Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

  2022         2            24                                     2022/ШЦТ/64

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,    

улсын яллагч С.Б,

иргэдийн төлөөлөгч М.Э,

шүүгдэгч С.Б, өмгөөлөгч М.Б /цахимаар/,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батмөнх-Очироос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б,

мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О нарт холбогдох эрүүгийн 2025000000441 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.О

Монгол Улсын иргэн, С.Б

Шүүгдэгч С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 2-12 тоотод оршин суух Ш.Н-н гэрт архи ууж согтуурсан үедээ хэрүүл маргаан, зодоон үүсгэн хамтран амьдрагч С.Бгийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 2-12 тоотод оршин суух Ш.Н-н гэрт хамтран амьдрагч С.Оийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.О мэдүүлэхдээ “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нямхүүгийнд очиж П.Төмөрхуяг, Ш.Нямхүү, Ц.Оюунцэцэг, С.Б бид нар гурван шил архи уусан, гэтэл маргаан үүсээд С.Б тэр хүмүүсийг зодож, цус нөжтэй нь хольсон, тухайн үед С.Б бид дөрвийг зодсон, бүгдээрээ л согтолт ихтэй байсан. Тэгээд зодоон болоод Төмөрхуяг гэрээс гарахад С.Б гараад, араас нь би дагаж гараад С.Бгийн хутгатай гартай нь зууралдаад хашааны гадаа гарсан, хутгыг нь булаацалдсан. Хүн алуулж байхаар хутгыг нь авах санаатай байсан, гэхдээ би хутгыг нь авч чадаагүй, түүнийг хутгалах санаа байгаагүй. Намайг санаатай хутгалсан, айлаас хутга барьж гарч ирсэн гэдэг бол худлаа. Баасан гудамжинд “чи намайг хутгалчихлаа” гэхээр нь би “би хутгалчихсан юм байх даа” гэж бодсон. Яагаад С.Бгийн мэдүүлгээр хэргийг шийдээд байдаг юм бэ, би Баасанг санаатай хутгалсан зүйлгүй.” гэв.

шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “...Намайг С.Оийн ажил дээр байхад Төмөрхуяг ирээд бид нар Нямхүүгийнх рүү явцгаасан. Анх Төмөрхуягаас болж зодоон үүссэн, тухайн үед С.О миний нүүрийг маажсан, Төмөрхуягийг гарахад хутга ширээн дээр байсан, би хутгыг авч гарсан нь үнэн. С.Отэй ноцолдож байхад цус гарсан, тэгэхээр нь Оюунцэцэг хутгалчихсан юм байх гэж бодсон. Надад гомдол санал байхгүй, С.Оийн ялаас хөнгөлж өгөөч.” гэв.

Мөрдөн байцаалтын явцад өгсөн;

хохирогч С.Б-гийн “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Уртын гол баг Баянталд Ш.Нямхүү гэх айлынд хамтран амьдрагч С.Оийн хамтаар очсон, ...П.Төмөрхуяг ирээд Ш.Нямхүү, Ц.Оюунцэцэг, С.О дөрөв архи ууж эхэлсэн. Тэд нарын ууж байсан архинаас би жижиг стаканы дундуур хэмжээтэй хоёр удаа уусан, юм яриад сууж байтал хамтран амьдрагч С.О намайг “зайл” гэж хэлэхээр нь би “чамайг аваад харина” гэж хэлсэн чинь “би явахгүй, чи зайл” гэсэн. П.Төмөрхуяг “би танай эхнэртэй олон жил явалдаж байна, эр эмийн харилцаатай” гэж хэлсэн, тэгээд бид нар маргалдсан, би Ш.Нямхүүгийн гэрээс гарсан, миний араас С.О хутга барьчихсан гарч ирээд намайг шууд хэвлийн тус газар хутгалсан, би С.Отэй ноцолдож байгаад хутгыг нь аваад Ш.Нямхүүгийн арын хашаа руу шидсэн. С.О намайг хутгалчихаад Ш.Нямхүүгийн гэр лүү буцаад орсон. ...гэр лүү ороод Ш.Нямхүүгийн гэрт байсан хүмүүст С.О намайг хутгалсан талаар хэлсэн “цагдаа, түргэн тусламж дуудаад өг” гэхэд хэн ч түргэн тусламж дуудаагүй болохоор би өөрөө явган “Магнай трейд” шатахуун түгээх станц дээр очиж тусламж гуйсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

“...Төмөрхуяг...намайг заамдаж, хоолой боосон, ...бид хоёрыг барьцалдаад зогсож байтал С.О Н-н гэрээс гарч ирээд миний гуя руу нэг удаа хутгалсан, би Төмөрхуягт “С.О намайг хутгалчихлаа” гэж хэлээд Төмөрхуягаас салаад С.Оийн хутга барьчихсан гартай ноцолдож эхэлсэн ...дахиад намайг хутгалах гэхээр нь би арай хийж хутгыг нь булааж аваад арын хашаа руу шидсэн, ...С.Оээс өөр хүн намайг хутгалаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,

хохирогч С.Оийн “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед найз Нямхүүгийн гэрт хамтран амьдрагч С.Б, найз Төмөрхуяг, Нямхүү, Ц.Оюунцэцэг нарын хамтаар очсон. С.Б нэг нобар 0.75 граммтай архи авч Ц.Оюунцэцэгт өгсөн, Төмөрхуяг нэг шил архи, Нямхүү нэг шил архи гаргаж нийт гурван шил архи хувааж ууцгаасан. С.Б бид хоёр хэрүүл маргаан хийсэн, Төмөрхуягтай намайг хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. С.Б миний толгой руу гараараа нэг удаа хүчтэй,  мөн баруун дал хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, би цохиулаад ор луу унах үед Ц.Оюунцэцэг С.Бд хандаж “чи яагаад эхнэрээ цохиж авдаг юм” гэж хэлтэл Ц.Оюунцэцэгийг Баасан гараараа цохиод унагаасан. Оюунцэцэг бид хоёрыг өмөөрч Төмөрхуяг Баасанд “чи яагаад эмэгтэй хүн зоддог юм” гэж хэлэхэд С.Б Төмөрхуягийн нүүрэн хэсэгт нь цохисон, Төмөрхуяг шүүгээ мөргөж унасан. Төмөрхуягийн толгой хэсгээс нүүрлүү нь цус гоожиж байсан. ...Бид нар гомдож, уйлалдаж байхад Нямхүү сэрээд бид нарын байдлыг гар утсан дээрээ бичлэг хийж байсан, С.Б гаднаас орж ирээд Нямхүүг шууд гараараа цохиж, газарт унагаасан. Газарт унагаах явцад гар утас нь зуухны хажууруу шидэгдсэн. Ц.Оюунцэцэг Баасанд “чи яахаараа манай нөхрийг зоддог юм” гэж хандахад Баасан Оюунцэцэгийг дахин нэг удаа цохиж унагаасан. Тэгээд би Баасанд “чи яахаараа хүн зоддог юм” гэхэд миний зүүн гуя, шилбэ хэсэг рүү өшиглөхөд  газарт унах явцдаа Баасангийн энгэрээс зуураад унасан, Баасан миний хоолойг боож шахсан. Төмөрхуяг Баасанг татаж надаас холдуулаад гараад явсан, Баасан араас нь “ална аа” гээд гарсан, би араас нь гартал Төмөрхуяг газарт хэвтэж, Баасан Төмөрхуягийн дээр нь суучихсан байдалтай “хулгайч минь чамайг ална шүү” гэж хэлж байсан. ...Баасанг татахад зүүн гарт нь хутга байсан, “чи хүн алж байхаар намайг алчих” гээд хутгыг нь авах гэтэл босоод ирсэн, Баасан гудамжинд гараад “чамтай хамт шоронд орно” гэсэн зүйлийг ярьсан, би хутгыг нь авч чадаагүй, Баасан “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн, би Баасанг хутгалсан гэдгээ мэдээгүй. ...хүн алчихна гэж их айсан, Баасангийн гарт нь хутга байсан учир авчих санаатай л зууралдсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

“...Нямхүүгийн хашаанаас гарсан, нөхөр Баасан миний гараас хутга авах гэж булаацалдсан, тэр үед би Баасангийн хэвлийн тус газар нь хутгаараа дүрчих шиг болсон, гэтэл нөхөр маань “чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд гэдсэндээ зоогдсон хутгаа өөрөө гэдэснээсээ сугалж аваад Нямхүүгийн хойд талын хашаа руу шидсэн. Баасан гэдсээ дараад “Магнай трейд” шатахуун түгээх станцын зүг рүү явсан, би араас нь цамцтайгаа явж байгаад даараад байхаар нь буцаж Нямхүүгийн гэрт ирж хувцасаа өмсөөд гарах гэж байхад цагдаа ирээд намайг барьж аваад эрүүлжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

гэрч А.Ш-н “...Магнай трейд шатахуун түгээх станцын 95 дугаар салбар дээр үүргээ гүйцэтгээд, 21 цаг өнгөрч байх үед гадаа талбайн хогоо шүүрдээд байж байтал Баянтал багийн зүгээс 60 орчим насны хөгшин хүн “туслаарай” гээд над дээр ирсэн, уг хөгшний урд энгэр болон өмд нэлэнхүйдээ цус болчихсон, араас нь нэг эмэгтэй ойртон ирж байгаад намайг хараад буцаад яваад өгсөн. Тэгээд би цагдаа болон түргэн тусламж дуудсан, удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн. Биеийн хэвлий хэсэгтээ гэмтэл авсан, цус их гарч байсан. ...ухаан нь балартаж, муужирсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/,

гэрч Ц.О-н “...С.Б, С.О хоёр 17 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн, араас нь Төмөрхуяг ирсэн. С.Б хамтран амьдрагч С.Оийг “П.Төмөрхуягтай явалддаг” гээд хардаад маргалдаж эхэлсэн, С.Б С.Оийг багалзуурдсан, П.Төмөрхуяг салгах гээд яваад очтол П.Төмөрхуягийг С.Б цохиж унагаасан, С.Оийг цохисон, “болиоч ээ” гэж би С.Бд зөндөө хэлсэн, би салгах гэж оролдоход намайг цохисон. Миний хамтран амьдрагч Ш.Нямхүү уг асуудлын талаар бичлэг хийж байхад С.Б гаднаас орж ирээд Ш.Нямхүүг цохисон, П.Төмөрхуягийг босож ирэхээр нь гараараа толгой руу нь цохиод унагаагаад байсан. С.Оийн хоолойг боосон, гараараа толгой болон бие рүү нь цохисон. ...Оюунцэцэг “би Баасанг хутгалчих шиг боллоо” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

гэрч П.Т-н “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны 18 цагийн үед Нямхүүгийн гэрт очиход найз С.О хамтран амьдрагч Баасангийн хамтаар байж байсан. Тэгээд бид нар 0.75л гурван шил архи хувааж ууж, Баасан архиндаа нилээн согтож эхэлсэн, намайг болон Нямхүүг С.Отэй хардаж эхэлсэн улмаар хоорондоо маргалдаж, Баасан намайг баруун шанаа руу, мөн эрүүн тус газар гараараа цохисон, би Нямхүүгийн гэрийн үүдний цагаан өнгийн шүүгээг толгойгоороо мөргөсөн, миний толгойноос цус гарсан, Баасан надтай хэрэлдээд байхаар нь би “чамтай маргалдаад яахав” гээд Нямхүү ахын гэрээс гарсан, тэгтэл миний араас гарч ирээд дахин намайг цохиж газар унагаасан. Эргээд хартал Баасан гартаа хутга барьчихсан, юм яриад байсан...яг юу гэж хэлж байсныг сайн санахгүй байна. Тэгээд хамтран амьдрагч С.О нь Нямхүүгийн гэрээс гарч ирээд Баасангийн гартаа байсан хутгыг булааж авсан тэгээд Нямхүүгийн хашаанаас тэр хоёр цугтаа гараад явсан. ...Хэсэг хугацааны дараа С.О гаднаас орж ирээд “би Баасанг хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,

“...Намайг Н-йн гэрээс гараад явж байхад Баасан араас гарч ирээд намайг цохиж унагаасан, миний дээр суучихсан нэг гартаа хутга барьсан байсан, араас нь С.О ирээд Баасанг “хүн аллаа ш дээ” гэж хэлээд араас нь татаад надаас салгасан. Яг байшингаас хэн хутга авч гарч ирснийг би сайн мэдэхгүй, Баасан ямар ч байсан намайг цохиж унагаахдаа гартаа хутга барьчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,

гэрч Ш.Н-н “...би гар утсаа гаргаж ирээд тухайн үеийн бичлэгийг хийж байтал Баасан гаднаас орж ирээд намайг хүзүүн тус газар цохиж унагаасан, ...Төмөрхуяг гэрээс гараад явсан, араас нь Баасан, мөн Ц.Оюунцэцэг гараад явсан. ...Баасан хэвлийн тус газраас нь цус гарсан байдалтай гэдсээ дарчихсан орж ирээд “С.О намайг хутгалчихлаа” гэж хэлсэн, би эхнэрээ “цагдаа дууд, аюул болно шүү” гэж хэлсэн, манай эхнэр цагдаа руу дахин дахин залгаж байгаад арай хийж цагдаатай холбогдсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал/,

яллагдагч С.О-ийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялыг сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ...Баасан миний хоолойг боогоод тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах санаатай нүүрийг нь маажсан, Төмөрхуяг Баасанг надаас салгасан тэгээд хэсэг хугацаанд маргалдаж байгаад Төмөрхуяг гэрээс гараад явсан араас нь Баасан “Төмөрхуягийг гүйцээнэ” гээд араас нь гарсан, удалгүй би араас нь гарсан чинь Төмөрхуягийг газар унагаагаад дээр нь Баасан суучихсан “муу хулгайч минь, би чамайг алчихъя л даа” гээд гартаа хутга барьчихсан байж байсан. Тэгэхээр нь би явж очоод хутгатай гартай нь ноцолдоод Баасанд хандаж “чи хүн алж байхаар намайг алчих” гэж хэлээд Нямхүүгийн хашаанаас ноцолдоод гарсан, тухайн үед Баасан “би чамтай цугтаа шоронд орно шүү” гэж хашхирч байсан, тэгээд хутгатай нь ноцолдож байтал Баасан “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн, Баасан хутгаа арын айлын хашааруу шидсэн.” /1 дэх хавтас хэргийн 116-117 дахь тал/,

яллагдагч С.Б-гийн “...би мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 120 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 795 дугаартай “...1.С.Б-гийн биед хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдэсийг оёх хагалгааны дараах байдал, зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх, нүүр, цээжинд зулгаралт үүсчээ. 2.Дээрх гэмтлүүдийн хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдэсийг оёх хагалгааны дараах байдал, зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх нь үзүүр иртэй зүйлээр, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр, нүүр, цээжинд зулгаралт нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдэсийг оёх хагалгааны дараах байдал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4.Хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдсийг оёх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх, нүүр, цээжинд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 789 дугаартай “...1.С.О-ийн биед эрүүний баруун доод хэсэг, хоёр хөхний дээр, нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. 3.Уг цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 232 дугаартай “...1.С.Оийн биенээс авсан цусанд этилийн спирт 1.8 промиль процент илэрсэн болно. 2.Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 788 дугаартай “...1.П.Т-н биед баруун нүдний зовхи, эрүүний баруун доод хэсэгт цус хуралт, баруун шанаа, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. 3.Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 827 дугаартай “...1.Ш.Нямхүүгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 826 дугаартай “...1.Ц.О-н биед зүүн бугалга, зүүн мөр, цээж, баруун мөр, бүсэлхийд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

иргэн А.Шоовдорцэцэгийн “Жаст-Ойл ШТС-ийн хажууд хэвлийн тус газраа гэмтэл авсан хүн байна” гэх мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22.40 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 2-10 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 12, 13-16 дахь тал/,

хэрэг үйлдэгдэх үед С.Б-гийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 17, 19-21 дэх тал/,

хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 26, 28 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 2-10 тоот Нямхүү гэх хүний гэрт хамтран амьдрагч С.Бг хэвийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт ач холбогдол бүхий С.Б гэх хүнийг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,

хохирогч С.Б-гаас гаргаж өгсөн 8 ширхэг гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 34-41, 135-143 дахь тал/,

шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 149 дэх тал/,

шүүгдэгч С.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 161 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,

С.Б Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /1 дэх хавтаст хэргийн 173-222 дахь тал/,

С.Оээс гаргаж өгсөн даралтны эм 12.000 төгрөг, толгойн томографик зурагны үнэ 150.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 155.000 төгрөг эмчлүүлсэн төлбөр 125.000 төгрөг нийт 442.000 төгрөгийн хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 227-242 дахь тал/,

С.Бгаас гаргаж өгсөн 2.249.950 төгрөгийн хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 243-248, 2 дахь хавтаст хэргийн 1-32 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, гэрч нараас, мөн С.О, С.Б нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч С.Оийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 2-12 тоотод оршин суух Ш.Нямхүүгийн гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан, зодоон үүсгэж хамтран амьдрагч С.Бгийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч С.Бгийн “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр...Ш.Нямхүү гэх айлынд хамтран амьдрагч С.Оийн хамтаар очсон, ...архинаас би жижиг стаканы дундуур хэмжээтэй хоёр удаа уусан, юм яриад сууж байтал хамтран амьдрагч С.О намайг “зайл” гэж хэлэхээр нь би “чамайг аваад харина” гэж хэлсэн чинь “би явахгүй, чи зайл” гэсэн. ...бид нар маргалдсан, би Ш.Нямхүүгийн гэрээс гарсан, миний араас С.О хутга барьчихсан гарч ирээд намайг шууд хэвлийн тус газар хутгалсан, ...С.О намайг хутгалчихаад Ш.Нямхүүгийн гэр лүү буцаад орсон.”,  

“...Төмөрхуяг бид хоёрыг барьцалдаад зогсож байтал С.О Нямхүүгийн гэрээс гарч ирээд миний гуя руу нэг удаа хутгалсан...С.Оээс өөр хүн намайг хутгалаагүй.” гэх,

С.О-ийн “...Баасан миний хоолойг боож шахсан. Төмөрхуяг Баасанг татаж надаас холдуулаад гараад явсан, Баасан араас нь “ална аа” гээд гарсан, би араас нь гартал Төмөрхуяг газарт хэвтэж, Баасан Төмөрхуягийн дээр нь суучихсан байдалтай “хулгайч минь чамайг ална шүү” гэж хэлж байсан. ...Баасанг татахад зүүн гарт нь хутга байсан, “чи хүн алж байхаар намайг алчих” гээд хутгыг нь авах гэтэл босоод ирсэн, Баасан гудамжинд гараад “чамтай хамт шоронд орно” гэсэн зүйлийг ярьсан, би хутгыг нь авч чадаагүй, Баасан “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн, би Баасанг хутгалсан гэдгээ мэдээгүй. ...Баасангийн гарт нь хутга байсан учир авчих санаатай л зууралдсан.”,

“...Нямхүүгийн хашаанаас гарсан, нөхөр Баасан миний гараас хутга авах гэж булаацалдсан, тэр үед би Баасангийн хэвлийн тус газар нь хутгаараа дүрчих шиг болсон, гэтэл нөхөр маань “чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд гэдсэндээ зоогдсон хутгаа өөрөө гэдэснээсээ сугалж аваад Нямхүүгийн хойд талын хашаа руу шидсэн.” гэх,

гэрч А.Ш-н “...Магнай трейд шатахуун түгээх станцын 95 дугаар салбар дээр үүргээ гүйцэтгээд, 21 цаг өнгөрч байх үед гадаа талбайн хогоо шүүрдээд байж байтал Баянтал багийн зүгээс 60 орчим насны хөгшин хүн “туслаарай” гээд над дээр ирсэн, уг хөгшний урд энгэр болон өмд нэлэнхүйдээ цус болчихсон, араас нь нэг эмэгтэй ойртон ирж байгаад намайг хараад буцаад яваад өгсөн.” гэх,

гэрч Ц.О-н “...Оюунцэцэг “би Баасанг хутгалчих шиг боллоо” гэж хэлж байсан.” гэх,

гэрч П.Т-н “...С.О нь Нямхүүгийн гэрээс гарч ирээд Баасангийн гартаа байсан хутгыг булааж авсан тэгээд Нямхүүгийн хашаанаас тэр хоёр цугтаа гараад явсан. ...Хэсэг хугацааны дараа С.О гаднаас орж ирээд “би Баасанг хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэх,

гэрч Ш.Н-н “...Баасан хэвлийн тус газраас нь цус гарсан байдалтай гэдсээ дарчихсан орж ирээд “С.О намайг хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 795 дугаартай “...Хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдсийг оёх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх, нүүр, цээжинд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлтээр,

иргэн А.Шоовдорцэцэгийн “Жаст-Ойл ШТС-ийн хажууд хэвлийн тус газраа гэмтэл авсан хүн байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22.40 цагт хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 2-10 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, С.Бгийн хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, С.Б гэх хүнийг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч С.Бгаас гаргаж өгсөн 8 ширхэг гэрэл зураг, хохирогч С.Б Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч С.Бг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч С.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 2-12 тоотод оршин суух Ш.Н-н гэрт хамтран амьдрагч С.Оийг зодож, түүний эрүүл мэндэд эрүүний баруун доод хэсэг, хоёр хөхний дээр, нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч С.Оийн “...С.Б Т-ай намайг хардаж хэрүүл маргаан үүсгэсэн, миний толгой руу гараараа нэг удаа хүчтэй, мөн баруун дал хэсэг рүү гараараа нэг удаа цохисон.” гэх,

гэрч Ц.О-н “...С.Б, С.О хоёр 17 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн, араас нь Төмөрхуяг ирсэн. С.Б хамтран амьдрагч С.Оийг “П.Төмөрхуягтай явалддаг” гээд хардаад маргалдаж эхэлсэн, С.Б С.Оийг багалзуурдсан, ...гараараа толгой болон бие рүү нь цохисон.” гэх мэдүүлгүүдээр,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 789 дугаартай “...1.С.Оийн биед эрүүний баруун доод хэсэг, хоёр хөхний дээр, нуруунд баруун далны хэсэг, зүүн гуянд цус хуралт үүсчээ.” гэсэн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Шүүгдэгч С.О-ийн хохирогч С.Б-гийн биед хэвлийн хөндийрүү нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалган цус тогтоох, цэвэрлэх, нарийн гэдсийг оёх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай хүнд гэмтэл, мөн зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх, нүүр, цээжинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч С.Оийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч С.Бгийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ. 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийг “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.

“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.гэж тайлбарласан бөгөөд хүйтэн зэвсэгт хутга орох тул шүүгдэгч С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцсэн байна.

Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч С.О-ийг хохирогч С.Б-гийн эсрэг зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үзэх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн “...маргаан үүсээд С.Б тэр хүмүүсийг зодож, цус нөжтэй нь хольсон, ...хүн алуулж байхаар хутгыг нь авах санаатай байсан, гэхдээ би хутгыг нь авч чадаагүй, түүнийг хутгалах санаа байгаагүй. ...Баасан гудамжинд “чи намайг хутгалчихлаа” гэхээр нь би “би хутгалчихсан юм байх даа” гэж бодсон...би Баасанг хутгалсан гэдгээ мэдээгүй.” гэсэн мэдүүлгүүд нь

хохирогч С.Бгийн “...би Ш.Нямхүүгийн гэрээс гарсан, миний араас С.О хутга барьчихсан гарч ирээд намайг шууд хэвлийн тус газар хутгалсан.” гэх,

“...Төмөрхуяг...намайг заамдаж, хоолой боосон, ...бид хоёрыг барьцалдаад зогсож байтал С.О Нямхүүгийн гэрээс гарч ирээд миний гуя руу нэг удаа хутгалсан, би Төмөрхуягт “С.О намайг хутгалчихлаа” гэж хэлээд Төмөрхуягаас салаад С.Оийн хутга барьчихсан гартай ноцолдож эхэлсэн ...дахиад намайг хутгалах гэхээр нь би арай хийж хутгыг нь булааж аваад арын хашаа руу шидсэн.” гэх,

гэрч П.Төмөрхуягийн “...хамтран амьдрагч С.О нь Нямхүүгийн гэрээс гарч ирээд Баасангийн гартаа байсан хутгыг булааж авсан тэгээд Нямхүүгийн хашаанаас тэр хоёр цугтаа гараад явсан. ...Хэсэг хугацааны дараа С.О гаднаас орж ирээд “би Баасанг хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн хэдий боловч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочиролд хоромхон зуур автан сэтгэцийн хэвийн байдал алдагдаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх,

мөн 795 дугаартай шинжээчийн дүгнэлтэд, С.Бгийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирснаас гадна түүний зүүн гуя, зүүн гарын чигчий ба ядам хуруунд шарх үүссэн, энэ нь ир үзүүртэй зүйлээр тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж дүгнэснээс үзэхэд шүүгдэгч С.Оийг болгоомжгүйгээр хүний биед халдсан гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч С.Б-гийн хохирогч С.О-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч С.Бгийн үйлдэл нь хохирогчийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч С.Б-гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч С.О-т учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “...Тухайн хэргийг дахин хянах шаардлагатай байх, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зөрүүтэй, гэр бүлийн үнэ цэнэ, нэгэндээ итгэх итгэл алдагдсан, нэгнээ үгүйсгэх хүндлэлгүй байдал нөлөөлсөн байна. Иргэдийн төлөөлөгчийн хувьд хоёр ахмад настны /хамтран амьдрагч/ гэх хүндлэлгүй байдал энэ хэргээс өмнөх хугацааны харьцаа хандлага энэ хэрэг нөлөөлсөн болов уу гэх дүгнэлт гаргаж байна. Баасан гэх ч хуулиа дээдэлдэггүй нь олон удаагийн мэдүүлгийн өөрчлөлтөөс, гэр бүлд хандах хандлагаас илэрч гэж ойлгож байна” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Иймд шүүх шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас “...шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан оногдуулсан хорих ялаас 2 жил хорих ялыг хасах боломжтой байна, харин шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх” гэсэн дүгнэлтийг,

өмгөөлөгч Х.Оюунбатаас “...шүүгдэгч С.Оийн хувьд гэм буруугаа хүлээхгүй байгаа зүйл байхгүй, харин зүйлчлэлд маргаж байгаа, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн, улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн,

өмгөөлөгч М.Бумаагаас “...шүүгдэгч С.Бгийн шарханд наалданги үүссэн цаашид эмчлүүлэх шаардлагатай болсон биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” эсэх асуудал нь бүх шатны шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн хуулийн үндэслэлд хамаарахгүйгээс гадна шүүгдэгч С.Оийн “...Баасангийн мэдүүлгээр яагаад хэргийг шийдээд байдаг юм бэ, би санаатай хутгалсан зүйл байхгүй.” гэж мэдүүлж байгаа мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан, шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч Х.Оюунбатын “...шүүгдэгч С.О-ийн хувьд гэм буруугаа хүлээхгүй байгаа зүйл байхгүй, харин зүйлчлэлд маргаж байгаа.” гэсэн,

           мөн хохирогч С.Бгийн өмгөөлөгч М.Бумаагийн “...С.Бгийн шархны байдлаас хамаарч түүний биед наалданги үүссэн, дахин мэс засал эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн” гэсэн дүгнэлтүүд зэргээс дүгнэхэд шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх, улмаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамаарах юм.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж тус тус заажээ.

Шүүх, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан,

шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 09-ний өдөр хүртэл 2 хоног, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 155 хоног, нийт 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Оийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”, 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Бусад асуудал;

Гэмт хэргийн улмаас С.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, С.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нар нь эмчилгээтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргууулсан боловч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны бичлэгтэй хуурцагыг хэрэгт хавсарган үлдээж,

хар өнгийн хуванцар иштэй, зүүн талын иш нь хагарсан түүнийг нь хөх өнгийн лентээр ороосон, бариул хэсэг нь 11.5 см, ажлын хэсэг нь 19 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.О-ийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийн цагдан хоригдсон 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

7.Хохирогч С.Б нь цаашид эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэсэн зардалтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан, гар утасны бичлэгтэй хуурцагыг хэрэгт хавсарган үлдээж,

хар өнгийн хуванцар иштэй, зүүн талын иш нь хагарсан түүнийг нь хөх өнгийн лентээр ороосон, бариул хэсэг нь 11.5см, ажлын хэсэг нь 19см нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ

                                                  ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС