Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 0070

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б, С.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                          С.Б

Шүүгдэгч                                           С.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.Б /онлайнаар/, Х.О

Нарийн бичгийн дарга                 С.Бадмааравдан нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолтой, С.Б, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, А овогт С-н О.

 

Монгол Улсын иргэн, Б овогт С-ын Б.

С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод оршин суух Ш.Н гэх хүний гэрт архи ууж согтуурсан үедээ, хэрүүл маргаан, зодоон үүсгэн хамтран амьдрагч С.Бгийн хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, С.Б нь тухайн үед хамтран амьдрагч С.Оийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч А овогт С-н Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт С-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450. 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Өршөөлийн тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Өршөөлийн тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцох,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд Ш.Н нь эвдэрсэн телевизорын үнийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.О давж заалдах гомдолдоо:

 

... миний бие айж цочирдож хямарснаас болсон юм уу даралт ихэсдэг 130/90, 140/90 (уг нь 90/60, 80/60 байдаг) болсон байна. Толгой байнга өвддөг, 2 хөлийн шилбэ хавантай, хөлийн ул халуу дүүгээд унтуулахгүй, амьсгаа давхцаж бачуурдаг. Мөн элэг маань үе үе хатгуулж өвддөг, одоо гэдэс маань 6-7 сартай жирэмсэн хүний гэдэс шиг болчихоод цанхайж юм идэхээр бөөлжүүлээд байдаг болсон байна. Хорих байрны эмч сувилагч нар байнга үзэж, эм өгч даралт үзэж, хаван хөөх тариа хийж байгаа. Хавар 4 дүгээр сард эмнэлэгт хэвтэж элэгний эмчилгээ хийлгэсэн. С вирусээ тоолуул гэсэн боловч тоолуулж чадаагүй.

Хүүхдүүд маань өсч өндийгөөд өөрийн гэсэн амьдралтай болоод овоо л болж байна. Одоо би 13 ач, зээтэй эмээ буюу 2 гуч, зээгээ үзсэн буурал эмээ болсон хойноо ийм муухай жигшүүртэй бусармаг үйл явдалтай холбогдож ял авсандаа үнэхээр их харамсаж өөрийгөө ёстой хэлэх үг ч олдохгүй цөхөрч харамсаж сууна. Өөрөө өөртөө дүгнэлт хийгээд өөрийгөө буруутгаж яах гэж тэр 2 хүний дундуур оровдоо, эр улсууд өөрсдөө учраа олно биз гээд л орхичихгүй, архи уусны л гай ингэж байхгүй юу гээд харамсахын ихээр харамсаж байна.

Миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан бодолцож мөн миний энэ санамсаргүй, болгоомжгүй явдлыг харж үзэн надад итгэж энэ оногдсон ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгч миний үр хүүхдүүд, ач зээ нарыг минь бодолцон бидний амьдралд чин сэтгэлийн туслалцаа үзүүлж өгнө үү гэж хүсэж байна.

Хийсэн хэрэгтээ харамсахын ихээр харамсаж үр хүүхдүүддээ чирэгдэл учруулж мөн С.Бгийн эрүүл мэндэд санамсар болгоомжгүйн улмаас хохирол учруулсандаа маш их харамсаж байгаа учир уучлалт гуйж, өршөөн хэрэгсэхгүй болгож, тэнсэн харгалзах буюу хорихоос өөр ялаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

 

... Гэрч П.Т-н /56 хх/ ... эргээд хартал Б гартаа хутгатай барьчихсан байсан ... Б намайг цохиж унагахдаа хутгатай байсан гэх мэдүүлгээс , мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн П.Т-н мэдүүлэг зэргээс Б хутгатай буюу зэвсэг хэрэглэн бусдын амь нас эрүүл мэндэд халдсан үйлдлийг хийж байсныг гэрчилсэн. Энэхүү үйлдлийн эсрэг С.О нь өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийн эсрэг буюу тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийснийг “санаатай “гэж яллаж, ял халдаан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч С. Бгийн бусдын амь нас эрүүл мэндэд халдсан үйлдлээ хэзээ зогсоосон болох, түүний үйлдэл ямар хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсоныг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

С.Б нь гэрч Н, гэрч Ц.О, Гэрч Т, шүүгдэгч С.О нарын бие болон эд хөрөнгөнд халдаж гэмтэл учруулсан нь хавтас хэрэгт авагдсан тэдний мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь олон хүний амь нас эрүүл мэндэд халдсан нийгэмд аюултайд тооцох үйлдэл бөгөөд энэхүү үйлдлээ таслан зогсоохыг хүсэхэд хохирогч үргэлжлүүлж байсан нь хэрэгт нотлогдсон.

Энэхүү зэвсэг хэрэглэсэн нийгэмд аюултай аргаар бусдын эрх чөлөөнд халдаж байх үед С.О хутгыг нь булаан авах үйлдэл хийж, гэрч Т-т халдаж байсан үйлдлийг таслан зогсоож Бтай тэмцэлдэж, гэрчид халдсан үйлдлийг зогсоосон нь хэрэгт нотлогдсон. Энэхүү үйлдлийг таслан зогсоох явцдаа С.Бгийн хутга барьсан гараас хутгыг авах гэж тэмцэлдэж байх явцад гэмтэл учруулсан. Энэ тухай шүүхийн хэлэлцүүлгийн шатанд С.Б өөрөө ч хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Энэ нь санаатай гэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгааг шүүх анхаарч шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан шинж буюу тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байдаг.

Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрчилсөн. Энэхүү мэдүүлэг өөрчилсөн шалтгаанаа С.Оийг хашраах гэж мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлсэн гэж мэдүүлж байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт мөн өөрөө хутган дээр унасан гэх илт худал мэдүүлэг өгч байсан. Өөрөөр хэлбэл хохирогч мэдүүлэг үнэн зөв өгөх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг зөрчигдсөн. С.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ өөрөө үгүйсгэн мэдүүлж байхад анхан шатны шүүх түүний мэдүүлгийг нотлох баримт гэж үзэж С.Оийг санаатай бусдын биед зэвсэг хэрэглэн хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд энэхүү нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-д заасан нотлох баримт болсныг анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

Шүүгдэгч С.От “гэрч Т-н биед халдан, хутга барин довтолж байсан С.Бгийн үйлдэл” нь хүн алах нь гэсэн бодол төрүүлж, сэтгэл санааны цочролд оруулж хутгыг нь авах гэсэн санаа зорилготой байсан гэсэн түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдээгүй. Гэрч П.Т-г газар унаган бие.дээр нь С.Б гарчихсан, зэвсэг хэрэглэн биед нь халдах үйлдэл хийж байх үед С.О ирсэн болох нь С.Бтай хутга булаацалдаад хашаанаас гараад явсныг гэрч П.Т мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг нь нотлох баримтаас С.О зэвсэг хэрэглэн санаатай бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна.

С.О нь зэвсэг хэрэглэх, бусдын биед халдаж гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, С.Бгийн бусдын биед гэмтэл учруулахаар халдаж, бусдад зэвсэг хэрэглэж гэмтэл учруулахыг хүссэн гэмт хэргийг таслан зогсоох санаа зорилготой байсан байх ба энэхүү үйлдлийн явцад буюу гэмт хэргийг таслан зогсоох үйлдлийг хийж байх явцдаа хутгыг булааж авна гэж хөнгөмсгөөр найдаж хийсэн үйлдлийг санаатай бусдад хүнд гэмтэл учруулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 180 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

            Шүүгдэгч С.Б, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг С.О, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

           

            Шүүгдэгч С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод оршин суух Ш.Н-н гэрт архи ууж согтуурсан үедээ хэрүүл маргаан, зодоон үүсгэн хамтран амьдрагч С.Бгийн хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  аймгийн  сумынбагийн тоот Ш.Н гэх хүний гэрт хамтран амьдрагч С.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зэрэг хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээд хэргийн бодит байдлын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нотолгооны ач холбогдол, хамаарал бүхий нотлох баримтуудыг үнэлж, харилцан эсрэг сонирхолтой болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын түвшин, агуулга зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч нарын үйлдлийг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг үндэслэл, журам, түүний зорилго, холбогдох хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

 

Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх”-ээр хуульчилсан заалтыг өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгчид хэрэглэн шийдвэрлэж хууль буруу хэрэглэжээ.

 

Шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийн хувьд маргаантай, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцдог ба шүүгдэгч нь өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдолтой танилцаад хүлээн зөвшөөрсөн, мөн С.О нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... би санаатай гэмтэл учруулаагүй ... гэсэн тайлбар гаргасан тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн тус шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан болно.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэгт шүүгдэгч өөрийн үйлдэл, үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгодог өргөн хүрээтэй ойлголт байдаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайн оногдуулж буй ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Мөн  шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.С нь ...Шүүгдэгч С.Бг гэм буруутай гэж дүгнээд С.Оийн хувьд гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгүүд зөрүүтэй байна... гэсэн дүгнэлтийг бичгээр өгсөн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсан эсхүл үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дүгнээгүй нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг өөр үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Оийн ... Хийсэн хэрэгтээ харамсахын ихээр харамсаж, Бгийн биед санамсар болгоомжгүйн улмаас хохирол учруулсан байгаа учир хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү... гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н гаргасан ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б, С.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүгдэгч С.Оийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, түүний өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА