд В.Б гэх нэрийг нь мэдсэн залуу машинтай ирсэн тэрээр надаас манай нөхөр Эрдэнэбатыг асуухаар нь би байхгүй гэхэд тэрээр намайг гичий, нохой, пизда 35 үсгийн 3-ийг ч мэдэхгүй гэх зэргээр хэлээд байхаар нь би өөдөөс нь хэд гурван үг хэлээд гэр рүүгээ буцаж ороод манай гэрт тухайн үед зурагт засаж байсан манай хамаатангийн Өлзийтулгад гадаа согтуу хүмүүс ирэх шиг боллоо одоо яадаг билээ гэтэл Өлзийтулга өө би зурагтыг чинь засаж чадахгүй юм байна гадаа байгаа хүүхдээ гэртээ оруулна гээд гараад явахад түүнтэй зөрөөд нөгөө машины жолооч В.Б манай гэрт орж ирээд чи муу авгай нөхрөө гэртээ нуулаа хаашаа явсан мангар авгай гэхээр нь би хэсгийн төлөөлөгч Наранбаатартай уулзахаар төв явсан гэтэл тэнэг авгай та нарт хууль уншиж өгнө би цагдаа хүн та нар манай ахын 2 хавирга хугалсан хохирлын 5000 000 төгрөг өг тэгэхгүй бол 5-10 жилийн ялтай ийм ял өгдөг гэх зэргээр намайг үгээр дайрч та хэсгийн төлөөлөгч Наранбаатартай хуйвилдаж хохирлын мөнгөө өгөхгүй байна та нарыг фэсбүүкэд тавина над руу дайраад байхаар нь “чамайг хэсгийн төлөөлөгчид хэлнэ” гээд утсаа аваад залгах гэтэл В.Б гэх цагдаа над руу дайрч гараа атгаж байгаад хамар шүд хавсарч хоёр удаа маш хүчтэй цохиж, салтаа руу 2 удаа өшиглөсөн гэтэл хамраас цус гоожоод байхаар нь айсандаа болж уйлаад доошоо хараад суухад хажуу айлын Өлзийтулга орж ирсэн тухайн үед их сандарсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Манай 2 хүүхэд айж уйлалдсан мөн хажуу айлын Номиндарь ч орж ирж харсан би нөхөртөө утсаар болсон асудлыг хэлж нөхрийн хамт сумын эмнэлэгт очиж эмч Булганд үзүүлсэн. В.Б тухайн үед согтуу ирсэн. Ингэж цохиулсаны улмаас миний үүдэн хоёр шүд суларсан унаагүй дараа нь хэд хоногийн дараа суларсан шүдний нэгийг нь шүд хийлгэхдээ Улаанбаатар хотод авахуулсан. Миний баруун гуя руу хоёр хэсэг газар хөхөрсөн тэр нь хэд хоноод арилсан. Би ямар ч зураг авахуулаагүй сумын эмч Булганд үзүүлсэн магадлал л хэрэгт байгаа. Намайг В.Б үсдэж өшиглөөгүй. Тухайн үед үүдэн хоёр шүд маань хөдөлгөөн орсон дараа нь эмнэлгээр шүд хийлгэхдээ нэг шүдээ авахуулсан” гэх мэдүүлэг /хх-113 тал/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.Өлзийтулгын: “2017 оны 07 дугаар сарын 23-ны орой шиг санагдаж байна 19 цагийн орчим Г.Эрдэнэбат ахын шинэ авсан зурагт нь сайн гарахгүй байна хүүхдүүд нь дуудахаар нь тохируулж өгөхөөр гэрт нь байж байхад гэрийн гадна машин дуугараад машинтай хүмүүс ирсэн. Тэр хүмүүс Г.Эрдэнэбат ахыг байна уу гэж асууж байсан ба гэрээс З.Мөнгөнтогтох эгч гарсан. Гэтэл нөгөө хүн нь мөнгөө өгөөч, би цагдаа байна гэх зэргээр хэрүүл гаргаж З.Мөнгөнтогтох эгчийг элдэв үгээр хэлж загнаад байсан ба өөдөөс нь Мөнгөнтогтох эгч ч гэсэн яагаад байгаа юм гээд хэрэлдсэн. Тэгэхэд нь тухайн гадаа тоглож байсан хүүхдүүд ээ холдуулахаар гадаа гэрээс гарахад гэрийн ойролцоо бор саарал өнгийн “Икс триал” маркийн машины жолооч болох махлаг шар залуу Мөнгөнтогтох эгчтэй хэрэлдэж байсан ба намайг гэрээс гарахад нөгөө машины жолооч махлаг шар, цагдаа гээд байсан залуу З.Мөнгөнтогтох эгчийг дагаад гэр лүү нь надтай зөрөөд орсон. Би гэртээ ороод 5 орчим минут болоход З.Мөнгөнтогтох эгчийн дуу нь чангараад байхаар нь гэрээсээ гараад ирсэн чинь нөгөө машин хөдлөөд яваад өгсөн. Би З.Мөнгөнтогтох эгчийнд ороход хүүхдүүд нь айж уйлсан байдалтай. Цагдаа эмнэлэгт дуудлага өг гэж хэлсэн юм. Би Мөнгөнтогтох эгчийн амыг ангайлгаж хараагүй хамраас нь цус гарч байсан. Мөнгөнтогтох эгч  өөрөө л надад шүд уначихлаа гэсэн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.Номиндарийн: "2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тугалаа хаших гээд тууж явахад доороос нэг машин их хурдтай явж байгаа харагдсан ба дээрх машин нь манай саахалт Г.Эрдэнэбат ахын гадаа зогссон. Тухайн үед би тугалаа хашаандаа хашиж байсан. Гэтэл Г.Эрдэнэбат ахын гэрт нь хүүхдүүд орилолдож, хашгирах чимээ гарахаар нь би юу болов гээд гүйгээд Г.Эрдэнэбат ахын гэр лүү очих хооронд нөгөө машинтай хүмүүс хөдлөөд явсан. Г.Эрдэнэбат ахынд ороход бэр З.Мөнгөнтогтох шүд уначихлаа гээд хамраас нь цус гоожсон, хүүхдүүд нь уйлаад зогсож байсан. Таныг хэн яав гэтэл машинтай хүмүүс ирээд зодчихлоо гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э.Энхзаяагийн: "2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ээж, З.Мөнгөнтогтох, эгч Э.Анхзаяа, жаахан дүү нарынхаа хамт Өлзий ахаар зурагт засуулахаар байж байтал 19 цагийн орчим машинтай хүмүүс гэрийн гадна ирэхэд манай ээж З.Мөнгөнтогтох гэрээс гарсан. Машинтай ирсэн хүмүүс аавыг асуухад ээж байхгүй гэсэн. Би араас нь хаалгаар харсан чинь тэр машины арын суудал дээр манай тэр орчимд амьдардаг В.Энхтөр ах, хажууд нь ээж нь байгаа харагдсан. Тэр хүмүүс ээжтэй гэрийн гадаа хэрэлдээд байсан ба манай ээжийг гэртээ буцаад ороход араас нь уг машины жолооч шар царайтай бүдүүн ах орж ирээд ээжтэй хэрэлдэхэд манай ээж утсаараа цагдаа дуудна гээд утсаа залгах гэтэл тэр ах манай ээжийн нүүр рүү гараараа цохиод гуя руу нь хоёр удаа өшиглөхөд ээж, манай дүү нар болон би айгаад уйлсан чинь тэр ах гараад явсан. Энэ байдлаас болж ээж З.Мөнгөнтогтохын амнаас цус гоожоод дараа нь аав ирээд тэр хоёр сумын эмнэлэгт үзүүлсэн. Тэр ахыг гараад явахад манай хажуу айлын Өлзий ах болон Номиндарь эгч манайхаар ирсэн. Манай ээж Мөнгөнтогтохын хамраас нь гоожсон үүдэн шүд нь хөдөлсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э.Анхзаяагийн: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Бургалдай гэх газар гэртээ ээж, З.Мөнгөнтогтох, дүү Э.Энхзаяа бид нарыг Өлзий ахаар зурагт засуулахаар байж байхад 19 цагийн орчим байх гэрийн гадна машинтай хүмүүс ирэхэд манай ээж З.Мөнгөнтогтох гэрээс гарсан. Ээжээс машинтай ирсэн хүмүүс аавыг асуухад ээж байхгүй гэсэн. Тэр хүмүүс ээжээс хохирлын 5.000.000 төгрөг нэхэж, янхан, гичий гэх зэргээр гэрийн гадаа хэрэлдэхийг сонссон. Гэтэл Өлзий ах гэрээс хүүхдээ олж гэртээ оруулна гээд гарахад нөгөө машинтай ирсэн хүмүүсийн жолооч гэх шар царайтай бүдүүн ах манай гэрт ороод ирсэн. Тэр ах манай ээжийг бичиг үсэг мэдэхгүй янхан, гичий, хууль уншиж өгнө гэх зэргээр дайрч доромжлоход нь манай ээж утсаараа цагдаа дуудна гээд утсаа залгах гэтэл тэр ах манай ээжийн нүүр рүү нэг, ам руу нэг нийт хоёр удаа гараараа цохиод, гуя руу хоёр удаа өшиглөсөн чинь манай дүү Энхзаяа айгаад уйлсан чинь тэр ах гараад явсан энэ зодуулсан байдлаас болж ээж З.Мөнгөнтогтохын амнаас нь цус гоожоод дараа нь аав ирээд тэр хоёр сумын эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед ээжийн үүдэн шүд хөдөлсөн байсан нь шүд хийлгэхдээ шүдээ эмнэлгээр авахуулсан”гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуудас/

 

мөрдөн байцаалтад гэрч М.Булганы: "2017 оны 07 дугаар сарын 23-ны оройн 20 цагийн орчимд манай эмнэлэгийн сувилагчаар ажилладаг Д.Энхтуяаг үзээд байж байхад зүс таних З.Мөнгөнтогтох нөхрийн хамт “хүнд зодуулчихлоо зодсон хүн нь өөрийгөө цагдаа гэсэн” гээд уйлаад ирэхэд нь түүнд үзлэг хийхэд хамар, ам, хүзүү орчмоор нь хатсан цус болсон байхаар нь түүний нүүрийг угаалгаж үзлэг хийхэд З.Мөнгөнтогтохын үүдэн хоёр шүд нь суларсан хөдөлгөөнтэй, хувцасыг нь тайлж үзлэгийг үргэлжлүүлэхэд баруун гуяанд 2 хэсэг газар хөхөрсөн байсан учраас зөвөлгөө өгч гэрээр өвчин намдаах эм бичиж өгөөд тодорхойлолт хийж тамга дараад явуулсан" гэх мэдүүлэг  /хх-ийн 83-84 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.Энхтуяагийн: " 2017 оны 07 дугаар сарын сүүлээр юм. Тухайн өдрийн үдээс хойш гэртээ байж байсан чинь дотор муухайраад байхаар нь Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд өөрөө очиж тэр өдрийн жижүүр эмч Булганд үзүүлэхэд миний даралт маш их өндөр байсан учраас тэр дороо эмчилгээ бичүүлж хүлээн авахын орон дээр хэвтэж эмчилгээ хийлгээд байж байтал З.Мөнгөнтогтох гэгч Бургалдайд зусдаг хүүхэн нөхрийнхөө хамт орж ирэхдээ би хүнд зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Тэгээд М.Булган эмчид үзүүлсэн. Түүнийг эмчид үзүүлж байхад харахад үс нь сэгсийсэн, хамраас нь цус гоожоод тэр хэсэгтээ цус болсон байсан. Тухайн үед би өөрөө даралт ихтэй орон дээр хөдлөх боломжгүй хэвтэж байсан болохоор сайн ажиглаж сонсох боломжгүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 129-131 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунчимэгийн: "2017 оны 07 дугаар сарын 23-ны үдээс хойш Улаанбаатар хот зүгээс ирдэг замаар хар хөх өнгийн машины маркийг нь хэлж мэдэхгүй байна автомашин замаар манайхыг чиглээд хурдтай ирж явахыг хараад гол дээр тоглож байгаа ач зээг маань дайрчих вий гэж дотроо бодоод сууж байтал нөгөө машин Г.Эрдэнэбатын гадаа ирж зогсоод машинаасаа хэн нэгэн буулгүй жолооч залуу цонхоо онгойлгоод Эрдэнээ байна уу гэж Эрдэнээгийн эхнэр
З.Мөнгөнтогтохоос асуухад байхгүй гэж хэлэхэд битгий худлаа яриад бай чи Эрдэнээг
нуулаа гэж хэлсэн. З.Мөнгөнтогтох худлаа гэж бодож байгаа бол гэрт орж ирээд
харахгүй юу гэж хэлээд хоорондоо хэрүүл, маргаан хийгээд байхыг би хараад л,
сонсоод л гэрийнхээ гадаа сууж байсан. Тэр үед З.Мөнгөнтогтох гэрлүүгээ явж ороход
араас нь нөгөө залуу явж ороод удалгүй гэрээс нь гараад машиндаа суугаад машинаа
асаагаад яваад өгсөн юм. Тэгтэл З.Мөнгөнтогтох гэрээсээ гарч ирээд миний нүүр лүү сая ирсэн залуу цохьчихоод явчихлаа гээд хамар амнаас нь цус гарсан байдалтай гарч ирээд угаагаад байсан ба төв орж цагдаад хандана гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Мөнхбатын: “Манайх эхээс долуулаа түүний минь 6 дахь хүүхэд болно. В.Бийн доор болон дээр нь ах эгч дүү бий бүгд амьд сэрүүн байна. В.Б маань Батсүмбэр суманд 10 жилийн сургууль төгссөн Улаанбаатар хотод цагдаагийн сургууль төгссөн цагдаагийн албан хаагч түүний өмнөх эхнэр нь өвчний улмаас нас барсан нэг хүүтэй үлдсэн тэр нь Бат-Эрдэнэ гэдэг эмээ Чимгээгийнд амьдарч Үдлэг багийн бага сургуульд суралцдаг В.Б, Гэрлээ гэх хүнтэй гэр бүл болоод 3 жил болж байна. Архи уухгүй даруу төлөв зантай ямар нэг хэл үг гаргаад байхгүй сайн дүү маань юм. Би уг хэргийн талаар мэдэхгүй гэхдээ манайх Мөнгөнтогтохын нөхөр Эрдэнэбатынхтай жил бүр отороор цуг гардаг хүн чанарын хувьд тааруухан хэлсэн үгэндээ хүрэхгүй хуурч мэхэлдэг. 2017 оны 06 дугаар сард байх манайх ах Энхтөртэй Мөнгөнтогтохын нөхөр Эрдэнэбат нь хашааны өвөлжөөнөөс болж хоорондоо маргалдаад ах Энхтөрийн 1 хавирга хугарсан энэ асуудлаар Төв аймгийн шүүхээр яваад Эрдэнэбат нь торгох ялаар шийтгүүлсэн гэсэн үүндээ л өш хонзон санаад манай дүүг гүтгээд байна тэгээд ч тэднийх 2 нохойтой нохой нь хүн ирэхээр хуцаад дайрдаг машинтай болон явган морьтой хүн рүү их дайрдаг учраас хүмүүс тэдний нохойноос айдаг” гэх мэдүүлэг /хх-80-81 хуудас /,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнэ: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай аав В.Б ээж Гэрэлтуяа хоёр дүү Наранзаягийн хамт Үдлэг багт манай эмээ Чимгээгийнд ирсэн юм. Тэнд байж байгаад эмээгийнхээс Энхтөр ахынд эмээ Чимгээ, 6 настай дүү Наранзаяа, аав В.Б ээж Гэрэлтуяа бид нар аавын шинээр авсан машинаар очсон. Тэднийд Энхтөр, эхнэр нь Наранцэцэг, хүүхдүүд нь байсан. Тэндээс эмээг дарамтлаад байдаг Эрдэнэ гэх айл руу эмээ манай дүү, ээж, аавтай очиход тэдний гэрийн гадна цагаан болон алаг2 нохойнууд байсан ба машинтай биднийг очиход дайраад хуцаад байсан учраас манай аав В.Б машин дотроосоо Эрдэнээ ах байна уу гэж асуухад Эрдэнэ ахын эхнэр нь гэх хүн гэрээсээ хүүхдээ тэвэрч гарч ирээд байхгүй гэж хэлэхэд нь бид гэрт нь оролгүй буцаад гэр рүүгээ явсан биднийг тэдний гадаа очиход хажуугийн айлын гадаа нь хоёр настай эмэгтэй хүмүүс хараад сууж байсан. Манай аав Эрдэнэ ахын гэрээр ороогүй биднийг тэдний гэрийн гадаа ирэхэд 2 нохой дайрч хуцаад байхаар нь аав маань машинаасаа буугаагүй Эрдэнэ ахыг асуугаад байхгүй гэхээр нь явсан”гэх мэдүүлэг /хх-ийн 86 хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Наранзаяагийн: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай аав В.Б, ээж Гэрэлтуяа бид аавын эмээ Чимгээгийнд аавын шинээр авсан машиныг харуулахаар очсон дараа нь машинтайгаа нэг айлаар ороод дахин нэг айлаар очсон би сайн мэдэхгүй тэр айлуудыг танихгүй учраас хэнийх гэдгийг хэлж чадахгүй тухайн үед аав эмээ ээж ахтай хамт явж байхад ямар ч айлаар ороогүй хүмүүстэй хэрэлдээгүй. Тэгээд л оройдоо хотод гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /хх-88 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ж.Чимгээгийн: “ 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт манай том хүү В.Энхтөр, удаах хүү В.Б эхнэр хүүхдүүдийн хамтаар очсон.  Би хүү нартаа Эрдэнээгийн талаар хэлсэн чинь манай хүүхдүүд түүнтэй уулзахаар болоод В.Бийн шинээр авсан машинтэй явсан. Эрдэнээгийн гэрийн гадаа очиход хүн байна уу гэхэд В.Эрдэнээгийн эхнэр Мөнгөнтогтох гэрээсээ хүүхдээ тэвэрч гарч ирээд байхгүй гэхэд нь удалгүй явсан ямар нэг зодооны асуудал болоогүй манай хүү В.Б, З.Мөнгөнтогтохын гэрт нь ороогүй. Гэрийн гадаа нь очиход машинаас нь машинаас буухад нохойнууд нь хуцаад ирэхээр нь буцаад машиндаа суусан, машинаас буугаагүй”гэх мэдүүлэг /хх-ийн 105 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч С.Гэрэлтуяагийн: “2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нөхөр охин Наранзаяагийн хамтаар Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт амьдрах хадам ээжид шинээр авсан машинаа үзүүлэхээр очсон. Тэнд хоол унд хийж идээд В.Бийн том ах Энхтөрийнд ээж дүүгийнхээ хамтаар очсон. Тэнд байж байхад хадам ээж Ж.Чимэгээ бид нарт хадам ах В.Энхтөртэй хэл яриа гаргаад байдаг айлын хүмүүс өөрийг нь доромжлоод байдаг талаар В.Бт хэлж хадам ээж, хоёр хүүхэд, хадам ах Энхтөрийн хамтаар тэднийд очиж хэл амаа ололцохоор болоод 17 цагийн орчимд тэдний хөдөө байх гэрийн гадаа очсон. Манай нөхөр В.Б машинаасаа буутал 2 том нохой хуцаад цаанаас гараад ирэхээр буцаад машиндаа суусан тэгээд хүн байна уу? Гэтэл гэрээс нэг эгч жаахан хүүхэд тэврээд гараад ирэхэд нь танай нөхөр Эрдэнээ байна уу гэж асуухад нөгөө эгч байхгүй гэхээр нь та нар яах гэж хөгшин хүнийг дарамтлаад байдаг юм бэ? Гэхэд нөгөө эгч В.Бийг чи муу цагдаа яах гээд байгаа юм бэ?  Замын цагдаагаас хэтэрдэггүй л цагдаа биз дээ гэх зэргээр үгээр доромжлоод хашигчаад байхаар нь гэрт нь оролгүй буцаад явсан. Машинд сууж байсан В.Энхтөр ахыг тэр эгч харчихаад чи намайг татаад чангаагаад байсан биз дээ гэж хэлж байсан. Манай нөхөр В.Б нь З.Мөнгөнтогтохын гэрт нь ороогүй гэрээс нь зайтай зогсож байгаад дээрх байдлаар харьцаад буцаад явсан” гэх мэдүүлэг /хх-106-107 тал/,

 

мөрдөн байцаалтад гэрч С.Дэлгэрцэцэгийн: “2017 оны 07 сарын сүүлээр З.Мөнгөнтогтох гэх эмэгтэй хүн ирж шүдээ үзүүлэхэд түүний үүдэн нэг шүд хугарсан байсан учраас түүнийг эмчилж буцааж сэргээх боломжгүй тул авах шаардлагатайг өөрт нь хэлсэн. Тэгээд тэр дороо үүдэн хугарсан нэг шүдийг авсан. Тухайн үед З.Мөнгөнтогтохын үүдэн шүд нь хөдөлгөөн ороод эмчлэх боломжгүй байсан учраас авсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шүд нь голоороо хугарсан байсан. Энэ нь шинэ хугарал байсан" гэх мэдүүлэг /хх-234-235 хуудас/,

 

мөрдөн байцаалтын шатанд шинжээч Т.Номинцэцэгийн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн З.Мөнгөнтогтохын биед үзлэг хийхэд дээд зүүн 1 дүгээр шүд унасан, буйл хонхор ягаан өнгөтэй байсан. 2017 оны 7 сарын 23-ны өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын эмчийн магадлагаанд “үүдэн шүд хөдлөнө, янгинаж өвдөнө, сийгнэ гэсэн зовиуртай үзлэгээр дээд талын үүдэн хоёр шүд хөдөлгөөнтэй гэсэн байна. Иймд Батсүмбэр сумын эмч Булганыг үзэх үед Мөнгөнтогтохын үүдэн 2 шүд нь хөдөлгөөнтэй, баруун гуянд бага зэрэг/хоёр ширхэг дугуй хэлбэрийн / хөхрөлттэй байсан байна харин надад үзүүлэх үед үүдэн нэг шүд нь унасан байсан байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 5 хувийг алдагдуулна. Цус хуралт нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өшиглүүлсэн гэх газар цус хуралт үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-90 хуудас /,

 

мөрдөн байцаалтанд шинжээч Ө.Сарангэрэлийн: “Шинжээч /бүрэлдэхүүнтэй/ нарын 2018 оны 04 дүгээр сарын 11-нийн өдрийн дүгнэлтээр Мөнгөнтогтохын биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, баруун гуянд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдсон дээрх гэмтэлээ шүдний булгарал, 1 шүдний сулрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна харин баруун гуяны цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй эрүүл мэндийг сарниулахгүй юм. М.Булган эмчийн тодорхойлолтоор З.Мөнгөнтогтох тархи доргилт гэсэн онош тавигдсан байсан. Үүний учраас шинжээч эмч Номинцэцэгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны мэдрэлийн үзлэгээр тархи доргилт тогтоогдоогүй ба 7 сарын 23-ны тархи доргилт нь бүрэн эдгэрэх боломжтой юм. 7 сарын 23-ны тархи доргилт нь тухайн үед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-244-245 хуудас/,

 

-Хохирогч З.Мөнгөнтогтохын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-02 хуудас/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-04 хуудас/,

-эмнэлгийн магадлагаа /хх-21 хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №10416 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1.З.Мөнгөнтогтохын биед 1 шүд унасан, 1 шүдний сулрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид 1 шүд унах нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдуулна.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 22 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 14 дугаартай:

1.З.Мөнгөнтогтохын биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна гэх дүгнэлт /хх-117-118 дугаар хуудас/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 446 тоот:

1.З.Мөнгөнтогтохын биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид 1 шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын 5% алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 240-241 хуудас/,

 

-Шүүгдэгч В.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 31 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан, цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б нь хохирогч З.Мөнгөнтогтохын биед “нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, баруун гуяанд цус хуралт, тархи доргилт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч З.Мөнгөнтогтох нь миний биед учирсан гэмтлийг В.Б учруулсан гэж талууд маргаж мэтгэлцсэн байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Бургалдай” гэх газар 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой хохирогч З.Мөнгөнтогтохын гэрт нь шүүгдэгч В.Б нь өөрийн эхнэр С.Гэрэлтуяа, ах В.Энхтөр, ээж Ж.Чимгээ хүүхдүүдийн хамт өөрийн ах В.Энхтөрийг хохирогч Мөнгөнтогтохын нөхөр Г.Эрдэнэбат зодож хүндэвтэр гэмтэл учруулсан үйдлийн талаар Г.Эрдэнэбаттай уулзах зорилгоор очиход гэрийн эзэн Г.Эрдэнэбат гэртээ байхгүй байсан нь гэрч хохирогч нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

 Улмаар хохирогч З.Мөнгөнтогтохын гэрт 19 цагийн орчим орж хохирогчтой маргалдах явцдаа хохирогч З.Мөнгөнтогтохыг зодож эрүүл мэндэд "нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, баруун гуяанд цус хуралт, тархи доргилт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хэрэг учрал гарах үед хохирогчийн гэрч орсон гэрч Ц.Өлзийтулгын “ ..2017 оны 07 дугаар сарын 23-ны орой шиг санагдаж байна 19 цагийн орчим Г.Эрдэнэбат ахын шинэ авсан зурагт нь сайн гарахгүй байна хүүхдүүд нь дуудахаар нь тохируулж өгөхөөр гэрт нь байж байхад гэрийн гадна машин дуугараад машинтай хүмүүс ирсэн.  ..... гэрээс гарахад нөгөө машины жолооч махлаг шар, цагдаа гээд байсан залуу З.Мөнгөнтогтох эгчийг дагаад гэр лүү нь надтай зөрөөд орсон. Би гэртээ ороод 5 орчим минут болоход З.Мөнгөнтогтох эгчийн дуу нь чангараад байхаар нь гэрээсээ гараад ирсэн чинь нөгөө машин хөдлөөд яваад өгсөн. Би З.Мөнгөнтогтох эгчийнд ороход хүүхдүүд нь айж уйлсан байдалтай. Цагдаа эмнэлэгт дуудлага өг гэж хэлсэн юм. Би Мөнгөнтогтох эгчийн амыг ангайлгаж хараагүй хамраас нь цус гарч байсан. Мөнгөнтогтох эгч өөрөө л надад шүд уначихлаа гэсэн юм” гэх мэдүүлэг /хх-127 тал/

-хохирогч З.Мөнгөнтогтохын... “нөгөө машины жолооч В.Б манай гэрт орж ирээд чи муу авгай нөхрөө гэртээ нуулаа хаашаа явсан мангар авгай гэхээр нь би хэсгийн төлөөлөгч Наранбаатартай уулзахаар төв явсан гэтэл тэнэг авгай та нарт хууль уншиж өгнө би цагдаа хүн та нар манай ахын 2 хавирга хугалсан хохирлын 5000 000 төгрөг өг тэгэхгүй бол 5-10 жилийн ялтай ийм ял өгдөг гэх зэргээр намайг үгээр дайрч та хэсгийн төлөөлөгч Наранбаатартай хуйвилдаж хохирлын мөнгөө өгөхгүй байна та нарыг фэсбүүкэд тавина над руу дайраад байхаар нь “чамайг хэсгийн төлөөлөгчид хэлнэ” гээд утсаа аваад залгах гэтэл В.Б гэх цагдаа над руу дайрч гараа атгаж байгаад хамар шүд хавсарч хоёр удаа маш хүчтэй цохиж, салтаа руу 2 удаа өшиглөсөн гэтэл хамраас цус гоожоод байхаар нь айсандаа болж уйлаад доошоо хараад суухад хажуу айлын Өлзийтулга орж ирсэн..”гэх мэдүүлэг /хх-ийн 113 хуудас/,

-Гэмтэл аваад сумын эмнэлэгт 20 цагийн орчим очиж үзүүлэхдээ цагдаа хүн хэрхэн зодсон талаар зааж хэлсэн талаар гэрч М.Булганы мэдүүлэг /хх-15,83,84 тал/

-Сумын эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн магадлагаа /хх-21 тал/,

тухайн үед эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан гэрч Д.Энхтуяагийн мэдүүлэг/хх-17, 129-131 тал/

гэрч С.Дэлгэрцэцэгийн: “З.Мөнгөнтогтох гэх эмэгтэй хүн ирж шүдээ үзүүлэхэд түүний үүдэн нэг шүд хугарсан байсан учраас түүнийг эмчилж буцааж сэргээх боломжгүй тул авах шаардлагатайг өөрт нь хэлсэн. Тэгээд тэр дороо үүдэн хугарсан нэг шүдийг авсан. Тухайн үед З.Мөнгөнтогтохын үүдэн шүд нь хөдөлгөөн ороод эмчлэх боломжгүй байсан учраас авсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шүд нь голоороо хугарсан байсан. Энэ нь шинэ хугарал байсан" гэх мэдүүлэг/хх-234-235/,

Хохирогчийн бие учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл болох талаар шинжээчийн 10416, 14, 446 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 22, 117-118, 240-241 хуудас/-ээр тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хохирогч З.Мөнгөнтогтохын биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан цаг хугацааны талаар маргаж мэтгэлцээгүй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хохирогч З.Мөнгөнтогтох нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан тул шүүх түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б нь хохирогчид учирсан гэмтлийг учруулаагүй, энэ гэмтлийг нөхөр Г.Эрдэнэбат нь учруулсан байх боломжтой” гэх хүсэлт гаргаж гэм буруугийн талаар маргасан боловч хэрэг учрал гарсан цаг хугацаанд хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл учирсан, тухайн цаг хугацаанд хохирогчийн нөхөр Г.Эрдэнэбат гэртээ байгаагүй талаар гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт тусгагдсан, шүүгдэгч В.Бийг хохирогч З.Мөнгөнтогтохын гэрт ирэхэд хохирогч биедээ ил харагдах гэмтэлгүй байсан, хохирогч гэртээ гэмтэл авч үүний дараа эмнэлгийн тусламж авсан, эмчилгээ хийлгэсэн талаар хэрэгт эмнэлгийн магадлагаа, хөндлөнгийн гэрч М.Булган, Д.Энхтуяа, Ц.Өлзийтулга нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул хүсэлтийг хүлээн авах үндэсгүй байна.

 

Иймд шүүгдэгч В.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Харин шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” гэж, мөн хуулийн 3.1.4-т ”гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж, мөн хуулийн 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчдийн эцэг, эх....” гэж зааснаар хэрэгт тусгагдсан шүүгдэгч В.Б-ийн эхнэр С.Гэрэлтуяа, түүний ээж Ж.Чимгээ, хүү насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнэ, түүний охин насанд хүрээгүй гэрч М.Наранзаяа, түүний ах  В.Мөнхбат нарын мэдүүлгийг,

Хохирогч З.Мөнгөнтогтохын насанд хүрээгүй охин гэрч Э.Анхзаяа, Э.Энхзаяа нарын мэдүүгийг гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, төрлийн хүнд хамаарч байх бөгөөд гэрчүүд нь нэг үйл баримтыг өөр өөр янзаар мэдүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсгийн 15-д “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ.” гэж зааснаар тэдгээрийн мэдүүлгүүдийн аль алиныг ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй /нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй/ болно.

 

Дөрөв:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүх шүүгдэгч В.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон, гэм буруутай нь нотлогдсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

                Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус, зүйл хэсэг тохирсон байна.

 

                Шүүгдэгч В.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн “В.Бт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал,

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн “шүүгдэгч гэм буруугаа хүлээхгүй байгаа нь 240 цагаас 700 цагийн албадан ажил хийлгүүлэх ял оногдуулж өгнө үү” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “миний үйлчлүүлэгч гэм буруугүй гэж үзэж байна. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хохирлыг сайн дураараа төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч В.Бийг хохирол төлснийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, В.Бт 1000 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Торгох ялыг 2018 оны 09 сарын 11-ны дотор /сар бүр 333 333 төгрөгийг төлөх/ хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч В.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1500000 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч В.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүйг зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1 , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч О овгийн В.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ийг 1000 /мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Мөнгөнтогтоход мөрдөн байцаалтын шатанд 1500000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ