Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00256/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Х*** овогт Ц*** Ч***ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Х*** овогт Ц*** О***,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг ***1 тоотод оршин суух, регистрийн дугаар ***, С*** овогт Я*** Б***нарт холбогдох

 

63 685 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 201оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Я.Б***, хариуцагч Ц.О***ы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ч*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний төрсөн дүү Ц.О*** болон түүний нөхөр Я.Б***нар нь надтай уулзаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 33 дугаар байрны 5 давхар дээр мансардны 16 орон сууц барих боллоо, гэтэл хөрөнгө мөнгө дутаад байна. та хөрөнгө оруулаач . энэ орон сууцыг барьж дуусгаад 8, 8-р нь хувааж авч борлуулъя гэсэн санал тавьсан юм. Би тэдэнд итгээд барилга барьж эхлэх үеэс нь буюу 2009-2013 оны хооронд нийт 63685000 төгрөгийн барилгын материал болон бэлэн мөнгө өгсөн юм. Тэд нар тухайн үед барилгын ажил эхлүүлэх ямар ч хөрөнгийн эх үүсвэргүй байсан бөгөөд тус барилгын 60-70 хувийг миний оруулсан хөрөнгөөр барьж дуусгасан билээ. Гэтэл тэд нар 2014 оны 10 дугаар сард барилгаа барьж дуусгаад 16 ширхэг орон сууцныхаа ихэнхийг борлуулаад үлдсэн хэсгийг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн байна. харин надад байр өгнө, мөнгө шилжүүлж өгнө гэх мэтээр удаа дараа намайг хууран мэхэлсээр өдий хүрлээ. Байдлыг ажвал Я.Б***нь эхнээсээ намайг хууран мэхлэх, залилах зорилготой байжээ. Учир нь тэр надаас мөнгө, эд материал авахдаа өөрийн эхнэр болох миний төрсөн дүү Ц.О***оор дамжуулж авч байсан байна. би төрсөн дүүдээ итгээд зээлийн гэрээ байгуулах болон баримт сэлт цуглуулахгүйгээр тэдэнд итгээд шууд л мөнгө, эд материалыг өгдөг байсан юм. Иймд тус 16 орон сууцыг барихад миний оруулсан хөрөнгийн нийт үнэ болох 63 685 000 төгрөгийг Ц.О***, Я.Б***нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ч***, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 оны 3 сард О*** ирээд та хөрөнгө оруулаад өгөөч гэсэн санал тавьсан. Та эрээн яваад төмөр авчирч өгөөч гэхээр би Эрээн явж

1 м нь 25000 төгрөгийн үнэтэй 315 м урт 20-н швеллер төмөр бүгд үнэ 7875000 төгрөг,

4м урттай 40 ширхэг зузаан лист төмөр 4760 000 төгрөг,

Барилгын хар фанер 10 ширхэг бүгд 250 000 төгрөг,

Гагнуурын электрод 25 хайрцаг 750 000 төгрөг,

3 фазын 50 м урт цахилгааны кабель 250 000 төгрөг,

Эрээнд төмөр тайруулах, ачуулах болон ачааны хөлс, гаалийн татварт бүгд 1720 000 төгрөг бүгд 15 605 000 төгрөг,

 

Улаанбаатарт ирээд вагон татуулахад 80 000 төгрөг,

Вагоноос буулгахад 55 000 төгрөг,

Машинд ачуулахад 45 000 төгрөг,

Дархан явах машины хөлс 150 000 төгрөг бүгд 330 000 төгрөг,

 

Ц.О***д бэлнээр өгсөн мөнгө

2009.03.29-нд 50 000 төгрөг,

2009.04.16-нд 480 000 төгрөг,

2009.04.21-нд 340 000 төгрөг

2010.05.04-нд 1 000 000 төгрөг

2010.05.12нд 2 000 000 төгрөг

2010.07.08-нд 500 000 төгрөг

2010 оны 6 сард иргэн Д.А***ээс 1 сая төгрөг сарын 6 хувийн хүүтэй зээлж өгсөн

2010 оны 6 сард кран өргөгчийн тросс, эд анги хотоос худалдан авч явуулахад 250 000 төгрөг зарцуулсан,

2010 оны 8 сард иргэн Б.Б***гээс 10 сая төгрөг зээлж өгсөн,

2011 оны 6 сард гурвалжингийн гүүрний төмөрийн захаас Ц.О***ы хамт очиж 120 ширхэг С-1 төмөр 2 000 000 төгрөгөөр, боолт төмөрүүд 290 000 төгрөгөөр, ойролцоох төмөрийн цехээс зузаан лист төмөр худалдан авч гурвалжин хэлбэрээр жижиглэн нүх цоолж гаргуулах зэрэгт 570 000 төгрөг, машинд ачуулж Дарханд явуулахад 120 000 төгрөг нийт 2 980 000 төгрөг,

2012 оны 7 сард Дарханд өөрөө очиж 3 фазын счетчик, кабель худалдан авч татуулах зэрэгт 300 000 төгрөг зарцуулсан,

2013 оны 4 сард миний 1 сая төгрөгийн үнэтэй америк алтан бөгжийг авч ломбарданд тавьсан бүгд 18 900 000 төгрөг,

2012 оны 7 сард иргэн Б.Б*** нь Ц.О***, Я.Б***нарын 2010 онд зээлсэн мөнгийг надаас нэхэмжилснээр би шүүхийн шийдвэрийн дагуу 12 250 000 төгрөгийг өөрийн орон сууцаа борлуулж байгаад тэдний өмнөөс төлж дуусгасан.

 

Дараах мөнгийг Ц.О***ы Голомт банкны дансаар шилжүүлсэн болно Үүнд

2010.06.22-нд 1 000 000 төгрөг,

2010.07.05-нд 1 100 000 төгрөг,

2010.08.06-нд 1 000 000 төгрөг,

2010.08.11-нд 5 500 000 төгрөг,

2011.07.09-нд 500 000 төгрөг,

2011.08.02-нд 4 000 000 төгрөг,

2011.08.23-нд 500 000 төгрөг,

2012.09.04-нд 1 000 000 төгрөг бүгд 16 600 000 төгрөг

Ийнхүү Я.Б***, Ц.О*** нар нь надтай ах дүүгийн холбоотойгоо болон миний итгэмтгий байдлыг ашиглан урдаас сайтар төлөвлөн заль зохиож надад бүгд 63 685 000 төгрөгийн хохирол учруулж намайг орон гэргүй гудамжинд гаргаад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.О***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би төрсөн ахаасаа хувийн хэрэгцээндээ 16 600 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Бид хоорондоо бичгийн гэрээ хэлцэл хийгээгүй. Зээлсэн мөнгөнөөсөө 2012-2014 онд 5 675 251 төгрөг буцааж төлсөн. Барилгын материал буюу төмрийг ах өөрийн мөнгөөр авч ирсэн, гэвч тэр төмөрүүд нь таарахгүй байсан тул буцаагаад ачаад явсан. С-1 төмөр 2 000 000 төгрөгөөр, боолт төмрүүд 290 000 төгрөгөөр авсан зөвшөөрч байна. Алтан бөгжний 1 сая төгрөгийг зөвшөөрч байна, бусад шаардлага нь нотлогдохгүй байгаа тул зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Я.Б***шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 онд Дархан-Уул аймгийн Захиргаан дээр шалгаруулалт явагдаж, аймгийн Засаг даргын захирамж гарч, улмаар мэргэжлийн байгууллагуудын зохих дүгнэлтүүд гарч мансартны барилга барих ажил эхлүүлсэн юм. Барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж эхлүүлэн, явцын дунд мөнгө төгрөг дутагдахад 16,6 сая төгрөг төрсөн дүү Ц.О***д зээлсэн байдаг. Энэ нь төрсөн ах дүү хоёрын хооронд зээлсэн мөнгө юм. Харин барилга барих талаар хамтарч ажиллан хөрөнгө оруулах талаар бидний хооронд ямар нэгэн тохиролцоо байхгүй. Хаан банкнаас 40 сая төгрөг зээлсэн, би барилга барихад мөнгөтэй байсан. Төмрийг Улаанбаатар хотоос авчирсан боловч буцаагаад аваад явсан. Авсан мөнгөө буцаагаад баримтаар шилжүүлсэн. Хэдэн төгрөгийн төмөр авч ирсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Ч*** нь хариуцагч Ц.О***, Я.Б***нарт холбогдуулан 63 685 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Ц.О*** нь би 16 600 000 төгрөг авсан нь үнэн 5 675 000 төлсөн үлдсэнийг нь төлнө, С-1 төмөр 2 000 000 төгрөгөөр, боолт төмрүүд 290 000 төгрөгөөр авсан зөвшөөрч байна. Алтан бөгжний 1 сая төгрөгийг зөвшөөрч байна, Эрээнээс авч ирсэн төмрийг авсан боловч буцаагаад ачуулсан тул зөвшөөрөхгүй, бэлнээр мөнгө авч байгаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Ц.О***, Я.Б***нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 33 дугаар байрны 5 давхар дээр мансардны 16 орон сууцны барилга барих ажлыг гүйцэтгэж байх явцдаа нэхэмжлэгч Ц.Ч***аас дансаар 16 600 000 төгрөг шилжүүлж аваад буцаагаад 5 675 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бэлэн мөнгө шилжүүлсэн баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үлдэгдэл 10925 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Ч*** нь Эрээнээс авч ирсэн төмрийн үнэ 15605000 төгрөг, ачиж ирсэн зардал 330 000 төгрөг, бэлнээр өгсөн 4 370 000 төгрөг, кран өргөгчний тросс худалдан авч явуулахад зарцуулсан 250 000 төгрөг, зузаан лист төмөр худалдан авч гурвалжин хэлбэрээр жижиглэн нүх цоолж гаргуулах зэрэгт 570 000 төгрөг, Дархан руу ачуулсны 120 000 төгрөг, 3 фазын счетчик, кабель худалдан авч татуулсны 300 000 төгрөг зэрэг нийт 21 545 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотолж чадаагүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн П.Э***, С.Б*** нарын мэдүүлэгээр төмрийг буцаагаад ачиж явсан болох нь тогтоогдож байна. / хх-ийн 126-127/

 

Харин нэхэмжлэгч Ц.Ч*** нь Д.А***ээс 1 сая төгрөг зээлж хариуцагч Ц.О***д өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрч Д.А***ийн ...2010 онд 1 000 000 төгрөгийг дүү Ц.О*** мансарт барьж байгаа мөнгө хэрэгтэй болоод байна гээд хүүтэй зээлээч гээд зээлсэн гэсэн мэдүүлэгээр тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Мөн Ц.Ч*** нь Б.Б***гээс 10 сая төгрөгийг авч 12 250 000 болгож төлсөн болох нь Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1181 дугаартай захирамж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 50-55/

 

Дээрхи 10 сая төгрөгийг хариуцагч Ц.О*** нь нэхэмжлэгч Ц.Ч***аас 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, 5 хувийн хүүтэй, Дарханд мансартны байр барих зорилгоор, зээлийг хүүгийн хамт 13 сая төгрөгийг барилга барьж дууссаны дараа өгөхийг амлаж хүлээн авсан болох нь түүнийг хүлээн авсан Ц.О***, хүлээлгэн өгсөн Ц.Ч***, байлцсан Д.А*** нарын гарын үсэг бүхий шүүхийн хуулбар үнэн дарж баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 55/

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т ...гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, ...тэдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхи 13 төгрөгнөөс хариуцагч Ц.О*** 3 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч Д.А***ийн мэдүүлэг, 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Д.А***ээс Б.Б***д шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох байх тул 13 000 000 төгрөгнөөс хасаж 10 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч Я.Б***нь шүүх хуралдаанд ...би БТСО ХХК-ны захирал, манайх компани барилга барьж байхдаа барилгын материал, эд зүйлсийг худалдан авч байсан гэж нотлох баримтууд ирүүлсэн бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэн удирдлага нь болох нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /хх-ийн

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ц.О***, Я.Б***нараас 25 215 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ч***ад олгож, 38 470 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 476375 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 284025 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА