Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00287

 

Т.А-, В.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00698 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 906 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.А-

          Нэхэмжлэгч: В.Т-

          Хариуцагч: “...хаус” ХХК

          Хариуцагч: Д.Э-

          Үндсэн нэхэмжлэл: 16,000,000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах

          ...хаус ХХК-н сөрөг нэхэмжлэл: 73,589,773 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Э-ын төлөөлөгч Ж.Батзоригтын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А-, түүний өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагч Д.Э-, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон тайлбартаа: 2015-05-27-ны өдөр ...хаус ХХК-тай Барилгын захиалга авах гэрээний дагуу Төв аймгийн ... гэдэг газарт 2 давхар сувиллын зориулалттай, 576 м.кв талбайтай 2 давхар барилгыг 2-4 сарын хугацаанд бариулахаар тохиролцсон. Гэрээ байгуулснаар 2015-06-р сард барилгын ажил эхэлсэн. Гэтэл барилгын ажил эхэлснээс хойш 2 сарын дараа гүйцэтгэгчийн зүгээс энэ жилдээ багтааж дуусахгүй тул нэмэлт гэрээ байгуулж 1-р давхрыг дуусгая гэхдээ өмнөх гэрээ хүчинтэй, нэгдүгээр давхрыг дуусгаад ирэх жил 2 дугаар давхрыг дуусгая гэж тохиролцсон. Ингээд 2015-08-05-ны өдөр барилгын захиалга авах гэрээ байгуулсан. Захиалагчаас барилгын санхүүжилтэд тооцож нөхөр В.Т-ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 130сая төгрөгөөр ...хаус ХХК-д өгөхөөр тохиролцсон. ...хаус ХХК-ийн хүсэлтээр орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр болж 2015-08-25-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг В.Т-, Д.Э- нар дүр үзүүлэн байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг Д.Э-д шилжүүлсэн. Мөн гэрээнд заасны дагуу барилгын санхүүжилтэд 2015-8-6-ны өдөр 10сая төгрөг, 2015-9-15-ны өдөр 6сая төгрөг бэлнээр нийт дүнгээрээ 146сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн. Барилгын ажил 2015-06-30-ны өдөр зогсоод түүнээс хойш ажил хийгдээгүй. Гүйцэтгэсэн ажил нь Барилгын тухай хууль, холбогдох стандартыг зөрчиж хийгдсэн, чанар байдлын шаардлага хангахгүй хийгдсэн талаар эрх бүхий байгууллагуудын дүгнэлт гарсан. Хариуцагчийн барьсан ажлыг цааш үргэлжлүүлж барих асуудлыг бид судалж үзсэн боловч ямар ч боломжгүй, үргэлжлүүлэн барих нь аюулгүй байх боломжгүй нь тогтоогдсон. Иймд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 16сая төгрөг болон орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Д.Э-тай худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийж, өмчлөх эрхийг шилжүүлсэн. Иймд хариуцагч ...хаус ХХК-иас 16сая төгрөг гаргуулж Т.А-д олгож, 2015-8-25-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, БГД, ..-р хороо, .. хороолол ..-р байр, .. тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг чөлөөлж, В.Т-ын өмчлөлд шилжүүлж өгнө үү. Бид гэрээний үүргээ зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

       Хариуцагч “...хаус” ХХК тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээ байгуулагдсанаас хойш барилгын ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Нэхэмжлэгч тал төлбөрийг цаг хугацааны дарааллаар төлж түүнийх нь дагуу барилгын ажил гүйцэтгэх ёстой байсан. Ингээд барилгын ажил явагдаж байгаад нэхэмжлэгчийн өгсөн санхүүжилт дуусаад ирэхэд нь гэрээний дагуу төлбөрийг шаардсан боловч мөнгө өгөөгүй тул ажил зогссон. Нэхэмжлэгч тал барилга чанарын шаардлага хангаагүй учраас гэрээнээс татгалзсан гэж тайлбарладаг. Бид хууль бусаар нэхэмжлэгчийн байрыг авч, бусдад хууль бусаар шилжүүлээгүй. Хүчин төгөлдөр гэрээ байгаа. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргаж байгаа ч энэ нь үндэслэлгүй. Барилга баригдах тухайд инженер геологийн судалгаа хийлгэж уг хөрсний нэр төрөл физик механик шинж чанарын норматив болон тооцооны үзүүлэлтүүдийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т заасан. Гэтэл захиалагч тал уг үүргээ гүйцэтгээгүй. Суурь суулгах гүнийг нарийвчлан тооцож гаргаагүй, барилгын суурийг нэг төвшинд төлөвлөөгүй, даацын хана болон хамар хана тэдгээрийн холбоос, эзлэхүүн төлөвлөлтийг норм дүрэмд заасан хэмжээг баримтлахгүйгээр буруу төлөвлөсөн нь БНБД-ийг зөрчсөн гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний 1.1-д захиалагч тал нь энгийн амины орон сууц бариулахаар захиалсан. Гэтэл нэхэмжлэлдээ сувиллын барилга бариулахаар захиалсан гэсэн байх ба дээрх дүгнэлтийг ч сувиллынх гэсэн байдлаар дүгнэлт гаргуулсан байна. Шаардлага хангахгүй зураг төслөөр барилгын ажил хийсэн гэдэг нь талуудын байгуулсан гэрээний 4.2-д заасан зураг төсөл гаргаж өгөх үүргээ захиалагч тал гүйцэтгэхээс татгалзаж, зардлаа хэмнэж, гүйцэтгэгч талын план зургаар барилгын ажлыг хийлгүүлэх хүсэлт тавьсан байх бөгөөд гэрээний 4.4-т хэрэв захиалагч төлбөртэй зураг гаргуулахаас татгалзан компаний үнэгүй гаргадаг ерөнхий зургаар гүйцэтгэхээр бол батлагдсан зургаар барилга бариагүй гэх аливаа хариуцлага хүлээхгүй гэж заасан. Нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр байрыг шилжүүлсэн. 16сая төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. 16сая төгрөг нь барилгын материал болсон, үүнийг барилгад нь орхисон. Харин нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийн үүргээ биелүүлсэн тохиолдолд барилгыг цаашид барих боломжтой гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Захиалагч үндэслэлгүйгээр барилгын ажлыг зогсоож шүүхэд хандан гэрээнээс татгалзан. Тус компани захиалагч Т.А- гэрээ байгуулснаас хойш 73,589,773 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул уг мөнгөө гаргуулна гэжээ.

        Хариуцагч Д.Э- тайлбартаа: ...хаус ХХК иргэн Т.А- нарын хооронд 2015-05-27-ны өдөр барилгын захиалга авах гэрээний 9.5-д захиалагч тал эхний санхүүжилт болох 130сая төгрөгийг бэлэн бусаар буюу УБ хот, БГД, ..-р хороо, ..-р байр .. тоот хаягт байрлах 3 өрөө угсармал орон сууцыг сольж тооцно гэж тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр байна. Энэхүү гэрээг үндэслэн 2015-08-25-ны өдөр орон сууц худалдах- худалдан авах гэрээ В.Т-, Д.Э-ын төлөөлөгч Р.Мөнхжаргал нарын хооронд байгуулагдан нотариатаар баталгаажуулан хүчин төгөлдөр болсон байна. Д.Э- энэ хэргийн хариуцагч биш Т.А-, В.Т- нарын эрх, эрх чөлөө ашиг сонирхолд хохирол учруулаагүй ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно. ...хаус ХХК нь Т.А-, В.Т- нарын төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь Т.А-, В.Т- нарын зөвшөөрлийн дагуу хуулийн хүрээнд хийгдсэн хэлцэл юм. Иймд Т.А-, В.Т- нарын худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 184/ШШ2019/00698 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ...хаус ХХК-с 16 сая төгрөг гаргуулж Т.А-д олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар 2015-08-25-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, В.Т-ын Улаанбаатар хот, Баянгол дүүрэг ..дугаар хороо, .. дүгээр хороолол, .. дугаар байр .. тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг Д.Э-д даалгаж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлээс Д.Э-ыг орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар ...хаус ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,695,900 төгрөг төлсөн, илүү төлсөн 579,800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Т.А-д буцаан олгож, ...хаус ХХК-с төлсөн 528,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ...хаус ХХК-аас 237,950 төгрөг, Д.Э-аас 807,950 төгрөг тус тус гаргуулж Т.А-д олгож, ...хаус ХХК-с 1,480,000 төгрөг гаргуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгохоор  шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 906 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

      Хариуцагч Д.Э-ын төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...хаус” ХХК болон Т.А- нарын хооронд 2015-05-27-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 9.5-д Захиалагч тал эхний санхүүжилт болох 130сая бэлэн бусаар буюу .. тоот..3 өрөө орон сууцыг сольж тооцно гэж тохиролцсон гэрээ хүчин төгөлдөр байна. Уг хүчин төгөлдөр гэрээг үндэслэн 2015-08-25-ны өдөр гэрээг В.Т-, Д.Э-ын төлөөлөгч “...хаус” ХХК-ний нягтлан бодогч Р.Мөнхжаргал нар байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Шүүх ИХ-н 56.1.2, 56.5 зааснаар Т-, Д.Э- нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож орон сууц өмчлөх эрхийг сэргээж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг Д.Э-д даалгахдаа хуулийг буруу тайлбарласан. В.Т- Д.Э- нарын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн хүрээнд харилцан тохиролцож байгуулсан “...хаус” ХХК /үүсгэн байгуулагч Алтайбаатарын зөвшөөрлөөр Э-ын өмчлөлд шилжүүлсэн байхад шүүх дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх “...хаус” ХХК нь захиалагчийн өмчлөлийн орон сууцыг 130сая төгрөгийн ажлын хөлсөнд тооцож авахаар харилцан тохиролцсон үүргийн гүйцэтгэлийг Д.Э-д шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн атлаа “...орон сууцыг Т А-гийн гэр бүл В.Т-ын өмчлөлөөс Д.Э-д шилжүүлсэн 2015-08-25-ны өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хэлцэл хийсэн талууд шилжүүлсэн бүх зүйлээ буцаах үүрэгтэй. Б.Э-ын хувьд орон сууцны үнийг шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд 2015-09-02-ны өдөр орон сууцыг В.Т-т буцаан шилжүүлэх нь хуульд нийцнэ..” гэжээ Дээд шүүхийн 2010-06-22-ны 17 тогтоолд Дүр үзүүлэн хийсэн хэлцэлийг тайлбарласан байдаг. В.Т- Д.Э-ын төлөөлөгчдийн Худалдах худалдан авах гэрээ нь “...хаус” ХХК, иргэн

      Т.А- нарын 2015-05-27-ны өдрийн гэрээг үндэслэн талууд харилцан зөвшөөрч ажлын хөлсний төлбөрт шилжүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн түүнчлэн ИХ-н 109.2, 110.1, 205.2 205.2.2-р шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх ИХШХШТХ-н 40.1, 40.2-г зөрчсөн ба хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:        

       Нэхэмжлэгч нар 2016-08-09-ний өдөр шүүхэд хандан ...хаус ХХК, Д.Э- нарт холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэх, өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд “...2015-05-27-ны өдөр ...хаус ХХК-тай гэрээ байгуулж сувиллын зориулалттай, 2 давхар 576 м.кв талбайтай барилга бариулахаар тохиролцсон...ажлын хөлсөнд тооцож В.Т-ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 130сая төгрөгт ...хаус ХХК-д худалдах-худалдан авах гэрээ хэлбэрээр Д.Э-д шилжүүлсэн тул уг гэрээ хүчин төгөлдөр бус юм...түүнчлэн... 16сая төгрөг өгсөн...барилга шаардлага хангахгүй баригдсан тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж төлбөрт өгсөн эд зүйлээ буцааж авна...” гэжээ.         

       Хариуцагч ...хаус ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч төлбөрийг гэрээний дагуу өгөөгүй тул ажил зогссон... гэрээний 4.2-т заасан үүргээ захиалагч гүйцэтгээгүй...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...харин гэрээ байгуулснаас хойш 73,589,773 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул уг мөнгөө гаргуулна..” гэж марган сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

       Хариуцагч Д.Э- нэхэмжлэлийг татгалзахдаа “...энэ хэргийн хариуцагч биш... гэрээ хүчин төгөлдөр... Т.А-, В.Т- нарт хохирол учруулаагүй..тэдний өмнө  үүрэг хүлээгээгүй... нэхэмжлэгч нарын зөвшөөрлийн дагуу хуулийн хүрээнд хийгдсэн хэлцэл..” гэжээ. 

       Анхан шатны шүүх 2015-08-25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, В.Т-ын .. тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж, өмчлөх эрхээ  шилжүүлэхийг Д.Э-д даалгаж, ...хаус ХХК-с 16 сая төгрөг гаргуулж Т.А-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна.

      Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

     Хариуцагч Д.Э- гомдолдоо “... тоот орон сууцыг сольж тооцох гэрээ хүчин төгөлдөр...шүүх өмчлөх эрхийг шилжүүлэхийг Д.Э-д даалгахдаа хуулийг буруу тайлбарласан... мөн ИХ-н 109.2, 110.1, 205.2 205.2.2-р шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.... ИХШХШТХ-н 40.1, 40.2-г зөрчсөн...” гэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Д.Э-ын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Шүүх 2015-08-25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. дугаар байр .. тоот орон сууцны өмчлөх В.Т-ын эрхийг сэргээж, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг Д.Э-д даалгасан байх бөгөөд үүнийг Д.Э- эс зөвшөөрч хяналтын гомдол гаргажээ.

     2015-05-27-ны өдөр гэрээгээр ...хаус ХХК 576 м.кв талбай бүхий энгийн амины орон сууц барьж гүйцэтгэх, Т.А- ажлын хөлсийг төлөх талаар тохиролцсон байх бөгөөд уг гэрээнд 2015-08-25-ны өдөр өөрчлөлт оруулж, барилгын талбайн хэмжээг 288 м.кв, ажлын ерөнхий хугацааг 2-4 сар, нийт хөлсийг 349,100,000 төгрөг байхаар тохиролцсон ба энэ талаар маргаангүй байна.

      Хоёр шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцжээ.

     Т.А- ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 16,000,000 төгрөг төлж, 130 сая төгрөгт  өөрийн гэр бүл В.Т-ын өмчлөлд буй, Нийслэлийн Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хорооллын, Ард Аюуш гудамж .. дугаар байрны .. тоотыг шилжүүлсэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. 

     ...хаус ХХК-ийн нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь нотлогджээ.

     Ажил гүйцэтгэгч нь нь 288 м.кв барилгын ажлыг батлагдсан зургаар барилга байгууламжийг барихад мөрдвөл зохих журмын дагуу хугацаанд нь гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

     Хэрэгт авагдсан баримтаар ...хаус ХХК нь 130,000,000 төгрөгийн ажлын хөлс болгож В.Т-ын өмчлөлийн орон сууцыг тооцон Д.Э-ын нэр дээр худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар шилжүүлэн авсан нь тогтоогдсон байх бөгөөд шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-н зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ. 

     Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаарх үндэслэлээ тодорхой зааж Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж үлдээж, гомдлыг хангахгүй орхив. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00698 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 906 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ын төлөөлөгч Ж.Батзоригтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ