Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/00070

 

Ц.Чойжамцын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1166 дугаар шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Чойжамцын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Отгон, Я.Бямбадорж нарт холбогдох,

63 685 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Чойжамц, хариуцагч Ц.Отгон, Я.Бямбадорж, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн дүү Ц.Отгон болон түүний нөхөр Я.Бямбадорж нар нь надтай уулзаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 33 дугаар байрны 5 давхар дээр мансардны 16 орон сууц барих боллоо, гэтэл хөрөнгө мөнгө дутаад байна. Та хөрөнгө оруулаач энэ орон сууцыг барьж дуусгаад хувааж авч борлуулъя гэсэн санал тавьсан юм. Би тэдэнд итгээд барилга барьж эхлэх үеэс нь буюу 2009 оноос 2013 оны хооронд нийт 63 685 000 төгрөгийн барилгын материал болон бэлэн мөнгө өгсөн.Тэд нар тухайн үед барилгын ажил эхлүүлэх ямар ч хөрөнгийн эх үүсвэргүй байсан бөгөөд тус барилгын 60-70 хувийг миний оруулсан хөрөнгөөр барьж дуусгасан. Гэтэл тэд нар 2014 оны 10 дугаар сард барилгаа барьж дуусгаад 16 ширхэг орон сууцныхаа ихэнхийг борлуулаад үлдсэн хэсгийг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн байна. Харин надад байр өгнө, мөнгө шилжүүлж өгнө гэх мэтээр удаа дараа намайг хууран мэхэлсээр өдий хүрлээ. Байдлыг ажвал Я.Бямбадорж нь эхнээсээ намайг хууран мэхлэх, залилах зорилготой байжээ. Учир нь тэр надаас мөнгө, эд материал авахдаа өөрийн эхнэр болох миний төрсөн дүү Ц.Отгоноор дамжуулж авч байсан байна. Би төрсөн дүүдээ итгээд зээлийн гэрээ байгуулах болон баримт сэлт цуглуулахгүйгээр тэдэнд итгээд шууд л мөнгө, эд материалыг өгдөг байсан юм.Иймд тус 16 орон сууцыг барихад миний оруулсан хөрөнгийн нийт үнэ болох 63 685 000 төгрөгийг Ц.Отгон, Я.Бямбадорж нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа: Би төрсөн ахаасаа хувийн хэрэгцээндээ 16 600 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Бид хоорондоо бичгийн гэрээ хэлцэл хийгээгүй. 2012 оноос 2014 онд 8 удаагийн үйлдлээр 16 600 000 төгрөгийг авсан нь үнэн. Зээлсэн мөнгөнөөсөө буцаагаад 5 675 000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 10 925 000 төгрөгийг төлнө. С1 төмрийн үнэ 2 000 000 төгрөг, боолт төмрийн үнэ 290 000 төгрөг, алтан бөгжний 1 000 000 төгрөг, нийт 14 215 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг баримтаар нотолж чадаагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.  

Хариуцагч Я.Бямбадорж шүүхэд гаргасан тайлбартаа:2009 онд Дархан-Уул аймгийн Захиргаан дээр шалгаруулалт явагдаж, аймгийн Засаг даргын захирамж гарч, улмаар мэргэжлийн байгууллагуудын зохих дүгнэлтүүд гарч мансардны барилга барих ажил эхлүүлсэн юм. Барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж эхлүүлэн, явцын дунд мөнгө төгрөг дутагдахад 16 600 000 төгрөг төрсөн дүү Ц.Отгонд зээлүүлсэн байдаг. Энэ нь төрсөн ах дүү хоёрын хооронд зээлсэн мөнгө юм.Харин барилга барих талаар хамтарч ажиллана хөрөнгө оруулах талаар бидний хооронд ямар нэгэн тохиролцоо байхгүй. ХААН банкнаас 40 000 000 төгрөг зээлсэн, би барилга барихад мөнгөтэй байсан. Авсан мөнгөө буцаагаад баримтаар шилжүүлсэн. Хэдэн төгрөгийн төмөр авч ирсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ц.Отгон, Я.Бямбадорж нараас 25 215 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чойжамцад олгож, 38 470 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476 375 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 284 025 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад, “Иргэний хуулийн ... гэсний дараа 476 дугаар зүйлийн 476.1... “ гэж нэмж, “...Ц.Отгон, Я.Бямбадорж нараас..., гэснийг “...Ц.Отгоноос ...” гэж, “25 215 000 төгрөг” гэснийг “23 315 000 төгрөг” гэж, “38 470 000 төгрөгийг” гэснийг “40 370 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Я.Бямбадоржид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... хариуцагч нараас 284 025 төгрөг гаргуулж...” гэснийг , “...хариуцагч Ц.Отгоноос 274 525 төгрөг гаргуулж...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй ташаа дүгнэлт хийж, хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гapгacaн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...10 сая төгрөгийг хариуцагч Ц.Отгон нь нэхэмжлэгч Ц.Чойжамцаас 2010 оны 8 сарын 11-ний өдөр 5 хувийн хүүтэй, Дарханд мансартын барилга барих зорилгоор хүлээн авлаа. Зээлийг хүүгийн хамт 13 сая төгрөгийн барилга барьж дууссаны дараа өгөхийг амлаж хүлээн авсан болох нь түүнийг хүлээн авсан Ц.Отгон, хүлээлгэн өгсөн Ц.Чойжамц, байлцсан Д.Алтанцэцэг нарын гарын үсэг бүхий шүүхийн хуулбар үнэн дарж баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж, энэхүү дүгнэлтээ Иргэний хуулийн 196.1.2-т “...гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, тэдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тусгай журамтай байдгаас бус бичиг баримтанд гарын зурснаар гэрээг байгуулсанд тооцдог гэрээний харилцаа биш юм.Хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан бичиглэлийг хариуцагч Ц.Отгон тайлбарлахдаа “Ах надад чамаас 5 000 000 төгрөг авсан, урьд авсан мөнгөтэйгөө 10 сая төгрөг болсон байгаа тул 10 сая төгрөг өгнө гээд гарын үсэг зурчих гээд зуруулсан” гэж анхны шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Энэ бичиглэлээс үзэхэд 10 сая төгрөгийг бэлнээр эсвэл дансаар авсан тухай тодорхой бичээгүй байдаг бөгөөд Ц.Отгон 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бэлэн мөнгө аваагүй харин 5 500 000 төгрөг дансаар авсан, үлдэх 4 500 000 төгрөгийг урьд нь авсан мөнгөө оруулаад биччих гэхээр нь 10 сая төгрөг авсан гэж бичсэн гэх тайлбар нь хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан Ц.Чойжамцаас Ц.Отгонд 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 5 500 000 төгрөг дансаар шилжүүлсэн баримтаар нотлогддог. Гэтэл шүүх мөнгийг бэлнээр хүлээн авсан баримт байхгүй байхад Ц.Отгон 10 сая төгрөг авсан нь нотлогдож байна гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх баримт нь Ц.Отгон, Ц.Чойжамцаас 10 сая төгрөг зээлсэн гэдгийг нотолж байгаагаас биш 2010 оны 8 сарын 11-ний өдөр бэлнээр 10 сая төгрөг авсныг нотолж байгаа баримт биш юм. Ц.Отгон 2010 оны 8 сарын 11-ний өдөр дансаар авсан 5 500 000 төгрөгийг баримт үйлдэхдээ оруулан тооцож, хүсэл зоригоо илэрхийлсэн байхад энэ 5 500 000 төгрөг шилжүүлсэн баримтыг 10 сая төгрөгнөөс хасч тооцох байсныг тооцолгүй орхигдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Чойжамц нь Б.Бямбасүрэнгээс зээлсэн гэх 10 сая төгрөгийг 2010 оны 8 сарын 11-ний өдөр Ц.Отгонд  бэлэн өгөөгүй гэдгээ ухамсарлаж анхан шатны шүүх хуралдаан дээр 10 сая төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг.Нэхэмжлэгч Ц.Чойжамц нь 2010 оны 8 сарын 11-ний өдөр хариуцагч Ц.Отгонд бэлнээр 10 сая төгрөг, дансаар 5 500 000 төгрөг өгсөн тохиолдолд тухайн өдөр зохигчдын хооронд хийгдсэн гэрээнд 15 500 000 төгрөг зээлсэн гэрээ хийгдэх ёстой байсан. Гэтэл тухайн өдөр 10 сая төгрөг авсан талаар гэрээ хийсэн байгаа нь дансаар шилжүүлсэн 5 500 000 төгрөг гэрээний зүйлд орсныг нотолж байгаа юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтөнд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж Иргэний хуулийн 476.1 дэх заалтыг хэрэглэсэн нь зохигчдын хооронд үүссэн харилцаанд нийцээгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эдгээр үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж магадлалын 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.Отгон, Я.Бямбадорж нараас 23 315 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний 5 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулсан нь хэргийн баримтанд үндэслэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас хангах хэмжээг өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Ц.Чойжамц нь хариуцагч Ц.Отгон, Я.Бямбадорж нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ барилгын ажилд хөрөнгө оруулалт болгон өгсөн 63 685 000 төгрөгийг эгүүлэн авахыг шаардсан байх ба хариуцагч нар хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй тул энэ үндэслэлээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан боловч хариуцагч Ц.Отгон тодорхой үнийн дүн бүхий зээл авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Чойжамц болон хариуцагч Ц.Отгон нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хангасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлд эрх зүйн үүднээс дүгнэлт хийж, 15 935 000 төгрөгт холбогдох шаардлага хамтран ажиллах үйл ажиллагаанд оруулсан хөрөнгөд, харин 47 750 000 төгрөгийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт хамааралтай гэж үзэж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтыг давхар баримтлах нь зүйтэй гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Отгоны хүлээн зөвшөөрсөн хэмжээ, буцаан төлсөн мөнгөний дүн, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын баримтаар нотлогдсон байдал, тухайн иргэний хэрэгт ач холбогдол бүхий маргаангүй бөгөөд талуудын мэтгэлцсэн үйл баримтуудын талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгаж, хариуцагч Ц.Отгоны хариуцах үүргийн хэмжээг тодорхойлсныг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Ц.Чойжамц болон хариуцагч Я.Бямбадорж нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН