Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 675

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 294 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон Зайсангийн тойруу гудамж 574/3 дугаар байр 3 тоотод оршин суух, Чонос овогт Лувсандашийн Амгалан /РД:СЮ58040603/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гарсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа гуравдагч этгээд болох Л.Амгалангийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 дугаар байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх болон хураах тогтоол үйлдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1-д төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан байдаг.

Гэвч хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.Анар нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгийн өмчлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хөрөнгөд нэвтрэн орж, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулалгүйгээр битүүмжлэх тогтоол үйлдэн гарын үсэг зуруулсан байдаг.

Мөн төлбөр төлөгч Ц.Оюумаа нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу төлбөр төлөгч иргэн эсхүл төлбөр авагч иргэн нас барсан гэж зарлагдсан бол, ... эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, ... хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасныг зөрчиж, Иргэний хуульд заасан өв нээгдээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад холбогдох хуулиудыг зөрчин албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч этгээдийн хөрөнгө нь төлбөр төлөхөд хангалттай хүрэлцэхээр байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгөд буюу Нида ХХК-ийн өмчлөлийн Булган аймагт байрлах орон сууцуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр гуравдагч этгээдийн орон сууцыг битүүмжлэх ажиллагаа хийсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлээд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр тусгагдсан этгээдийн хөрөнгөд явуулах бөгөөд хэрэв төлбөрийн шаардлага хангахад хүрэлцэхгүй бол гуравдагч этгээдийн эд хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

...Ийм учраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 тоот шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1616 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХГ2017/01523 тоот тогтоол тус тус хэвээр үлдээж, Нида ХХК болон Ц.Оюумаа нараас 232,164,309 төгрөг, Нида ХХК-иас 764,547,285 төгрөг, Ц.Оюумаагаас улсын тэмдэгтийн хураамжид 659,385 төгрөг, Нида ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,482,123 төгрөг, нийт 1,001,853,102 төгрөг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна.

Төлбөр төлөгч Нида ХХК болон Ц.Оюумаа нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 294 тоот 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоот 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум 6 дугаар баг, Долоон бар ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2882 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0405002540 дугаартай орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээд Л.Амгалан, Ө.Бямбадорж нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууцыг битүүмжпэн, хураасан.

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхэд хөрөнгийн гэрч оролцуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д тусгайлан заагаагүй бөгөөд тухайн үед төлбөр төлөгч Нида ХХК-ийн захирал Амарсайхан болон Түвдэндорж нар байсан.

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэсэн хуулийн заалтын дагуу хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан хийсэн бөгөөд уг тогтоолд хөндлөнгийн гэрч нар гарын үсэг зурсан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол албадлагын ажиллагаа учраас нэхэмжлэгч Л.Амгалангийн гэрт 2-3 удаа очсон бөгөөд түүний хувьд энэ талаар мэдээгүй байх боломжгүй

Нэгэнд шүүхийн шийдвэр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн учраас хөрөнгийн хувьд дараалал харгалзахгүйгээр зэрэг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явагдсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Амгалан нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулна гэж тодруулан тайлбарласан.

 

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дүгээр шийдвэрээр Нида ХХК болон Ц.Оюумаа нараас 232,164,309 төгрөг, Нида ХХК-иас 764,547,285 төгрөг, Ц.Оюумаагаас улсын тэмдэгтийн хураамжид 659,385 төгрөг, Нида ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,482,123 төгрөгийг тус тус гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгох, төлбөр төлөгч Нида ХХК болон Ц.Оюумаа нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 294 тоот 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоот 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум 6 дугаар баг, Долоон бар ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2882 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0405002540 дугаартай орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх /хуучнаар/ албанд даалгаж шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1616 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХГ2017/01523 тоот тогтоол тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ГХ2018/00114 дугаартай гүйцэтгэх хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байх ба тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь төлбөр төлөгч Нида ХХК, Ц.Оюумаа, төлбөр авагч нь Чингис хаан банк ХХК байна.

 

Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 961 тоот шийдвэрээр төлөх 1,001,853,102 төгрөгийн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор ... төлөх тухай 126/01 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийг төлбөр төлөгч Нида ХХК-ийн захирал Л.Амарсайханд хүлээлгэн өгсөн байх ба төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд дээрх төлбөрийг төлөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно, 49.3-т Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дүгээр шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ГХ2018/00114 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудаст тусгагдсаны дагуу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууцыг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг,

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууцыг хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус явуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгийн өмчлөгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хөрөнгөд нэвтрэн орж, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулалгүйгээр битүүмжлэх тогтоол үйлдсэн, төлбөр төлөгч Ц.Оюумаа нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан байхад ... эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан..., ... гуравдагч этгээдийн орон сууцыг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийсэнд гомдолтой байна... гэж тайлбарлаж байх ба хууль зүйн үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг зөрчсөн учраас дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Амгалан нь шаардах эрхтэй байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан нь бусдын орон байранд нэвтрэн битүүмжлэх тогтоол үйлдэхэд хөндлөнгийн гэрч оролцуулах агуулгагүй юм.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5-д тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй бөгөөд уг ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын алба хаагчийг байлцуулахаар журамлажээ.

 

Хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байрны 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууцыг битүүмжлэх ажиллагааны үед төлбөр төлөгч Нида ХХК-ийн захирал Л.Амарсайхан болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Амгалангийн нөхөр С.Түвдэндорж нарыг байцлуулан 10/18300619-1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна, 54.4-т Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж тус тус заасан байдаг.

 

Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэрт тусгагдсан эд хөрөнгийг хураан авахдаа хөндлөнгийн гэрчээр Б.Болдбаатар, С.Пүрэвдаш нарыг оролцуулсан болох нь хэрэгт авагдсан 11/18300619-3 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тогтоогдож байх тул дээрх ажиллагаануудыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн төлбөр төлөгч Ц.Оюумаа нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар нас барсан байхад ... эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан, ... бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, ... хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэхээр зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамтаар эрх бүхий албан тушаалтанд гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр албадах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан гэсэн түүний тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч Л.Амгалан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн битүүмжлэх болон хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд зөвхөн тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болох ба энэ тохиолдолд хуулийн 44.3-т заасан урьдчилсан шийдвэрлэх журам буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд хандахаар зохицуулсан заалт юм.

 

Ийм учраас хуулийн дээрх үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Л.Амгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуул-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/18300619-1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/18300619-3 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Л.Амгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Х.ДАШДЭЧМАА