Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01231

 

Капитал банк ХХК-н Дархан-Уул

аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 980 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-н Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Очир-Ендэрт” ХХК-д холбогдох

Зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, нийт 30 724 891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баян-Өлзий, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь “Очир-Ендэрт” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 109 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зориулалтаар 30 000 000 /гучин сая/ төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 59 тоот 42.1 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч “Очир Ендэрт” ХХК нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан шаардлагыг үл биелүүлж графикт төлөлтөө төлөхгүй байгаа юм. Иймд “Очир-Ендэрт” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл 27 150 000 төгрөг, хүү 3 391 654 төгрөг 69 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 163 236 төгрөг 82 мөнгө, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 30 724 891 төгрөг 51 мөнгийг бусад орлогоос гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбарт: “Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбараас манай компанид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Манай компани нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Капитал” банкны Дархан салбараас жижиг дунд бизнесийн зориулалтаар 30 000 000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлээ төлөлгүй зөвхөн хүүг нь жил шахам хугацаанд төлж яваад миний бие өвдөж жил гаруй хугацаанд ургац авч чадаагүй учраас зээл төлөх чадваргүй болж энэ хэмжээнд хүрсэн. Энэ жилээс миний биеийн байдал сайжирч, компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоо бүрдэж байгаа учраас зээлийг ондоо багтааж төлж чадна гэж тооцоолж байгаа. Иймд би “Капитал” банкны захирал, удирдлагатай эвийн журмаар тохирч хугацаа хэтэрсэн хугацааны төлбөрөө төлж графиктаа орон зээлийн төлж дуусгах санал хүсэлтэй байна. Энэ тайлбарт бичсэн зүйлийг “Капитал” банкны захирал удирдлага танилцаад эвлэрч зохицно гэдэгт найдаж байгаа болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 980 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар 30 724 891,51 төгрөгийг хариуцагч “Очир-Ендэрт” ХХК-иас гаргуулан Капитал банкны Дархан салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбараас төрийн сан 190000941 тоот дансанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 216 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 304 718, 5 236, 1 671 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Очир-Ендэрт ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 30 724 891,51 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 311 574,46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Очир-Ендэрт ХХК 30 724 891 төгрөгийг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 59 тоот 42.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 30 724 891,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах учрыг мэдэгдэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 180 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Очир-Ендэрт” ХХК нь “Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбараас жижиг дунд бизнесийн зориулалтаар 30 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн хүүг төлж байх явцад захирал Ц.Бат-Очир нь хүнд өвчнөөр өвчилж, мөн байгаль цаг уурын хуурайшилтын нөлөөнөөс болж ургац алдаж төлбөрийн чадваргүй болсон. 2016 оноос эхлэн Захирал Ц.Бат-Очирын биеийн байдал сайжирч газар тариалангийн ажлаа эхлэн, тариалалт хийж эхэлсэн ба намар ургац хураангуутаа зээлийн графикт хуваарьтаа орж зээлийн өмнөх саруудын төлбөрөө нөхөн хийе гэсэн саналаа банкинд удаа дараа тавьж гуйхад хатуу бодлого барьж зөвшөөрөөгүй. Эдийн засгийн хямралтай байдал, байгаль цаг уурын давагдашгүй нөхцөл байдал, мөн Захирал Ц.Бат-Очирын хүндэтгэн үзэх шалтгаантай, өвчтэй байсан үеийг банк харгалзан үзэхгүй зээлийн гэрээ цуцлагдаж байхад шүүхүүд нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг хасаж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаанаас үүсэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангажээ. 

2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 109 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч “Очир Ендэрт” ХХК нь Капитал банкны салбараас 30 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тохирч мөнгийг авсан ба гэрээний үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 59 тоот 42.1 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.   

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг заасан ба хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн дүнд хүрч чадахгүй нь тодорхой ... байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно” гэж зохицуулжээ.

2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 36 сараар буюу 3 жилийн хугацаатай байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа нь 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр дуусахаар байхад нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан талаар болон хуулийн дээрх шалгуурыг харгалзан үзэх асуудлаар хариуцагч тайлбар хийж татгалзаагүй байна.

Гэрээний үүрэгт үндсэн зээл 27 150 000 төгрөг, хүү 3 391 654 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163 236, нотариатын зардал 20 000 төгрөг бүгд 30 724 891 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Очир-Ендэрт” ХХК нь үгүйсгээгүй, тооцооны зөв эсэх талаар маргаагүй, гэрээний үүргийг зохих ёсоор нь биелүүлж байсан болохоо нотлоогүй байна.

Харин давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдолдоо нэмэгдүүлсэн хүүг гаргуулсанд гомдолтой гэж нэг л үндэслэлийг заасан байх ба талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-д “Гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардана” гэж тусгайлан тохирсон нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрээний үүргээс үндсэн зээлийн 27 150 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 3 391 654 төгрөг төлөгдөөгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй байгаа үндсэн хүүгийн 20 хувиар бус, харин тухайн үндсэн хүү төлөх графикт хугацаатай нь уялдуулан хуульд зааснаас бага хэмжээгээр тооцож 163 236 төгрөг шаарджээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлжээ.

Хариуцагч гэрээний үүргийг хугацаанд биелүүлээгүйгээс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 20 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүх тухайн харилцаанд хамааралтай хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг нэгтгэн шийдвэрлээгүй, барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалтыг оновчтой бус найруулсан байхад эдгээр алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дүгээр магадлалын 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 980 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “ ... 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т” гэснийг, “...453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т” гэж,

-шийдвэрийн 2 дахь заалтын “... 304 718, 5 236, 1 671 төгрөгийг тус тус” гэснийг “... 311 625 төгрөг” гэж,

-шийдвэрийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 59 тоот 42.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР