Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 00906

 

Т.А  нарын нэхэмжлэлтэй

            иргэний хэргийн тухай              

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00698 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.А , В.Т  нарын хариуцагч “ДХ” ХХК, Д.Э нарт холбогдуулан гаргасан 16 000 000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг болон орон сууц чөлөөлөхийг тус тус хариуцагчид даалгах тухай үндсэн, учирсан хохиролд 73 589 773 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон В.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.М, хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А болон “ДХ” ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Барилгын захиалга авах” гэрээний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Өгөөмөр гэдэг газарт 2 давхар сувиллын зориулалттай, 576 м.кв талбайтай 2 давхар барилгыг 2-4 сарын хугацаанд барихаар тохиролцон, гэрээ байгуулснаар 2015 оны 6 дугаар сард барилгын ажил эхэлсэн. Гэтэл барилгын ажил эхэлснээс хойш 2 сарын дараа гүйцэтгэгчийн зүгээс энэ жилдээ багтааж дуусахгүй тул нэмэлт гэрээ байгуулж 1 дүгээр давхарыг дуусгая гэхдээ өмнөх гэрээ хүчинтэй, нэгдүгээр давхарыг дуусгаад ирэх жил 2 дугаар давхарыг дуусгая гэж тохиролцсон. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “барилгын захиалга авах гэрээ” байгуулсан. Захиалагчаас барилгын санхүүжилтэд тооцож нэхэмжлэгч В.Т ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр тооцож “ДХ” ХХК-ийн өгөхөөр тохиролцсон. “ДХ” ХХК-ийн хүсэлтээр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр болж 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг В.Т, Д.Э-ын нар дүр үзүүлэн байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг Д.Э-д шилжүүлсэн. Мөн гэрээнд заасны дагуу барилгын санхүүжилтэд 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 6 000 000 төгрөг бэлнээр нийт дүнгээрээ 146 000 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн. Барилгын ажил 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зогсоод түүнээс хойш өнөөдрийг хүртэл аливаа ажил хийгдээгүй. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар судлуулахад тухайн барилгын чанар стандарт муу учир санхүүжилт олгогдохгүй гэсэн хариуг өгсөн. Мөн хариуцагчийн гүйцэтгэсэн хэсэг нь Барилгын тухай хууль, холбогдох стандартыг зөрчиж хийгдсэн, чанар байдлын шаардлага хангахгүй хийгдсэн талаар эрх бүхий байгууллагуудын дүгнэлт гарсан. Хариуцагчийн барьсан ажлыг цааш үргэлжлүүлж барих асуудлыг бид судалж үзсэн боловч ямар ч боломжгүй, үргэлжлүүлэн барих нь аюулгүй байдал талаасаа боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 16 000 000 төгрөг болон орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Барилгын ажлын гэрээний төлбөрт шилжүүлсэн орон сууц нь В.Т-ын өмч байсан бөгөөд В.Т, Д.Э нарын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан юм. Учир нь орон сууцыг ямар нэгэн байдлаар худалдах хүсэл зориг нэхэмжлэгчид байгаагүй, харин хариуцагчтай тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн бөгөөд хариуцагчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу Д.Э-тай худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Иймд хариуцагч “ДХ” ХХК-аас 16 000 000 төгрөг гаргуулж Т.А-д олгож, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол 15 дугаар байр, 32 тоот 40 м.кв 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017516 дугаарт бүртгэлтэй орон сууцыг нэхэмжлэгч В.Т-ын өмчлөлд шилжүүлж, тухайн орон сууцыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “ДХ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрсөн учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан. Хариуцагч хууль, гэрээнд зааснаар чанар, стандартын шаардлага хангасан, зориулалтын дагуу ашиглах боломжтой барилгыг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн барих боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Т.А нь гэрээний үүргээ зөрчөөгүй. Барилга чанаргүй баригдахад Т.А хамааралгүй. Иймд бид гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцаах шаардлага гаргасан тул хариуцагч өөрийн барьсан барилгын хэсгийг буцаан авч, манай газрыг чөлөөлөх ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч “ДХ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулагдсанаас хойш барилгын ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Мэдээж гэрээний дагуу эхлээд нэхэмжлэгч тал төлбөрийг цаг хуагцааны дарааллаар төлж түүнийх нь дагуу барилгын ажил гүйцэтгэх ёстой байсан. Ингээд барилгын ажил явагдаж байгаад нэхэмжлэгч талын өгсөн санхүүжилт дуусаад ирэхэд нь гэрээний дагуу төлбөрийг шаардсан боловч мөнгө өгөөгүй тул ажил зогссон. Нэхэмжлэгч тал барилгын ажил зогссон шалтгааныг “ДХ” ХХК-тай холбон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэж дүгнэлт гаргуулахад барилга чанарын шаардлага хангаагүй учраас зээл өгөхөөс татгалзсан. Тийм учраас бид гэрээнээс татгалзсан гэж тайлбарладаг. Бид хууль бусаар нэхэмжлэгчийн байрыг авч, бусдад хууль бусаар шилжүүлээгүй. Хүчин төгөлдөр гэрээ байгаа. Нэхэмжлэгч талаас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргаж байгаа. Гэтэл хуульд заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Энэ нь хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй хэлцэл юм. Барилга баригдах тухайд инженер геологийн судалгаа хийлгэж уг хөрсний нэр төрөл физик механик шинж чанарын норматив болон тооцооны үзүүлэлтүүдийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т захиалагч нь барилгын зураг төсөл геодезийн дүгнэлт, бусад зайлшгүй шаардлагатай баримт бичиг, тоног төхөөрөмжийг хугацаанд нь гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасан. Гэтэл захиалагч тал уг үүргээ гүйцэтгээгүй. Суурь суулгах гүнийг нарийвчлан тооцож гаргаагүй, барилгын суурийг нэг төвшинд төлөвлөөгүй, даацын хана болон хамар хана тэдгээрийн холбоос, эзлэхүүн төлөвлөлтийг норм дүрэмд заасан хэмжээг баримтлахгүйгээр буруу төлөвлөсөн нь БНБД-ийг зөрчсөн гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний 1.1-д захиалагч тал нь энгийн амины орон сууц бариулахаар захиалсан. Гэтэл нэхэмжлэлдээ сувиллын барилга бариулахаар захиалсан гэсэн байх ба дээрх дүгнэлтийг ч сувиллынх гэсэн байдлаар дүгнэлт гаргуулсан байна. Шаардлага хангахгүй зураг төслөөр барилгын ажил хийсэн гэдэг нь талуудын байгуулсан гэрээний 4.2-д заасан зураг төсөл гаргаж өгөх үүргээ захиалагч тал гүйцэтгэхээс татгалзаж, зардалаа хэмнэж, гүйцэтгэгч талын план зургаар барилгын ажлыг хийлгүүлэх хүсэлт тавьсан байх бөгөөд гэрээний 4.4-д хэрэв захиалагч төлбөртэй зураг гаргуулахаас татгалзан компаний үнэгүй гаргадаг ерөнхий зургаар гүйцэтгэхээр бол батлагдсан зургаар барилга бариагүй гэх аливаа хариуцлага хүлээхгүй гэж заасан. Нэхэмжлэгч талын зөвшөөрлөөр манайд шилжүүлсэн. 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд бид гаргаж өгөх боломжгүй. 16 000 000 төгрөг нь барилгын материал болсон, үүнийг барилгад нь орхисон. Түүнээс бидэнд 16 000 000 төгрөг үлдээгүй тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийн үүргээ биелүүлсэн тохиолдолд барилгыг цаашид барих боломжтой гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДХ” ХХК иргэн Т.А нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “барилгын захиалга авах гэрээ”-ний 9.5-д “захиалагч тал эхний санхүүжилт болох 130 000 000 төгрөгийг бэлэн бусаар буюу Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол ард аюуш гудамж 15 дугаар байр 32 тоот хаягт байрлах 3 өрөө угсармал орон сууцыг сольж тооцно гэж гэрээгээр тохиролцсон гэрээ хүчин төгөлдөр байна. Энэхүү гэрээг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ В.Т, Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхжаргал нарын хоорон байгуулагдан нотариатаар баталгаажуулан хүчин төгөлдөр болсон байна. Д.Э  энэ хэргийн хариуцагч биш Т.А , В.Т нарын эрх, эрх чөлөө ашиг сонирхолд хохирол учруулаагүй ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно. Хариуцагч “ДХ” ХХК нь Т.А, В.Т нарын төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Т.А, В.Т нарын зөвшөөрлийн дагуу хуулийн хүрээнд хийгдсэн хэлцэл юм. Иймд Т.А, В.Т нарын худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ДХ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани захиалагч Т.А-тай “барилгын захиалга авах тухай” гэрээ байгуулж Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Өгөөмөр гэх газарт байрлах захиалагчийн газарт амины орон сууц барихаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу манай компани тус газарт барилгыг эхлүүлж, барьж эхэлсэн боловч захиалагч үндэслэлгүйгээр барилгын ажлыг зогсоож шүүхэд хандан тус компанитай байгуулсан гэрээнээс татгалзан, гэрээний төлбөрт хүлээлгэн өгсөн 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц 16 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Тус компани захиалагч Т.А гэрээ байгуулснаас хойш 73 589 773 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд энэхүү төлбөрийг нэхэмжлэгч Т.А-гаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ДХ” ХХК-аас 16 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Т, хариуцагч Д.Э нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч В.Т-ын Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр 32 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017516 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Д.Э-д даалгаж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-ыг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ДХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид нийт 1 695 900 төгрөг төлсөн, илүү төлсөн 579 800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Т.А-д буцаан олгож, хариуцагч “ДХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 528 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ДХ” ХХК-аас 237 950 төгрөг, хариуцагч Д.Э аас 807 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А д тус тус олгож, хариуцагч “ДХ” ХХК-аас шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 1 480 000 төгрөгийг гаргуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигчид гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан барилгын санхүүжилтийн 3 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр тооцож “ДХ” ХХК-ийн хүсэлтээр орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “орон сууц худалдах худалдан авах гэрээ”-ээр Д.Э-ын нэр дээр шилжүүлсэн ...2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 6 000 000 төгрөг шилжүүлсэн....гэх тайлбар зэргээр нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг болон 130 000 000 төгрөгт тооцож 3 өрөө орон сууц шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Гэтэл зохигчид гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо. 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж, 15 дугаар байр 32 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг шилжүүлэхдээ нэхэмжлэгч В Төмөрбаатар, хариуцагч Д.Э  нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “орон сууц худалдах худалдан авах гэрээ” байгуулж уг гэрээг үндэслэн орон сууцны өмчлөх эрх В.Т-аас хариуцагч Д.Э-д шилжиж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хариуцагч Д.Э-ын нэр дээр 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гарчээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар талуудын хооронд хэлбэрийн хувьд орон сууц худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд хариуцагч Д.Э өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч талуудын хувьд худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэлт зориг байгаагүй ба нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхдээ нэхэмжлэгч Т.А  хариуцагч “ДХ" ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн, хариуцагч “ДХ” ХХК-аас орон сууцыг Д.Э ын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж дүгнэсэн. Иймээс нэхэмжлэгч В.Т, хариуцагч Д.Э  нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч В.Т  нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 15 дугаар байр 32 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцож шилжүүлсэн байх тул 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “орон сууц худалдах худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч В.Т-ын Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 15 дугаар байр 32 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Д.Э-д даалгах нь зүйтэй гэж үзсэн байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Шударга өмчлөгч Д.Э ын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 101, 106 зүйлийг зөрчсөн шийдвэр болсон болжээ. “ДХ” ХХК, иргэн Т.А нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “барилгын захиалга авах гэрээ” байгуулсан. Гэрээний 9.5-д “захиалагч тал эхний санхүүжилт болох 130 000 000 төгрөгийг бэлэн бусаар буюу Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж, 15 дугаар байр 32 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг сольж тооцно" гэж тохиролцсон гэрээ хүчин төгөлдөр байна. Уг хүчин төгөлдөр гэрээг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг В.Т, Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “ДХ” ХХК-ний нягтлан бодогч Р.Мөнжаргал нарын хооронд байгуулагдсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ билээ. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Т, хариуцагч Д.Э нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож орон сууц өмчлөх эрхийг сэргээж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Д.Э-д даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. В.Т, Д.Э-ын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь хуулийн хүрээнд харилцан тохиролцож байгуулсан “ДХ” ХХК үүсгэн байгуулагч захирал Алтайбаатарын зөвшөөрлөөр гуравдагч этгээд Д.Э ын өмчлөлд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22 ны дугаар 17 дугаар тогтоолд тайлбарлахдаа Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухай хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзлэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж тайлбарласан байна. Гэтэл В.Т, Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн худалдах худалдан авах гэрээ нь “ДХ" ХХК, Т.А  нарын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн барилга захиалга авах хүчин төгөлдөр гэрээг үндэслэн талууд харилцан зөвшөөрч ажлын хөлсний төлбөрт шилжүүлэн Иргэний хуулийн 243 зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заалтуудыг зөрчсөн ба хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Иймд Анхан шатны шүүх өөр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

     Нэхэмжлэгч Т.А нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагч ДХ ХХК-аас ажлын хөлсөнд төлсөн 16 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, нэхэмжлэгч В.Т  нь хариуцагч Д.Э-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, орон сууцыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, ДХ ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өөрт учирсан хохирол гэж 73 589 773 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг гаргажээ.

  Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Барилгын захиалга авах гэрээ”-ээр ДХ ХХК нь иргэн Т.А-гийн захиалгаар зөвшөөрсөн зураг төслийнх нь дагуу 576 м.кв талбайтай энгийн амины орон сууцыг Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөр нэртэй эзэмшлийнх нь газарт барьж гүйцэтгэх, захиалагч нь хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн, мөн талууд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өмнөх гэрээний заалтад өөрчлөлт оруулж, барилгын талбайн хэмжээг 288 м.кв, ажлын ерөнхий хугацааг 2-4 сар, ажлын нийт хөлсийг 349 100 000 төгрөг байхаар тохиролцож, ажлын хөлсийг төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталсан, бичгээр байгуулсан гэрээг компанийн тэмдэг, гарын үсгээр баталгаажуулжээ.

Талуудад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Харин гэрээний үүргийн зөрчил нь аль талын буруутай ажиллагаанаас үүдсэн, гэрээнээс татгалзсантай холбоотой үүссэн үр дагавар, хохирлыг шаардах эрх талуудад үүссэн эсэхээр зохигчид маргасан байна.

Захиалагч Т.А нь 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 6 000 000 төгрөгийг бэлнээр ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн, мөн талууд гэрээний 9.5-д тохиролцсоны дагуу эхний санхүүжилт болох 130 000 000 төгрөгийг бэлэн бусаар буюу Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж 15 дугаар байрны 32 тоот хаягтай 3 өрөө орон сууцаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд захиалагчийг гэрээний хавсралтаар баталсан хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Харин хэрэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19-07-020-101 тоот “Барилга угсралтын чанар, аюулгүй байдлын тухай” дүгнэлт, мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19-07-020-71 тоот барилгын угсралтын ажлыг бүрмөсөн зогсоох тухай акт, Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус эксперт Ж.Даваасүрэн, М.Байгалмаа, Г.Пэлээсүрэн нарын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт авагдсан, эрх бүхий этгээдээс гаргасан эдгээр баримт бичгүүдэд ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх барилга байгууламж нь зураг төслийн дагуу баригдсан байх, 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх магадлалыг дараах зураг, төсөлд хийнэ...”газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт” гэснийг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ.

Иймд ажил гүйцэтгэгч ДХ ХХК нь 288 м.кв барилгын ажлыг батлагдсан зургаар барилга байгууламжийг барихад мөрдвөл зохих журмын дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас захиалагч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, шүүх 16 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ажил гүйцэтгэгч ДХ ХХК нь захиалагчийн өмчлөлийн орон сууцыг 130 000 000 төгрөгийн ажлын хөлсөнд тооцож авах талаар гэрээний заалтаар харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг Д.Э-д шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 3 өрөө орон сууцыг захиалагч Т.А-гийн гэр бүлийн хүн В.Т-ын өмчлөх эрхээс Д.Э-д шилжүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хуулийн мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Худалдан авагч Д.Э-ын хувьд хэлцлийн дагуу орон сууцны үнийг шилжүүлсэн нь тогтоогдоогүй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн бүртгүүлсэн орон сууцыг В.Т-ын өмчлөлд буцаан шилжүүлэх нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч В.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан нь зөв, харин өмчлөх эрх нь шилжиж улсын бүртгэлээр баталгаажсанаар орон сууцыг чөлөөлөх үндэслэлтэй тул албадан чөлөөлөх шаардлагыг шүүх хангаагүй нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Хариуцагч ДХ ХХК-ийн хийсэн ажлын зардал гэж 73 589 773 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 Ажил гүйцэтгэгчийн хувьд өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлээгүй гэх баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд захиалагч нь ажлын үр дүнд ямар нэг ашиг сонирхолтой нь тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 807 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ