Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/00632

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/00632

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, О гудамж тоот хаягт оршин суух Б овогт Ж.О /рд:......./-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, с гудамж , өөрийн байранд оршин байгаа Ө ХХК /рд:....../-д холбогдох,

 

56,303,329 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О , түүний өмгөөлөгч Б.Б , хариуцагчийн төлөөлөгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 7 сарын 05-ны өдөр Ө ХХК-тай Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ байгуулж, 99,7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,800 ам.доллараар тооцож, нийт 179,460 ам.доллар төлж бариулсан. Бариулсан орон сууцны талбай 99,7 м.кв хүрэхгүй юм шиг санагдсан тул барилгын мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий Эдшил ХХК-иар 2016 оны 4 сард хэмжилт хийлгэсэн. Хэмжилтээр орон сууцны талбайг 83,92 м.кв болохыг тогтоож, албан ёсны дүгнэлт гаргасан. 2009 оны 12 сарын 24-ний өдөр батлагдсан орон сууцны барилгын доторхи талбай тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандартыг 2010 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Барилга барьж буй хувийн хэвшлийн компаниуд дээрх стандартыг мөрдөх ёстой тул би Ө ХХК-ийг бүх норм стандартын дагуу ажилласан гэж итгэж 99,7 м.кв талбайн үнийг бүрэн төлсөн. Гэтэл 15,78 м.кв дутаж би Ө ХХК-д 28,404 ам.долларыг илүү төлж хохирсон байна. Иймд 15,78 м.кв талбайн төлбөрт төлсөн 28,404 ам.долларыг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээ байгуулах үед орон сууцны барилга бүрэн гүйцэд баригдаагүй, гүйцэтгэл дутуу байсан гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамжинд оршин 3 орц 10 давхар бүхий орон сууцны зориулалттай барилгыг 2007 оны 5 сараас барьж эхлэн 2009 оны 10 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барьж дуусган Иргэний хууль болон Барилгын тухай хууль, бусад хуулийг мөрдлөгө болгон тухайн үеийн Айлын орон сууцны талбайн хэмжээг тооцох журмын дагуу ашиглалтад оруулан Улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Ж.О нь 2009 оны 12 сарын 24-ний өдөр батлагдсан, 2010 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн хэрэгжүүлж байгаа орон сууцны барилгын доторхи талбайг тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандартын дагуу 28,404 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Ж.О ы гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан, орон сууцны м2-ын зөрүү төлбөр 56,303,829 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Ж.О нь Ө ХХК-тай 2010 оны 7 сарын 05-ны өдөр Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ байгуулж, гүйцэтгэгч Ө ХХК нь 608 тоот 99,7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж өгөх, захиалагч Ж.О нь гэрээнд заасан үнэ 194,460 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-17-22х/

 

Дээр дурдсан гэрээг нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээ гэж, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ биш зохиомжлогдсон байр бариулах гэрээ гэж тус тус тайлбарлаж байна.

 

Гэрээний 3.1, 3.5, 4.5, 4.10, 6.3-т заасан зохицуулалтын агуулга, гэрээ байгуулах үед орон сууц 85%-ийн гүйцэтгэлтэй байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрээ байгуулах үед орон сууц 90%-ийн гүйцэтгэлтэй байсан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, 2010 оны 7 сарын 05-ны өдөр гэрээ байгуулж 2011 оны 9 сарын 10-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үйл баримт зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд ажил гүйцэтгэгч буюу Ө ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

MNS 6058:2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Монгол Улсын стандартын дагуу Эдшил ХХК-ийн хийсэн хэмжилтээр 608 тоот орон сууцны нийт талбайг 83,92 м2 гэж тогтоожээ. /хх-7-10х/

 

Хариуцагч Ө ХХК нь барилгыг 2007 оны 5 сараас эхлэн барьж эхэлсэн ба 2009 оны 10 сарын 15-ны өдөр барьж дуусгасан гэж тайлбарлаж 2009 оны 12 сарын 21-ний өдрийн 251/2009 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт-ыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг акт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Стандарт, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартыг 2010 оны 2 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байх ба талууд уг стандартыг дагаж мөрдөх хугацааны дараа буюу 2010 оны 7 сарын 05-ны өдөр Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ-г байгуулсан байх тул хариуцагч Ө ХХК нь MNS 6058:2009 стандартын дагуу орон сууцны м.кв-ыг тодорхойлон нэхэмжлэгч Ж.О тай гэрээ байгуулах боломжтой байжээ гэж үзэв.

 

Түүнчлэн, Ө ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болохынхоо хувьд Монгол улсын нутаг дэвсгэрт заавал дагаж мөрдөх, мэргэжлийн үйл ажиллагаандаа удирдлага болгох стандартыг батлагдсан өдрөөс нь эхэлж мэдсэн байх, хүчинтэй үйлчлэх хугацаанд нь дагаж мөрдөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд 3 өрөө орон сууцны талбайн хэмжээг 99,7 м.кв гэж заасан боловч стандартын дагуу хэмжихэд 83,92 м2 гарсан байгаа нь гүйцэтгэгч Ө ХХК нь талбайн хэмжээ дутуу буюу биет байдлын доголдолтой эд хөрөнгийг захиалагч Ж.О ы өмчлөлд хүлээлгэн өгсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 343.1-т барилга байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болох, 349.3-т гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, 76 дугаар зүйлийн 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг гомдлын шаардлага гаргах хугацаа тогтоосон бол уг хугацаа дууссан үеэс эхлэн тоолохоор тус тус зохицуулжээ.

 

Орон сууцанд 2010 оны 12 сард нүүн орсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба хариуцагч үүнийг няцаагаагүй тул 2010 оны 12 сараас гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацааг тоолж, улмаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 сард дуусаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд орон сууцын м.кв-ын төлбөрт илүү төлсөн (99,7 м.кв - 83,92 м.кв) х 1,800 ам.доллар х 1982.25 = 56,303,829 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.О ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.       Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 349.3, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Ө ХХК 56,303,829 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.О д олгосугай.

 

2.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас тэмдэгтийн хураамжид 439,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.О д буцаан олгосугай.

 

3.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР