Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01001

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00974 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Л.О-ийн хариуцагч Х.Э-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 5 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Э нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Магда төв дэлгүүрийн 130 м.кв талбайг зоорийн давхар, газар эзэмших эрхийн хамт Ц.Ганхүүгээс 700 000 000 төгрөгөөр худалдан авах гэж байгаа тул “бидэнтэй хамтарч ажиллаач” гэх саналыг “Тэмүүлэн-Од” ХХК-ийн захирал М.Батсайханд тавьсныг зөвшөөрч, тухайн үед “Шинэ төгрөг ББСБ” ХХК-иас 350 000 000 төгрөгийн зээл авахад түүнд тусалсан. Худалдан авч буй нийт 130 м.кв талбайг тэнцүү хэмжээгээр хувааж авахаар тохиролцсон тул Х.Э 65 м.кв талбайг Л.О-т шилжүүлэн өгснөөр Л.О 65 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч болсон. Гэвч бодит байдал дээр Магда төвийн талбай нийт 156.54 м.кв байсныг Х.Э нь мэдсэн атлаа нуун дарагдуулж, ашигтай талбайг нь өөрөө авсан талаар сүүлд нь мэдсэн. Л.О нь Х.Э-той харилцан тохирч, өөрийнхөө эзэмшлийн 65 м.кв талбайг түүнд сарын 2 625 000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд 65 м.кв талбайг Х.Э нь ашигласны төлбөрт 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Л.О-т 2 сарын түрээсийн төлбөрт 5 250 000 төгрөгийг, 2013 оны 12 сард 11, 12 сарын түрээсийн төлбөрт 5 250 000 төгрөгийг төлсөн. Х.Э 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр  хүртэл уг талбайг түрээслэн ашигласан боловч 2014 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй, төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардлага тавихад тог цахилгааны мөнгийг хасаад үлдэгдлийг нь төлнө гэдэг. Дээрх 65 м.кв талбайг  2014 оны 3 дугаар сард бусдад худалдсан. Би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлангийн 3-47 тоот хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00257 шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хариуцагчийг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 49 дүгээр байрны 02 тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Иймд Х.Э-оос 2014 оны 01, 02 саруудын түрээсийн төлбөрт 5 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Х.Э нь Магда төвийн 130 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг “Тэмүүлэн-Од” ХХК-ийн захирал М.Батсайхантай хамтран 700 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд М.Батсайханы худалдан авсан 65 м.кв талбайг бэр эгч болох Л.О өмчлөгчөөр бүртгүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хариуцагч тус түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Л.О-ийн шаардсанаар 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлж, хүлээлгэн өгсөн. Талууд түрээсийн 1 сарын төлбөрийг 2 625 000 төгрөг, тог цахилгаан, ашиглалтын зардлыг тэнцүү хариуцахаар харилцан тохиролцсон. 2013 оны 10 ,11 сарын түрээсийн төлбөрт 5 250 000 төгрөгийг 2013 оны 10 сард, 2013 оны 12, 2014 оны 01 сарын түрээсийн төлбөрт 5 300 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн. Харин 2014 оны 2 сарын түрээсийн төлбөрийг өмнөх саруудад төлбөл зохих цахилгаан, ашиглалтын зардалд суутган тооцож, талууд харилцан тохирч, дуусгавар болгосон. 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтын зардал 418 727 төгрөг, цахилгааны төлбөр 370 142 төгрөг, нийт 788 869 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтын зардал 584 077 төгрөг, цахилгааны төлбөрт 352 402 төгрөг, нийт 936 479 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны  өдөр ашиглалтын зардал 608 574 төгрөг, цахилгааны төлбөр 421 697 төгрөг, нийт 1 030 271 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтын зардал 604 374 төгрөг, цахилгааны төлбөр 511 694 төгрөг, нийт 1 116 068 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 05-ны  өдөр ашиглалтын зардал 638 111 төгрөг, цахилгаан төлбөр 384 310 төгрөг, нийт 1 022 421 төгрөг болсон бөгөөд нийт дүн 4 894 108 төгрөг болсон тул 50 хувь нь 2 447 054 төгрөг болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус. Түүнчлэн Л.О нь нэхэмжлэлийн шаардлагад тус талбайн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбарлан хавсаргаж өгсөн боловч 2014 онд талбайгаа бусдад худалдан борлуулсан, өмчлөгч байсан гэрчилгээг нь нотариат 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрчилсэн нь эргэлзээтэй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 5 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 98 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 98 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12046 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэргээс хуулбарласан гэх бичмэл нотлох баримтуудыг гарган өгсөн ба анхан шатны шүүх тэдгээр баримтуудаас дараах баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь Магда төв дэлгүүрийн 130 м.кв талбайн талын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авч, нэхэмжлэгч хариуцагч нар 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дээрх байрыг худалдагч Ц.Ганхүүгээс хүлээн авсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн хҮлээлгэн өгсөн барилга, газрын план зургаар тогтоогдож байна" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь хэрэгт нэхэмжлэгчийг Магда төв дэлгүүрийн 130 м.кв талбайн өмчлөх эрхийг олж авсан гэж дүгнэх худалдах, худалдан авах гэрээ огт авагдаагүй атал нэхэмжлэгч талбайн өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр олж авсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг болон хавтаст хэрэгт авагдсан “Магда” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганхүүгээс иргэн Х.Э, Л.О нарт худалдсан барилга, газрын план зураг гэх гар бичвэрт нэхэмжлэгч, хариуцагчийн алиных нь ч гарын үсэг байхгүй, түүнийг хэзээ үйлдсэн нь эргэлзээтэй баримт байдаг ба уг план зураг гэх гар бичвэрт талбай хүлээлгэн өгсөн гэх үг, өгүүлбэр байхгүй. Анхан шатны шүүх уг баримтыг илт нэг талд ашигтайгаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэгчээс ирүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээ гэсэн баримтад эргэлзэж, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа ч тэрээр бусдаас хамтарч худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч хэсгээр өмчлөх эрхгүй гэж хариуцагч маргаагүй, зохигчийн өмчлөх эрхийн гэрчилгээ улсын бүртгэлээр баталгаажаагүй байх үед ч эд хөрөнгийг худалдагч Ц.Ганхүүгээс хүлээн авсан 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч худалдан авсан хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шимийг авах эрх үүсэх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь буруу. Учир нь хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг 65 м.кв талбайг бусдад түрээслүүлж, түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, шаардах эрхтэй этгээд гэдгээ баримтаар нотлоогүй гэж мэтгэлцсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12046 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан Л.О-ийн нэхэмжлэлтэй Х.Э-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Л.О нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа өмнөх захирамжийн зөрчлийг арилгаагүй. Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд" гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хамаарахгүй” гэж тайлбарласан байдаг атал анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн шүүхийн “хуулбар үнэн” тамга дарагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг нотлох баримт үнэлэх зарчим, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “барилгыг худалдан авсан үеэс хариуцагч үйл ажиллагаа эрхлэхээр Л.О-ийн өмчлөлийн хэсгийг төлбөртэйгээр эзэмшихээр амаар тохирсон нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй. Учир нь хавтаст хэрэгт 65 м.кв талбайг хэн, хэзээ худалдаж авсан талаарх гэрээ хэлцэл, гэрээний дагуу талбай хүлээлцсэн акт, түүнчлэн нэхэмжлэгч Л.О-ээс хариуцагч Х.Э-д талбай хүлээлгэн өгсөн эсэх талаар ямар ч нотлох баримт байхгүйгээс гадна нэхэмжлэгчийн зүгээс ч ийм тайлбар гаргаагүй болно. Иймээс анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Х.Э-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбайг бүрэн чөлөөлж өгсөн, 2013 оны 10,11 дүгээр сарын түрээсийн төлбөрт 5 250 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сарын төлбөрт 5 300 000 төгрөгийг төлсөн, харин 2014 оны 02 дугаар сарын төлбөрийг өмнөх саруудад төлөх ёстой байсан цахилгаан, ашиглалтын зардалд төлж, харилцан тохиролцож дуусгавар болгосон гэж тайлбарлажээ.

Талууд Баянгол дүүрэгт байрлах 130 м.кв талбай бүхий Магда төв дэлгүүр, газар эзэмших эрхийг хамтран худалдан авсан, 130 м.кв талбайг адил тэнцүү хувааж, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 65 м.кв талбайгаа хариуцагчид 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр  хүртэл түрээслүүлж, 2013 оныг дуусталх 4 сарын түрээсийн төлбөрт нийт 10 550 000 төгрөгийг төлөгдсөн үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч тал 65 м.кв талбайд үйл ажиллагаа явуулж хэлэлцэн тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрийг төлж байсан 1 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлсөн гэх боловч энэ нь баримтаар үгүйсгэгдсэн, харин 2 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй байгааг үгүйсгээгүй, ашиглалтын зардалд тооцож төлбөрийг дуусгасан гэж татгалзлаа гаргажээ.

Хэрэгт ашиглалтын зардалд харилцан суутгаж, төлбөрийг дуусгасанд тооцсон талаарх баримт авагдаагүй тул хариуцагч талыг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзнэ.

Мөн хариуцагчийн түрээсийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзсаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй амаар тохиролцсоны дагуу 2014 оны 01,02 дугаар сард талбайг эзэмшиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн эд хөрөнгөөс үр шим, ашиг олсон гэж үзэж төлбөрийг гаргуулсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанд нийцнэ.

Харин шүүх гэрээ хүчин төгөлдөр бус болсон гэж дүгнэсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

            Түүнчлэн хариуцагч нь 65 м.кв талбайг ашигласны түрээсийн төлбөрийг төлж байснаас үзвэл Л.О-ийн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх тул өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн түүний тайлбар ач холбогдолгүй, шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00974 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД 

                                                       ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ