Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1666

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/01253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М Нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Сарангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М Нийгэмд үйлчилдэг ТББ-д хуулийн зөвлөх албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргийг хангалттай хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил олгогч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэн туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн тушаалын үндэслэл болгож байгаа Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалт нь ажилтан ажил мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэл бөгөөд нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй болсон талаар тогтоосон үйл баримт байхгүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй гэх үндэслэлтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт, үйл баримт байхгүй.

Иймд урьд эрхэлж байсан хуулийн зөвлөх ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Нийгэмд үйлчилдэг ТББ нь Т.Эыг хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд томилж, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/02 дугаартай туршилтын хугацаанд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан.

Гэрээний хугацаанд Т.Э нь албан үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, бусдыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож, удаа дараа ажил таслаж байснаас гадна харилцаа хандлага, ёс зүйн хувьд уг албан тушаалд цаашид ажиллах боломжгүй үйлдлүүд гаргаж байсан.

Хэдийгээр энэ талаар шийдвэр дүгнэлт гаргаагүй ч гэсэн талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, ажил олгогч уг гэрээг цаашид сунгахгүй болсон, ажлаа хийж байх хугацаандаа шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлэхгүйгээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа давхар явуулж, шүүх хуралдаанд оролцож удаа дараа ажил тасалж байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М Нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дүгээр сарын 16-ны өдрийн 01253 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Э хариуцагчийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийг үндэслэн “туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Маргаан бүхий актыг ажил олгогч “ажилтан ажил мэргэжпийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан, тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж үзсэн. Нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй болсон талаар тогтоосон үйл баримт байхгүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй” гэх үндэслэлтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт байхгүй атал үндэслэлгүйгээр гэрээг дуусгавар болгосон.

Мөн хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “МБҮА- ийн удирдах зөвлөлийн 2019 оны 2 дугаар хурлын тэмдэглэл гэх баримтанд байгаа нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг хуралд танилцуулсан Б.Дөлгөөнийг гэрчээр асуулгахад “энэ хурал энэ өдөр болоогүй, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон, энэ хуралд би оролцоогүй” гэж мэдүүлдэг бөгөөд энэ баримтаар хуульч ажиллуулах шаардлагагүй болсон гэх шийдвэр нь нэхэмжлэгчтэй гэрээ дуусгавар болгосноос хойш хэлэлцсэн болох нь тогтоогдож байна гэж үзнэ.

Гэтэл шүүх “талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу тайлбарлан үнэлсэн гэж үзэхээр байх тул давж заалдах шатны шүүх хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч М Нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

М Нийгэмд үйлчилдэг ТББ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-19/02 тоот тушаалаар Т.Эыг тус байгууллага хуулийн зөвлөх албан тушаалд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 3 сарын туршилтын хугацаатай томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаатай байгуулсан байна. /хх 69, 4-6/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт үаасан хугацаатай байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

М Нийгэмд үйлчилдэг ТББ-ын гүйцэтгэх захирал 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь тус тус баримтлан Т.Этай байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцлахдаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлийг заасан байна. /хх 3/

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар ажилтан мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болохыг тогтоосон баримт байхгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасныг удирдлага болгосон нь хууль зөрчсөн гэж маргажээ.

 

Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3 дахь заалтыг баримталсан боловч гэрээний гол нөхцөл болох туршилтын хугацаа дууссан нь гэрээ дуусгавар болох үндэслэл болсон юм. Иймд гэрээний туршилтын хугацаа дуусгавар болсон тул ажилтныг ажилд авах үүрэггүй гэсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасанд нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/01253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА