| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 161/2019/0143/Э |
| Дугаар | 2021/ДШМ/21 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., 24.6.2.3., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ДШМ/21
Л.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Н, Л.Н нарт холбогдох эрүүгийн 2013001850153 дугаартай хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, шүүгдэгч Л.Н, прокурор М.Парида нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 4 хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн М сумын Б багт оршин суудаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч О овогт Лгийн Л.Н /РД: БД00000/
Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 5 хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын дугаар багт оршин суудаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч О овогт Лгийн Л.Н /РД: БД00000/
Шүүгдэгч Л.Л.Н, Л.Н нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр тус аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Их хадын хэцүү” гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2.3929 м3 эзлэхүүнтэй, байгалийн жамаар унасан, хэрэглээний шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин, эдийн засгийн экологид 2,456,045 төгрөгийн бодит хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор:
1. О овогт Лгийн Л.Н, О овогт Лгийн Л.Н нарыг “бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Н, Л.Л.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Н, Л.Л.Н нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Л.Л.Н нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Л.Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрт хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 7.368.135 (долоон сая гурван зуун жаран найман мянга нэг зуун гучин таван) төгрөгөөс шүүгдэгч нар нь 2.862.570 (хоёр сая найман зуун жаран хоёр мянга таван зуун далан) төгрөгийг төлснийг дурдаж, үлдэх 4,505,565 (дөрвөн сая таван зуун таван мянга таван зуун жаран тав) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Л.Л.Нгийн хувьд ногдох хөрөнгөөс 2.258.783 (хоёр сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун наян гурав) төгрөг, шүүгдэгч Л.Нгийн хувьд ногдох хөрөнгөөс 2.258.783 (хоёр сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун наян гурав) төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, шүүгдэгч нар нь уг төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдаж.” шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын давж заалдах гомдолд: “...Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Хэрэг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болоход хэрэгт холбогдогч буюу шүүгдэгч бид нарт ашигтай байдлаар шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой байтал анхан шатны шүүхээс хэт яллах талыг барьж малаас өөр орлогогүй, малын үр шимийг хүртэж амьдардаг бид нарт хатуудсан шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийн “...Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 7.368.135 төгрөгийг төлж барагдуулах...” тухай хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье.
2019 оны 5 дугаар сард бидний хаваржаа байдаг газарт байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас олон тооны мод унаж ургах боломжгүй болсон ба тухайн давагдашгүй хүчин зүйлийн улмаас бидний өсгөн үржүүлж байсан 500 гаруй бог мал үхэж үрэгдэн бидний гэр бүлд маш хүнд хохирол учирсан. Энэ асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхээр прокурорын газарт хүсэлт гаргасан боловч хүсэлтэд заасан асуудлыг үл тоож шалгаж иргэн бидний эрх ашгийг хангаагүй хэргийг дутуу шалгасан асуудал гарсанд мөн гомдолтой байна.
Хууль шүүхийн байгууллага иргэд биднийг чирэгдүүлж, хэрэг шалгахад биднээс шалтгаалж удааширсан хүндрэлтэй зүйл огтоос байхгүй, бид дуудсан цагт тухай бүр очдог байсан. Биднийг цагдаад очиход 1-ээс 10 хоногийн хугацаанд юу ч асуухгүйгээр ямар ч шалтгаангүйгээр дуудаж байлгадаг бөгөөд удааширсан асуудал нь бүгд мөрдөн шалгах ажиллагааны явцад байсан тул энэ асуудлыг бид бүхэнд эрүүдэн шүүсэн асуудал гаргасан гэж үзэж байгаа тул эрхэм шүүгч та энэ талыг бас харгалзан үзэхийг хүсье.
Ой мод бүхий газраас иргэд хэрэглээний түлээ мод, хашаа, хороо хийх зориулалтаар өөрсдийн хэрэгцээнд тааруулж бэлтгэн ашигладаг асуудал өдөр бүр манай нутагт байдаг, гардаг асуудал. Бидний бэлтгэсэн гэх мод байгалийн жамаар давагдашгүй хүчин зүйлийн улмаас унасан цаашид ургах боломжгүй мод байсныг нутгийн ах дүү нар бүгд мэдэж байгаа, энэ модноос бусад харсан үзсэн нутгийн иргэд машин техник хүрэх боломжтой хэсгээс бэлтгэж байсан учраас бид бэлтгэж болно гэж үзээд амьд үлдсэн хэдэн малаа хашаалах хашаа, хороо барих зорилгоор цаашид ургах боломжгүй болсон мод бэлтгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь “...ойн санд учирсан хохирол болох 7.368.135 төгрөгөөс шүүгдэгч нар нь 2.862.570 төгрөгийг төлснийг дурдаж, үлдэх 4.505.565 төгрөгийг хувь тэнцүүлэн ..., тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж...” гэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Л.Н, Л.Н нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч, шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Л.Н, Л.Н нарын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр тус аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Их хадын хэцүү” гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2.3929 м3 эзлэхүүнтэй, байгалийн жамаар унасан, хэрэглээний шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар бэлтгэж, шүүгдэгч Л.Л.Нгийн эзэмшлийн 12 настай атан тэмээгээр зөөсөн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Л.Н, Л.Н нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Л.Н, Л.Н нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 12 настай атан тэмээг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй орхигдуулан Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг илтэд буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх нь хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн Долдугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх бүрэн эрхтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг шүүх заавал хурааж, албадлагын арга хэмжээг хэрэглэх үүрэгтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэгдэнэ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг мөн зүйлийн бусад хэсгүүд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй харьцуулан тайлбарлавал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 12 настай атан тэмээ нь шүүгдэгч Л.Л.Нгийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул 12 настай атан тэмээ буюу 850000 төгрөгийг шүүгдэгч Л.Л.Нгаас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Их хадын хэцүү” гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2.3929 м3 эзлэхүүнтэй, байгалийн жамаар унасан, хэрэглээний шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин, эдийн засгийн экологид 2,456,045 төгрөгийн бодит хохирол учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан тул хохирлыг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцжээ. Шүүгдэгч Л.Л.Н, Л.Н нар анхан шатны шүүх хуралдаанд ойн санд учруулсан хохирлыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдаж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шинэс модыг” гэсний дараа “, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Л.Л.Нгийн эзэмшлийн 12 настай атан тэмээ буюу түүний үнэ 850.000 төгрөгийг тус тус” гэсэн нэмэлт оруулж, 8 дахь заалтын “хэвээр үлдээж,” гэснийг “хэвээр нь үлдээсүгэй.” гэж, мөн заалтын “Л.Л.Нгийн эзэмшлийн 12 настай атан тэмээ битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгосугай.” гэсэн өгүүлбэрийг хасаж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Л.Н, Л.Н нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.Мөнхжаргал
Д.КӨБЕШ