Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181

 

Ц.Ч-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00256/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1166 дугаар  шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Хатагин овогт Ц-гийн Чойжамцын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Хатагин овогт Ц-гийн О-, Сартуул овогт Я-гийн Б- нарт  холбогдох  

          “63.685.000 төгрөг гаргуулах  тухай” иргэний хэргийг

           Хариуцагч Ц.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Я.Б-, хариуцагч Ц.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч Ц.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Миний төрсөн дүү Ц.О- болон түүний нөхөр Я.Б- нар нь надтай уулзаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 33 дугаар байрны 5 давхар дээр мансардны 16 орон сууц барих боллоо, гэтэл хөрөнгө мөнгө дутаад байна. Та хөрөнгө оруулаач энэ орон сууцыг барьж дуусгаад хувааж авч борлуулъя гэсэн санал тавьсан юм. Би тэдэнд итгээд барилга барьж эхлэх үеэс нь буюу 2009-2013 оны хооронд нийт 63.685.000 төгрөгийн барилгын материал болон бэлэн мөнгө өгсөн. Тэд нар тухайн үед барилгын ажил эхлүүлэх ямар ч хөрөнгийн эх үүсвэргүй байсан бөгөөд тус барилгын 60-70 хувийг миний оруулсан хөрөнгөөр барьж дуусгасан. Гэтэл тэд нар 2014 оны 10 дугаар сард барилгаа барьж дуусгаад 16 ширхэг орон сууцныхаа ихэнхийг борлуулаад үлдсэн хэсгийг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлсэн байна. Харин надад байр өгнө, мөнгө шилжүүлж өгнө гэх мэтээр удаа дараа намайг хууран мэхэлсээр өдий хүрлээ. Байдлыг ажвал Я.Б- нь эхнээсээ намайг хууран мэхлэх, залилах зорилготой байжээ.

           Учир нь тэр надаас мөнгө, эд материал авахдаа өөрийн эхнэр болох миний төрсөн дүү Ц.О-оор дамжуулж авч байсан байна.Би төрсөн дүүдээ итгээд зээлийн гэрээ байгуулах болон баримт сэлт цуглуулахгүйгээр тэдэнд итгээд шууд л мөнгө, эд материалыг өгдөг байсан юм. Иймд тус 16 орон сууцыг барихад миний оруулсан хөрөнгийн нийт үнэ болох 63.685.000 төгрөгийг Ц.О-, Я.Б- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 оны 3 сард Ц.О- ирээд та хөрөнгө оруулаад өгөөч гэсэн санал тавьсан. Та эрээн яваад төмөр авчирч өгөөч гэхээр би Эрээн явж 1 м нь 25.000 төгрөгийн үнэтэй 315 м урт 20-н швеллер төмөр бүгд үнэ 7.875.000 төгрөг, 4м урттай 40 ширхэг зузаан лист төмөр 4.760.000 төгрөг, барилгын хар фанер 10 ширхэг, бүгд 250.000 төгрөг, гагнуурын электрод 25 хайрцаг 750.000 төгрөг, 3 фазын 50 м урт цахилгааны кабель 250.000 төгрөг, Эрээнд төмөр тайруулах, ачуулах болон ачааны хөлс, гаалийн татварт бүгд 1.720.000 төгрөг, бүгд 15.605.000 төгрөг, Улаанбаатарт ирээд вагон татуулахад 80.000 төгрөг, вагоноос буулгахад 55.000 төгрөг, машинд ачуулахад 45.000 төгрөг, Дархан явах машины хөлс 150 000 төгрөг бүгд 330.000 төгрөг, Ц.О-д бэлнээр өгсөн мөнгө 2009.03.29-нд 50.000 төгрөг, 2009.04.16-нд 480.000 төгрөг, 2009.04.21-нд 340.000 төгрөг, 2010.05.04-нд 1.000.000 төгрөг 2010.05.12-нд 2.000.000 төгрөг, 2010.07.08-нд 500.000 төгрөг, 2010 оны 6 сард иргэн Д.Алтанцэцэгээс 1 сая төгрөг сарын 6 хувийн хүүтэй зээлж өгсөн. 2010 оны 6 сард кран өргөгчийн тросс, эд анги хотоос худалдан авч явуулахад 250.000 төгрөг зарцуулсан, 2010 оны 8 сард иргэн Б.Бямбасүрэнгээс 10 сая төгрөг зээлж өгсөн, 2011 оны 6 сард гурвалжингийн гүүрний төмрийн захаас Ц.О-ы хамт очиж 120 ширхэг С-1 төмөр 2.000 000 төгрөгөөр, боолт төмрүүд 290.000 төгрөгөөр, ойролцоох төмрийн цехээс зузаан лист төмөр худалдан авч гурвалжин хэлбэрээр жижиглэн нүх цоолж гаргуулах зэрэгт 570 000 төгрөг, машинд ачуулж Дарханд явуулахад 120.000 төгрөг,  нийт 2.980.000 төгрөг, 2012 оны 7 сард Дарханд өөрөө очиж 3 фазын счетчик, кабель худалдан авч татуулах зэрэгт 300.000 төгрөг зарцуулсан, 2013 оны 4 сард миний 1 сая төгрөгийн үнэтэй америк алтан бөгжийг авч ломбарданд тавьсан бүгд 18.900.000 төгрөг, 2012 оны 7 сард иргэн Б.Бямбасүрэн нь Ц.О-, Я.Б- нарын 2010 онд зээлсэн мөнгийг надаас нэхэмжилснээр би шүүхийн шийдвэрийн дагуу 12.250.000 төгрөгийг өөрийн орон сууцаа борлуулж байгаад тэдний өмнөөс төлж дуусгасан.  Дараах мөнгийг ЦО-ы Голомт банкны дансаар шилжүүлсэн болно. Үүнд:

2010.06.22-нд 1.0 сая төгрөг

2010.07.05-нд 1.100.000 төгрөг

2010.08.06-нд 1.000.000 төгрөг

2010.08.11-нд 5.500.000 төгрөг

2011.07.09-нд 500.000 төгрөг

2011.08.02-нд 4.000.000 төгрөг

2011.08.23-нд 500.000 төгрөг

2012.09.04-нд 1.000.000 төгрөг бүгд 16.600.000 төгрөг

Иймд Я.Б-, Ц.О- нар нь надтай ах дүүгийн холбоотойгоо болон миний итгэмтгий байдлыг ашиглан урдаас  сайтан төлөвлөн заль зохиож надад бүгд 63.685.000 төгрөгийг хохирол учруулж намайг орон гэргүй гудамжинд гаргаад байгаа тал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би төрсөн ахаасаа хувийн хэрэгцээндээ 16.600.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Бид хоорондоо бичгийн гэрээ хэлцэл хийгээгүй. Зээлсэн мөнгөнөөсөө 2012-2014 онд 5.675.251 төгрөг буцааж төлсөн. Барилгын материал буюу төмрийг ах өөрийн мөнгөөр авч ирсэн, замын зардлыг нь зөвшөөрч байна. Гэвч тэр төмрүүд нь таарахгүй байсан тул буцаагаад ачаад явсан. С-1 төмөр 2.000.000 төгрөгөөр, боолт төмрүүд 290.000 төгрөгөөр авсан зөвшөөрч байна. Алтан бөгж нь надад байгаа өгнө, бусад шаардлага нь нотлогдохгүй байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

Ц.О- 8 удаагийн үйлдлээр 16.600.000 төгрөгийг авсан нь үнэн. Буцаагаад 5.675.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 10.925.000 төгрөгийг төлнө. С1 төмрийн үнэ 2 сая төгрөг, боолт төмрийн үнэ 290.000 төгрөг, алтан бөгжний 1 сая төгрөг нийт 14.215.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг баримтаар нотолж чадаагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Я.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 онд Дархан-Уул аймгийн Захиргаан дээр шалгаруулалт явагдаж, аймгийн Засаг даргын захирамж гарч, улмаар мэргэжлийн байгууллагуудын зохих дүгнэлтүүд гарч мансардны барилга барих ажил эхлүүлсэн юм. Барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж эхлүүлэн, явцын дунд мөнгө төгрөг дутагдахад 16,6 сая төгрөг төрсөн дүү Ц.О-д зээлсэн байдаг. Энэ нь төрсөн ах дүү хоёрын хооронд зээлсэн мөнгө юм. Харин барилга барих талаар хамтарч ажиллана хөрөнгө оруулах талаар бидний хооронд ямар нэгэн тохиролцоо байхгүй. ХААН банкнаас 40 сая төгрөг зээлсэн, би барилга барихад мөнгөтэй байсан.  Авсан мөнгөө буцаагаад баримтаар шилжүүлсэн. Хэдэн төгрөгийн төмөр авч ирсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1166 дугаар  шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар  хариуцагч Ц.О-, Я.Б- нараас 25.215.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ч-ад олгож, 38.470.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476.375 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 284025 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

           Хариуцагч Ц.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09  дүгээр сарын 06-ны өдрийн 1166 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

            1166 тоот шийдвэр нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй буюу шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй ташаа дүгнэлт хийж, хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарсан гэж үзэж байгаа дор дурдсан үндэслэлүүд байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлж авсан мөнгөний үлдэгдэл 10.925.000 төгрөг, С1 төмрийн үнэ 2.000.000 төгрөг, боолт төмрүүдийн үнэ 290.000 төгрөг, алтан бөгжний үнэ 1.000.000 төгрөг, нийт 14.215.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 49.470.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан юм.

           Шүүх 1166 тоот шийдвэрийн 1 дэх заалтаар “Иргэний хуулийн 281.1, 282.1-д зааснаар хариуцагч Ц.О-, Я.Б- нараас 25.215.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ч-амцад олгож ,            38.470.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 25.215.000 төгрөгөөс 11.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт нэхэмжлэгч Ц.Ч- нь Д.Алтанцэцэгээс 1 сая төгрөг зээлж хариуцагч Ц.О-д өгсөн болох нь хэрэгт авагдсан Д.Алтанцэцэгийн... “2010 онд 1.000.000 төгрөгийг дүү Ц.О- мансарт барьж байгаа мөнгө хэрэгтэй болоод байна гээд хүүтэй зээлээч гээд зээлсэн“ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй“ гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг нь Ц.Ч- 1 сая төгрөг зээлснийг нотлож байгаагаас биш Ц.Ч- дүү Ц.О-доо 1 сая төгрөг өгсөнийг шууд нотлож байгаа баримт болж чадахгүй юм.Гэтэл шүүх Д.Алтанцэцэгээс зээлсэн гэх 1 сая төгрөгийг Ц.Ч- нь Ц.О-д бэлнээр эсвэл дансаар шилжүүлсэн баримт байхгүй байхад дам гэрчийн мэдүүлгээр Ц.О-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Мөн шүүх шийдвэрийнхээ Үндэслэх  хэсэгт ...10 сая төгрөгийг хариуцагч Ц.О- нь нэхэмжлэгч Ц.Ч-аас 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 5 хувийн хүүтэй, Дарханд мансартын барилга барих зорилгоор, зээлийг хүүгийн хамт 13 сая төгрөгийг барилга барьж дууссаны дараа өгөхийг амлаж хүлээн авсан болох нь түүнийг хүлээн авсан Ц.О-, хүлээлгэн өгсөн Ц.Ч-, байлцсан Д.Алтанцэцэг нарын гарын үсэг бүхий шүүхийн хуулбар үнэн дарж баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж энэхүү дүгнэлтээ Иргэний хуулийн 196.1.2-т “... гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, тэдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тусгай журамтай байдгаас бус бичиг баримтанд гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцдог гэрээний харилцаа биш юм. Хавтаст хэргийн 55-р талд авагдсан баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.” гэсэн заалтанд нийцээгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байхад шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар архивын “ хуулбар үнэн” дардас дарсан баримт гаргуулсан тохиолдолд шүүх түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжтой юм.“ Ц.О- би төрсөн ах Ц.Ч-ын иргэн Б.Бямбасүрэнгээс \ сарын 5%-н хүүтэй 10 сая төгрөгийг \ зээлэн авсан мөнгийг Дарханд мансартын барилга барих зорилгоор хүлээн авлаа. Зээлийг хүүгийн хамт 13.0 сая төгрөгийн барилга барьж дууссаны дараа өгөхийг амлаж байна. 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр” гэсэн бичиглэл байдаг. Энэхүү бичиглэлийг хариуцагч Ц.О- тайлбарлахдаа: “Ах надад чамаас 5.000.000 төгрөг авсан урьд авсан мөнгөтэйгөө 10 сая төгрөг болсон байгаа тул 10 сая төгрөг өгнө гээд гарын үсэг зурчих гээд зуруулсан“ гэж анхны шүүх хурал дээр тайлбарласан байдаг. Мөн Ц.О- Ц.Ч-аас 10 сая төгрөг зээлсэн гэх өдөр 2010 оны 8  дугаар сарын 11-нд дансаар 5.500.000 төгрөг шилжүүлсэн баримтыг 10 сая төгрөгөөс хасч тооцох байсныг тооцолгүй орхигдуулсан. Мөн баримтанд 10 сая төгрөгийг 13 сая болгож өгнө гэж бичсэнийг шүүх хүүтэй мөнгө зээлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв хүү тооцохоор бол зээлийн гэрээ тодорхой хугацаатай хүүг жил, сар, өдрөөр хэдэн хувиар тооцох талаар талууд гэрээнд тодорхой заасан байх ёстой. Гэтэл шүүх Ц.О-ыг хүүтэй мөнгө зээлсэн гэж үзэж урьд нь Ц.О-ы Ц.Ч-ад төлсөн 3 сая төгрөгийг төлсөн нь гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг, 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Д.Алтанцэцэгээс Б.Бямбасүрэнд шилжүүлсэн ХААН  банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 13 сая төгрөгөөс хасч 10 сая төгрөгийг Ц.О-оос гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282.1-д заасан зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдан гэсэн заалттай нийцээгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            Эдгээр үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж хариуцагч Ц.О-, Я.Б- нараас 25.215.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний 11 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

ХЯНАВАЛ:

   Хариуцагчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим  хэсгийг хангах нь зүйтэй, анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгохдоо  хууль баримтлаагүй нь шүүхийн шийдвэр  хууль ёсны байх  шаардлагад  нийцээгүй  байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж  үзэв.

  Нэхэмжлэгч Ц.Ч-  нь  хариуцагч Ц.О-, Я.Б-  нарт холбогдуулан

  1.2009 онд БНХАУ-ын Эрээнээс худалдан авсан барилгын төмөр материалын үнэ  15.605.000 төгрөг,

  2.уг материалыг Улаанбаатар Дарханы хооронд тээвэрлэсэн тээврийн зардал 330.000 төгрөг,

  3.2009-2011 оны хооронд зээлүүлсэн бэлнээр өгсөн 6 удаагийн 4.370.000 төгрөг  дансаар өгсөн 8 удаагийн 16.600.000 төгрөг,

  4.Д.Алтанцэцэгээс  зээлсэн 1.000.000 төгрөг,

  5.Б.Бямбасүрэнгээс зээлсэн 10.000.000 төгрөг,

  6.С1 төмрийн үнэ 2.000.000 төгрөг,

  7.боолт төмрийн 290.000 төгрөг,

  8.төмөр жижиглэсэн үнэ 570.000 төгрөг,

  9.Дархан руу ачуулсан 120.000 төгрөг,

  10.Счётчик, кабелийн 300.000 төгрөг,

  11. америк алтан бөгж 1.000.000 төгрөгийг 16 орон сууц барихад миний оруулсан хөрөнгө учир  63.685.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байна. 

  Хариуцагч  Я.Б- “...барилгыг  өөрсдийн хөрөнгөөр  барьж эхлүүлсэн, явцын дунд мөнгө төгрөг дутагдахад  16,6 сая төгрөгийг  төрсөн дүү Ц.О-д зээлсэн  байдаг, энэ нь  ах дүү хоёрын хооронд зээлсэн мөнгө, хамтарч ажиллах, хөрөнгө оруулах талаар бидний  хооронд ямар нэгэн тохиролцоо  байхгүй...,  ... би хариуцагч биш гэж,

  Хариуцагч Ц.О-  “Би  төрсөн ахаасаа хувийн хэрэгцээндээ  16.600.000 төгрөг  зээлсэн нь үнэн, 5.675.000 төгрөгийг  буцааж  төлсөн одоо  үлдэгдэл  10.925.000 төгрөгийг төлнө. Барилгын  материалыг ах мөнгөөрөө авчирсан, гэвч тэр төмрүүд нь таарахгүй  байсан тул буцаагаад ачаад  явсан, С-1 төмрийн үнэ 2.000.000 төгрөг, боолт төмрийн үнэ 290.000 төгрөг, алтан бөгжний үнэ 1 сая төгрөг, нийт 14.215.000 төгрөг төлөхийг  зөвшөөрч байна. Бусад шаардлагыг  баримтаар нотолж чадаагүй тул  зөвшөөрөхгүй гэж   маргажээ.

  Нэхэмжлэлийн  шаардлагын  агуулгаас  үзвэл  төмрийн үнэ,  тээврийн зардал 15.935.000   төгрөгт холбогдох  хэсгийг  нэхэмжлэгч Ц.Ч-  нь  хамтран ажиллахаар  оруулсан хөрөнгө гаргуулах  гэсэн нь  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-ийн  үндэслэл,  шаардлага үлдэх  хэмжээ болох  47.750.000 төгрөгт  холбогдох хэсэг нь    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д  зааснаар  гаргасан  шаардлага  гэж үзэх  үндэслэлтэй  байна.

  Харин анхан шатны  шүүх   талуудын  хооронд  үүссэн  маргааныг  шийдвэрлэхдээ   үйл баримтад үндэслэсэн дүгнэлтийг  зөв  дүгнээгүйгээс хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргаанд  холбоотой  хуулийг  давхар  баримтлаагүй  нь  учир дутагдалтай болжээ.

  Хариуцагч Ц.О-ы тайлбараас дүгнэхэд нэхэмжлэлийн  шаардлагаас зөвшөөрч байгаа хэмжээ нь 16.00.000 төг+ 2.000.000төг+ 290.000төг+1.000.000төг=19.890.000 төгрөг байна.

  Өөрөөр хэлбэл  нэхэмжлэлийн зээлтэй  холбоотой 47.750.000 төгрөгийн шаардлагаас зөвшөөрсөн хэмжээ  19.890.000  төгрөгт  холбогдох хэсэгт  талууд  маргаагүй, 5.675.000 төгрөгийн  зээлийг  буцааж төлсөн талаар мөн маргаагүй.

  Харин бусад  шаардлагыг  зөвшөөрөхгүй маргасан  учраас  нэхэмжлэгч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар  нэхэмжлэлийн  шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг  өөрөө цуглуулах, гаргах  үүрэгтэй.

 Хариуцагч нар нь татгалзал тайлбараа нотлуулахаар гэрч асуулгах хүсэлт гаргаснаар  П.Эрдэнээ, С.Баярцогт  нараас гэрчийн мэдүүлэг  авахад Ц.Ч-  барилгын төмөр материалыг  буцааж  авч явсан  болох нь  нотлогдсон  байна.

 Харин нэхэмжлэгч Ц.Ч-  дээрх  нотлох баримтыг   үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг  шүүхэд  ирүүлээгүй  байх ба шүүх  түүнийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  зааснаар  нэхэмжлэлийн шаардлагаа  өөрөө  нотлох үүргээ  хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж  үзэн, хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үнэлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т  заасныг  зөрчөөгүй байна.

Хариуцагч Ц.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдолд  дурдсан  үндэслэлийг   хянахад:

 “...шийдвэрлэсэн 25.215.000 төгрөгөөс  11.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй..., ...гэрч  Д.Алтанцэцэгийн мэдүүлэг   Ц.Ч-  дүү Ц.О-доо 1 сая төгрөг өгснийг шууд нотолж  байгаа баримт болж чадахгүй...,...Д.Алтанцэцэгээс зээлсэн 1 сая  төгрөгийг  Ц.Ч-  Ц.О-д  шилжүүлсэн баримт байхгүй байхад дам гэрчийн мэдүүлгээр  уг 1 сая төгрөгийг гаргуулсан нь  үндэслэлгүй..., 

 ...шүүх... 10 сая төгрөгийг хариуцагч  Ц.О-  Ц.Ч-аас  2010 оны  8 дугаар сарын 11-ний өдөр  5 хувийн хүүтэй,   ...зээлийг хүүгийн хамт  13 сая төгрөгийг барилга барьж дууссаны дараа  өгөхийг амлаж   хүлээн авсан  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан гэж үзсэн нь  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.  Зээлийн гэрээ нь  эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  гэрээ байгуулсанд тооцдог тусгай журамтай  байдгаас бус бичиг баримтанд гарын үсэг зурснаар  гэрээ байгуулсанд тооцдог  харилцаа биш.

  Хэргийн 55 дугаар талд  авагдсан баримтыг  нэхэмжлэгч өөрөө  нотлох баримтаар гаргасан  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад  нийцээгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байхад  шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй...,  

... 10 сая төгрөг зээлсэн гэх өдөр ах надад  урьд авсан  мөнгөтэйгээ 10 сая төгрөг болж байгаа тул   10 сая төгрөг авсан  гээд гарын үсэг зурчих гээд зуруулсан гэж  анхан шатны  шүүх хуралд тайлбарласан байдаг,  ... мөнгө  зээлүүлсэн гэх өдөр   дансаар  5.500.000 төгрөг  шилжүүлсэнийг  тооцолгүй орхигдуулсан,

 ...10 сая төгрөгийг  13 сая төгрөг болгож өгнө гэснийг   хүүтэй зээл гэж үзэхгүй, ...хүү тооцохоор бол ...  гэрээнд  тодорхой  заасан байх ёстой  гэж   дурдсан бөгөөд  эдгээр  үндэслэлүүдийг  хуульд заасан журмын дагуу судлахад:

 

  Нэхэмжлэгч  Ц.Ч-  1.000.000 төгрөг  гаргуулах  шаардлагын  үндэслэлд “Д.Алтанцэцэгээс 1.000.000 төгрөг зээлж  авсан  үүнийг Ц.О-д  өгсөн “ гэж, харин Ц.О-д 1.000.000 төгрөг өгсөн гэдгээ  нотлуулахаар Д.Алтанцэцэгээр   гэрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу  гэрчийн  мэдүүлэг авахад   “Ц.Ч-  надаас  2010 онд  дүү Ц.О-  мансарт  барьж байгаа  мөнгө хэрэгтэй  болоод байна гээд хүүтэй зээлээч гэж хэлээд  зээлсэн”  гэсэн мэдүүлэг нь Ц.Ч-ыг Ц.О-д 1.000.000 төгрөг  зээлүүлснийг  нотлож  чадаагүй  байна.

 Өөрөөр хэлбэл  Ц.Ч- мөнгө  зээлэх  болсон зорилгодоо Ц.О-ы  нэрийг  хэлсэн  байдлыг  Ц.О-д   мөнгө  шилжүүлсэн мэтээр  тайлбарласан  анхан шатны  шүүхийн  дүгнэлт хуульд нийцээгүй байх тул  энэ талаар гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэл бүхий  байна гэж  үзнэ.

 Ц.О-    2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр  10,0 сая төгрөг зээлж аваад хүүгийн хамт   13,0 сая төгрөг  өгнө  гэж  тохирсон  тохироог   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа гэж    дүгнэснийг  хууль  зөрчсөн гэж үзэхгүй.

 Ц.О-ы  хүсэлтийн дагуу  Ц.Ч- нь  Б.Бямбасүрэнгээс  10,0 сая төгрөг  зээлж, Ц.О- түүнийг бэлнээр   хүлээн авсан  болон хүүд  3.000.000 төгрөг буюу нийт 13,0 сая төгрөг  өгөхөө   илэрхийлж  гарын үсгээ  зурсанаар  зээлийн гэрээ  байгуулагдсан,  талууд хэлэлцэн тохиролцож хүү  тогтоосон, бичгээр хийх  хуулийн шаардлагыг  хангасан,  2011 оны   9 дүгээр сарын 24-ны өдөр  3,0  сая төгрөг буцааж  төлсөн  нь  тогтоогдсон гэж  дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй. Шүүхийн  дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт  хэрэгт авагдаагүй, гомдлын үндэслэл тогтоогдохгүй байх тул  буруутгах боломжгүй байна.

   Харин Ц.О- нь 10,0 сая төгрөгийн  3,0 саяыг буцааж төлсөн   учир  үлдэх 7,0 сая  төгрөгт  ногдох  хүү  нь 2,1 сая төгрөг  буюу нийт 9.100.000 төгрөгийг Ц.Ч-ад  буцааж төлөх ёстой  байх тул  шүүхийн хангасан хэсгээс  зөрүү 900.000 төгрөгийг хасаж  мөн   өөрчлөлт оруулж байна.

 Ц.Ч-  нэхэмжлэлээс 10,0 сая төгрөг болон 5,5  сая  төгрөгт холбогдох  шаардлагаа   нотлохоор  Ц.О-ы бэлнээр мөнгө хүлээн авсан баримт \хх-55 дугаар хуудас \, мөн дансаар  мөнгө шилжүүлсэн  \хх-12 дугаар хуудас \  баримтыг  нотлох баримтаар  ирүүлсэн  бөгөөд  хариуцагч Ц.О-  нотлох баримтаар  үгүйсгэж чадаагүй   учраас  түүний  зөвхөн тайлбарт   үндэслэж  төлбөрөөс хасах  нь шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх зарчимд нийцэхгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг  үндэслэлгүй  гэж үзэж байгаа бол татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй  учир  Ц.О-ыг  2010 оны  8 дугаар сарын 11-ны өдөр  бэлнээр 10,0 сая төгрөг, мөн өдөр дансаар  5.5 сая төгрөг  авсан нь  тогтоогдсон  гэж үзлээ.

 Ц.О-, Я.Б-  нар  нь нэг гэр бүлийн хүмүүс хэдий ч  Ц.Ч-, Ц.О- нарын хоорондын зээлийн харилцаанд оролцсон, хамтран зээлдэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Ц.Ч-  нь Я.Б-ийг хариуцагчаар татах  болсон үндэслэлдээ  ...”Я.Б- нь  эхнээсээ намайг  хууран мэхлэх, залилах зорилготой байжээ.  ...тэр надаас мөнгө эд материал авахдаа өөрийн эхнэр болох  миний төрсөн дүү  Ц.О-оор дамжуулж  авч байсан байна.” гэж  дурдсан  байна. Гэтэл  Я.Б-ийг  Ц.О-  төлөөлөөгүй  болохыг тайлбарласан ба  нэхэмжлэгч  ч  энэ талаар   нотлох баримтыг гаргаж  ирүүлээгүй  нь  Я.Б-  энэ хэргийн хариуцагч биш  болохыг  нотолсон   байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн  шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулах нь   зүйтэй гэж давж заалдах  шатны  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад,

“Иргэний хуулийн ... гэсний дараа   476 дугаар зүйлийн 476.1... “  гэж   нэмж, “...Ц.О-, Я.Б- нараас..,  гэснийг  “...Ц.О-оос ...” гэж, “25.215.000 төгрөг” гэснийг  “23.315.000 төгрөг” гэж, “38.470.000 төгрөгийг” гэснийг  “40.370.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Я.Б-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн  2 дахь заалтад  “... хариуцагч  нараас  284025  төгрөг гаргуулж...” гэснийг ,    “...хариуцагч Ц.О-оос  274.525 төгрөг гаргуулж...”  гэж  өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр  үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуагчаас  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  194.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос   шүүгчийн захирамжаар  гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                         ШҮҮГЧИД                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                           С.ЭНХЖАРГАЛ