Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00080

 

А.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02207 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Б, З.Г, М.Б нарын хариуцагч Т.О-т холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.О, “КБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б, З.Г, М.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд нөхөр З.Г-ын бие муудаж, эмчилгээ хийлгэх болсон тул бид Сонгинохайрхан дүүргийн Ар гүнтэд байрлах фермийн үйл ажиллагаагаа зогсоож зарахаар зар сонинд зар өгсөн. Энэ үед Т.О  нь Ар гүнтэд байрлах фермүүдийг худалдаж авахаар болж 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, батлуулж, 0356002 гэрчилгээний дугаартай Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, Ар гүнтийн 8875 м.кв хэмжээтэй З.Гын нэр дээрх газар, Ү-22027902 тоот улсын бүртгэлтэй, Ар гүнтийн /18120/ ф30, 31, 32 гэсэн хаягт орших, 781 м.кв бүхий 3 ширхэг фермийн зориулалттай барилга зэргийг нийт 650 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Т.О  Чингис бондын санхүүжилтээр   3 250 000 000 төгрөг авахаар болсон гэсэн бичиг баримт, гэрээ үзүүлж байсан. Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрлах хувийн орон сууц, үйлчилгээний барилгыг зарна гэдгийг Т.О мэдэж уг хөрөнгүүдийг очиж үзсэн. Та нар надад мөнгө орж ирэх гэж байгааг мэдэж байгаа, зээл авахаараа мөнгийг төлье гэж баримт үзүүлсэн учир итгэсэн. Зээлд хамрагдах учир одоо надад бэлэн мөнгө өгөх боломжгүй тул тус болохыг гуйж, одоо худалдах худалдан авах гэрээ байгуулахаар илүү их мөнгө хэрэгтэй учраас бэлэглэлийн гэрээ байгуулъя, татвар төлөхгүй гэж хэлсэн.. Бид бэлэглэлийн гэрээ байгуулж байгаа болохоор одоо худалдаж байгааг баталгаажуулж, хэлцэл байгуулъя гэхэд Т.О дургүйцэн шалтгаан хэлж байгаад бид 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр хэлцэл байгуулж Т.О, бид 2 гарын үсгээ зурсан. Тухайн үед Т.О нь “надад албан шаардлага байна, би эх хувийг авъя, чамд хуулбар /канондсон/ хувийг өгье” гээд эх хувийг нь өөрөө авсан тул хуулбар хувийг нь хэрэгт баримтаар гаргасан. Тус хэлцэл нь Ү-2204019037, Ү-2201015783 гэсэн бүртгэлийн дугаартай, нэг нь 416 м.кв, амины орон сууц, нөгөө нь 100 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, бас Г-2204019999, Г-2204014187 дугаартай 2 өмчлөлийн газрууд байсан ба нийтэд нь 375 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Үүнээс хойш Т.О нь бид нартай холбогдохгүй, уулзахаас зайлсхийж, утсаа авахгүй байсан. Бид одоо 375 000 000 төгрөгөөр тохиролцож бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26, 26/А тоот хаягт байрлалтай 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах хүсэлттэй байна. Уг 4 бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хөрөнгүүдээ буцаан авах шаардлагатай байна. Энэ бэлэглэлийн гэрээнүүдээр Т.О биднээс 375 000 000 төгрөгөөр худалдаж авч байгаагаа халхавчилсан бөгөөд төлбөр төлөөгүй. Харин 650 000 000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ нь энэ бэлэглэлийн гэрээнд хамааралгүй, энэ гэрээний дагуу 250 000 000 төгрөг төлсөн. Бид өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгүүдийг үнэгүйгээр хариуцагчид бэлэглэхгүй. Хариуцагч Т.О 375 000 000 төгрөгөөр хөрөнгүүдийг худалдаж авсан талаараа ярьдаг атлаа одоо энэ хэлцэл байгуулсан гэдгээ санахгүй гэж байгааг гайхаж байна. Миний өөрийн төлж барагдуулсан зээл, төлбөрийг хүртэл өөрөө төлсөн мэтээр хэлж байна, миний өгсөн “Эрэл банк” ХХК-иас зээл төлж дууссан, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэсэн бичиг, иргэн У.Мөнхбаярын зээл төлж дууссан гэсэн бичгийг гаргаад өр төлсөн гэж байгаа нь ойлгомжгүй. Т.О бидний хөрөнгийг “Капитал банк” ХХК-ийн барьцаанд тавих гэж авсан. Бид 2013 оны 12 дугаар сарын 19-нд байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт, 626.5 м.кв талбайтай, 5 ширхэг, Ү-2201021667 гэсэн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлагаас татгалзсан хэвээрээ байгаа. Уг хөрөнгө нь гуравдагч этгээд Ч.О-ийн зээлийн барьцаанд байна. Бусад 4 гэрээгээр шилжүүлсэн хөрөнгүүд нь КБ-ны барьцаанд байгааг ойлгож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2 газар, 2 үл хөдлөх хөрөнгө буюу Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгүүдэд маргаж, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Ү-2201021667 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн гэрээнд маргаагүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 6 дугаар сард татгалзсан. Одоо Баянзүрх дүүрэгт байгаа 2 газар болон 2 үл хөдлөх хөрөнгийг Т.О-т шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, эдгээр хөрөнгөө буцааж авах шаардлага гаргасан. Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 11-ний хооронд 5 бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлийг заасан ба энэ нь бэлэглэгчийг гомдоосон эсхүл бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэсэн үндэслэлүүд тогтоогдоогүй тул үүнийг тодорхойлох шаардлагагүй. Учир нь өмнөх шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой дүгнэсэн. Иргэний хуулийн 3 дугаар бүлэг буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндэслэлүүдийг Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүдэд заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэл буюу яаж уг хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа гэж үзсэн нь тодорхойгүй. Бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш буюу шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан. Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 11-ний хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд үүнээс тооцоход 1 жил нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр шаардах эрх нь дууссан. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн түүнчлэн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд энэ хугацаа ч дууссан. Иймд энэ бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан гэдэг боловч хэрэгт хуулийн шаардлага хангасан худалдах, худалдан авах хэлцэл авагдаагүй. 675 000 000 төгрөгийн худалдах, худалдах авах тухай нотариатчаар гэрчлүүлсэн хэлцэл байдаг. Энэ нь Сонгинохайрхан дүүрэг дэх нэхэмжлэгч нарын газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгч нар энэ шаардлагаас татгалзсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь хуульд заасан бие даасан шаардлага гаргадаггүй. Ямар үр дагаварт хүрэх гэж байгаа нь өөрөө шаардах эрх нь байдаг. Нэхэмжлэгч нар нь үр дагаврыг шилжүүлсэн хөрөнгөө буцааж авах гэж тодорхойлж байгаа боловч энэ нь хэрэгжих боломжтой эсэх асуудал яригдана. Учир нь эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь гуравдагч этгээд “Капитал банк” ХХК-ийн барьцаанд байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, өмчлөлд нь шилжих гэж байгаа Үр дагаврыг дээрх байдлаар тодорхойлсноор биелэгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй. Учир нь шүүхийн шийдвэр гарснаар шууд биелэгддэг. Нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй, түүнийг нотлох баримтууд хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 375 000 000 төгрөгийн худалдах худалдан авах хэлцэл гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гэх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэх хуудас хэрэгт зурган хэлбэрээр авагдсан тул шаардлага хангаагүй. Гэрээ байгуулсан бол эх хувь нь талуудад байх ёстой. Нэхэмжлэгч нар хариуцагч гэрээг гаргахгүй байгаа тохиолдолд шаардаж авах эрхтэй. Хариуцагчид ийм гэрээ байдаггүй. Иймд нэхэмжлэл болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Өөрсдөө хүсэлт тавьсан учир барьцаанаас нь чөлөөлж, өөрсдийнх нь хүсэлтээр бэлэглэлийн гэрээг хийсэн. Миний хувьд танихгүй хүмүүсийн хөрөнгийг дур мэдэн бэлэглэлийн гэрээ хийлгэж хүчээр гарын үсэг зуруулаагүй, харилцан тохирч хийсэн гэрээнүүд юм. Би огт татвар төлөхгүй амар гэж нэг ч үг, үсэг хэлээгүй, мөн огт мөнгө өгөөгүй мэтээр гүтгэж байна. Бидний хооронд ярьсан яриа бий. Эдгээр хөрөнгүүдийг тухайн үед бүгдийг барьцаанаас нь чөлөөлж авахуулаад надад зарах, бэлэглэх үйл ажиллагааг нэхэмжлэгч нарын хүсэл сонирхлоор хийгдсэн гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Т.О-ийн надаас авсан зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул миний эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөөгүй болно. Иймд намайг гуравдагч этгээдээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитал банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.О нь 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулж эдгээр 4 төрлийн эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээ байгуулах үед Т.О-ийн нэр дээр барьцааны зүйлүүд өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан. Т.О зээлээ төлөхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 дугаартай шийдвэрээр барьцааны зүйл болох дээрх 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлалтай, 18654311128117 нэгж талбарын дугаартай, Г-2204014187 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 515 м.кв талбай бүхий газрыг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26/А тоот хаягт байрлалтай, Ү-2204019037 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай, 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус бэлэглэсэн бэлэглэлийн гэрээнүүдийг нэхэмжлэгч М.Б, хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хужирбулангийн А гудамжны 93 тоот хаягт байрлалтай, 18646310911171 нэгж талбарын дугаартай, Г-2204003999 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 539 м.кв талбай бүхий газрыг бэлэглэсэн газар бэлэглэх гэрээ, мөн өдрийн нэхэмжлэгч М.Б, З.Г болон хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр хэсэг, Хужирбулангийн А-93 тоот хаягт байрлалтай, Ү-2204015783 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай, 416 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг буюу Г-2204014187 улсын бүртгэлийн дугаартай, 515 м.кв талбай бүхий газар, Ү-2204019037 улсын бүртгэлийн дугаартай, 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө зэргийг нэхэмжлэгч А.Б-ийн нэр дээр, Г-2204003999 улсын бүртгэлийн дугаартай, 539 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч М.Б-гийн нэр дээр, Ү-2204015783 улсын бүртгэлийн дугаартай, 416 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.Б, З.Г нарын нэр дээр тус тус өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлээсээ, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Т.О-тэй байгуулсан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт/1812/ гудамж, Ф28 тоот хаягт байрлалтай Ү-2201021667 улсын бүртгэлийн дугаартай, фермерийн аж ахуйн зориулалттай, 626.5 м.кв талбай бүхий 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Т.О-т бэлэглэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, 375 000 000 төгрөгөөр худалдах, худалдах авах гэрээ байгуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" болон 66.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” байхаар байна гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас өөр үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээ байгуулсан байсан. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн хариуцагч Т.О-ийн тайлбар нь нэхэмжлэгч нараас шилжүүлэн авсан бүх үл хөдлөх хөрөнгүүдийн талаар дурдсан байтал зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тайлбар хэмээн үзсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар тохиролцсон зүйл байхгүй байтал үндэслэлгүйгээр байгаа мэтээр дүгнэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нар 375 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахаар тохиролцсон нь тогтоогдож байна гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 44 дүгээр зүйлд зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангасан худалдах, хүдалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх баримт огт байхгүй, зөвхөн хуүлбар баримт байдаг. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхээсээ өмнө ийм баримт байгаа мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 09 тоот "яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоол, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14л-1/3468 тоот албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 дугаартай шийдвэр зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт энэ хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж заасан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан бэлэглэлийн гэрээнүүд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдийн хооронд байгуулагдсан. Хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дууссан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Б, З.Г, М.Б нар нь хариуцагч Т.О-т холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А.Б, Т.О нарын хооронд байгуулагдсан газар болон үл хөдлөх хөрөнгө бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ”-нүүд, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн М.Б, Т.О нарын хооронд байгуулагдсан “Газар бэлэглэх гэрээ”, мөн өдрийн М.Б, З.Г Т.О нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэсэн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А.Б, Т.О нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хөрөнгөө буцаан өмчлөлдөө авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч А.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлалтай, 18654311128117 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204014187 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний 515 м.кв талбайтай газрыг, мөн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26/А тоот хаягт байрлалтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019037 дугаар бүтгэгдсэн, үйлчилгээний зориулалттай, 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр,

  Нэхэмжлэгч М.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хужирбулангийн А гудамжны 93 тоот хаягт байрлалтай, 18646310911171 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204003999 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 539 м.кв талбай бүхий газрыг, мөн М.Б, З.Г нар нь өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр хэсэг, Хужирбулангийн А-93 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22040015783 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, 416 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, газар бэлэглэх гэрээгээр тус тус Т.О-т бэлэглэж, эдгээр гэрээг үндэслэн дурдсан 2 газар, 2 үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Т.О-ийн өмчлөх эрхэд шилжин бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нар нь дээрх 4 төрлийн үл хөдлөх хөрөнгийг хариу төлбөргүйгээр хариуцагчид бэлэглэх бодит үндэслэл, хүсэл зориг байгаагүй, Т.О 4 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 375 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зарласан төслийн санхүүжилт орж ирсэн үед төлөхөөр тохиролцсон, үүнийг халхавчлан, татвар төлөхгүй гэснийг нь  зөвшөөрч худалдан авагч талын хүсэлтээр бэлэглэлийн гэрээг хийсэн тул дурдсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлийн үр дагаврыг арилгуулна гэжээ.

Хариуцагч Т.О нь “өөрсдийнх нь хүсэлтийн дагуу барьцаанаас чөлөөлж, бэлэглэлийн гэрээ байгуулсан, хүчээр гарын үсэг зуруулаагүй, харилцан тохирч хийсэн гэрээнүүд. Би татвар төлөхгүй амар гэж хэлээгүй, мөнгө огт өгөөгүй мэтээр гүтгэж байна. Бидний хооронд ярьсан яриа бий. Эдгээр хөрөнгүүдийг тухайн үед бүгдийг барьцаанаас чөлөөлж авахуулаад надад зарах, бэлэглэхээр ярилцаж, хүсэл зоригийнх нь дагуу хийгдсэн хэлцэл” /хх1-211-212/ гэж тайлбарласан боловч яригдсан тохиролцооны талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, тухайн хөрөнгүүдийг бүгдийг барьцаанаас чөлөөлснийг нотолно гэх баримтууд нь /хх-90-95/ маргаж буй Г-2204003999, Ү-2204015783, Ү-2201021667, Ү-2204019037 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үүрэгт Т.О ийн хийсэн төлбөр болохыг нотлохгүй  байна.

   Дээрхээс үзвэл хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, харин төлбөрийн талаар ярьсан яриа бий гэж тайлбарлажээ. Иймд шүүх бэлэглэлийн гэрээний үндсэн шинж болох хариу төлбөргүйгээр эд хөрөнгийг шилжүүлэх хүсэл зориг нэхэмжлэгч нарт байсан гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, 375 000 000 төгрөгийн төлбөрийн үүрэг бүхий худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээг хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэн, маргаж буй бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч Т.О нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Г-2204003999, Ү-2204015783, Ү-2201021667, Ү-2204019037 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн өмчлөх эрхэд шилжүүлэн бүртгүүлж, улмаар өөрийн Алтан давхарга ХХК-ийн нэрээр Капитал банкнаас 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 8 дугаартай зээлийн гэрээгээр зээлсэн 3,2 тэр бум төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08/1 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан байх бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 дугаар шийдвэрээр 3 342 715 673 төгрөгийг Т.О-ээс гаргуулж, Капитал банкинд олгон, Т.О-ийн өмчлөлд бүртгэлтэй дээр дурдсан барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, барьцааны эрх “Капитал” банкинд үүссэн үйл баримт тогтоогдсон ба барьцааны эрх гуравдагч этгээдэд үүссэнийг үл харгалзан, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэгч шаарджээ.

Нэгэнт хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, худалдах, худалдан авах гэрээг халхавчлан хийгдсэн, хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус үр дагавар үүсгэхгүй  тул хариуцагчийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар  буцаан авч, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г-2204003999, Ү-2204015783, Ү-2201021667, Ү-2204019037 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцэх  тул шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн бэлэглэлийн гэрээг дээрх үндэслэлээр байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсгийг үндэслэн гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт /18120/ Ф30, Ф31, Ф32 хаягт байрлах, 000170854 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2201027902 дугаартай, 781,4 м.кв талбайтай фермерийн аж ахуйн зориулалттай 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг 650 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч нь уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ