Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/62

 

Б.Ганбат, Б.Баярцогт нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2020/0212/Э/001/2021/0389

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

 

              Прокурор                                       Ч.Мядагбадам

              Хохирогч                                       Д.Энх-Оргил

              Хохирогчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

              Шүүгдэгч                                       Б.Ганбат, Б.Баярцогт /онлайн/

              Шүүгдэгч нарын өмгөөлөгч          П.Батжаргал /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолтой, Баяраагийн Баярцогт, Батбилэгийн Ганбат нарт холбогдох, 1918007880576 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Энх-Оргилын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “Нэхий гармент” ХХК-нд гутал бүрдүүлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 3 дугаар байрны 25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ТЛ93123017 регистрийн дугаартай, Боржигон овогт Баяраагийн Баярцогт,

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарны 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 1в байрны 126 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. ТА95090410 регистрийн дугаартай, Тугчин овогт Батбилэгийн Ганбат,

Шүүгдэгч Б.Баярцогт, Б.Ганбат нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 3 дугаар байрны гадна иргэн Д.Энх-Оргилын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Ганбат нь дээрх зодооныг салгах гэсэн иргэн С.Сүхчулууны эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тугчин овогт Батбилэгийн Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Баярцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Баярцогтыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Тугчин овогт Батбилэгийн Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тугчин овогт Батбилэгийн Ганбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Баярцогтод 3 /гурван жил/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцогтод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцогтын энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбат нь энэ хэрэгт 145 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ганбат нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий си ди 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 ууттай компьютер томографын зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Энх-Оргилд буцаан олгож, хохирогч Д.Энх-Оргилын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Энх-Оргил нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцогтод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Баярцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Энх-Оргилын өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

... шүүгдэгч Б.Баярцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би тухайн үед орос цэргийн аралтай ширэн бүсээр цохисон” гэсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.Баярцогтыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1. 2.4-т зааснаар зүйлчлэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баярцогт нь Орос цэргийн том төмөр аралтай ширэн бүстэй байсан түүнийгээ тайлаад гартаа ороож байгаад цохисон гэдгээ өөрөө ч мэдүүлдэг, гэрч нар ч мөн адил мэдүүлсээр атал зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Шинжээчийн дүгнэлтээр: ...хохирогч Д.Энх-Оргилын эрүүл мэндэд баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа тархи дарагдалтыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт хоёр нүдний зовхи бүсэлхийн зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хүнд хохирол учирсан.

Дээрх олон тооны гэмтлийг шүүгдэгч Б.Баярцогт, Б.Ганбат нар бүлэглэн согтуугаар үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярцогтыг хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг Б.Ганбаттай бүлэглэн үйлдээгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хууль бус шийдвэр гаргалаа гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ганбатын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай огт нийцээгүй дүгнэлт болсон. Түүнчлэн хохирогч Д.Энх-Оргил нь 70 %-ийн хөдөлмөр эрхлэх чадвараа алдсаны улмаас одоог хүртэл ажил хийх боломжгүй группэд байгаа. цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Гэтэл шүүгдэгч Б.Баярцогт, Б.Ганбат нар зөвхөн эмчилгээ хийлгэсэн баримтын хэмжээнд хохирлыг төлчхөөд болсон мэт, одоо төлөх төлбөргүй гэсэн байдлаар хандаж бусдад учруулсан гэм хорыг арилгахгүй өдий хүрлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 3-т зааснаар шүүгдэгч Б.Баярцогт, Б.Ганбат нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүх хавтаст хэрэгт гэрч Б.Ариунболдын мэдүүлэг, хэргийн үйл явдлыг харуулсан хэн нь хэний эрх чөлөөнд халдаж байгаа нь тодорхой харагдахгүй, мөн хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг ялгах боломжгүй харанхуй орчинд бичигдсэн хяналтын камерын бичлэгээс өөр нотлох баримт байхгүй мэтээр өрөөсгөл дүгнэлт хийж хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Энх-Оргилын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ганбатын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Түүний үйлдэл гэрч нарын мэдүүлэг болон камерын бичлэгээр тогтоогддог. Шүүгдэгч нарын үйлдэл нь гартаа тэлээ ороож байгаад цохиж зодсоныг хохирогч мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй гэж дүгнэсэн учир дутагдалтай. Шүүгдэгч нарын зүгээс хохирогчид хохирол төлбөрийг огт төлөхгүй байгаад гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогчид хүнд гэмтэл учруулсан нь тогтоогддог. Тухайн үед харж байсан гэрч н.Балдан “хоёр залуу гартаа тэлээ ороогоод нэг залууг цохиод байсан” гэх мэдүүлгээр тогтоогддог. Зөвхөн хяналтын камерын бичлэгийг үндэслэл дүгнэлт хийж Б.Ганбатын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй. Гэрч нарын мэдүүлгийг огт үнэлсэнгүй. Яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй байна. Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Энх-Оргил тайлбартаа:

Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Баярцогт тайлбартаа:

Гэм буруугийн тал дээр маргасан зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Б.Ганбат хохирогч Д.Энх-Оргилыг цохисон зүйл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ганбат тайлбартаа:

Миний бие хохирогчийг цохисон зүйл байхгүй. Тэрийг анхан шатны шүүх хурал дээр камерын бичлэгээр тогтоосон гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Гэрч нарын мэдүүлгээр харанхуй байсан тул хэн хэнийг цохисныг мэдэх боломжгүй байсан гэж мэдүүлсэн байдаг. Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Баярцогт, Б.Ганбат нарыг согтуурсан үедээ бүлэглэж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 23 цаг 50 минутын орчим Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 3 байрны гадна иргэн Д.Энх-Оргилын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар,

шүүгдэгч Б.Ганбатыг тухайн үед иргэн С.Сүхчулууны эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр,

Иргэн Д.Энх-Оргилын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ганбатын оролцсон оролцоо хангалттай нотлогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Энх-Оргилын өмгөөлөгч Б.Чинбаатар, прокурор Ц.Цэен-Ойдов нар шүүхийн дээрх шийдвэр илтэд үндэслэлгүй гарсан гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдаж журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байхаас гадна дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Тухайлбал:

Шүүгдэгч Б.Баярцогт, Б.Ганбат нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Л.Балдорж “... 3 залуугийн 2 залуу нь гартаа тэлээ бололтой зүйл барьчихсан нэг залууг ээлжлээд цохиод байсан. Тэгээд нэг нь гараараа цохсоны дараа, ээлжлээд нэг нэгээрээ толгой руу нь өшиглөж байгаа харагдсан. ” / хх 1-81 дүгээр тал/,

-Гэрч Г.Гантулга “... 2 хөгшин бололтой залууг 3 залуу нийлээд зууралдаад харилцан зодолдоод байсан. Тэгж байгаад яаж цохиулаад унасныг нь мэдэхгүй нэг хөгшин бололтой залуу газар дээшээ хараад унасан. Тэгэхээр нь тэдгээр залуусын 2 залуу нь өмднийхөө тэлээг сугалаад хаа хамаагүй олон удаа толгой, цээж, гар зэрэг рүү нь ороолгож зодсон. Тэгээд ээлжлээд толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж зодчихоод манай өөдөөс харсан 3-р байрны 5 давхар луу гарч харагдсан. Тэдгээр залуус орц руу орохын өмнө нөгөө газар уначихсан ухаангүй хэвтээд байсан залуугийн найз нь бололтой залуу нэг намхан мараалаг залуугийн хөлөөс нь тэвэрч суучхаад явуулахгүй байсан.” /хх 1-85 дугаар тал/ гэсэн мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Ганбатын оролцсон оролцоог тус хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн камерын бичлэгийг үндэслэл болгож түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон боловч уг камерын бичлэгт хэн ямар үйлдэл хийж байгаа нь бүхэлдээ харагдахгүй байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Анхан шатны шүүхийн 201 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/шцт/211 дугаартай шийтгэх тогтоол нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасан шүүх нь “хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд”, “шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр” явуулна. 

Шүүх, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүдтэй бол аль нэгийг нь дүгнэлтийнхээ үндэслэл болгож буй бол бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг бүрэн заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуульд заасан журмын дагуу” зайлшгүй “эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”.

Ийнхүү эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн зүйлийн 2-д “ ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэсэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмуудыг зөрчсөн шийдвэр гарсан байна гэж дүгнээд

хохирогч Д.Энх-Оргилын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Ц.Цэен-Ойдовын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Б.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Хохирогч Д.Энх-Оргилын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                           ШҮҮГЧ                              Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР