Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 980

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/00826

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж,

 

Нэхэмжлэгч: *** аймаг, *** сум*** баг**г, Баян-Идэр ХХК-ийн байр К банкны *** аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *** аймаг *** сум *** баг *** хороолол** * байр *** тоот О Е ХХК-д холбогдох

 

2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 109 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл 30,724,891.51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К банкны *** аймаг дахь салбар нь О Е ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 109 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зориулалтаар 30.000.000 /гучин сая/ төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож *** аймгийн *** сумын **** баг *** хороолол **** тоот 42.1 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан юм. Гэтэл зээлдэгч О Ет ХХК нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан шаардлагыг үл биелүүлж графикт төлөлтөө төлөхгүй байгаа юм.

Иймд О Е ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл 27,150,000 төгрөг, хүү 3,391,654 төгрөг 69 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 163,236 төгрөг 82 мөнгө, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 30,724,891 төгрөг 51 мөнгийг бусад орлогоос гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** банкны *** аймаг дахь салбараас манай компанид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Манай компани нь 2014 оны 3-р сарын 28-ны өдөр *** банкны Дархан салбараас жижиг дунд бизнесийн зориулалтаар 30,000,000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлээ төлөлгүй зөвхөн хүүг нь жил шахам хугацаанд төлж яваад миний бие өвдөж жил гаруй хугацаанд ургац авч чадаагүй учраас зээл төлөх чадваргүй болж энэ хэмжээнд хүрсэн. Энэ жилээс миний биеийн байдал сайжирч, компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоо бүрдэж байгаа учраас зээлийг ондоо багтааж төлж чадна гэж тооцоолж байгаа. Иймд би *** банкны захирал удирдлагатай эвийн журмаар тохирч хугацаа хэтэрсэн хугацааны төлбөрөө төлж графиктаа орон зээлийн төлж дуусгах санал хүсэлтэй байна. Энэ тайлбарт бичсэн зүйлийг *** банкны захирал удирдлага танилцаад эвлэрч зохицоно гэдэгт найдаж байгаа болно гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *** банкны Дархан салбараас жижиг дунд бизнесийн зориулалтаар 30.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Үндсэн зээлээ төлөлгүй зөвхөн хүүг нь жил шахам хугацаанд төлж яваад бие нь өвдөж 1 жил гаруй хугацаанд хариуцагч эмнэлгээр явсан юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр 2 жилийн хугацаанд ургац авч чадаагүй нь зээлийг төлөх чадваргүй болгосон юм. Энэ жилээс компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж зээлийн энэ ондоо багтаан төлөх хүсэлтэй байгаа. Хугацаа хэтэрсэн төлбөрөө төлж, графикт орон зээлийг төлж дуусгах хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүү 300.000 гаран төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал 2 жил ургац аваагүй, мөн биеийн байдлын улмаас хөдөлмөрийн чадваргүй байсан юм. Одоо биеийн байдалд сайжирсан. Эргэн төлөлтийг хийнэ гэсэн тайлбарыг өгдөг юм гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 109 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл 30,724,891 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч К банкны Дархан салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 109 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан өөрийн байгууллагын журмын дагуу гэрээний зүйл болсон 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зориулалтаар 30.000.000 /гучин сая/ төгрөгийн зээлийг олгосон ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож *** аймгийн *** сумын **** баг *** хороолол **** тоот 42.1 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан талаар талууд маргаангүй бөгөөд мөн гэрээний 6.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.2т зааснаар зээлийн төлбөрийг сар бүр Зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2037000086 тоот харилцах дансаараа тушаах үүргээ буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг хариуцагч О Е ХХК нь биелүүлээгүй байна.

Зээлийг ашиглах явцад зээлдэгч хариуцагч О Е ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний төлбөл зохих үүрэг үндсэн зээл 27,150,000 төгрөг, хүү 3,391,654 төгрөг 69 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 163,236 төгрөг 82 мөнгө, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 30,724,891.51 төгрөг байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тохирсон мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.т зааснаар зээлийг эргэн төлөх, гэрээнээс үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардалыг зээлдэгч төлөхөөр гэрээгээр тохирсон байна.

Иймд хариуцагч О Е ХХК-аис үндсэн зээл 27,150,000 төгрөг, хүү 3,391,654 төгрөг 69 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 163,236 төгрөг 82 мөнгө, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 30,724,891.51 төгрөг гаргуулан К Банкны Дархан салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.6-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах үүрэг зээлдэгч нар хүлээсэн бөгөөд талууд 13/205 тоот Барьцааны гэрээг бичгээр үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан, хүчин төгөлдөр байна.

Иймд барьцааны гэрээний зүйл болсон *** аймгийн *** сумын **** баг *** хороолол **** тоот 42.1 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албдан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 30,724,891.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Дээрхи барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар 30,724,891.51 төгрөгийг хариуцагч О Е ХХК-иас гаргуулан К банкны Дархан салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч К банкны Дархан салбараас төрийн сан 190 000 941 тоот дансанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 304 718, 5,236, 1,671 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч О Е ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангандсан дүн болох 30,724,891.51 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 311,574.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банкны Дархан Салбарт олгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О Ет ХХК 30,724,891 төгрөгийг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *** аймгийн *** сумын **** баг *** хороолол **** тоот 42.1 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 30,724,891.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ