Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

Улсын яллагч С.Б-О

Иргэдийн төлөөлөгч Ч.С

Гэрч П.Т, Ц.О, Ш.Н

Шинжээч эмч Ч.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Б, Х.О

Шүүгдэгч С.О, С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О, С.Б нарт холбогдох эрүүгийн 2025000000441 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. С.О,

 

2. С.Б,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын тоотод оршин суух Н гэх хүний гэрт архи ууж согтуурсан үедээ, хэрүүл маргаан, зодооны үүсгэн хамтран амьдрагч С.Бг хэвлийн тус газарт нь хутгалж , эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянтал багийн тоот Ш.Н гэх айлд хамтран амьдрагч С.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ “Би санаатай хийсэн гэж бодохгүй байна. Бид хоёр хутгаа булаацалдаж байсан. Нэг мэдэхэд хутгаа дүрсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “Би С.Оийг цохьсон нь үнэн. Би хутгаа баруун гартаа барьсан байсан. Тухайн үед өөрөө мэдээгүй. С.О хутгалчихлаа гэж хэлсэн. Хутгалсан гэж мэдээгүй.Унахдаа хутгаараа өөрийгөө хутгасан байна лээ. Тухайн үед уурлаад С.Оийг цохьсон. Архи уусан байсан. Намайг уучлаарай гэж хэлмээр байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт С.Б хохирогчоор мэдүүлэхдээ “Одоо миний бие эрүүл. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй. Тухайн үед алдаа гаргасандаа харамсаж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт С.О хохирогчоор мэдүүлэхдээ “нэмж ярих зүйлгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч П.Т мэдүүлэхдээ “Бид Нгийнд очсон. Хөдөлмөрийн хүндэт медаль авсан байсан. 2-3 шил архи уусан. Энэ хоёр хоорондоо муудалцсан. С.Б хутгатай байсан. С.О гарч ирээд С.Бтай ноцолдсон. С.Б миний дээрээс цохиж байтал С.О гарч ирээд болиоч хүн алах нь уу гэж хэлсэн. Тэгээд би гэр лүү орсон. Тэр хоёр үлдсэн. С.О орж ирээд ноцолдож байгаад С.Б хутганд орчихлоо гэж хэлсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ц.С.О мэдүүлэхдээ “С.Б удаагүй орж ирээд ирсэн. Цус гоожсон байхаар яасан бэ гэхэд С.О хутгалчихлаа гэж хэлсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ш.Н мэдүүлэхдээ “Хүүхдээ хараад байж байтал С.Б гэдэсээ дарчихсан орж ирсэн.Яасан бэ гэж асуусан чинь С.О хутгалчихлаа гэж хэлсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Б мэдүүлэхдээ “2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр анх эмнэлэгт очсон байна. Эмнэлэгт хэвтэх үед шархаар өвдөнө, цус гарч, гэдэсний гогцоо эл гарсан зовиуртай, хэвлий хөндий рүү нэвтэрсэн байна гэжээ. Биеийн байдал нь хүнд согтуу байдалтай, 4 сантметр хутгалагдсан байсан байна. Үүнийг би хатгагч, зүсэгч багажаар, хурц үзүүрээр үүсгэгдсэн шарх гэж үзэж байгаа. Өөрөө өөртөө учруулсан шарх ихэнхдээ өнгөц, хүнээр үүсгэгдсэн шарх гүн байдаг. Өөрөө дээрээс нь унасан гэвэл хэвлийн хөндий рүү нэвтэрсэн байх боломжтой” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянтал багийн 2-10 тоотод хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 12-16-р хуудас/

 

2. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч С.Бгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 19-21-р хуудас/

 

3. Хэв загвар, дээж авсан тэмдэглэл. /хх-ийн 22-р хуудас/

 

4. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 26-28-р хуудас/

 

5. Хохирогч С.Бгийн “2020 оны 11 сарын 02-ны өдөр Уртын гол багийн Баянталд Ш.Н гэх айлынд хамтран амьдрагч С.Оийн хамтаар очсон. Ш.Нгийн эхнэр Ц.С.О “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнуулсан байсан. Ш.Нгийн гэрт П.Т ирсэн. Тэгээд Ш.Н, Ц.С.О, С.О, П.Т 4 архи ууж эхэлсэн. Тэд нарын ууж байсан архинаас би жижиг стаканы дундуур хэмжээтэй 2 удаа уусан. Хэсэг юм яриад сууж байтал хамтран амьдрагч С.О намайг зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг аваад харина гэж хэлсэн чинь би явахгүй чи зайл гэсэн. П.Т “би танай эхнэртэй олон жил явалдаж байна эр эмийн харилцаатай” гэж хэлсэн. Тэгээд бид нар маргалдсан. Удалгүй би Ш.Нгийн гэрээс гарсан. Миний араас С.О хутга барьчихсан гарч ирээд намайг шууд хэвлийн тус газар хутгалсан. Тэгэхээр нь би С.Отэй ноцолдож байгаад хутгыг нь аваад Ш.Нгийн арын хашаа руу шидсэн. С.О намайг хутгалчихаад Ш.Нгийн гэр лүү буцаад орсон. Би араас нь гэдсээ дараад Ш.Нгийнх рүү орох гэсэн боловч хаалга тайлж өгөхгүй хэсэг удсан. Удаж удаж байгаад хаалгаа тайлсан гэр лүү ороод Ш.Нгийн гэрт байсан хүмүүст С.Оийг намайг хутгалсан талаар хэлсэн цагдаа болон түргэн тусламж дуудаад өг гэхэд хэн ч надад түргэн тусламж дуудаагүй байсан болохоор би өөрөө явган Магнай трейд шатахуун түгээх станц дээр очиж тусламж гуйсан. Тухайн үед нэг эмэгтэй надад түргэн тусламж дуудаж өгсөн. Намайг зайл гээд байсан. Тэгээд хэрүүл маргаан хийж байгаад намайг хутгалсан. Өөр хүмүүс надад халдаж зодоогүй. С.О бид хоёрын хооронд болсон асуудал. Миний зүгээс тэд нарыг зодож цохисон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-47-р хуудас/

6. Хохирогч С.Оийн “С.Б бид хоёр хэрүүл маргаан хийсэн. Учир нь П.Ттай намайг хардаж маргаан үүсгэсэн. С.Б нь намайг толгойн тус газар гараараа нэг удаа цохисон. Баруун мөр лүү гараа нэг удаа цохисон. Тэгтэл Ш.Нгийн эхнэр Ц.С.О намайг өмөөрч салгах гэтэл Ц.С.Оийг мөн цохиж ор луу унагаасан. Ш.Н гар утасныхаа бичлэгийг хийж эхэлсэн. Тэгтэл гаднаас С.Б орж ирээд Ш.Нг 2 удаа гараараа цохиж унагаасан. Ц.С.О Ш.Нг өмөөрөөд С.Б руу очтол түүнийг цохиж унагаасан хэсэг хугацаанд Ц.С.О хөдлөхгүй ухаангүй хэвтсэн. Мөн би Ц.С.О рүү очтол намайг 2 удаа зүүн гуя болон шилбэ рүү өшиглөж унагаасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50-р хуудас/

7. Гэрч А.Ш-гийн “Магнай трейд шатахуун түгээх станцын 95 дугаар салбар дээр үүргээ гүйцэтгээд байж байтал 21 цаг өнгөрч байх үед гадаа талбайн хогоо шүүрдээд байж байтал баруун талаас Баянтал багийн зүгээс 60 орчим насны хөгшин хүн туслаарай гээд над дээр ирсэн. Над дээр ирэхэд уг хөгшний урд энгэр болон өмд нэлэнхийдээ цус болчихсон ирсэн араас нь нэг эмэгтэй ойртон ирж байгаад намайг хараад буцаад яваад өгсөн. Тэгээд би цагдаа болон түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаа нар болон түргэн тусламж ирсэн. Биеийн хэвлий хэсэгтээ гэмтэл авсан цус их гарч байсан. Ямар учраас гэмтэл авсан талаар надад хэлээгүй ухаан нь балартаж муужирсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-р хуудас/

8. Гэрч Ц.С.Оийн “С.Б хамтран амьдрагч С.Оийг П.Ттай хооронд явалддаг гээд хардаад маргалдаж эхэлсэн. Тэгээд С.Б С.Оийг багалзуурдсан. Тэгтэл П.Т салгах гээд яваад очтол П.Тийг С.Б цохиж унагаасан. Мөн С.Оийг цохисон би болиоч ээ гэж С.Бд зөндөө хэлсэн, би салгах гэж оролдоход мөн намайг цохисон. Миний хамтран амьдрагч Ш.Н уг асуудлын талаар бичлэг хийж байхад С.Б гаднаас орж ирээд Ш.Нг цохисон. П.Тийг босож ирэхээр нь гараар толгой руу нь цохиод унагаагаад байсан. С.Оийн хоолойг боосон. Мөн гараараа толгой болон бие рүү нь цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-53-р хуудас/

9. Гэрч П.Тийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянтал багт амьдардаг найз Ш.Нгийн хамтран амьдрагч Ц.С.О Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан юм. Энэ баярт үйл явдлыг тэмдэглэхээр 2020 оны 11 сарын 02-ний 18 цагийн үед Баянтал багт байрлах гэрт нь очсон. Тухайн үед Ш.Нгийн гэрт очиход найз С.О хамтран амьдрагч С.Бгийн хамтаар байж байсан. Тэгээд бид нар 0.75 литрийн 3 шил архи хувааж ууж хэсэг хоорондоо юм ярьж суусан. Тэгтэл С.Б архиндаа нэлээн согтож эхэлсэн. Намайг болон Ш.Нг хамтран амьдрагч С.Отэй хардаж эхэлсэн. Улмаар хоорондоо маргалдаж С.Б намайг толгойн баруун шанаа руу, мөн эрүү нь тус газар гараараа цохисон. Тэгээд би Ш.Нгийн үүдний цагаан өнгийн шүүгээг толгойгоороо мөргөсөн. Миний толгойноос цус гарсан С.Б надтай хэрэлдээд байхаар нь би чамтай маргалдаад яах вэ гээд Ш.Н ахын гэрээс гарсан. Тэгтэл миний араас гарч ирээд намайг дахин цохиж газар унагасан. Эргээд хартал С.Б гартаа хутга барьчихсан байсан. Тухайн үед юм яриад байсан миний чих муухан сонсдог, толгой манарсан байдалтай яг юу гэж хэлж байсныг сайн санахгүй байна. Тэгээд хамтран амьдрагч С.О Ш.Нгийн гэрээс гарч ирээд С.Бгийн гартаа байсан хутгыг булааж авсан. Тэгээд Ш.Нгийн хашаанаас тэр хоёр цугтаа гараад явсан. Би Ш.Нгийн гэр лүү буцаад орсон. Хэсэг хугацааны дараа С.О гаднаас орж ирээд би С.Бг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-56-р хуудас/

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №795 дугаартай “С.Бгийн биед хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдсийг оёх хагалгааны дараах байдал, зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх, нүүр, цээжинд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүдийн хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдсийг оёх хагалгааны дараах байдал, зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх нь үзүүр иртэй зүйлээр, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр, нүүр, цээжинд зулгаралт нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Хэвийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдсийг оёх хагалгааны дараах байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хэвийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдсийг оёх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх, нүүр, цээжинд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 67-69-р хуудас/

 

11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №789 дугаартай “С.Оийн биед эрүүний баруун доод хэсэг, хоёр хөхний дээр, нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Уг цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 73-74-р хуудас/

12. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №232 дугаартай “С.Оийн биенээс авсан цусанд этилийн спирт 1.8 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зурэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-79-р хуудас/

13. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №788 дугаартай “П.Тийн биед баруун нүдний зовхи, эрүүний баруун доод хэсэгт цус хуралт, баруун шанаа, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 83-84-р хуудас/

14. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн №827 дугаартай “Ш.Нгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 89-90-р хуудас/

15. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №826 дугаартай “Ц.С.Оийн биед зүүн бугалга, зүүн мөр, цээж, баруун мөр, бүсэлхийд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасаны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 95-96-р хуудас/

16. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ОРХ/20-070 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-105-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ “2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртын булаг баг Баянталын 2-12 тоотод С.Б, С.О нар нь Ц.С.О, Ш.Н нарын гэрт очиж мөн тэнд байсан П.Тийн хамт 5-лаа очиж тэмдэглэлт үйл явдал болсон учраас архи уусан. Үүний улмаас хардалт үүсэж, хэрүүл маргаан үүссэн. С.Оийн биед хөнгөн хохирол учирсан, С.О С.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэрч П.Т, Ц.С.О, Н, хохирогч С.Бгийн мэдүүлэг, С.Оийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатны урьдчилан хэлэлцүүлгээр эдгээр хүмүүсийн мэдүүлэг тодорхой бус байна гэж нэмэлтээр тодруулах шаардлагатай гэж үзэж гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан. Гэрч нарын мэдүүлэг үнэн болох нь тогтоогдож байна. Прокурорын яллах дүгнэлтэд С.Бгийн хохирсон, С.Оийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн нотлох баримтад Ш.Нгийн мэдүүлэг байхгүй, Ш.Н тухайн үйл явдлыг мэдэхгүй, хараагүй, тухайн үед унтаж байгаад сэрсэн байдаг. Харин С.Б С.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хэрхэн авирлаж байсан талаарх бичлэгийг хийсэн хүн байсан учраас прокурорын яллах дүгнэлтэд Ш.Нгийн мэдүүлэг дурдагдаагүй, дээрх дурдагдсан гэрчийн мэдүүлэг болон хохирогчоор өгсөн хохирогчийн мэдүүлгүүдээр энэ хэрэг нотлогдсон гэж үзэж байгаа. Өнөөдрийн С.Б гуайгаас гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргахаас өмнөх шатанд С.Б гуайн мэдүүлэг, С.О намайг хутгалсан гэж мэдүүлж явж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хамт амьдарч байгаагаас болж С.Бгийн мэдүүлэг өөрчлөгдлөө гэж үзэж байна. С.Бгийн хувийн байдлаас шалтгаалж эмэгтэй хүнтэй өөрөө бүдүүлэг харьцсан харьцаагаа ойлгосон асуудлуудад дүгнэлт хийсэн байна гэж үзэж байгаа болохоос биш өөрөө хохирсон талаарх урд өгч байсан мэдүүлгийг үгүйсгэж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас С-О-ын С.О нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутга хэрэглэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь нотлогдсон. Шүүхийн хэлэлцүүлгээр хутгалсан асуудлыг хараагүй боловч би С.Бг хутгалчихлаа гэдгийг сонссон гэж Ц.С.О шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хоёр удаа хэллээ. П.Т, Н нар хоёр удаа энэ талаар хэлсэн. Тийм учраас энэ байдал бүрэн дүүрэн тогтсон, гэм буруутай гэж тооцох үндэслэл байна гэж үзэж байна. С.Б С.Оийн биед хөнгөн хохирол учруулсан асуудал нь нотлогдсон, гэм буруугийн талд С.О, С.Б нар маргаж байгаа, хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал харагдахгүй байна. Тийм учраас С.Б тухайн өдөр С.Оийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдож байна. С.Бг гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан торгох ял болон, хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар С.Бд оногдуулсан ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож, С.От оногдуулсан 5 жилийн хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн учраас 2 жилийн өршөөн хасах санал, дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч М.Б дүгнэлтдээ: “С.Б гуайн хувьд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан энэ асуудалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад хутгалагдаж эрүүл мэнд нь хохирсон гэх нотлох баримтаар хангалттай тогтоосон гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр С.Б гуайн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, энэ хөнгөн гэмтлийг хэн учруулсан бэ гэдэг асуудал шалгагдаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Үүнийг хэн учруулсныг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг өмнө нь шүүх хуралдаанд өгч байсан. Эрүүгийн хэрэг үүсэж байгаа, хуульд заасан ажиллагаа хийгдэж байгаа. Эрүүгийн хэргийн шинжтэй болсон нөхцөл байдлыг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг бусдын хүсэлтээр биш болсон байдалд нийцүүлж, хэн буруутай этгээд байна уу гэдгийг шалгах үүрэг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд байгаа. Энэ асуудлыг хуульч, өмгөөлөгчийнхөө хувьд шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр яригдаж байгаа баруун гартаа барьсан хутган дээрээ өөрөө унаад хутгалагдсан гэсэн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үндэслэлээр туршилт хийлгэх шаардлагатай байна. Энэ хоёр хүсэлтийг анхаарч үзнэ үү, эцсийн байдлаар миний санал дүгнэлт ийм байна. С.Бг үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа. Улсын яллагчийн хэлснээр Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ: “Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалт байгаа. Бодит байдал юу юм бэ гэх асуудал яригдана. Тухайн өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С.Б гуай хэд хэдэн хүн рүү довтолсон, биед нь халдсан, аюултай арга хэрэглэж хутга барьсан ийм үйл явдал болдог. Энэ үйл явдлын талаарх С.Оийн мэдүүлгийг уншихад мөн өнөөдрийн шүүх хуралдаанд би хутгыг булааж авах бодолтой байсан гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн аюултай нөхцөл байдлын эсрэг хийж байгаа үйлдэл, довтолгоо хийсэн энэ үйл явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл явж байдаг. Хутга булаацалдаж байх үед буу тулгасан байж болзошгүй ийм нөхцөл байдлын талаар С.О мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийг хүртэл ярьдаг. Харин энэ үйл явдал болох үед П.Таас өөр хүн байгаагүй. Хохирогч өнөөдөр мэдүүлгийнхээ хувьд мөрдөн байцаалтын шатанд өөр өөрөөр ярьдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд бүр өөр ярьж өөрөө гэмтсэн мэт ярьж байна. Улсын яллагчийн хардаж, сэрдэж байгаа нь арга байхгүй, зөвхөн хардалтын асуудал, өөрөөр хэлбэл нэг гэрт хамт амьдардаг, эхнэр нөхөр хоёр, нөхөр нь эхнэрээ хамгаалж сүүлдээ өөрөө унасан болж энгэж мэдүүлж болзошгүй юм аа гэсэн зүйл ярьж байна. Миний үйлчлүүлэгч С.Оийн хувьд тухайн хүнд ямар нэгэн байдлаар нөлөөлж мэдүүлгийг өөрчлөх аливаа зүйл хийгээгүй. Хэрвээ хийсэн бол энэ хүн өөрөө унасан юм аа гэж адилхан яриад зогсож байх байсан. Бидний хувьд хэргийн болсон үйл явдлын талаар маш тодорхой мэдүүлдэг. Хутга булаацалдах асуудал болсон уу гэх асуудалд мөрдөн байцаалтын шатанд болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байдаг. Гэрч П.Тийн мэдүүлэгт ноцолдож хутга булаацалдсан тухай асуудлыг дурдаж ярьж өнөөдөр ч мөн шүүх хуралдаанд хэлж байна. С.Оийн мэдүүлэгт өөр лүүгээ хутгаа авах гээд байсан юм гэж ярьж байна энэ нь мөрдөн байцаалтын шатанд мөн өгсөн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинжээч эмч хэлж байна өөр лүүгээ татаж хүч оруулсан бол тэр хутга гүн орох магадлалтай гэж байна. Тэгэхээр энэ нь санаатай гэмт хэрэг үү гэдэг асуудал байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг, энэ хэрэгт хэрэгжсэн байсан шүү гэсэн мэдүүлгийг хохирогчоор өгч байхдаа 2-3 янзаар өгсөн байдаг. Харин өнөөдөр мэдүүлгээсээ буцаж байгаа хохирогчийн мэдүүлэг үндэслэлтэй, үнэ цэнтэй бусад байдлаараа нотлогдохгүй болж ирж байгаа юм. С.О, П.Тийн өгч байсан мэдүүлгүүд үнэхээрийн хутга булаалцалдаж байх явцад үүссэн гэмтэл бол энэ нь санаатай гэмтэл гэж үзэх үндэслэл байхгүй, С.О гуайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг өнөөдөр шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлэгт хутга хараад тэр хутгийг яаж авах вэ гэдэг санаа зорилго байсан. Өөрөөр хэлбэл цочроон давчидсан. Тэр том хэмжээний хутга бариад хүн рүү далайж байгаа үйл явдал энгийн зүйл биш, ямар ч хүн харсан аюултай нөхцөл байдал гэж харна. Энэ нөхцөл байдалд тухайн эмэгтэй хутгатай ноцолдож, өөрийгөө аюул эрсдэлд оруулаад байж байгаа энэ нөхцөл байдал өнөөдөр гэмт хэргийн санаатай гэж зүйлчилж байгаа зүйлчлэл тохирохгүй байна гэж үзэж байна. Тухайн үйлдэл болгоомжгүй байдлаар хутга булаацалдах явцад учирсан гэмтэл байж магадгүй зүйл байгаа юм. Нэг талаараа ингэж харж байгаа боловч нөгөө талаараа гарцаа байхгүй, аргагүй хамгаалалт байсан эсэхийг үүнд шалгаагүй, гэхдээ С.О гуайн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Тийм учраас шүүх зүйчлэлийг өөрчилж хэргийн нөхцөл байдалд өнөөдрийн мэтгэлцээний явцад тогтоогдож байгаа үйл явцыг Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаас нь зөв тогтоож, шийдвэр гаргаж өгөөч гэсэн санал хүсэлтэй оролцож байна. Үнэхээр хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл явц өнөөдөр С.О гуайн хэлж байсан болон гэрч нарын мэдүүлгээр зүйчлэлийг үнэхээр санаатай гэж үзэх боломж байгаа. Тэгэхээр түүнд хэргийг дээрдүүлсэн байдлаар хэрэглэж шийдвэр гаргаж өгөөч гэсэн санал хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Тохиолдлын шинжтэй  энэ хэрэгт холбогдсон байгаа. Мөн Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль бус, зөв бус үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Бие махбодын тухайд өөртөө гэмтэл учирсан ийм нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд шүүх тусгаж оруулж өгөөч гэсэн санал хүсэлтэй оролцож байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. С.Бд хүнд гэмтэл учруулснаа С.О гуай хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан үзэж шүүх ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн заалтыг хэрэглэж шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Тухайн гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал хохирогчийн хууль бус үйлдэл байсан. Энэ үр дагаврыг С.О гуайн хувьд хүсээгүй үр дагавар байдаг. Мөн хувийн байдлыг харгалзаж үзээч, өндөр насны тэтгэвэрт тогтоогдсон, улсад ажиллаж байхдаа хэрэгт холбогдож байгаагүй, олон хүүхэдтэй эх байгаа, мөн байгууллагад ажиллаж байхдаа амжилт гаргаж байсан гавья шагнал, нийгэмд маш идэвхтэй, үр бүтээлтэй амьдарч ирсэн. Спортоор хичээллэж спортын мастер болж байсан хүн байгаа. Энэ хувийн байдлуудыг харгалзаж шүүх шийдвэрээ гаргаж ял хариуцлагыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээг хэрэглэж өгнө үү гэж хэлмээр байна. Улсын яллагч Өршөөн үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийг хэрэглэх саналыг гаргаж байна. Энэ заалтыг зөвхөн шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон, хорих ял оногдуулсан хүнд хэрэглэх зохицуулалтыг Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хязгаарлаж өгсөн. Ийм зохицуулалттай байгааг шүүх анхаарч шийдвэр гаргана байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл үүнээс бусад шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй этгээдэд хэрхэн ял шийтгэлийн хариуцлагыг оногдуулах юм бэ гэдгийг нээлттэй орхисон байдлыг харгалзаж шүүх шийдвэр гаргаж өгөөч гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл Өршөөлд аль ашигтай байдлаар нь хамруулж шийдвэр гаргахад дээрх заалтуудын холбогдох нөхцөл байдлуудыг анхаарч үзээч өнөөдөр Өршөөлийн хуульд хамрагдахгүй байх 9.2 дугаар заалтад 11.1 дүгээр зүйл анги байхгүй байгаа, гэсэн атлаа 6.2 дугаар заалтад хязгаарлалт тогтоосон харагдаж байгаа боловч энэ зөвхөн шийтгэх тогтоол гарсан этгээдүүдэд хамааралтай шүү гэж тодотгож харуулсан байдлаараа одоо шийдвэр гарах гэж байгаа хүмүүст Өршөөлийн хууль нээлттэй юм гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хуульчдын дунд хоёр талтай ойлгож байгаа маргааны асуудалд аль ашигтай талын барьж Өршөөлийн хуулийг хэрэглэж тухайн хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөөч гэсэн санал хүсэлтэй оролцож байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Ч.С дүгнэлтдээ  “Архидан согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй болж, бусдад гэмтэл учруулж байгаад өөртөө гэмтэл учруулсан байна. С.Б нь хардалт, уур бухимдлаасаа болж агсам тавьсан. П.Т нь С.Бгийн уур бухимдлыг хүргэсэн байна. С.О, Н нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа гэрчүүдийн дийлэнх мэдүүлэг С.Бг буруутай гэж үзэхэд хүргэж байна. С.О Хутгаа булаацалдаад хутга нь дүрэгдсэний дараа буцаад гэр орсон, Н С.Б гаднаас орж ирээд хутгалуулчлаа гэж хэлэх үед С.О байхгүй байсан гэж байна. С.О яг хаачсан бэ? Хаана байсан бэ? Иргэн П.Т С.Бгийн уур бухимдлыг төрүүлэх үг хэрэглэсэн байж болзошгүй юм” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Бгийн “2020 оны 11 сарын 02-ны өдөр Уртын гол баг Баянталд Ш.Н гэх айлынд хамтран амьдрагч С.Оийн хамтаар очсон. Ш.Нгийн эхнэр Ц.С.О “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнуулсан байсан. Ш.Нгийн гэрт П.Т ирсэн. Тэгээд Ш.Н, Ц.С.О, С.О, П.Т 4 архи ууж эхэлсэн. Тэд нарын ууж байсан архинаас би жижиг стаканы дундуур хэмжээтэй 2 удаа уусан. Хэсэг юм яриад сууж байтал хамтран амьдрагч С.О намайг зайл гэж хэлсэн тэгэхээр нь би чамайг аваад харина гэж хэлсэн би явахгүй чи зайл гэсэн. П.Т “би танай эхнэртэй олон жил явалдаж байна эр эмийн харилцаатай” гэж хэлсэн. Тэгээд бид нар маргалдсан. Удалгүй би Ш.Нгийн гэрээс гарсан. Миний араас С.О хутга барьчихсан гарч ирээд намайг шууд хэвлийн тус газар хутгалсан. Тэгэхээр нь би С.Отэй ноцолдож байгаад хутгыг нь аваад Ш.Нгийн арын хашаа руу шидсэн. С.О намайг хутгалчхаад Ш.Нгийн гэр лүү буцаад орсон. Би араас нь гэдсээ дараад Ш.Нгийнх рүү орох гэсэн боловч хаалга тайлж өгөхгүй хэсэг удсан. Удаж удаж байгаад хаалгаа тайлсан гэр лүү ороод Ш.Нгийн гэрт байсан хүмүүст С.Оийг намайг хутгалсан талаар хэлсэн цагдаа болон түргэн тусламж дуудаад өг гэхэд хэн ч надад түргэн тусламж дуудаагүй байсан болохоор би өөрөө явган Магнай трейд шатахуун түгээх станц дээр очиж тусламж гуйсан тухайн үед нэг эмэгтэй надад түргэн тусламж дуудаж өгсөн. Намайг зайл гээд байсан тэгээд хэрүүл маргаан хийж байгаад намайг хутгалсан. Өөр хүмүүс надад халдаж зодоогүй. С.О бид хоёрын хооронд болсон асуудал. Миний зүгээс тэд нарыг зодож цохисон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Оийн “С.Б бид хоёр хэрүүл маргаан хийсэн. Учир нь П.Ттай намайг хардаж маргаан үүсгэсэн. С.Б нь намайг толгойн тус газар гараараа нэг удаа цохисон, баруун мөр лүү гараа нэг удаа цохисон тэгтэл Ш.Нгийн эхнэр Ц.С.О намайг өмөөрч салгах гэтэл Ц.С.Оийг мөн цохиж ор луу унагаасан. Ш.Н гар утасныхаа бичлэгийг хийж эхэлсэн. Тэгтэл гаднаас С.Б орж ирээд Ш.Нг 2 удаа гараараа цохиж унагаасан. Ц.С.О Ш.Нг өмөөрөөд С.Б руу очтол түүнийг цохиж унагаасан хэсэг хугацаанд Ц.С.О хөдлөхгүй ухаангүй хэвтсэн. Би Ц.С.О рүү очтол намайг 2 удаа зүүн гуя болон шилбэ рүү өшиглөж унагаасан” гэсэн мэдүүлэг, гэрч П.Тийн “Намайг болон Ш.Нг хамтран амьдрагч С.Отэй хардаж эхэлсэн. Улмаар хоорондоо маргалдаж С.Б намайг толгойн баруун шанаа руу, мөн эрүү нь тус газар гараараа цохисон. Тэгээд би Ш.Нгийн үүдний цагаан өнгийн шүүгээг толгойгоороо мөргөсөн. Миний толгойноос цус гарсан С.Б надтай хэрэлдээд байхаар нь би чамтай маргалдаад яах вэ гээд Ш.Н ахын гэрээс гарсан. Тэгтэл миний араас гарч ирээд намайг дахин цохиж газар унагасан. Эргээд хартал С.Б гартаа хутга барьчихсан байсан. Тухайн үед юм яриад байсан миний чих муухан сонсдог, толгой манарсан байдалтай яг юу гэж хэлж байсныг сайн санахгүй байна. Тэгээд хамтран амьдрагч С.О Ш.Нгийн гэрээс гарч ирээд С.Бгийн гартаа байсан хутгыг булааж авсан. Тэгээд Ш.Нгийн хашаанаас тэр хоёр цугтаа гараад явсан. Би Ш.Нгийн гэр лүү буцаад орсон. Хэсэг хугацааны дараа С.О гаднаас орж ирээд би С.Бг хутгалчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Ц.С.Оийн “С.Б хамтран амьдрагч С.Оийг П.Ттай хооронд явалддаг гээд хардаад маргалдаж эхэлсэн. Тэгээд С.Б С.Оийг багалзуурдсан. Тэгтэл П.Т салгах гээд яваад очтол П.Тийг С.Б цохиж унагаасан. Мөн С.Оийг цохисон би болиоч ээ гэж С.Бд зөндөө хэлсэн, би салгах гэж оролдоход мөн намайг цохисон. Миний хамтран амьдрагч Ш.Н уг асуудлын талаар бичлэг хийж байхад С.Б гаднаас орж ирээд Ш.Нг цохисон. П.Тийг босож ирэхээр нь гараар толгой руу нь цохиод унагаагаад байсан. С.Оийн хоолойг боосон. Мөн гараараа толгой болон бие рүү нь цохисон” гэсэн мэдүүлэг, Ш.Нгийн мэдүүлэг, гэрч А.Ш-гийн “Магнай трейд шатахуун түгээх станцын 95 дугаар салбар дээр үүргээ гүйцэтгээд байж байтал 21 цаг өнгөрч байх үед гадаа талбайн хогоо шүүрдээд байж байтал баруун талаас Баянтал багийн зүгээс 60 орчим насны хөгшин хүн туслаарай гээд над дээр ирсэн. Над дээр ирэхэд уг хөгшний урд энгэр болон өмд нэлэнхийдээ цус болчихсон ирсэн араас нь нэг эмэгтэй ойртон ирж байгаад намайг хараад буцаад яваад өгсөн. Тэгээд би цагдаа болон түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаа нар болон түргэн тусламж ирсэн. Биеийн хэвлий хэсэгтээ гэмтэл авсан цус их гарч байсан. Ямар учраас гэмтэл авсан талаар надад хэлээгүй ухаан нь балартаж муужирсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.З-гийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянтал багийн тоот Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.З-гийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч С.Бгийн хэрэг гарах үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №795 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн №232 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн №788 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн №827 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн №826 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020-12-07, ОРХ/20-070 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч шүүгдэгч С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын тоотод архи ууж согтуурсан үедээ, хамтран амьдрагч С.Бтай хэрүүл маргаан, зодооны үүсгэж С.Бгийн хэвлийн тус газарт нь хутгалж , эрүүл мэндэд нь хэвлийн хөндий нэвтэрсэн амь насанд аюултай хүнд хохирол учруулсан. Шүүгдэгч С.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянтал багийн тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж, хамтран амьдрагч С.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч С.О нь С.Бгийн хэвлийн тус газарт санаатай хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

            Шүүгдэгч С.Б нь С.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч С.О, С.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О, С.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч С.Б нь “би унахдаа өөрийн барьж явсан хутган дээр унасан, миний буруу” гэж мэдүүлсэн, С.Оийн өмгөөлөгч санал дүгнэлтдээ “С.О нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэх зэрэг үндэслэлээр хуулийн зүйлчлэлийг өөрчлөх тухай санал дүгнэлт гаргасан боловч хохирогчийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр С.О нь маргалдаж ноцолдох явцдаа С.Бгийн барьж байсан хутгыг булаан авч санаатай хутгалсан болох нь тогтоогдож байна. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа С.Б, С.О нар  нь “эмчилгээ сувилгаа сайн хийсэн учир биеийн байдал сайжирсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.От хорих ял оногдуулж, шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч С.Бд эмчилгээ сувилгаа хийлгэсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуульд хамрагдаж байх тул шүүгдэгч С.От оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч, шүүгдэгч С.Бд оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч С.О нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 хоног баривчлагдсаныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

            Гэмт хэргийн улмаас С.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол, С.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Ш.Н нь эвдэрсэн зурагтынхаа үнийг нэхэмжлэсэн боловч хэнээс нэхэмжлэх нь тодорхойгүй, уг зурагтыг эвдэлсэн гэх хүнийг шалгаж тогтоогоогүй байх тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хар өнгийн хуванцар иштэй, зүүн талын иш нь хагарсан түүнийг нь хөх өнгийн лентээр ороосон, бариул хэсэг нь 11.5 см, ажлын хэсэг нь 19 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Өршөөлийн тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Өршөөлийн тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд Ш.Н нь эвдэрсэн телевизорын үнийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС

 

                                                ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ

                                                           

                                                ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ