Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/02799

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/02799

Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:..тоот хаягт оршин суух,...овогт Т...-ийн А..../РД:../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... тоот хаягт байрлах, “Д...” ХХК /РД:......../-д холбогдох,

 

“Барилгын захиалга авах” гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт бэлэн бусаар төлсөн 40 м.кв талбайтай 3 өрөө байр, 16.000.000 төгрөгийн хамт гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 73.589.773 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.   

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 5 сарын 27-ны өдөр “Д” ХХК-тай “Барилгын захиалга авах гэрээ”-г Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Өгөөмөр гэдэг газарт 2 давхар сувиллын зориулалттай барилга бариулах зорилгоор анх байгуулсан. Гэрээгээр 576 м.кв талбайтай 2 давхар барилгыг 2-4 сарын хугацаанд барихаар тохиролцсон. Барилгын ажил 2015 оны 6 сараас эхэлсэн. Гэтэл барилгын ажил эхэлсэнээс хойш 2 сарын дараа гүйцэтгэгчийн зүгээс энэ жилдээ багтааж барилгаа барьж амжихгүй тул нэмэлт гэрээ байгуулж 1 дүгээр давхрыг дуусгая гэсний дагуу 2015 оны 8 сарын 05-ны өдөр “Барилгын захиалга авах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр анхны гэрээнд бариулахаар тохирсон 576 м.кв талбайг 288 м.кв болгон өөрчилж барилгын нэг давхрыг барихаар болсон. Захиалагчаас барилгын санхүүжилтэнд 3 өрөө орон сууц 130.000.000 төгрөгөөр тооцож “Д” ХХК-ийн хүсэлтээр орон сууцыг 2015 оны 8 сарын 25-ны өдөр “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-ээр Д.Э-ын нэр дээр шилжүүлсэн. Мөн 2015 оны 8 сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 9 сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Захиалагчаас нийт 146.000.000 төгрөгийн санхүүлжилт олгосон. Ингээд бид 2016 оны барилгын ажилдаа зориулж санхүүжилт хайж ББСБ-д хандахад баригдаж байгаа барилгын чанар, байдалд хөндлөнгийн шинжээч томилон дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтэд “...муу баригдсан барилга тул барьцаанд тавих боломжгүй” гэсэн хариу гарсан. Энэ дүгнэлтээс болж бид эргэлзэж 2016 оны 5 сарын 06-ны өдөр зөвлөх инженер Ц.Г-ад санал тавьж, барилгад дүгнэлт гаргуулсан. Зөвлөх инженерийн дүгнэлтэд: Барилга баригдах талбайд инженер-геологийн судалгаа хийлгэж ул хөрсний нэр, төрөл, физик, механик шинж чанарын норматив болон тооцооны үзүүлэлтүүдийг тодорхойлуулаагүй, суурь суулгах гүнийг нарийвчлан тооцож гаргаагүй, барилгын суурийг нэг түвшинд төлөвлөөгүй, даацын тоосгон хана болон хамар хана тэдгээрийн холбоос, орон зайн нэгдсэн системийн бат бэх, хөшүүнийг норм дүрэмд үндэслэж тооцоогүй, эзлэхүүн төлөвлөлтийг норм дүрэмд заасан хэмжээг баримтлахгүйгээр буруу төлөвлөсөн зэрэг нь “Барилга байгууламжийн буурь, суурь” БНбД 2.02.01.94 дэх хэсэг, мөн “Барилгын бүтээц ба буурийн найдваршил ерөнхий шаардлага” БНбД 20-01-11 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн байна. Зураг төслийг зөвшөөрөлгүй боловсруулсан ба тус сувиллын барилгын ДХ-01/2015 шифртэй зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйл “10.1.1 дэх “зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон байх” гэсэн заалт мөн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.4 дэх заалтуудын шаардлагыг хангахгүй байна. Иймд ДХ-01/2015 шифртэй зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан. Холбогдох хууль, норм дүрмийн шаардлага хангахгүй зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, барилгын суурь, ханын өргийн ажлын норм, дүрэм, технологийн шаардлага, дэс дарааллыг баримталж гүйцэтгээгүй, хийц бүтээцийн бат бэх, нэгдмэл байдлаар ажиллах чадвараа алдсан зэргээс тус барилга нь 7 баллын газар хөдлөлтийн ачааллыг хүлээж авах чадваргүй болсон бөгөөд Барилгын тухай хуулийн 9.1.1 дэх “хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, галын аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн заалт, мөн “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” БНбД 22.01.01*2006-ын 3.36 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Мөн гүйцэтгэгч компани нь барилгын ажлыг зураг төсөлгүйгээр 2015 оны 6 сард эхлүүлсэн бөгөөд барилгын зураг төслийг 2016 оны 4 сард анх хийсэн. Энэ нь барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Иймээс тус сувиллын барилгыг цаашид үргэлжлүүлэн барих болон хүчитгэл, бэхэлгээ нэмж хийсэний үндсэн дээр цаашид ашиглах ямар ч боломжгүй байна” гэжээ. Гэрээгээр барилгын ажлыг 2-4 сард багтаан барихаар тохирсон боловч гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг шаардаж байсан боловч үр дүн гараагүй. Гүйцэтгэгч компани нь барилгын ерөнхий инженер Ц.Д-ийг 2016 оны 4 дүгээр сард н.Н гэх инженерээр сольсон бөгөөд инженерүүдийн ажил хүлээлцэх үед бичигдсэн тэмдэглэлд “... 7 сард шалны цутгалт хийхдээ сан бохирыг хийхээ мартаж шалыг цутгасан, мөн 1 давхрын хучилтын хавтанг тавихад даацын цутгалт багана босголгүй мартаад цутгасан, зураг хийх зөвшөөрөл байхгүй учир санг хийж гүйцэтгээгүй, норм дүрмийнхээ дагуу гүйцэтгээгүй нь үнэн, засаж янзалж болно гэж Д- инженер хэллээ” гэснээс үзэхэд гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж барилга барьж дуусгах хугацааг санаатайгаар хэтрүүлж барилгын хууль тогтоомж, норм стандартын дагуу биш, мэргэжлийн бус байдлаар ажилласан. Гүйцэтгэгч нь гэрээгээр тогтсон хугацаанд барилгыг барьж гүйцэтгээгүй, барилгын ажил дутуу хийгдэж, чанарын шаардлага хангаагүй зэрэг нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, мөн гэрээний 5.1-д “барилгын ажлыг батлагдсан зургаар барилга байгууламжийн батлагдсан журмын дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд захиалагч талаас 1 жил хиртэй хугацаанд үүргээ гүйцэтгэх боломж олгосон боловч үүргээ гүйцэтгээгүй ба захиалагч нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохирол хүлээсэн. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж гэрээний төлбөрт бэлэн бусаар өгсөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууц, бэлнээр төлсөн 16.000.000 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Талуудын хооронд 2015 оны 5 сарын 27-ны өдөр, 2015 оны 8 сарын 05-ны өдөр гэрээнүүд байгуулсан. 2015 оны 5 сарын 27-ны өдрийн гэрээг байгуулахдаа “Өгөөмөр” гэх газарт энгийн амины орон сууц барих гэрээ байгуулсан. 576 м.кв талбай бүхий 633.600.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. Хавсралтаар төлбөр төлөх хуваарийг дурдаж өгсөн. 2015 оны 8 сарын 05-ны өдөр гэрээ байгуулахдаа өөрчлөлт оруулсан. Энгийн тоосгон орон сууц гэх барилга барихаар 288 м.кв талбайтай болгож, 316.800.000 төгрөгийн үнэ бүхий барилга барина гэж тохиролцоод гэрээг байгуулсан. Нэмэлт ажил дээр гадна өнгөлгөө 10.000.000 төгрөг, бусад ажлуудыг хэвээр үлдээж, 349.100.000 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулсан байдаг. Хавсралтаар төлбөр төлөх талаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулахад 130.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлнэ гэсэн тохиролцоотой. Захиалагч тал санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй байсаар байгаад 2015 оны 8 сарын 05-ны өдөр гэрээг байгуулсан. Урьдчилгаа өгөх боломжгүй байсан болохоор гэрээг өөрчилсөн. 2015 оны 8 сарын 25-ны өдөр 3 өрөө байрыг шилжүүлсэн. 16.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хуваарийн дагуу 2 дахь санхүүжилт хийх өдрөө төлбөрөө төлөөгүй. Хуваарийг зөрчсөн. Нэхэмжлэгч тал “...гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн төлбөрүүдийг гаргуулах” гэж тайлбарлаж байна. Хууль тогтоомж, нормын дагуу зураг төсөл хийгээгүй, үүний дагуу барилга баригдаагүй гэж байна. Захиалагч Т.А- өөрөө зураг төслөө гүйцэтгэгч талд гаргаж өгсөн үү гэдэг асуудал гарна. Ийм зураг өгөөгүй бол манайх план барилгын зураг төслөөр барина. Үүний дагуу барилга баригдахад эрсдэлийг захиалагч тал хариуцна гэж тохиролцоод гэрээг байгуулсан. План зургаар барилгыг барихыг хүлээн зөвшөөрөөд барилгыг барьсан. Барилга байгууламжтай холбогдох баримт бичгийг захиалагч тал хуулиар хариуцах үүрэг хүлээсэн. Бүх үүргүүд захиалагч талд байсан. Энэ барилга чанаргүй, доголдолтой байсан уу гэдэг асуудал байна. Хариуцагч өөрийн хөрөнгөөр захиалагчийн хүссэн барилгыг барьсан. Дүгнэлтээр 77.000.000 төгрөгийн ажил явагдсан гэж байгаа ч энэнээс илүү их зардал гарсан. Харилцан тохиролцсоны дагуу болохгүй байна гээд татгалзвал компаниас гаргасан зардлыг барагдуулах ёстой. Барилгад гарсан зөрчлүүд бүгд зураг төсөлд тусгагдаад баригдах ёстой. Шинжээчийн дүгнэлтүүд сувиллын барилга гэх үндэслэлээр дүгнэлт гарсан. Амины орон сууцыг сувиллын барилга гэж дүгнэлт гаргахад зөрчил гарахаас өөр аргагүй. Өөр геологийн дүгнэлтийг үндэслээд барилгыг барьсан гэдгийг нотлох баримт байхгүй. Магадлал, зураг төсөл хийгдээгүй. Эрсдэлээ өөрсдөө хүлээнэ гэж барилгыг бариулчихаад одоо болохоор болохгүй байна гээд байдаг. Барилгад хяналт тавих эрх захиалагч талд байгаа. Ц.Г- гэдэг хүний дүгнэлтээр барилгыг зогсоосон. 2016 оны 6 сараас хойш зогссон барилга дээр өнөөдөр шинжээчийн дүгнэлт гаргаад байгаа нь эргэлзээтэй. Байгаль орчны эрсдэлийг тооцоолоогүй. 2 сарын хугацаанд барьж дуусах ёстой гэж байгаа ч 2016 оны 8 сарын 15-ны өдөр сүүлийн төлбөрийг төлнө гэж тохиролцсон нь гэрээний хугацааг тогтоож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

“Д” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн тайлбартаа: “Захиалагч Т.А-гийн хүсэлтээр “Өгөөмөр” гэх газарт “Барилгын захиалга авах гэрээ”-ний дагуу амины орон сууц барих ажлыг гүйцэтгэсэн. Гэрээний дагуу манай компани тус газарт барилгыг эхлүүлж, барьж эхэлсэн боловч захиалагч үндэслэлгүйгээр барилгын ажлыг зогсоож шүүхэд хандан тус компанитай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт хүлээлгэн өгсөн 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 73.589.773 төгрөгийн зардал гарсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд заасан байдаг. Энэнээс илүү зардал гарсан боловч шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байна. Шинжээчийн дүгнэлт анхан шатны баримт болон цалингийн хүснэгтээр нотлогдож байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байна. Т.А- нь гэрээгээр хүлээсэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн. Иймд сөрөг нэхэмжлэл 73.589.773 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 227.1-д заасныг үндэслэн нэхэмжилж байна. Үүрэг зөрчсөнөөс үүссэн гэх үндэслэлээр нэхэмжилж байгаа юм байна. Гэрээ цуцлагдсан нөхцөлд энэ заалт хамаарна. Өөрөөр хэлбэл Т.А- гэрээний үүргээ зөрчсөн байх ёстой. Иргэний хуулийн 227.2-д “нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасан байдаг. Т.А- харилцаа дуусахад буруугүй. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг харахад талууд барилгын ажлын гүйцэтгэлийг үргэлжлүүлэх сонирхолгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Гэрээг түрүүлж цуцалж байгаа болохоор Т.А-гаас 73.589.773 төгрөгийг гаргуулах гэж байгаа юм байна. Т.А- буруутай юу, үгүй юу гэдгийг тогтоох шаардлагатай. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагчийн зургаар барилгыг барих ёстой байсан гэдэг нь харагддаг. Компани хийхгүй, Т.А- зураг төслийг хийх байсан юм бол яагаад хариуцагч талаас энэ барилгын зураг төслүүд гарч ирдэг юм бнэ. Барилгын ажлын актууд дээр Т.А-гийн гарын үсэг байдаггүй. Хариуцагч талын зохиогчийн хяналт гүйцэтгэгч, барилгын инженер н.У, н.Д- гэсэн гарын үсэг байдаг. Маргаан гарахаас өмнө гарч ирсэн зураг төсөл. Сувиллын сууц байсан гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах үед харагддаг. Сувиллын ч бай, амины орон сууц ч бай, энгийн барилга ч байсан чанарын шаардлага хангах ёстой. Барилга 16 хувийн гүйцэтгэлтэй баригдсан. Энэ барилгыг үргэлжлүүлбэл нурах нь тодорхой байна. Суурь нь харилцан уялдаатай залгамжтай байх байтал залгагдаагүй. Гэрээний нэмэлт маш олон зүйлийг хаах гэрээ байна. 2 давхар байшин барих гээд байгаа гэдгээ нотолсон. Сүүлд нэмэлт гэрээ байгуулахдаа 5 сарын гэрээ хүчин төгөлдөр гэж тохиролцсон. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй болохоор барилгад оруулсан мөнгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна. Гэрээний 3-т зааснаар 1 дүгээр давхрын хучилт хийгдсэний дараа төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэж тохиролцсон. Энэ нь 2 утгыг агуулж байна. Барилга 2 давхар, мөн төлбөр төлөх хуваарийг заасан байдаг. н.Г захирал 2016 оны 04, 05 дугаар сард ажиллаж байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-ын арга хэмжээ авах үед хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээнүүдээс харагдаж байна. н.Г захирал байгаагүй гэдгээ хариуцагч тал нотлох байсан. Хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бол хариуцагчийн эрх ашиг яаж хохирсон юм бэ. Эсрэгээрээ Т.А- илүү төлөлт хийсэн байдаг. 6 дугаар сард суурь хийчихээд барилгын ажил бүхэлдээ зогссон. Тухайн үед 146.000.000 төгрөгийн төлөлт хийгдсэн байсан. Чанаргүй баригдсан гэдгийг манай талаас баримтаар нотолсон. Хариуцагч талаас чанартай баригдсан гэдгээ нотолсонгүй. Барилгын тухай хуулийн 13.1-д зааснаар зураг төслийг хийлгээгүй учраас 13.6-д зааснаар барилга барихыг хориглодог. Үүнийг үндэслэж байгаа. Иргэний хуульд зааснаар ч ашиглах боломжтой барилгыг хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Үүнийг биелүүлээгүй. Иймээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 3 өрөө орон сууц, бэлнээр төлсөн 16.000.000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Байр өөр хүний нэр дээр байгаа ч “Д” ХХК-д шилжүүлж өгсөн. Эсрэгээрээ хариуцагч тал барьсан сууриа манай газар дээрээс авна уу гэсэн байр суурьтай байгаа. Т.А- буруутай байж гэмээнэ 73.589.773 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Т.А- буруутай гэдгийг хариуцагч талаас нотлоогүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт бэлэн бусаар шилжүүлсэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууц, бэлнээр төлсөн 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

 

Хариуцагч “Д” ХХК нь “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж, нэхэмжлэгч Т.А- нь гэрээгээр хүлээсэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн үндэслэлээр 73.589.773 төгрөг гаргуулахаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

2015 оны 5 сарын 27, 2015 оны 8 сарын 05-ны өдрүүдэд “Барилгын захиалга авах гэрээ” /цаашид “гэрээ” гэх/-г Т.А- нь “Д” ХХК-тай байгуулжээ. /хх7-15х/

 

2015 оны 5 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээр Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Өгөөмөр гэх газарт 576 м.кв талбайтай, 633.600.000 төгрөгийн үнэ бүхий барилга бариулахаар, 2015 оны 8 сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр мөн газартаа 288 м.кв талбайтай 316.800.000 үнэ бүхий барилга бариулахаар талууд харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь “...2015 оны 8 сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ нь 2015 оны 5 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт гэрээ тул анх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 сарын 27-ны өдрийн гэрээнээс татгалзаж...” байгаа тайлбарыг гаргаж, хариуцагч тал “...2015 оны 5 болон 8 сард байгуулагдсан гэрээнүүд 2 тусдаа гэрээнүүд” хэмээн маргав.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээнээс үзэхэд Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Өгөөмөр гэх газарт иргэн Т.А-гийн захиалгаар барилга барихаар “Барилгын захиалга авах гэрээ” нэртэй гэрээ байгуулж, 576 м.кв талбайг 288 м.кв болгож, гэрээний үнэ 633.600.000 төгрөгийг 316.800.000 төгрөг болгож багасгасан гэж үзэхээр байна. Гэрээний 9.5-д зааснаар төлбөрийн урьдчилгаанд “...130.000.000 төгрөгийг бэлэн бусаар буюу Улаанбаатар хот, БГД, 8-р хороо, 4-р хороолол, Ард аюуш гудамж, 15-р байр, 32 тоот хаягт байрлах, 3 өрөө, угсармал орон сууцаар сольж тооцох”-оор дээрх 2 гэрээнд аль аль нь тусгасан байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч талын “2015 оны 8 сарын гэрээ нь 2015 оны 5 сарын гэрээний нэмэлт, 2015 онд 1 дүгээр давхараа барьж дуусгах зорилгоор 2 дахь гэрээг нэмэлтээр байгуулсан” гэх тайлбар үндэслэлтэй, хариуцагч энэхүү тайлбарыг үгүйсгэсэн баримтыг гаргаагүй.

Гэрээний 1.1, 3.2, 4.5, 5.1 дэх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.А- нь барилга бариулж хөлс төлөх үүргийг, хариуцагч барилгыг 2-4 сарын хугацаанд барьж Т.А-гийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн ба хүлээсэн үүргийн агуулгаас үзвэл талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 5 сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Гэрээнд ажлын үр дүн, тоо, хэмжээ, чанарын талаар тусгайлан заагаагүй тул гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч шаардлага гаргасан байна.

 

Гэрээний 4.2-т зааснаар “барилгын зураг төсөл, геодезийн дүгнэлт бусад зайлшгүй шаардлагатай баримт бичиг, тоног төхөөрөмжийг хугацаанд нь шилжүүлэн өгөх” үүргийг захиалагч, гэрээний 5.1-т “барилгын ажлыг батлагдсан зургаар, барилга байгууламжийн батлагдсан журмын дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх” үүргийг ажил гүйцэтгэгч хүлээжээ. Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т барилгын ажил гүйцэтгэгч нь “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан ба зураг төсөл нь мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаардана. Ажил гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан хориглосон заалтыг зөрчиж магадлал хийгдээгүй зураг төслөөр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 3/2648 албан тоотоор нотлогдов. /2 дугаар хавтас-28х/

  

Нэхэмжлэгч “...сувиллын зориулалттай 2 давхар барилга бариулахаар анх захиалга өгсөн...” гэж, хариуцагч тал “...энгийн амины орон сууц, энгийн тоосгон орон сууц барихаар тохиролцсон...” гэж тайлбарлах ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-т “амины, энгийн тоосгон орон сууц” хэмээн тусгасан, хавтаст хэрэгт цугларсан 2016 оны 6 сарын 10-ны өдрийн “Улаан шугамыг шалгаж, тэг тэнхлэг тавьсан акт”, 2016 оны 6 сарын 15-ны өдрийн “Суурийн нүх ухсан акт”, 2015 оны 6 сарын 20-ны өдрийн “Суурь хийсэн акт”, “Хана, сууринд төмөр бетон бүс хийсэн акт”, 2015 оны 6 сарын 30-ны өдрийн “Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт” зэрэгт сувиллын зориулалттай барилга болох талаар ажил гүйцэтгэгч тэмдэглэжээ./хх84-90х/ Барилга байгууламж нь сувиллын, энгийн, амины, тоосгон орон сууцны зориулалттай байхаас үл хамааран Барилгын тухай хууль, Иргэний хуульд зааснаар ажлын чанар, үр дүнд нөлөөлөх учиргүй. Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “барилга байгууламж гэдэг нь барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга...” байна  гэж заасан.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргийг хүлээсэн боловч “Д” ХХК нь энэхүү үүргээ зөрчсөн болох нь 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 19-07-020-71, 19-07-020-101 тоот Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчийн акт болон дүгнэлт, зохигчдын хүсэлтээр шүүхээс томилсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдов. /хх151-153х, 209-248х/ 

 

Шинжээч “...үргэлжлүүлэн барих боломжгүй, хүчитгэл бэхэлгээ хийхийн тулд одоо хийгдсэн ажлуудаас тодорхой хэсгийг буулгасны дараа засаж гүйцэтгэх шаардлагатай байгаа тул шууд бэхэлгээ, хүчитгэл хийх боломжгүй, барилга 16 хувийн гүйцэтгэлтэй, гүйцэтгэлийн өртөг нь 73.589.773 төгрөг, зөрчлүүд нь арилгах, засан сайжруулахад төвөгтэй, хүндрэлтэй, зураг төсөл бүрэн биш, гүйцэтгэсэн ажил нь Барилгын хууль болон Барилгын норм ба дүрмийг зөрчсөн...” талаар  дүгнэлтийг ирүүлсэн.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т “гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан ба “Д” ХХК нь цаашид үргэлжлүүлэн барих боломжгүй ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдов. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын шаардлага хангахгүй, захиалагчийн хувьд илт хохиролтой цаашид ашиглах боломжгүй ноцтой зөрчил тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж үзнэ.

 

Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээнээс татгалзаж гэрээний төлбөрийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг В.Т-аас 2015 оны 8 сарын 25-ны өдөр “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр Д.Э-ын өмчлөлд шилжүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017516 дугаартай орон сууц нь иргэн Д.Э-ын өмчлөлд бүртгэлтэй байгаа талаарх лавлагааг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 7/11756 дугаар албан бичгээр ирүүлсэн байна./хх16-19, 161,162х/

 

Т.А-гийн төлбөр төлөх үүргийг гуравдагч этгээд В.Т- гүйцэтгэж өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т зааснаар үүргийн шинж чанарт харшлаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Т.А- нь гэрээний төлбөрт бэлэн бусаар шилжүүлсэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууц, бэлнээр төлсөн 16.000.000 төгрөгийг гаргуулахаар “Д” ХХК-иас шаардсан ба 130.000.000 төгрөгийн төлбөрт тооцож орон сууц шилжүүлсэн, 16.000.000 төгрөг хариуцагчийн дансаар шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй хэдий боловч орон сууц гуравдагч этгээд болох Д.Э-ын өмчлөлд байгаа, нэхэмжлэгч нь Д.Э-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаан гаргуулахаар шаардсан тул Д.Э-ын өмчлөл дэх орон сууцыг хариуцагч “Д”ХХК-иас гаргуулах үндэслэлгүй. Харин 2015 оны 8 сарын 6-ны өдөр, 2015 оны 9 сарын 15-ны өдөр тус тус шилжүүлсэн 16.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч Т.А- гуравдагч этгээдэд холбогдуулан 130.000.000 төгрөгт тооцон гэрээний төлбөрт бэлэн бусаар шилжүүлсэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг шаардахад саад болохгүй.  

Дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

“Д” ХХК нь “...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэн Т.А- нь гэрээгээр хүлээсэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн. Иймд сөрөг нэхэмжлэл 73.589.773 төгрөгийг гаргуулна” хэмээн Т.А-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргав.

 

Нэхэмжлэгч тал “...Т.А- гэрээ зөрчсөн баримтыг хариуцагчаас гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтээр 73.589.773 төгрөгийн ажил хийгдсэн,Т.А- 146.000.000 төгрөгийн төлөлтийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн. Төлсөн төлбөр хийсэн ажлын төсвөөс илүү байгаа гэдэг нь харагдаж байна. Хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ Т.А- зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргав.

 

Хариуцагч тал шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 73.589.773 төгрөгийн шаардлагыг Т.А-д холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар захиалагч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн хэмээн тайлбарлав.

 

“Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох захиалагч Т.А- хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй, ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгөөс, захиалагчийн төлсөн төлбөр илүү, захиалагч гэрээнээс татгалзсан нь хариуцагч байгууллагын ажлын гүйцэтгэлтэй шууд хамааралтай болох нь тогтоогдсон. 73.589.773 төгрөгийн шаардлагын хэд нь материалын зардал, хэд нь ажиллах хүчний зардал, хэд нь тээврийн зардал болох нь тодорхойгүй. Нэгэнт шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж 73.589.773 төгрөг гаргуулахаар шаардсан бол энэхүү шаардлага нь шинжээчийн дүгнэлт дэх барилгын төсөвт өртөгтэй хариуцагчаас гаргасан баримтаар давхар нотлогдох учиртай. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан баримтууд нь захиалагч Т.А-гийн захиалсан барилгыг барихад зарцуулагдсан гэж шууд үзэх боломжгүй байна. Иймээс хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлоогүй, шаардлага үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Нөхөн төлүүлэх шүүхийн зардал буюу шинжээчийн зардал 1.480.000 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн тул энэхүү зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                             

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “Д” ХХК-иас 16.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууц гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэн Т.А-д холбогдох 73.589.773 төгрөг гаргуулах тухай “Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас 237.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д, 1.480.000 төгрөг гаргуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ