Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2018/ДШМ/71

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Батбямба,

Шүүгдэгч В.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

Хохирогч З.Мөнгөнтогтох,

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч В.Б-т холбогдох 1734002190019 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           В.Б , 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, Цагдаагийн ......  офицер ажилтай, Улаанбаатар ..... а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:Н..... 

 

Шүүгдэгч В.Б  нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны оройн 19 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Бургалдай” гэх газар хохирогч З.Мөнгөнтогтохыг гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь "1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, баруун гуяанд цус хуралт, тархи доргилт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор: 

           Шүүгдэгч В.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б ийг 1000 /мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Мөнгөнтогтоход мөрдөн байцаалтын шатанд 1.500.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч В.Б  гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь хийгээгүй хэрэгт гэм буруутай хэмээн ял шийтгүүлж байгаадаа үнэхээр гомдолтой байна. Учир нь: Шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хохирогч гэх Мөнгөнтогтох шүдээ авахуулахгүй шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах ёстой байсан 2017.07.23-нд болсон асуудлыг асуудлыг 2017.08.14-нд буюу 22 хоногийн дараа Төв аймагт цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн байдаг. Mөн хохирогч гэх Мөнгөнтогтох мэдүүлэхдээ тухайн үед 7-р сард ээжийн ажил явдалтай байсан учраас яаж онгорхой шүдтэй байхав гээд 21-р хороололын содон хороололд байршилтай цици шүдний эмнэлэгт очиж шүдээ авахуулсан гэж мэдүүлдэг.

Гэтэл Мөнгөнтогтохын ээж 9-н сард нас барсан гэдгийг нутгийнхан бүгд гэрчилнэ. Тэр байтугай Улсын бүртгэлийн газраас лавлагаагаар нотлогдоно. Энэ талаар миний бие нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад мөрдөгчид хүсэлт өгсөн боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй, Гэтэл энэхүү лавлагаагаар Мөнгөнтогтохын ээжийн нас барсан цаг хугацааг гэрчилхээс гадна хохирогч гэх Мөнгөнтогтохын хэзээ гэмтэл авсан болон худлаа ярьж хүн гүтгэж байгааг давхар нотлох ач холбогдолтой байсан юм.

Миний үйлдлийг гэрчлээд байгаа гэрчүүд гэх хүмүүс нь бүгд Мөнгөнтогтохтой ахан дүүс, хамаатан садан улсууд байдаг. Энэ нь мөрдөгч хэргийг бүрдүүлэхдээ хохирогч гэх Мөнгөнтогтохын хамаарал бүхий хүмүүсийг гэрчээр асууж хэргийг бүрдүүлэхдээ хохирогч цагаатгах болон яллах талын нотлох баримтыг зэрэг бүрдүүлэх ёстой байтал хэт нэг талыг баримталж нотлох баримтыг бүрдүүлж намайг гүтгэж байна.

Хохирогч гэх Мөнгөнтогтох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд хоорондоо илтэд зөрүүтэй мэдүүлдэг зэргээс харахад үнэхээр болсон үйл явдлыг  хохирогч үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй төдийгүй үнэхээр миний бие нь Мөнгөнтогтохыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл байвал хохирогч шууд зөрүүгүйгээр зааж мэдүүлэх байсан. Гэтэл мэдүүлэг болгон дээрээ миний үйлдлийг янз бүрээр зөрүүтэй мэдүүлдэг нь намайг гүтгэж худлаа үйл явдал зохиож байгааг нь мэдүүлгийн зөрүүгээр нотлогдож байна гэж миний бие үзэж байна.

Иймээс энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг гэм буруугүйд тооцож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батбямба гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: В.Б ийн үйлдэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Хэрэг гарсны дараа хохирогч Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд очиж эмнэлгийн анхан шатны тусламж авсан байдаг. Гэрч нар өөрсдийн харсан байдлаараа л гэрчилдэг. Хэргийн талаар бүрэн нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэж хүсч байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Сувдмаа гаргасан тайлбартаа: Энэ хүний үйлдлээс болж Мөнгөнтогтохын биед гэмтэл учирсан нь тогтоогдсон. Үнэхээр энэ хүн буруугүй байсан юм бол хохиролд 1.5 сая төгрөг яагаад өгсөн юм бэ. Энэ хүн хууль мэддэг, төрийн албан хаагч хүн байгаа. Гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш гаргасан тайлбартаа: Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй. Гэрч нар эргэлзээтэй мэдүүлэг өгдөг тул Батхуяг гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байгаа. Тухайн гэмт хэрэг 2017оны 07 дугаар сарын 23-нд гарсан. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч В.Б  гаргасан тайлбартаа: Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Хохирогч ээжийнхээ ажил явдлын үеэр шүд хийлгэсэн гэдэг. Гэтэл ээж нь 9 сарын үед нас барсан гэдгийг нутгийхан нь гэрчилдэг, нотлох баримт ч бий. Гэрч Өлзийтулга мэдүүлэг болгоноо өөр өөрөөр өгдөг. Мөрдөгч Жаргал 1.5 сая төгрөгийг өг гэж шахаж байгаад манай эхнэрээр өгүүлсэн байдаг. Миний хувьд гомдолтой байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч З.Мөнгөнтогтох гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөв гарсан. Би энэ хүнд гомдолтой байна  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх В.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

            Шүүгдэгч В.Б  нь Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Бургалдай” гэх газар 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим хохирогч З.Мөнгөнтогтохын гэрт орж хохирогчтой маргалдах явцдаа хохирогч З.Мөнгөнтогтохыг зодож эрүүл мэндэд "нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, баруун гуяанд цус хуралт, тархи доргилт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: Гэрч орсон гэрч Ц.Өлзийтулгын мэдүүлэг /хх-127 тал/, хохирогч З.Мөнгөнтогтохын мэдүүлэг /хх-ийн 113 хуудас/, гэмтэл аваад сумын эмнэлэгт 20 цагийн орчим очиж үзүүлэхдээ цагдаа хүн хэрхэн зодсон талаар зааж хэлсэн талаар гэрч М.Булганы мэдүүлэг /хх-15,83,84 тал/, Батсүмбэр сумын эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн магадлагаа /хх-21 тал/, тухайн үед эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан гэрч Д.Энхтуяагийн мэдүүлэг/хх-17, 129-131 тал/, гэрч С.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг/хх-234-235/, хохирогчийн бие учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл болох талаар шинжээчийн 10416, 14, 446 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 22, 117-118, 240-241 хуудас/-ээр тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

В.Б-т холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Одонгууд овогийн Ванчиндоржийн Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Б-т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Давж заалдах шатны шүүхэд В.Б ийн гаргасан “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч В.Б ийн хүү насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнэ, ээж Ж.Чимгээ, ах В.Мөнхбат, эхнэр С.Гэрэлтуяа түүний охин насанд хүрээгүй гэрч М.Наранзаяа нарын болон хохирогч З.Мөнгөнтогтохын охин насанд хүрээгүй гэрч Э.Анхзаяа, Э.Энхзаяа нарын мэдүүлгүүдийн аль алныг нь нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болголгүй тухайн хэрэгт ямар нэг хувийн сонирхолгүй гэрч М.Булган, Д.Энхтуяа, Ц.Өлзийтулга нарын мэдүүлгээр В.Б ийн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Хохирогчийн биед гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл болох талаар шинжээчийн 10416, 14, 446 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 22, 117-118, 240-241 хуудас/ гарсан. Мөн шинжээч эмч С.Сарангэрэл нь “1 шүдний булгарал, 1 шүдний сулрал нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэсэн буюу шүд суларсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт багтах тухай  мэдүүлэг өгсөн байх тул “хохирогч гэх Мөнгөнтогтох нь шүдээ авахуулахгүй шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах ёстой байсан” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.  Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөхөөс өмнө В.Б ийг яллагдагчаар татсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

  

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч В.Б ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 156  дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

  ШҮҮГЧИД                                                                    Т.ЭНХМАА

 

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ