Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2207

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр         Дугаар 182/ШШ2018/02207              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: А.Б,

 

            Нэхэмжлэгч: З.Г,

 

            Нэхэмжлэгч: М.Б нарын нэхэмжлэлтэй

           

            Хариуцагч: Т.О-т холбогдох

 

Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус тооцуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-нд хүлээн авснаар  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч З.Г, М.Б нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.М, хариуцагч Т.Оийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Ч.О, түүний өмгөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.                                                

                                                                               

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б, З.Г, М.Б нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч  А.Б-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд миний нөхөр З.Г-ын биеийн байдал муудаж, эмчилгээ хийлгэх болсон тул бид  Сонгинохайрхан дүүргийн Ар гүнтэд байрлах фермийн үйл ажиллагааг зогсоож зарахаар шийдэж, зар сониноор зарлах, мөн  найз нөхөд, төрөл садангийн хүмүүсээр дамжуулан тарааж байсан. Энэ үед Т.О нь бид нартай холбогдож Ар гүнтэд байрлах фермүүдийг үзэж хараад худалдаж авахаар болж 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөр гэрээ хийж, бид  нотариатаар батлуулсан. Энэ гэрээний дагуу Ар гүнтэд байрлах 0356002 гэрчилгээний дугаартай Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, Ар гүнтийн 8875 м.кв хэмжээтэй З.Г-ын нэр дээрх газар, Ү-0 тоот улсын бүртгэлтэй,  Ар гүнтийн /18120/ ф30, 31, 32 гэсэн хаягт орших, 781 м.кв бүхий  3 ширхэг фермийн зориулалттай барилга зэргийг нийт 650 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Бид нарт чингис бондын хөтөлбөрт хамрагдаж 3 250 000 000 төгрөг авахаар болсон гээд бүх бичиг баримт, гэрээ үзүүлж байсан. Энэ явцад манай нөхрийн биеийн байдал ч эрс муудсан ба бидний хоорондын яриан дундаас Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрлах хувийн орон сууц, үйлчилгээний барилгыг зарна гэдгийг Т.О сонсоод уг хөрөнгүүдийг үзэх болж очиж үзсэн. Тэгээд бидэнд “надад мөнгө орж ирэх гэж байгааг та нарт хэлж байсан, баримтыг үзүүлж байсан, одоо би танай энэ Хужирбуланд байх байшин, үйлчилгээний барилгыг сонирхож байна, газрын хувьд  уул, устай байршил нь таалагдаж байна” гэж удаа дараа ирж уулзаад эцэст нь “би банкнаас зээл авангуутаа мөнгийг чинь даруй өгнө, мөнгөний тухайд санаа зовох зүйлгүй, би энэ үл хөдлөх хөрөнгүүдийг чинь авъя”  гэсэн.  Тэгээд бид нар итгэж зөвшөөрсөн. Өмнө нь бидэнд баримт материал үзүүлж байсан болохоор боломжтой гэж ойлгосон.  Тэгээд “зээлд хамрагдаж байгаа, одоогоор надад бэлэн мөнгөний бололцоо тааруу байх тул тус болно уу, одоо бид худалдах худалдан авах гэрээ хийхээр илүү их мөнгө хэрэгтэй болох учраас бэлэглэлийн гэрээ байгуулъя, татвар төлөхгүй,  амар байдаг, би жудагтай хүн” гэж хэлж байсан. Бид  бэлэглэлийн гэрээ байгуулж байгаа болохоор одоо худалдаж байгааг баталгаажуулж, хэлцэл байгуулъя гэхэд Т.О их цааргалж байсан. Ингээд ажилтай байна гэх мэтээр олон янзын шалтгаан хэлж байгаад бид 2014 оны 01 дүгээр сарын  14-нд хэлцэл байгуулж бичгээр үйлдсэн бөгөөд Т.О, бид 2 гарын үсгээ зурсан. Тухайн үед Т.О нь “надад албан шаардлага, хэрэгцээ байна, би эх хувийг авъя, би чамд хуулбар /канондсон/ хувийг өгье” гээд эх хувийг нь өөрөө авсан.  Би энэ хуулбар хувийг хэрэгт өгсөн. Тус хэлцэл нь Ү-0, Ү-0 гэсэн бүртгэлийн дугаартай, нэг нь 416 м.кв, амины орон сууц, нөгөө нь 100 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, бас Г-0, Г-0 дугаартай 2 өмчлөлийн газрууд  байсан ба нийтэд нь 375 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч өгсөн. Үүнээс хойш Т.О нь бид нартай холбогдохоо хойшлуулж, уулзахаас зайлсхийж, утсаа авахгүй болсон юм. Ингээд бид хамаг хөрөнгөө өгөөд араас уулзах гэж бөөн чирэгдэл болж нэг уулзах тохиолдолд дандаа л тэрбум тэрбумаар мөнгө ярьж, “төслөөр мөнгө орж ирж байгаа, 3 тэрбум төгрөг юу ч биш” гэх зэргээр мөнгөө төлөхгүй хойшлуулаад байсан. Бид одоо 375 000 000 төгрөгөөр тохиролцож бэлэглэлийн гэрээ хийж өөрийнхөө нэр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26, 26/А тоот хаягт байрлалтай 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах хүсэлттэй байна. Уг 4 бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хөрөнгүүдээ буцаан авах шаардлагатай байна. Энэ бэлэглэлийн гэрээнүүд нь Т.О биднээс 375 000 000 төгрөгөөр худалдаж авч байгаагаа нуун далдалж хийсэн. Тэгээд энэ мөнгөнөөс ямар мөнгө бидэнд төлөөгүй. Харин 650 000 000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ нь энэ бэлэглэлийн гэрээнд хамааралгүй, энэ гэрээний дагу 250 000 000 төгрөг төлсөн. Бид өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгүүдийг үнэгүйгээр хариуцагчид бэлэглэх ёсгүй. Хариуцагч Т.О ч өөрөө 375 000 000 төгрөгөөр хөрөнгүүдийг худалдаж авсан гэдгээ хэлж байсан. Гэтэл одоо ийм хэлцэл хийснээ санахгүй байна гэж байгаад гайхаж байна.  Миний өөрийн төлж барагдуулсан зээл, төлбөрийг хүртэл өөрөө төлсөн мэтээр хэлж байна, миний өгсөн “Э банк” ХХК-иас зээл төлж дууссан, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэсэн бичиг, иргэн У.М-ын зээл төлж дууссан гэсэн бичгийг гаргаж ирээд би өрийг нь төлсөн гэж хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Т.О бидний хөрөнгийг “К банк” ХХК-ийн барьцаанд тавих гэж л авсан байна. 370 000 000 төгрөгийн гэрээ байгуулснаа ийм амархан мартахгүй гэж бодож байна. Бид 2013 оны 12 дугаар сарын 19-нд байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт, 626,5 м.кв талбайтай, 5 ширхэг, Ү-0 гэсэн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлагаас татгалзсан хэвээрээ байгаа.  Уг хөрөнгө нь гуравдагч этгээд Ч.О-ийн зээлийн барьцаанд байна. Бусад 4 гэрээгээр шилжүүлсэн хөрөнгүүд нь К банкны барьцаанд тавьсан байгааг бид ойлгож байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-өөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2 газар, 2 үл хөдлөх хөрөнгүүд буюу Баянзүрх дүүрэгт  байгаа үл хөдлөх хөрөнгүүд дээр маргаж,  Сонгинохайрхан дүүрэгт байрлах Ү-0 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн гэрээнд  маргаангүй байна. Учир нь энэ нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 06 дугаар сард татгалзсан. Одоо Баянзүрх дүүрэгт байгаа 2 газар болон 2 үл хөдлөх хөрөнгийг Т.От шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, эдгээр хөрөнгөө буцааж авах шаардлага гэж ойлгож байна. Үүнтэй холбогдуулж тайлбар гаргаж байна. Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 03 дугаар сарын 11-ний хооронд 5 бэлэглэлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.-д бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлийг заасан ба энэ нь бэлэглэгчийг гомдоосон эсхүл бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан завдсан гэсэн үндэслэлүүд байдаг. Гэтэл ийм үндэслэл энэ хэрэгт байхгүй. Үүнийг тодорхойлох хэрэггүй байх гэж бодож байна. Учир нь өмнөх шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэсэн. Нөгөө нэг үндэслэл нь Иргэний хуулийн 3 дугаар бүлэг буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндэслэлүүдийг 56-60 дугаар зүйлүүдэд заасан.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэл буюу яаж уг хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн Иргэний хуульд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг заасан. Бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш буюу шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3.-т заасан. Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 03 дугаар сарын 11-ний  хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд үүнээс тооцоход 1 жил нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр шаардах эрх дууссан. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үүнээс гадна гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд энэ хугацаа ч мөн дууссан. Иймд энэ бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах хэлцэл байгуулсан гэдэг боловч хэрэгт хуулийн шаардлага хангасан худалдах худалдан авах хэлцэл байхгүй. 675 000 000 төгрөгийн худалдах, худалдах авах тухай нотариатчаар гэрчлүүлсэн хэлцэл бол байдаг. Энэ нь Сонгинохайрхан дүүрэг дэх нэхэмжлэгч нарын газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсан байна.  Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь хуульд заасан бие даасан шаардлага гаргадаггүй. Үр дагавраар шаардах эрх гарч ирдэг. Ямар үр дагаварт хүрэх гэж байгаа нь өөрөө шаардах эрх нь байдаг. Тийм учраас ямар үр дагаврыг хүсэж байгаа талаараа шилжүүлсэн хөрөнгөө буцааж авах гэж тодорхойлж байна.  Одоо энэ үр дагавар нь биелэх боломжтой эсэх асуудал яригдана. Учир нь эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн барьцаанд байгаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, өмчлөлд нь шилжих гэж байгаа. Үр дагаврыг ингэж тодорхойлсноор энэ нь  биелэгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй. Учир нь шүүхийн шийдвэр гарснаар шууд биелэгддэг. Нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх боломжгүй, түүнийг нотлох баримтууд хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 375 000 000 төгрөгийн худалдах худалдан авах хэлцэл гээд байгаа баримт нь  хуулийн шаардлага хангаагүй. Мөн  хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гээд байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэх хуудас нь шаардлага хангаагүй зөвхөн зурган хэлбэрээр байна. Гэрээг байгуулсан гэж байгаа бол талуудад адил нэг нэг хувь эх хувиараа байх ёстой. Нэхэмжлэгч нар хариуцагч гэрээг өгөхгүй байлаа гэхэд шаардаж авах эрхтэй. Хариуцагчид ийм гэрээ байдаггүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буад тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.О-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Бнь хариуцагч Т.Оийн надаас авсан зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул миний эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөөгүй болно. Иймд намайг гуравдагч этгээдээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Т.Оээс шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж..хэрэг үүсгэгдэн ... мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа...өөрсдөө хүсэлт тавьсны дагуу мөн барьцаанаас нь чөлөөлж, өөрсдийнх нь хүсэлтээр бэлэглэлийн гэрээг хийсэн болно. Миний хувьд танихгүй хүмүүсийн хөрөнгийг дур мэдэн бэлэглэлийн гэрээ хийлгэж хүчээр гарын үсэг зуруулаагүй, харилцан тохирч хийсэн гэрээнүүд юм. Би огт татвар төлөхгүй амар гэж нэг ч үг, үсэг хэлээгүй, мөн огт мөнгө өгөөгүй мэтээр гүтгэж байна. Бидний хооронд ярьсан яриа бий. Эдгээр хөрөнгүүдийг тухайн үед бүгдийг барьцаанаас нь чөлөөлж авахуулаад надад зарах, бэлэглэх үйл ажиллагааг өөрсдөө ярилцаж, бүгд эд нарын хүсэл сонирхлоор  хийгдсэн...гэжээ.

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.О нь манай банкаас 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулж эдгээр 4 төрлийн эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээ байгуулах үед барьцааны зүйлүүд Т.Оийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан. Т.О зээлээ төлөхгүй байсан учир шүүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 дугаартай шийдвэрээр барьцааны зүйл болох дээрх 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б, З.Г, М.Б нар нь хариуцагч Т.От холбогдуулан,

2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А.Б, Т.О нарын хооронд байгуулсан газар болон үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ”-нүүд,

2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн, нэхэмжлэгч М.Б, хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан “Газар бэлэглэх гэрээ”, 

Мөн өдрийн нэхэмжлэгч М.Б, З.Г болон хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн  “Бэлэглэлийн гэрээ”,

 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  нэхэмжлэгч А.Б, хариуцагч Т.О нарын хооронд  байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн “ Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 5 бэлэглэлийн гэрээг  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч А.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Т.Отэй  байгуулсан,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо,  Ар гүнт/18120/ гудамж, Ф28 тоот хаягт байрлалтай Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, фермерийн аж ахуйн  зориулалттай, 626,5  м.кв талбай бүхий  5 ширхэг  үл хөдлөх эд хөрөнгийг  бэлэглэсэн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаас татгалзаж,

 Нэхэмжлэгч, нэхэмжлэгч М.Б, З.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бнь шүүх хуралдааны явцад бусад бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрсдийн нэр дээр буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байна.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Т.О эс зөвшөөрч бэлэглэлийн гэрээнүүдийг хүсэл зоригоо илэрхийлж хүчин төгөлдөр байгуулсан, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.-д заасан бэлэглэгчийг гомдоосон хүчингүйд тооцуулах үндэслэл байхгүй, дүр үзүүлсэн, өөр гэрээг халхавчилсан гэж үзэх үндэслэлгүй, 280.3.-д  заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2015 оны 03 дугаар сарын 11-нд дууссан, 375 000 000 төгрөгөөр 2 газар, 2 үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэв гэрээг байгуулсан бол аль аль талд гэрээний нэг хувиуд байх ёстой, хариуцагчид ийм гэрээ байдаггүй гэж тайлбарлан маргаж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К банк” ХХК нь,  2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулж Т.О нь өөрийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй эдгээр 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 дугаартай шийдвэрээр барьцааны зүйл болох дээрх 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж тайлбарлан хариуцагч Т.Оийг тайлбарыг дэмжин мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган,  нэхэмжлэгч А.Б-ийн,  2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Т.Отэй байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч А.Бнь өөрийн өмчлөлийн 15 000 000 төгрөгийн үнэ бүхий, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлалтай, 18654311128117 нэгж талбарын дугаартай,  Г-0 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 515 м.кв талбайтай газрыг, 

20 000 000 төгрөгийн үнэ бүхий, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26/А тоот хаягт байрлалтай, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай, 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг,

2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч М.Б нь өөрийн өмчлөлийн, 10 000 000 төгрөгийн үнэ бүхий, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хужирбулангийн А гудамжны 93 тоот хаягт байрлалтай, 18646310911171 нэгж талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 539  м.кв талбай бүхий газрыг, 

2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч М.Б, З.Г нар нь өөрсдийн өмчлөлийн, 10 000 000 төгрөгийн үнэ бүхий, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр хэсэг, Хужирбулангийн А-93 тоот хаягт байрлалтай, Ү-2204015783 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны  зориулалттай, 416 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч Т.От  бэлэглэж   “Бэлэглэлийн гэрээ",  “Газар бэлэглэх гэрээ”-г байгуулсан байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нар өмчлөлийн 2 газар, 2 үл хөдлөх эд хөрөнгийг  хариуцагч  Т.Оийн өмчлөлд шилжүүлжээ.

Энэ үйл баримт нь зохигчдын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд,  зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон байна.

 

2. Нэхэмжлэгч нар  4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагчид шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нэхэмжлэлийн үндэслэлээ 2014 оны 01 дүгээр сарын 14-нд үл хөдлөх эд хөрөнгүүдийг 375 000 000 төгрөгөөр Т.О худалдаж авахаар болж, уг мөнгийг ХААЯ-наас зарласан төслийн санхүүжилт 3,2 тэрбум төгрөг орж ирсэн үед төлөхөөр тохиролцож уг хөрөнгүүдийг бид суллан чөлөөлж, гэрчилгээнүүдийг өгсөн, тухайн үед хэлцэл хийж гарын үсгээ зурсан, эх хувийг нь Т.О авч, хуулбарыг нь өгсөн, төслийн мөнгөө авсан боловч 375 000 000 төгрөгийг төлөхгүй алга болсон, бид өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон амины орон сууц, үйлчилгээний барилга, газраа хариу төлбөргүйгээр бэлэглэх хүсэл зориг байгаагүй, тухайн үед бэлэглэлийн гэрээгээр эд хөрөнгүүдийг шилжүүлж авах нь татвар төлөхгүй амар байдаг гэж бэлэглэлийн гэрээг хийж өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3.-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” нь  хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан байна.

Хариуцагч Т.Оийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан “...би огт татвар төлөхгүй амар гэж нэг ч үг, үсэг хэлээгүй, мөн огт мөнгө өгөөгүй мэтээр гүтгэж байна. Бидний хооронд ярьсан яриа бий...Эдгээр хөрөнгүүдийг тухайн үед бүгдийг барьцаанаас нь чөлөөлж авахуулаад надад зарах, бэлэглэх үйл ажиллагаа өөрсдөө ярилцаж, бүгд эд нарын хүсэл сонирхлоор хийгдсэн...” гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд  хариуцагчид шилжүүлсэн дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар бэлэглэх хүсэл зоригийн дагуу хариу төлбөргүйгээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ” гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн газар, түүн дээрх амьдарч байсан амины орон сууц, үйлчилгээний барилгыг хариуцагч Т.От бэлэглэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал, бэлэглэлийн гэрээний үндсэн шинж болох хариу төлбөргүйгээр эд хөрөнгийг шилжүүлэх хүсэл зориг нэхэмжлэгч нарт байсан гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин уг хөрөнгүүдийг нэхэмжлэгч нар 375 000 000 төгрөгөөр  худалдахаар, хариуцагч худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

Иймээс гэрээний талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, бэлэглэлийн гэрээг хийх хүсэл, зориг эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нараас хариуцагчид худалдсан худалдах, худалдан авах хэлцлийг халхавчлан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул талуудын хооронд байгуулагдсан гэх 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  газар, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн  “Бэлэглэлийн гэрээ”-нүүд,  2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ",  “Газар бэлэглэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Хариуцагч Т.О нь дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийнх нь нэр дээр бүртгэгдсэний дараа “А” ХХК-ийн 3,2 тэрбум төгрөгийг “К банк” ХХК-иас зээлсэн  2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 тоот  зээлийн гэрээний барьцаанд тавьж, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 08/1 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулан, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 08/1 тоот “Барьцааны гэрээ” болон хуулийн хүчин төгөлдөр болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 дугаартай шийдвэр, гуравдагч этгээд “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон.

Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д “ Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ” гэж, 155.3.-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхөөр байвал тухайн гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах замаар барьцааны эрхийг өөртөө шилжүүлэн авч болно” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж, 29.3.-т “ Барьцаалуулагч нь ...хуулиар тогтоосон журмыг зөрчиж, барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгийг шинээр өмчлөгч болон өмнөх барьцаалуулагчтай хамтран хариуцна” гэж тус тус заасан байх бөгөөд дээрх хуулийн заалтуудаас үзэхэд “К банк” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 08/1 тоот “Барьцааны гэрээ”-ний дагуу Т.Оийн бусад үл хөдлөх эд хөрөнгийн хамт дээрх 4 үл хөдлөх хөрөнгөд үүрэг ноогдуулсан барьцааны эрх хүчин төгөлдөр  байна.

 

4.Хэргийн 1 дүгээр хавтасны 55-63 дугаар талд Худалдаа хөгжлийн банкны орлогын мэдүүлэг, “Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт №620160144”,  2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч З.Г, “А” ХХК-ийн захирал Т.О нарын хооронд  байгуулсан “Хэлцэл”, 2013 оны 07 дугар сарын 17-ны өдрийн А.Б, Т.О нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, А.Б-ийн газар эзэмших 0412342, 000608851 тоот гэрчилгээнүүд, кадастрын зураг, З.Гэрэлмандах болон Т.О нарын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, З.Г-ын газар эзэмших 0356002 тоот гэрчилгээ зэрэг нэхэмжлэгч нарын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах эзэмшлийн газрын талаарх баримтууд авагдсан нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Мөн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн З.Г болон Т.О нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-р  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт/18120/ 30, Ф31, Ф32 тоот хаягт байрлалтай Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, 781,4  м.кв талбай бүхий  1 давхар 3 ширхэг  барилгыг З.Г-ын эзэмшлийн 8 875 м.кв газрын хамт   650 000 000 төгрөгөөр худалдаж, энэ гэрээний дагуу худалдан авагч буюу Т.Оээс нийт 250 000 000 төгрөгийг худалдагчид төлсөн байх бөгөөд уг гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй болох талаар, мөн хариуцагч нь дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийн үнээс нэхэмжлэгч нарт  ямар нэгэн төлбөр төлөөгүй болох талаар зохигчид тайлбарлан, энэ талаар маргаагүй болно.

 

5.Хариуцагч тал нь 1 дүгээр хавтасны 91-95 дугаар талд авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эрэл банк”-ны А.Бнь тус банкнаас авсан зээлээ төлсөн тухай 13/644 тоот албан бичиг, ХААН банкны 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А.Б-ээс газрын төлбөрт 163 648 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлэг,  2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 200 000 төгрөгийн дүн бүхий орлогын мэдүүлэг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ү-0 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай  А.Б, У.М нарын хооронд байгуулсан “Үүрэг дуусгавар болсон тухай” гэсэн баримтуудыг гаргасан байх боловч эдгээр нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Г-0, Ү-0, Ү-0, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгүүдийг хариуцагч барьцаанаас чөлөөлсөн, газрын төлбөрийг нь төлсөн  тухай хариуцагчийн тайлбарыг нотлохгүй байна.

 

6. Хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09 тоот “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14л-1/3468 тоот албан бичиг, хариуцагч Т.Оийн, нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарласан тайлбар,  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8900 дугаартай шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухай гуравдагч этгээд, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд хариуцагч талын, бэлэглэлийн гэрээг талууд хүчин төгөлдөр байгуулсан, уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2.-т заасан  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн нэхэмжлэлийг үл зөвшөөрсөн тайлбар, татгалзал үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хариу төлбөргүйгээр бэлэглэсэн гэх нөхцөл байдлыг өөр баримтаар нотлоогүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн 4 үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар үйлийн 56.1.2., 56.1.3.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, 56.5.-д зааснаар уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан өөрсдийн нэр дээр шилжүүлэхээр шаардах эрхтэй тул зохигчдын хооронд байгуулсан дээрх 4 бэлэглэлийн гэрээг хүн төгөлдөр бус гэж үзэн, уг хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр буцаан бүртгэхийг бүртгэх байгууллагад даалган,

нэхэмжлэгч А.Бнь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Т.Отэй  байгуулсан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ч.О-т Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 03 дугаар сарын 21-ний өдрийн 682 дугаартай  “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 65 000 000 төгрөгийг төлөх, барьцааны гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт/18120/ гудамж, Ф0 тоот хаягт байрлалтай Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, фермерийн аж ахуйн  зориулалттай, 626,5  м.кв талбай бүхий 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг  бэлэглэсэн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэн,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 432 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид нэхэмжлэгчид  олгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3., 56.5.-д заасныг баримтлан  нэхэмжлэгч А.Б, хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлалтай, 18654311128117 нэгж талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 515 м.кв талбай бүхий газрыг,  Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамжны 0/А тоот хаягт байрлалтай, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай, 100  м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ"-нүүдийг,

нэхэмжлэгч М.Б, хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хужирбулангийн А гудамжны 0 тоот хаягт байрлалтай, 18646310911171 нэгж талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 539  м.кв талбай бүхий газрыг бэлэглэсэн “Газар бэлэглэх гэрээ”, 

мөн өдрийн нэхэмжлэгч М.Б, З.Г болон хариуцагч Т.О нарын хооронд байгуулсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр хэсэг, Хужирбулангийн А-93 тоот хаягт байрлалтай, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны  зориулалттай, 416  м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг  бэлэглэсэн “ Бэлэглэлийн гэрээ”-г  тус тус  хүчин төгөлдөр бус гэж үзэж,

дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг буюу Г-0 улсын бүртгэлийн дугаартай,  515 м.кв талбай бүхий газар, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, 100  м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө зэргийг нэхэмжлэгч  А.Б-ийн нэр дээр,

Г-0 улсын бүртгэлийн дугаартай,  539  м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч М.Б-гийн нэр дээр,

Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, 416  м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.Б, З.Г нарын нэр дээр тус тус өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бнь нэхэмжлэлээсээ, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  хариуцагч Т.Отэй байгуулсан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо,  Ар гүнт/1812/ гудамж, Ф0 тоот хаягт байрлалтай Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, фермерийн аж ахуйн  зориулалттай, 626,5  м.кв талбай бүхий  5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг  бэлэглэсэн “ Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэн,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 432 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

           

 

 

                                         ДАРГАЛАГЧ                             Ж.БАЙГАЛМАА