Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00658

 

Л.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00675 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1028 дугаар магадлалтай,

Л.А-гийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гарсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа гуравдагч этгээд болох Л.Агийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 дугаар байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх болон хураах тогтоол үйлдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан байдаг.

Гэвч хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.А нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгийн өмчлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хөрөнгөд нэвтрэн орж, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулалгүйгээр битүүмжлэх тогтоол үйлдэн гарын үсэг зуруулсан байдаг.

Мөн төлбөр төлөгч Ц.О нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1.-д заасны дагуу төлбөр төлөгч иргэн эсхүл төлбөр авагч иргэн нас барсан гэж зарлагдсан бол, ... эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, ... хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасныг зөрчиж, Иргэний хуульд заасан өв нээгдээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад холбогдох хуулиудыг зөрчин албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч этгээдийн хөрөнгө нь төлбөр төлөхөд хангалттай хүрэлцэхээр байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгөд буюу “Н” ХХК-ийн өмчлөлийн Булган аймагт байрлах орон сууцнуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр гуравдагч этгээдийн орон сууцыг битүүмжлэх ажиллагаа хийсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлээд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр тусгагдсан этгээдийн хөрөнгөд явуулах бөгөөд хэрэв төлбөрийн шаардлага хангахад хүрэлцэхгүй бол гуравдагч этгээдийн эд хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 тоот шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1616 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХГ2017/01523 тоот тогтоол тус тус хэвээр үлдээж, “Н” ХХК болон Ц.О нараас 232 164 309 төгрөг, “Н” ХХК-иас 764 547 285 төгрөг, Ц.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 659 385 төгрөг, “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 482 123 төгрөг, нийт 1 001 853 102 төгрөг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна.

Төлбөр төлөгч “Н” ХХК болон Ц.О нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 294 тоот 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоот 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум 6 дугаар баг, Долоон бар ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2 882 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0405002540 дугаартай орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээд Л.А, Ө.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууцыг битүүмжлэн, хураасан.

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхэд хөрөнгийн гэрч оролцуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д тусгайлан заагаагүй бөгөөд тухайн үед төлбөр төлөгч “Н” ХХК-ийн захирал Амарсайхан болон Түвдэндорж нар байсан.

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэсэн хуулийн заалтын дагуу хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан хийсэн бөгөөд уг тогтоолд хөндлөнгийн гэрч нар гарын үсэг зурсан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол албадлагын ажиллагаа учраас нэхэмжлэгч Л.Агийн гэрт 2-3 удаа очсон бөгөөд түүний хувьд энэ талаар мэдээгүй байх боломжгүй.

Нэгэнт шүүхийн шийдвэр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн учраас хөрөнгийн хувьд дараалал харгалзахгүйгээр зэрэг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явагдсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00675 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан Нт холбогдох 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Л.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1028 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг, эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01523 тоот тогтоолыг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээд болох Л.Агийн өмчлөлийн Ү-2206031793 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 574/3 дугаар байрны 3 тоот, 87.37 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх болон хураах тухай тогтоол үйлдэгдсэн.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ШШГТХ-ийн 41 дугаар зүйлийн 41.1.-д “төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна...” гэж заасан байдаг боловч хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.А нь барьцаа хөрөнгийн өмчлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хөрөнгөнд нэвтрэн орохдоо хөндлөнгийн гэрч байлцуулалгүйгээр битүүмжлэх тогтоол үйлдэн гарын үсэг зуруулсан байна.

Төлбөр төлөгч Ц.О нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан. ШШГТХ-ийн 27.2.1.төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, төлбөр төлөгч-хуулийн этгээд, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчийг, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй иргэнд асран хамгаалагчийг тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан байна.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.А нь Иргэний хуулийн 518, 531.2.-т зааснаар өв нээгдээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад Иргэний хууль болон ШШГТХуулийн холбогдох зүйл заалтыг зөрчин албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

Мөн Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч этгээдийн хөрөнгө нь төлбөр төлөхөд хангалттай хүрэлцэхүйц байсаар байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгөд буюу “Н” ХХК-ийн өмчлөлийн Булган аймагт байрлах орон сууцнуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр гуравдагч этгээдийн орон сууцыг битүүмжлэх ажиллагаа хийсэнд гомдолтой байна.

Миний ойлгож буйгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлээд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр тусгагдсан этгээдийн хөрөнгөнд явуулах бөгөөд хэрэв төлбөрийн шаардлага хангахад хүрэлцэхгүй бол гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд албадан ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч нь нас барсан. Мөн төлбөр төлөгч этгээдийн хөрөнгө нь төлбөр төлөхөд хангалттай хүрэлцэхүйц байсаар байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд буюу “Н’’ ХХК-ийн өмчлөлийн Булган аймагт байрлах орон сууцнуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр гуравдагч этгээдийн орон сууцыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1. дэх заалт, 54 дүгээр зүйлийн 54.1. дэх заалтыг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00675 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1028 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.А Нт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.2.1., 54.1. дэх заалтуудыг зөрчсөн байхад хоёр шатны шүүх  үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1.-д төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, ...бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, ...хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлнэ гэж,  54 дүгээр зүйлийн 54.1.-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж тус тус зохицуулжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаартай шийдвэрээр хариуцагч “Н” ХХК, Ц.О нараас 232 164 309 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-иас 764 547 285 төгрөгийг тус тус гаргуулан “Чингис хаан банк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрөө сайн дураар төлөхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрт заагдсан барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбай бүхий орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 29-нд битүүмжлэн, 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Эд хөрөнгийг хураах тогтоолоор хураажээ.

Төлбөр төлөгч Ц.О нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхээс өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй, төлбөрийг иргэн Ц.О ганцаараа бус “Н” ХХК хамтран хариуцах учир шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйл нь зөвхөн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураахтай холбоотой зохицуулалт байх тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцааны хөрөнгөөс төлбөр авагчийн төлбөрийг гаргуулахаар хийгдэж буй ажиллагаа хуульд нийцсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар сарын 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00675 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Л.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД