Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 151

 

“Капитал” банкны Дархан-Уул

аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00826/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 980 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Очир-Ендэрт” ХХК-д холбогдох 

           “30.724.891 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд “Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь “Очир-Ендэрт” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 109 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зориулалтаар 30.000.000 /гучин сая/ төгрөгийн зээлийг олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 59 тоот 42.1 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч “Очир Ендэрт” ХХК нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан шаардлагыг үл биелүүлж графикт төлөлтөө төлөхгүй байгаа юм.

          Иймд “Очир-Ендэрт” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл 27.150.000 төгрөг, хүү 3.391.654 төгрөг 69 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 163.236 төгрөг 82 мөнгө, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 30.724.891 төгрөг 51 мөнгийг бусад орлогоос гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбараас манай компанид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Манай компани нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Капитал” банкны Дархан салбараас жижиг дунд бизнесийн зориулалтаар 30.000.000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлээ төлөлгүй зөвхөн хүүг нь жил шахам хугацаанд төлж яваад миний бие өвдөж жил гаруй хугацаанд ургац авч чадаагүй учраас зээл төлөх чадваргүй болж энэ хэмжээнд хүрсэн. Энэ жилээс миний биеийн байдал сайжирч, компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоо бүрдэж байгаа учраас зээлийг ондоо багтааж төлж чадна гэж тооцоолж байгаа. Иймд би “Капитал” банкны захирал удирдлагатай эвийн журмаар тохирч хугацаа хэтэрсэн хугацааны төлбөрөө төлж графиктаа орон зээлийн төлж дуусгах санал хүсэлтэй байна. Энэ тайлбарт бичсэн зүйлийг ” Капитал” банкны захирал удирдлага танилцаад эвлэрч зохицно гэдэгт найдаж байгаа болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Капитал” банкны Дархан салбараас жижиг дунд бизнесийн зориулалтаар 30.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Үндсэн зээлээ төлөлгүй зөвхөн хүүг нь жил шахам хугацаанд төлж яваад бие нь өвдөж 1 жил гаруй хугацаанд хариуцагч эмнэлгээр явсан юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр 2 жилийн хугацаанд ургац авч чадаагүй нь зээлийг төлөх чадваргүй болгосон юм. Энэ жилээс компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж зээлийн энэ ондоо багтаан төлөх хүсэлтэй байгаа. Хугацаа хэтэрсэн төлбөрөө төлж, графикт орон зээлийг төлж дуусгах хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн хүү 300.000 гаран төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал 2 жил ургац аваагүй, мөн биеийн байдлын улмаас хөдөлмөрийн чадваргүй байсан. Одоо биеийн байдалд сайжирсан. Эргэн төлөлтийг хийнэ гэсэн тайлбарыг өгдөг юм гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 980 дугаар шийдвэрээр:

         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар 30.724.891 төгрөгийг хариуцагч “Очир-Ендэрт” ХХК-аас гаргуулан “Капитал” банкны Дархан салбарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай”хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан салбараас төрийн сан 190 000 941 тоот”дансанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж нийт 311.625 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Очир-Ендэрт” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 30.724.891 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 311.574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлгч Л.Оюунсувд давж заалдсан гомдолдоо:

“Очир-Ендэрт” ХХК нь “Капитал” банкны Дархан-Уул аймаг дахь салбараас жижиг дунд бизнесийн зориулалттайгаар 30.000.000 төгрөг зээлсэн. Зээлийн хүүг төлж байх явцад компаний захирал хүнд өвчнөөр өвчилсөн. Мөн байгаль цаг уурын хуурайшилтын нөлөөнөөс болж ургац хурааж чадаагүй юм. Энэ жил буюу 2016 оны хавар компаний захирлын биеийн байдал сайжирч, компани хэвийн үйл ажиллагаа хийж эхэлсэн учир банкнаас эргэн төлөлтийн хуваариар хугацаа хэтэрсэн үеийн төлбөрөө төлж, графиктаа орох, зээлийг 2016 ондоо төлж дуусгах сонголтыг банкны удирдлагад удаа дараа тавьж байсан ч зөвшөөрөөгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрэх саналыг тавьж байсан ч саналыг банк хүлээж аваагүй. Банкны санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан байхад шүүх зээл, зээлийн хүүн дээр нэмэгдүүлсэн хүү 164.000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэмэгдүүлсэн хүүг хасч өгнө үү. Мөн зээлийн хүүг байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган гачигаас болж ургац алдсан нөхцөл байдлыг харгалзаж үзэн багасгаж өгөх боломжийг анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар хариуцагч “Очир-Ендэрт” ХХК-д холбогдуулан “Очир-Ендэрт” ХХК-тай  байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл 027.150.000  төгрөг, хүү 3.391.654 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 30.724.891 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл:

         Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн 109 тоот гэрээ байгуулсан ба Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь “Очир-Ендэрт” ХХК-д 30.000.000 төгрөгийг жижиг дунд үйлдвэрийн бизнесийн зориулалтаар сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн байна.

Зээлийн гэрээний 3.1 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар зээлдэгч буюу “Очир-Ендэрт” ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу зээлээ төлөөгүй байгаа нь Иргэний хуулийн 219, 225 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүний төлбөрөө тогтоосон хугацаандаа төлөөгүй талаар зохигчид маргаагүй байна.

Гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зөрчсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөхийг шаардах эрх үүссэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч “Миний бие өвдөж жил гаруй хугацаанд эмнэлгээр явсан, мөн байгалийн давагдашгүй хүчний улмаас 2 жилийн хугацаанд ургац авч чадаагүй учраас зээл төлөх чадваргүй болсон” гэж тайлбар гаргасан мөн давж заалдсан гомдолдоо “...нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэж байгаа боловч шүүхэд гаргасан тайлбар, давж заалдсан гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” гэж заасан үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад  хууль  зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны талаарх хуульд заасан журмыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.     

          3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХЖАРГАЛ             

                                              ШҮҮГЧИД                                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                           С.ОЮУНЦЭЦЭГ