Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01028

 

Л.А-ийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00675 дугаар шийдвэртэй Л.А-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гарсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа гуравдагч этгээд болох Л.А-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 дугаар байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх болон хураах тогтоол үйлдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1 дэх хэсэгт “төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж заасан. Гэвч хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.Анар нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгийн өмчлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хөрөнгөнд нэвтрэн орж, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулалгүйгээр битүүмжлэх тогтоол үйлдэн гарын үсэг зуруулсан байдаг. Мөн төлбөр төлөгч Ц.Оюумаа нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу төлбөр төлөгч иргэн эсхүл төлбөр авагч иргэн нас барсан гэж зарлагдсан бол, ... эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, ... хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасныг зөрчиж, Иргэний хуульд заасан өв нээгдээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад холбогдох хуулиудыг зөрчин албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч этгээдийн хөрөнгө нь төлбөр төлөхөд хангалттай хүрэлцэхээр байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд буюу “Нида” ХХК-ийн өмчлөлийн Булган аймагт байрлах орон сууцуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр гуравдагч этгээдийн орон сууцыг битүүмжлэх ажиллагаа хийсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлээд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр тусгагдсан этгээдийн хөрөнгөнд явуулах бөгөөд хэрэв төлбөрийн шаардлага хангахад хүрэлцэхгүй бол гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 тоот шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1616 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХГ2017/01523 тоот тогтоол тус тус хэвээр үлдээж, Нида ХХК болон Ц.Оюумаа нараас 232,164,309 төгрөг, “Нида” ХХК-иас 764 547 285 төгрөг, Ц.Оюумаагаас улсын тэмдэгтийн хураамжид 659,385 төгрөг, “Нида” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 482 123 төгрөг, нийт 1 001 853 102 төгрөг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна.

Төлбөр төлөгч “Нида” ХХК болон Ц.Оюумаа нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 294 тоот 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоот 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум 6 дугаар баг, Долоон бар ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2882 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0405002540 дугаартай орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээд Л.А, Ө.Бямбадорж нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууцыг битүүмжлэн, хураасан.

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхэд хөрөнгийн гэрч оролцуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тусгайлан заагаагүй бөгөөд тухайн үед төлбөр төлөгч “Нида” ХХК-ийн захирал н.Амарсайхан болон н.Түвдэндорж нар байсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэсэн хуулийн заалтын дагуу хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан хийсэн бөгөөд уг тогтоолд хөндлөнгийн гэрч нар гарын үсэг зурсан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол албадлагын ажиллагаа учраас нэхэмжлэгч Л.А-ийн гэрт 2-3 удаа очсон бөгөөд түүний хувьд энэ талаар мэдээгүй байх боломжгүй. Нэгэнт шүүхийн шийдвэр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн учраас хөрөнгийн хувьд дараалал харгалзахгүйгээр зэрэг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуул-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан НШШГГ-т холбогдох 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Л.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан нар давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1616 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХГ2017/01523 тоот тогтоолыг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээд болох Л.А-ийн өмчлөлийн Ү-2206031793 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 574/3 дугаар байрны 3 тоот, 87.37 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх Золон хураах тухай тогтоол үйлдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт  “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж заасан. Гэвч хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.Анар нь барьцаа хөрөнгийн өмчлөгч Л.А-д урьдчилан мэдэгдэлгүйгээр хөрөнгөнд нэвтрэн орохдоо хөндлөнгийн гэрч байлцуулалгүйгээр ббитүүмжлэх тогтоол үйлдэн гарын үсэг зуруулсан байна. Төлбөр төлөгч Ц.Оюумаа нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, төлбөр төлөгч хуулийн этгээд, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчийг, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй иргэнд асран хамгаалагчийг тогтоох хүртэл” шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.Анар нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 531.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчин албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Мөн Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч этгээдийн хөрөнгө нь төлбөр төлөхөд хангалттай хүрэлцэхүйц байсаар байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд буюу “Нида” ХХК-ийн өмчлөлийн Булган аймагт байрлах орон сууцуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр гуравдагч этгээд миний орон сууцыг битүүмжлэх ажиллагаа хийсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлээд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр тусгагдсан этгээдийн хөрөнгөнд явуулах бөгөөд хэрэв төлбөрийн шаардлага хангахад хүрэлцэхгүй бол гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд албадан ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч этгээдийн хөрөнгө нь төлбөр төлөхөд хангалттай хүрэлцэхүйц байсаар байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд буюу “Нида” ХХК-ийн өмчлөлийн Булган аймагт байрлах орон сууцуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр гуравдагч этгээд миний орон сууцыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний 10/18300619-1 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дүгээр шийдвэрээр “Нида” ХХК болон Ц.Оюумаа нараас 232 164 309 төгрөг, “Нида” ХХК-иас 764 547 285 төгрөгийг гаргуулан “Чингис хаан банк” ХХК-д олгохоор, төлбөр төлөгч заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 8-15 дугаар тал/

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.А, Ө.Бямбадорж нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан байна. Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг хураан авсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн. /хх-ийн 16-17, 20-21 дүгээр тал/

Хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууцыг битүүмжлэх ажиллагааны үед төлбөр төлөгч “Нида” ХХК-ийн захирал Л.Амарсайхан болон С.Түвдэндорж нарыг байлцуулан 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдсэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авахдаа хөндлөнгийн гэрчээр Б.Болдбаатар, С.Пүрэвдаш нарыг оролцуулсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоолоор тогтоогдсон байх бөгөөд хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх-ийн 20-21, 58 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйлийг битүүмжлэх болон хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.5 дах хэсгийг зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй болно.

Нэхэмжлэгч “төлбөр төлөгч Ц.Оюумаа нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан” гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамтаар эрх бүхий албан тушаалтанд гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан гэж тайлбарласан боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

          ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                                  Б.НАРМАНДАХ